Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох эрүүгийн 1804002540163 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г

 Улсын яллагч                                              Д.

 Шүүгдэгч                                                 М.А- нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, .. боловсролтой, ам бүл .., .........-,  .. настай .. хүүхдийн хамт ::: хотын :: дүүргийн :: дүгээр хороо, :: хороололын :: дугаар байрны :: тоотод оршин суух, Б- овгийн М-ын А-

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18-19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Б-ыг өөртэй нь “машинд сууж ярилцсангүй, өөрт нь эсэргүүцэл үзүүлсэн” гэх шалтгаанаар түүний толгой болон нүүрэн тус газарт гараар цохих, толгойгоор мөргөх зэргээр зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.А-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Б-ы нүүрэн хэсэгт 1 удаа мөргөсөн нь үнэн. Дүүгээ машинд суусангүй гэж уураа барьж чадаагүйгээс ийм зүйл боллоо. Би дүүдээ үг хэлэхдээ буруу арга хэрэглэсэн гэдгээ ойлгосон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.Б-ы мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед М.Базаррагчаа ахын дугаар миний утас руу залгахаар нь автал Базаррагчаа ах “чи 30 дугаар байрны гадаа гараад ир” гэхээр нь гараад очтол М.А- ахын 03-06 гэсэн дугаартай “Прадо” маркийн машин байсан ба яваад очтол жолооны хүрдний араас М.А- ах бууж ирээд үгийн зөрүүгүй машин руугаа чирээд “машинд суу” гэхээр нь би “суухгүй” гэж эсэргүүцсэн. Би А- ахын гарыг тавиулах гээд зөрүүлээд заамдаад авсан ба ах намайг гараараа толгой руу 7-8 удаа цохиж, толгойгоороо хамар луу мөргөж,  өвдгөөрөө давсаг руу 1 удаа өвдөглөсөн. М.А- ах намайг ямар шалтгаанаар зодох болсныг би одоо хүртэл мэдэхгүй байна. Яагаад зодох болсноо надад ерөөсөө тайлбарлаагүй. Би М.А- ахаас “яагаад намайг зодоод байгаа юм бэ” гэж асуухад “чамайг ална аа” гээд байсан. М.А- ахад мөргүүлснээс болоод миний хамрын яс хугарсан, толгой байнга өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Мөрдөн байцаалтад гэрч Я.Бямбацэрэнгийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17-18 цагийн үед манай нөхөр Б-ы ах А- Улаанбаатар хотоос ирээд манай байрны гадаа Б-ыг утсаар дуудсан. А- ахыг байрны гадаа дуудахаар нь Б- бид хоёр хүү Билэгсайханы хамтаар гараад очиход А- ах машинтайгаа 30 дугаар байрны гадаа байсан. Тэгээд очтол Б-ыг машинд суу гэж тушаасан. Манай нөхөр Б- машинд суухгүй гэтэл А- ах уурлаад Б-ыг гараараа заамдаад авсан. Б- ч А- ахыг зөрүүлээд заамдсан. А- ах миний харснаар Б-ы нүүр лүү гараараа цохиж байсан. Нэг харсан чинь Б-ы хамраас цус ихээр садарч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №09шэ/380 дугаартай дүгнэлтэд: “М.Б-ы биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 37/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №09шэ/001 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “М.Б-ы биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь зовиур, үзлэг, багажийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг онош зэргээр тогтоогдсон болно. Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь хамрын нуруунд үүссэн зулгаралт гэмтэлтэй нэг цаг хугацаанд хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Тухайлбал биет зүйлээр цохих, цохигдох, мөргөх гэх мэт” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 80/,

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн “...Дүгнэлт гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч М.Б-ы биед үзлэг хийхэд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны чих хамар хоолойн эмчийн үзлэгт онош хамар ясны шинэ хугарал шарх гэмтэл байсан ба дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд учрах үедээ амь насанд аюулгүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын нурууны дунд хэсэгт 1,5х0,5 см улаан ягаан өнгийн тав тогтоосон зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Би хохирогч М.Б-ы 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт авахуулсан хамрын рентген зургийг харахад хамрын самалдгын үрэвсэлт өвчин гэсэн оноштойгоор хагалгаанд орох заалттай байсан. Харин 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн үзлэгээр хамар ясны шинэ хугарал гэсэн онош болон үзлэг зовиур зэргийг үндэслэн хамрын ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн зэрэгт хамаарна. Мөн М.Б- нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Гранд мед эмнэлгийн томографийн шинжилгээ хийлгэсэн байсан ба уг шинжилгээний дүгнэлт нь зүүн талын хамрын ясанд бага зэрэг зөрсөн эмгэг хугарал гэмтэл тусгагдсан байна. Хамрын самалдгын үрэвсэлт өвчин нь хамрын ясны хугарал гэмтэлд нөлөөлөхгүй болно. Хамрын самалдгын үрэвсэлт өвчин гэдэг нь хамрын самалдагт нян бактераар үрэвсэж хамраас идээрхэг ялгадас гарах хамар битүүрэх гэмтлийн бус гаралтай өвчин юм...” гэжээ /хх-ийн 45/

Хохирогч М.Б-ы нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13/

“Grand med” эмнэлгийн томографийн шинжилгээний “...зүүн талын хамрын ясанд бага зэрэг зөрсөн эмгэг хугарал тодорхойлогдоно...” гэжээ /хх-ийн 18/

Хохирогч М.Б-ы 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “шүүгдэгчээс нийт 212.000 төгрөгийн хохирол авсан, гомдол саналгүй” гэжээ. /хх-н 96/,

Шүүгдэгч М.А-ээс хохирогч М.Б-ы Хаан банкны 5750348159 тоот дансанд 212.000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 97/

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Шүүгдэгч М.А- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-н 54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 53/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч М.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18-19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Б-ыг өөртэй нь “машинд сууж ярилцсангүй, өөрт нь эсэргүүцэл үзүүлсэн” гэх шалтгаанаар заамдаж байгаад түүний толгой болон нүүрэн тус газарт гараар цохих, толгойгоор мөргөх зэргээр зодож, улмаар түүний биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би дүүгийнхээ нүүрэн хэсэгт 1 удаа мөргөсөн нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.Б-ы “М.А- ах бууж ирээд намайг машин руугаа чирээд заамдаж байгаад гараараа толгой руу 7-8 удаа цохиж, толгойгоороо хамар луу мөргөж, давсаг руу1 удаа өвдөглөсөн” талаарх мэдүүлэг /хх-н 23-25/, гэрч Я.Бямбацэрэнгийн “А- ах уурлаад Б-ыг заамдаж байгаад нүүр лүү нь гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-н 35/, хохирогч М.Б-ы биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирч, уг гэмтэл нь шинэ гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №09шэ/380 болон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №09шэ/001 дугаартай дүгнэлтүүд  /хх-ийн 37, 80/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг /хх-ийн 45/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч М.А- нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч М.Б-, гэрч Я.Бямбацэрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч М.А- нь “дүүгээ машинд сууж надтай ярилцсангүй” гэж уурлан улмаар түүнд хүч хэрэглэн гэмтэл учруулсныг, үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад төрсөн ах, дүү нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаа  нөлөөлсөн гэж үзэв.

Иймд М.А-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.А- нь хохирогчийн эмчилгээний зардалд 212.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан хохирогч М.Б-ы хүсэлт болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.150.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Харин шүүгдэгч М.А-ээс өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

М.А- нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувиараа бизнес эрхэлдэг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

М.А-ийн дээр дурдсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулах нь зохимжтой гэж үзэв. Харин М.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн М-ын А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн М-ын А-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.А-д мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.А- нь хохирогч М.Б-ы эмчилгээний зардалд 212.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  6. М.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА