Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Хохирогч Ж.Г ,

Шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гонгорынхон овогт А-гийн Б-т холбогдох 1816002600136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ....... сумын харьяат, Говь-Алтай аймгийн ..... сумын ......багт оршин суух, 1.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ........ регистрийн дугаартай, Гонгорынхон овогт А-гийн Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Хатан плаза” худалдааны төвд байрлах спорт бараа худалдаалдаг дэлгүүрээс 2 ширхэг Мизуно маркын гар бөмбөгийн хослолыг 50.000 төгрөгөөр худалдан авахдаа Мобайл банкаараа үнийг шилжүүлсэн гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн зурвасыг үзүүлж цахим хэрэгсэл ашиглан залилсан, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” хүнсний дэлгүүрийн эзэн Ж.Г-г хуурч мэхлэн 10.000 төгрөгний хүнсний бараа болон 10.000 төгрөгийг бэлнээр авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихье гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн мессеж үзүүлж цахим хэрэгсэл ашиглан залилсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч А.Б  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Хатан плаза” худалдааны төвд байрлах спорт бараа худалдаалдаг дэлгүүрээс 2 ширхэг Мизуно маркын гар бөмбөгийн хослолыг 50.000 төгрөгөөр худалдан авахдаа Мобайл банкаараа үнийг шилжүүлсэн гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн зурвасыг үзүүлж цахим хэрэгсэл ашиглан залилсан, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” хүнсний дэлгүүрийн эзэн Ж.Гэрэлмааг хуурч мэхлэн 10.000 төгрөгний хүнсний бараа болон 10.000 төгрөгийг бэлнээр авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихье гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн мессеж үзүүлж цахим хэрэгсэл ашиглан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч А.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 9 сард Уланбаатар хотоос ирээд Хатан плазагийн спорт барааны дэлгүүрт ороод 2 ширхэг мизуногийн хослол авсан. Тэрийгээ мобайл банкаар гүйлгээ хийнэ гээд худалдагчид нь гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн зурвас харуулж залилж авсан... Найрамдалд байдаг Сутай дэлгүүрээс 10.000 төгрөгийн бараа, 10.000 төгрөгийн бэлэн мөнгийг мөн гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн зурвас үзүүлж авсан... Миний утсан дээр тийм зүйл байсан. Ажаа ээж рүү орж тэр зурвасыг үзүүлээд, тэгээд болох юм байна гэж бодсон... Өгөөж-Алтай дэлгүүрийн дээд талын Наран дэлгүүрээс 5000 төгрөгийн зүйл авсан... Өгөөж-Алтайн хүн намайг таньдаг байсан. Тэгээд утсаар ярихаар нь би мөнгийг нь өгсөн ...Ажаа ээжийн мөнгийг өгсөн...гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... Гэм буруугаа гэмшсэн учир мөнгөн төлбөр төлөх саналтай байна. Манай ээж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Би сахиж байгаад урд шөнө ирсэн байгаа... Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манайд өмнө нь их орж ирдэг байсан. Урд өдрийн авсан зүйлийг нь цагдаад мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. Дараа шалгахад ундаа, зайрмаг, тамхи аваад явсан. Сураад байхад манай нутгийн хүүхэд байсан. Тэгээд миний мөнгийг 2 хоноод ээжтэйгээ хамт орж ирж манай нөхөрт өгсөн байсан...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Төрийн банкны мобайл банк нь тухайн хүнийхээ овог нэрийг бүтнээр нь бичихгүй бол тэр данс руугаа мөнгө нь ордоггүй гэж байсан... Минийх дээр заавал зурвас ирэх ёстой гэж хэлсэн. Тэгээд надад зурвас ирэхгүй байна гэхэд таных код нь болохгүй байгаа юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд харахад дансанд нь мөнгө байсан. Тэгээд би данс руу мөнгө орсон гэж бодсон. Энэ хүүхдийн утсанд мессеж дуугарч ирсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Г-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажиллуулдаг Сутай хүнсний дэлгүүрт сууж байтал 18, 19 орчим насны дундаж нуруутай бор залуу орж ирээд эгчээ миний мобайл дансанд мөнгө байгаа тул тус мөнгөө дансруу мобайлаар шилжүүлчихье. Харин та надад бэлнээр болон барьцаагаар 20.000 төгрөг өгөөч гэхээр нь би тэг гэж хэлээд 10.000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн 10.000 төгрөгөнд нь тус залуу надаас 1 ширхэг ундаа, 1 талх, 1 тамхи аваад явсан бөгөөд өөрийнхөө утсыг гаргаж ирээд за эгч би таны 5337021885 тоот дансанд 20.000 төгрөг хийчихлээ, мессеж нь энэ байна гэж хэлээд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлээд гараад явсан. Гэтэл миний дансанд мессеж ирээгүй бөгөөд миний дансанд тус 20.000 төгрөг ирээгүй...2 литрийн кола ундаа 3500 төгрөг, 1 макс пон шоколад 3500 төгрөг, 500 төгрөгийн морозко зайрмаг 6 ширхэгийг авсан...” гэх мэдүүлэг/хх 45-47-рт/,

Хохирогч Ш.И-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2018 оны 09 сарын 13-ны өдөр дэлгүүртээ сууж байтал 20 орчим насны болов уу гэмээр 2 залуу орж ирээд гар бөмбөгийн мизуно брендийн хар өнгийн 2 ширхэг хослолыг авъя гэж хэлээд авсан бөгөөд тус 2 залуугийн өндөр биетэй нүднийхээ дээд тал орчимд мэнгэтэй залуу нь эгч би авсан 2 хослолынхоо үнэ болох 50.000 төгрөгийг мобайлаар хийчихье гэж хэлээд миний дансыг аваад гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж үзүүлээд 2 хослолоо аваад гарсан. Гэтэл миний дансанд тус мөнгө ороогүй. Тэгээд орчих болов уу гэж хүлээж байгаад орохгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн...Тус 2 залуугийн намхан нуруутай залуу нь тус 2 хослолыг худалдаж авахад оролцоогүй. Өндөр залуу нь л тус үйлдлийг хийсэн...” гэх мэдүүлэг/хх 51-53-рт/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б нь гар бөмбөг тоглоё гэж хэлэхээр нь би явахгүй, би одоо дадлага ажилтай, ядаж байхал биеийн тамирын хувцас байхгүй гэж хэлтэл би хотод ажил хийж байгаад ирсэн тул надад 500.000 төгрөг байна. Шорт подволк зардаг Хатан плаза дэлгүүр орьё гэж хэлээд намайг дагуулж явсан...Б  нь тус дэлгүүрээс 2 ширхэг хар өнгийн гар бөмбөгийн шорт подволк авсан бөгөөд нэгийг нь надад хотын бэлэг шүү гэж хэлж өгсөн. ...Гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг нь надад болон худалдагч эгчид үзүүлээд байсан....Би  Б-гийг залилан хийж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх 60-62-рт/,

Шүүгдэгч А.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотоос 09 сард Говь-Алтай аймагт ирсэн юм...Тэгээд Жаргалантын хороонд байдаг Сутай нэртэй хүнсний дэлгүүрт ороход худалдагч нь 40 орчим насны эмэгтэй хүн байсан. Би дэлгүүрээс 1 ширхэг 1,25 литрийн хэмжээтэй кока кола ундаа, кимчитэй бэлэн хоол 1 ширхэг, 1 хайрцаг Даблас тамхи, 6 ширхэг торхтой морокко зайрмаг, макс пан нэртэй жижиг шоколад 1 ширхэг зэрэг эд зүйлс, мөн 10 мянган төгрөг гаргуулж авсан. Дээрх бараа бүтээгдэхүүн болон мөнгөний тооцоог мобайл банкаар шилжүүлнэ гэж би худалдагчид хэлсэн. Нийт авсан мөнгө, бараа бүтээгдэхүүний дүн 20.000 төгрөг болсон. 20.000 төгрөг мобайлдаж байгаа дүр үзүүлээд утсан дээрээ байсан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессежийг харуулахад нөгөө худалдагч эгч заза гээд надад итгэсэн...Дэлгүүрээс авсан эд зүйлсийг өөрөө хэрэглээд дууссан. 10.000 төгрөгөөр нь утсандаа нэгж аваад ойр зуурын зүйлд зараад дууссан...Гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо би удаалгүй буцааж төлсөн...” гэх мэдүүлэг/хх 80-82-рт/,

Шүүгдэгч А.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын дундуур Сутай дэлгүүрээс эд зүйл залилж авахаас 2-3 хоногийн өмнө санагдаж байна. Хатан плаза нэртэй барааны дэлгүүрт танил А  гэх хүүхдийн хамт орсон юм. Цагийг нь сайн санахгүй байна. Өдөр 14 цаг өнгөрч байсан байх. А-гийн хамт ороход дэлгүүрийн худалдагч ганцаараа байсан. Спорт бараанаас нь хар өнгийн мизуно брендийн волейболын хослол 2 ширхэгийг авсан юм. Нэг хослол нь 25 мянган төгрөг гэж байсан. 2 хослол нийлээд 50 мянган төгрөг болсон. Хувцасны үнийг мобайл банкаар гүйлгээ хийнэ гэж худалдагчид хэлээд мобайл банкаар шилжүүлж байгаа дүр үзүүлээд нөгөө гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн утсан дээр байдаг мессежээ худалдагчид харуулаад дэлгүүрээс гарсан. Дээрх 2 хослолыг А  бид 2 нэг нэгээр нь авсан...Учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан...би өөрийн үйлдсэн гэм  буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, хохирлоо өөрөө нөхөн төлсөн. Манай ээж хохирлыг нөхөн төлж барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг/хх 86-88-рт/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 23-41-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мизуно гэсэн бичигтэй нэг ширхэг хар футболк, хоёр ширхэг хар шорт зэрэгт тус тус үзлэг хийв.

 

Шүүгдэгч А.Б  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд шинжлэн судлуулах нотлох баримт “...Байхгүй...” гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.Б-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч А.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Б-гийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Хатан плаза” худалдааны төвд байрлах спорт бараа худалдаалдаг дэлгүүрээс 2 ширхэг Мизуно маркын гар бөмбөгийн хослолыг 50.000 төгрөгөөр худалдан авахдаа Мобайл банкаараа үнийг шилжүүлсэн гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн зурвасыг үзүүлсэн, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” хүнсний дэлгүүрийн эзэн Ж.Г-г хуурч мэхлэн 10.000 төгрөгний хүнсний бараа болон 10.000 төгрөгийг бэлнээр авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихье гэж хэлээд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн мессеж үзүүлсэн үйлдлүүд нь бусдыг хуурч эд зүйл ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Батзоригийг бусдыг хуурч эд зүйл ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйл ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ж.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, хохирогч Ш.И  нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа: “...Хохирол барагдсан, санал гомдол байхгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан байх тул шүүгдэгч А.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч А.Б  нь бусдыг хуурч эд зүйл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн, прокурор 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч А.Батзоригийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч А.Б  нь шүүх хуралдаанд “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь: Шүүгдэгч А.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Б  нь эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй, бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулаагүй, мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ “...Манай ээж хохирлыг нөхөн төлж барагдуулж өгсөн...” гэсэн байх тул торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэн шүүх дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд “...шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна...” гэсэн саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал буюу ам бүл хоёулаа ээжтэйгээ амьдардаг, ээж нь хүнд өвчтэй гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б  нь хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлийг авна...” гэсэн саналын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар футболк, хоёр ширхэг хар шортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Мөн энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гонгорынхон овогт А-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан А.Б-т мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, ялтан бусдад төлөх төлбөргүй, ялтанаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хар футболк, хоёр ширхэг хар шортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан А.Б-т буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА