Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0253

 

 

 

 

 

   

 

 

“М у р” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “М у р” ХХК-аас гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М у р” ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

     Хариуцагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар талд “2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтаар цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалын бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайхыг үүрэг болгожээ” гэж дүгнэсэн байна. Шүүх хуулийг дараах үндэслэлээр буруу тайлбарлаж байна.

    1. 28.4.1 дэх заалтаар цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх заалтыг хасаж хуульчилсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг эрэх, хайх үүргийг хуулиар олгоогүй.

     “М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ч бус Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэл байсан.

      2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “Хүчин төгөлдөр үйлчилж байсан 28.4.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлж ...” гэж Цөмийн энергийн тухай хуулийн хүчингүй болсон 28.4.1 дэх хэсгийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

      Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан Байгаль орчин, аялал жуучлалын сайд “М у р” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарах ёстой байсан байна.

     Иймд “М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч “М у р” ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн хайгуулын талбайгаас анхнаасаа цацраг идэвхт бодисын нөөц илрээгүй бөгөөд энгийн ашигт малтмал болох хүрэн нүүрсний нөөц илэрч байсан тул энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагад танилцуулж, батлуулж ирсэн. ...Хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна”, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбайд гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгох зохицуулалт үгүй байна” гэж тайлбарлан маргажээ.

       Анхан шатны шүүх “М у р” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        Тодруулбал, нэхэмжлэгч “М у р” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасантай нийцжээ.

       Гэвч хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн “ирсэн бичгийн хэвлэх хуудас”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...татгалзаж болохгүй тул эс үйлдэхүй гаргаж, шийдвэрлэж чадахгүй байгаа” болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...9 сарын хугацаанд татгалзал байхгүй, хариу ч байхгүй байгаа...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

       Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн зохицуулалтаас үзэхэд уг “онцгой эрх”-ийн агуулга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсныхаа хувьд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн талбайд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй хэн нэгэнтэй өрсөлдөхгүйгээр шууд авах тухай ойлголт гэж үзэх учраас хариуцагчийн “...цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах ёстой байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

       Нэхэмжлэгчээс XV-018247 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайд хүрэн нүүрсний хайгуул хийж, ашигт малтмалын нөөцийн судалгаа, хайгуулын ажлын талаарх тайланг холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байсан, уг хүрэн нүүрсний ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч бүртгэсэн үйл баримттай талууд маргаагүй.        

        Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

     Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаар “...өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,” шийдвэрлэсэн бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэхээр байхад шийдвэрийн Тогтоох хэсэгт “М у р” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шууд даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч  шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд хуулийн 24 дүгээр зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах тодорхой шаардлагуудыг мөн зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана”, 24.4-т “Уурхайн талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй ... байх” гэсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна давхцал гаргахгүйн тулд уурхайн талбайн улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, өөр хэлбэр, байршил бүхий талбай, уурхайн талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц зэрэг газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байна.

        Мөн хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилж, өргөдөл гаргахдаа хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт, тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт, хуульд заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр, үйлчилгээний хөлс төлсөн баримт, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол уг талбайд сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр зэргийг хавсаргаж ирүүлэхээр зааж, мөн хуулийн 26 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой цаг хугацаанд үе шаттайгаар шийдвэрлэхийг хуульчилсан байна.

      Тодруулбал, төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авмагц өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгч, бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийж, үүний дараа хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх, тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх, хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг шалгасны үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэхээр, харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан болон хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлэх шийдвэрийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэхээр тус тус зохицуулсан байна.

        Дээрх хуулийн заалтуудаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон түүнд хавсаргасан холбогдох баримтуудыг эрх бүхий этгээд хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхээр байх ба энэ эрх хэмжээ нь уг маргааны тухайд хариуцагч болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад олгогдсон байгаа тул анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, ХV-018247 дугаартай хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгохыг даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

     Харин хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон нь зөв байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“М у р” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.” гэснийг “...“М у р” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ