| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00119/Э |
| Дугаар | 00131 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00131
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхийн-Ус
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨ нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай овогт Түвшинбаярын БӨд холбогдох 1832001650131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2002 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, Мандал сумын ЕБС-ийн 12 жилийн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 11а бүлэгт сурдаг, ам бүл 5, аав ээж дүү ахын хамт амьдардаг, *тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Улаалзай овогт Түвшинбаярын БӨ. /РД:*/
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Яллагдагч Т.БӨ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Заантай цогцолборын хашаанд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед С.Тгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨгийн өгсөн…. ... 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн орой 21 цагийн орчим Заантай цогцолборт Тгтэй муудалцаж хамрыг нь гэмтээсэн. Ээж эмчилгээний зардал 500,000 гаран төгрөг төлсөн. Хамрыг нь эмчлүүлээд уучлалт гуйсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой Спортын ордон дээр найз Энхтүвшин, Гантүшиг, Бэхбат нарын хамттоглох гээд очсон чинь хаалттай байсан. Тэгээд Заантай цогцолборт орсон чинь БӨ тэнд байсан. Тэгээд надад чи яах гэж ирсэн юм бэ гээд шууд миний нүүр рүү 3 удаа цохиод авсан тэгэнгүүт нь би өөдөөс нь биеэ хамгаалаад цохилцсон чинь намайг барьж аваад газар унагаад хамар руу өшиглөсөн. Тэгээд л хамраас цус гараад салсан. Тийм л зүйл болсон. Би БӨтэй хэрэлдэж маргалдаагүй. Намайг шууд л цохиж зодсон. Тухайн үед манай найз Энхжаргал БӨтэй Заантай цогцолбор дотор хэрэлдэж маргалдсан юм байна лээ. Тэгээд намайг Энхжаргал дуудаж ирүүлсэн гэж БӨ ойлгосон байсан. Тэгээд л шууд чи яах гэж ирсэн юм гээд цохиод авсан. Намайг Ордон орох гээд явж байхад Энхжаргал над руу 99212911 дугаараас залгаад БӨ намайг дээрэлхээд байна гэсэн зүйл ярьсан. Тэгэхлээр нь би аан гэж хэлээд Ордон руугаа явсан. Намайг Заантай цогцолбор дотор хүрээд ир гэж хэлээгүй. БӨ намайг цохиод авахад хажуугаас Мягмарсүрэн нэг удаа нүүр рүү цохиод авсан. Өөр Хүн цохиогүй. Тухайн үед Зх, БӨ, Мягмарсүрэн, БӨгийн ах гэх залуу нар байсан гэх мэдүүлэг. /Хх-ийн 10, 15 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Г.Зхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..... Би 2018 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байсан байх найз БӨ, Мягмар, БӨгийн ах Өлзий гуравын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутагт Заантай цогцолборт сууцгааж байсан. Тэгтэл 3 дугаар сургуулийн Тг, Түшиг, Сугараа, дахиад нэг танихгуй хүүхэд нийт 4 хүүхэд бид хэд дээр ирсэн. Бид хэдрүү ирж байхдаа Тг яасан хамууд аа гэж хэлсэн. БӨ өмнө Харкулаа гэдэг хүүхэдтэй муудалцаад жаахан ууртай байж байсан юм. Тэгээд БӨ тэр хэд рүү та хэд бид хэдтэй зодолдох гээд байгаа юм у гэж хэлсэн. Ингээд тэр хэдийг бид хэдийн хажууд ирэхэд БӨ баруун гараараа Тгийн шанаан тус газар нэг удаа цохисон. Тэгтэл Тг хойшоо ухраад нааш ир үзье гээд БӨг өдөөд байсан. Түшиг Тгийг өмөөрөөд БӨ рүү дайрах гээд байхаар нь Мягмар Түшигтэй зодолдоод БӨ Тг хоёр зодолдсон. Би Мягмар, Түшиг хоёрыг салгачихаад хархад Тг тонгойчихсон хамарнаас нь цус гараад байж байсан. Мягмар бид хоёрыг очих хооронд Бат- Өлзий Тгийн нүүр лүү хөлөөрөө өшиглөчихсөн. Ингээд бид хэд салаад явцгаасан” гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/
Гэрч Л.Умгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Мандал сум 4 дүгээр бүрэн дунд сургууль нээгдэж 10а ангийн сурагчаар ирсэн. 3 дугаар бурэн дунд сургуулиас шилжилж ирсэн. Би анги удирдсан багш нь байгаа юм. Т.БӨ нь их нийтэч тус ч, анги нийтийн ажилд итвэхтэй сайн оролцдог хүүхэд юм. Т.БӨ нь жоохон огцом ууртай юм шиг байсан. Сурлагдаа тийм ч сайн биш гэхдээ 10 дугаар С үнэлгээтэй төгссөн. Сурлагын үнэлгээ нь ахицтай байгаа. Ар гэрээс нь анхаарал сайн тавидаг. Ээж Мөнхийн-ус нь надтай байнгын холбоотой байдаг гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 163 ...... Дүгнэлт:
1.С.Тгийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2018 оны 09 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/
Т.БӨ нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 28 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 29 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨгийн төрсөний бүртгэлийн лавлагаа /Хх-ийн 30 дугаар хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨгийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /Хх-ийн 33 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн анги удирдсан багшийн тодорхойлолт /Хх-ийн 34 дүгээр хуудас/, Суралцагчийн хувийн хэрэг /Хх-ийн 35-41 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранчимэгээс ирүүлсэн гомдол санал байхгүй гэх хүсэлт зэрэг болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Заантай цогцолборын хашаанд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед насанд хүрээгүй С.Тгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨ нь насанд хүрээгүй хохирогч С.Тгийг цохиж зодсон үйлдэл нь тэдний хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар хүмүүжлийн чанартай арга албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саранчимэг нь гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Улаалзай овогт Түвшинбаярын БӨг /РД:*/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсгийг журамлан,насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.БӨг зан үйлээ засах сургалтанд 02 сарын хугацаанд хамрагдахыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.БӨг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг төрсөн эх Боржигон овогт Батсүхийн Мөнхийн-Усд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ