Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00063

 

 

А.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00514 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1800 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хар ус мандал констракшн” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.404.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 сарын 29-ний өдөр Бага тэнгэрийн аман дахь аялал зуучлалын бүсэд баригдаж байгаа барилгын /А блок 6-1/, /А блок 6-2/ барилгуудын гадна чулуун фасадны ажлыг мэргэжлийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэхээр “Хар ус мандал констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээнд заасны дагуу гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөлтэйгээр ажил эхэлсэн боловч “Хар ус мандал констракшн” ХХК-ийн захирал Б.Батзориг нь гэрээний үүргээ зөрчиж, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш олгоогүй. Манай бригад А блок 6.1-д 143,1 мкв ногоон чулууны ажлыг хийж 7.155.000 төгрөгийг, А блок 6-2-д 89,8 мкв хүрэн феборо ажлыг хийж 4.490.000 төгрөгийг, А блок 6-2-д 28 мкв хүрэн феборо ажлыг хийж 1.400.000 төгрөгийг, А блок 6-2-д 136,3 мкв ногоон чулууны ажлыг хийж 6.133.500 төгрөгийг тус тус хөлс авах буюу нийт 19.178.500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 11.102.100 төгрөгийг бэлэн болон түлшээр шилжүүлэн авсан. Үлдэгдэл ажлын хөлс болох 8.076.400 төгрөгийг төлөөгүй. “Хар ус мандал констракшн” ХХК-ийн нягтлан бодогч Э.Сүхтулгатай хийсэн тооцоо нийлсэн акт, ажлыг хүлээн авсан актууд, санхүүгийн баримт зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.  Гэрээний 5.4-д заасныг үндэслэн төлөгдөөгүй ажлын хөлснөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 0.5 хувийн алданги тооцоход 2015 оны 08 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх 231 хоног, үлдэгдэл ажлын хөлс 8.076.400 төгрөгийн 0.5 хувийн алданги өдрийн 40.382 төгрөг болж байна. /231 х 40 382 = 9 328 242 төгрөг/, Иймд “Хар ус мандал констракшн” ХХК-ийн ажлын хөлс 8.076.400 төгрөг, алданги 9.328.242 төгрөг, нийт 17.404.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь А.Эрдэнэчимэгтэй 2015 оны 04 сарын 29-ний өдөр Бага тэнгэрийн аман дах аялал жуулчлалын бүсэд баригдаж байгаа А блок загварын 2 ширхэг барилгын гадна чулуун фасадны ажлыг 2015 оны 04 сарын 29-ны өдрөөс 2015 оны 05 сарын 29-ний өдрийн дотор гүйцэтгүүлэхээр 03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэвч ажил гүйцэтгэх явцад захиалагч талаас нийлүүлсэн бараа материалыг зохисгүй ашиглан үрэгдүүлж, ерөнхий захиалагч талаас манай компанид 10.000.000 төгрөгийн торгууль тавиулж, торгуулийг манай компани төлж барагдуулсан. Мөн гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг хугацаандаа өгсөн боловч ажил хэвийн түргэн шуурхай явагдаагүйн улмаас удааширч өнөөдрийг хүртэл гэрээт ажил бүрэн дуусаагүй байна. Үүнээс болж ерөнхий захиалагч болох “Нью Тур” ХХК ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалж, компанийн нэр хүндэд  маш муугаар нөлөөлсөн. “Нью Тур” ХХК-тай манай компани нь 2013 оноос хойш хамтарч ажиллаж итгэл найдварыг нь алдаагүй байсан ба уг үйл явдлаас болж манайд хандах хандлага нь цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ 231 хоногийн 9.328.242 төгрөгийн алданги бодсон нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 3.4 дэх хэсэгт “....үлдэгдэл санхүүжилтийг гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гэрээт ажил актаар хүлээлцсэнээр гүйцэтгэгч талд шилжүүлнэ...” заасан. Гэвч А.Эрдэнэчимэг нь манай талд ажил гүйцэтгэсэн акт нэг ч удаа бүрдүүлж өгч байгаагүй ба ажлаа явуулахын тулд манай талаас урьдчилгаа төлбөрөөс хойш актгүйгээр 5 дугаар сарын 29-ны өдөр 5.000.000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 2.171.000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 2.431.100 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Харин гэрээт ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй тул гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 301 хоногийн алданги 5.772.728 төгрөгийн алданги гэрээний 5.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн торгууль 1.150.710 төгрөг, Ерөнхий гүйцэтгэгч талаас тавьсан материалын торгууль 10.956.904 төгрөгийн 50% буюу 5.478.452 төгрөг нийт 12.401.890 төгрөгийн алданги торгууль тавьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00514 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар “Хар ус мандал констракшн” ХХК-иас 12.114.600 төгрөгийг гаргуулж А.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс 5.290.042 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.980 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хар ус мандал констракшн” ХХК-иас 208.784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1800 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ниы өдрийн 181/ШШ2016/00514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Хар ус мандал констракшн” ХХК-иас 9.201.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгт олгож, үлдэх 8.203.242 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... “Хар ус мандал констракшн” ХХК-иас 208.784 төгрөг...” гэснийг “162.173 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 9.201.400 төгрөгийн 3.428.672 төгрөгийг хүлээн зөвшөөрч 5.772.728 төгрөгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Эрдэнэчимэг нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бага тэнгэрийн аман дах аялал жуулчлалын бүсэд баригдаж байгаа А блок загварын 2 ширхэг барилгын гадна чулуун фасадны ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 100 хувь хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр 03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэвч барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгсөн тухайн барилгын фото зураг, актаар баталгаажиж байгаа. Гэрээний 3.4 дэх хэсэгт “...үлдэгдэл санхүүжилтыг гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гэрээт ажил актаар хүлээлцсэнээр гүйцэтгэгч талд шилжүүлнэ...” гэж заасан. Гэвч А.Эрдэнэчимэг нь манай талд ажил гүйцэтгэсэн акт нэг ч удаа бүрдүүлж өгч байгаагүй байгаа ба ажлаа явуулахын тулд манай талаас урьдчилгаа төлбөрөөс хойш актгүйгээр 05 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 2.171.000 төгрөг, 08 дугаар сарын 19-ний өдөр 2.431.100 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Энэ нь хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж байсныг харуулж байна. Ажил гэрээнд заасан хугацаандаа дуусахгүй удааширч мөн ур чадвар муутай ажилтантай байсны улмаас нэг ажлыг дахин дахин хийж байсан тул манай талаас гэрээний 4.1.6.8 дахь хэсэгт заасан /4.1.6.8. Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг чанаргүй, буруу, дутуу, хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагчаас санхүүжилтыг хойшлуулах эрхтэй/-ны дагуу санхүүжилтыг хойшлуулсан нь хариуцагч тал алданги хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин гэрээт ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй тул гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 301 хоногийн алданги 5.772.728 төгрөгийн алданги тооцож байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1800 дугаартай магадлалаар нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн 9.201.400 төгрөгнөөс алданги 5.772.728 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан алдангийн талаарх болон зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан  нь хуулийн  үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэчимэг нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн баримтыг үндэслэж, хариуцагч “Хар ус мандал” ХХК-иас ажлын хөлс 8.076.400 төгрөг, алданги  9.328.242  төгрөг, нийт 17.404.642 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ. Гэрээний талууд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлж, 19.178.500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 11.102.100 төгрөгийг шилжүүлж, 8.076.400 төгрөгийн тооцоо үлдсэнийг баталгаажуулсан баримтыг үндэслэж, шүүх  хариуцагчийн биелүүлбэл зохих үндсэн үүргийг  зөв тодорхойлжээ.          

Анзын гэрээг бичгээр хийхийг хуулиар тогтоосон тул талууд 7.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг бичгээр байгуулсан хүрээнд алдангийг тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан шаардлагыг хангасан байна. Зохигчид нь ажил гүйцэтгэх гэрээний зарим хэсгийг амаар байгуулсан байх ба анзын гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээний хэсэгт анз тооцох үндэслэлгүй юм. Зохигчид нь 150 мкв хэмжээ бүхий гадна фасадны ажлыг гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, 247,2 мкв ажлыг нэмж гүйцэтгэхдээ амаар тохирсон болохыг маргаагүй байна.            

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл захиалагч буюу “Хар ус мандал” ХХК-ийн зүгээс ажлын чанарын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, ажил гүйцэтгэгч доголдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул гэрээний 4.1, 6.8-д зааснаар санхүүжилтыг хойшлуулах эрхтэй, алданги төлөхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1800 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР                            

                                    ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА