Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0012

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Өсөх ирээдүйн зам ХХКомпанийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Булган аймгийн татварын хэлтэс, татварын Улсын байцаагч Х.Баярцэцэг нарт холбогдох

         татварын Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 040018711 дугаар актаас 2940288 төгрөгөнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2016/0010/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Өсөх ирээдүйн зам ХХК-ийн захирал Б.Дагий, хариуцагч Х.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Санжаасүрэн, Б.Мөнхдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч Өсөх ирээдүйн зам ХХКомпаниас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Татварын хэлтсээс Өсөх ирээдүйн зам ХХК-ийн 2010-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж 5116121 төгрөгийн төлбөрийн акт тавьсны татварын дутуу төлөлт, хүн амын орлогын албан татварын дутуу төлөлт болох 819322 төгрөгийг зөвшөөрч хийсэн. НӨАТ-ын торгууль болон 4292793 төгрөгийг эс зөвшөөрч Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 2011 оны зөрчил болох 2175832 төгрөгийг хасаж хүчингүй болгосон. Үлдсэн 2940288 төгрөгийг төлүүлэхээр баталсныг хууль бус гэж үзэж актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өсөх ирээдүйн зам ХХК нь 2010 онд хуулийн дагуу НӨАТ төлөгчөөс хасагдсан үүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. 2011 оноос улсын нөөцөд өвс бэлтгэх зорилгоор хэсэг хүмүүстэй хамтарч цалингийн зээл авч өвс бэлтгэсэн. Өвсний мөнгөө авахад хувь хүмүүст мөнгө шилжүүлэхгүй гээд өгөхгүй байсан учир Өсөх ирээдүйн зам ХХК-ийн дансаар оруулж авч банкны зээлээ төлсөн. Түүнээс уг компани үйл ажиллагаа явуулаагүй. НӨАТатвартай холбоотой 4296793 төгрөгийн актыг зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь манай компани 2011 оноос 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл НӨАТ төлөгч биш байсан. Татварын байцаагчийн шийдвэр анхнаасаа буруу гарсан гэж үзэж байгаа тул татварын байцаагчийн акт, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслан зөвлөлийн баталсан 2940288 төгрөгийн төлбөрийг тус тус хянан үзэж дээрхи үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэв.

        Хариуцагч татварын Улсын байцаагч Х.Баярцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/24 тоот тушаалаар батлагдсан хяналт шалгалт хийх татвар төлөгчдийн жагсаалтад батлагдсаны дагуу Өсөх ирээдүйн зам ХХК-ийн 2010-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Миний бие нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 04150200062 дугаартай томилолтын дагуу улсын байцаагч Б.Солонгын хамт энэхүү шалгалтыг хийсэн. Өсөх ирээдүйн зам ХХК-ийг шалгах явцад НӨАТ-ын босго 10 сая төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй давсан орлого дээр нь НӨАТ ногдуулж татварын улсын байцаагчийн акт тавигдсан. Тус компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан татвараа үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн нь шалгалтаар илэрсэн. Татварын хяналт шалгалтаар борлуулалтын орлогыг нь тодорхойлж 10 сая төгрөгт хүрсэн өдрийн дараа өдрөөс эхлэн НӨАТ нөхөн ногдуулж, НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлд заасан хариуцлагыг татварын улсын байцаагчийн актаар ногдуулдаг учир татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй. Дээрх актаар тавигдсан төлбөр нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахгүй. Учир нь шалгалт хийж, акт тавигдах үед дээрх хууль батлагдаагүй байсан. Шалгалтаас хойш батлагдаад, одоо хэрэгжээд дууссан байгаа. Шалгалтын үеэр тус компанийн 2010-2014 оны 5 жилийн баримтад шалгалт хийсэн байдаг. Уг компани нь 2010-2012 онуудад Х тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнасан байдаг. Гэтэл 2010 онд 16083481 төгрөгийн, 2011 онд 21625000 төгрөгийн, 2014 онд 320000 төгрөгийн орлого харилцах дансаар орж үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон тул Татварын Ерөнхий хуулийн дагуу нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан. Нэхэмжлэгч Дагий хяналт шалгалт хийх талаар мэдэгдээгүй гэж байгаа боловч Өсөх ирээдүйн зам ХХК нь татварын хэлтэст татвар төлөгчийн бүртгэлээс харахад тус компанийн захирлаар Д.Батхуяг бүртгэлтэй байдаг. Мөн манайхаас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахад компани Д.Батхуягийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Бид татварын хэлтэст бүртгэлтэй байгаа компанийн захиралтай харьцаж, хяналт шалгалт хийх тухайгаа мэдэгдсэн ба мэдэгдсэний үндсэн дээр Батхуяг өөрөө компанийн 5 жилийн санхүүгийн баримтыг бидэнд авчирч өгсөн байдаг. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Дагийд хяналт шалгалт хийх тухай заавал мэдэгдэх шаардлагагүй. Манай зүгээс бүртгэлтэй хүнтэйгээ харьцана. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Санжаасүрэн, Б.Мөнхдулам нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т зааснаар Татварын Ерөнхий газраас эрсдлийн удирдлагын дагуу хяналт шалгалт хийх тухай удирдамж ирүүлснээр дунд эрсдэлтэй гэж Өсөх ирээдүйн зам ХХК-ийг шалгахаар болсон. Хяналт шалгалтыг 2 байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийх тохиолдолд томилолтоор шалгалт хийгддэг. Үүний дагуу шалгалт хийсэн хоёр байцаагч татварын хэлтсээс олгосон томилолтын дагуу шалгалтыг хийсэн. Нэхэмжлэгч байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасныг дагуу арга хэмжээ авч, нөхөн татвар, хүү алданги, торгууль ногдуулсан нь үндэслэлтэй юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь манайхаас тухайн компанийг шалгаж байх явцад батлагдан гараагүй байсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиараа бид хяналт шалгалтаа хийсэн байгаа. Одоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжээд дууссан учир энэ хуулинд хамруулах боломжгүй юм. Мөн төрийн сангаас хувь хүний данс руу мөнгө шилжүүлдэггүй. Өсөх ирээдүйн зам ХХК нь тодорхой үйл ажиллагаа эрхэлж, түүнийхээ үндсэн дээр борлуулалтын орлого хийгдсэн гэдэг нь харилцах дансны хуулгаар батлагдаж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

          Өсөх ирээдүйн зам ХХК нь тус шүүхэд Булган аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч Х.Баярцэцэгт холбогдуулан татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 040018711 дугаартай татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар тогтоосон 5116121 төгрөгийн төлбөрөөс маргаан бүхий 2940288 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

      Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/24 тоот тушаалаар батлагдсан 2015 оны эхний хагас жилд татварын хяналт шалгалтанд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт, Булган аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн 2015 онд хийх шалгалтын график, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Баярцэцэг, Б.Солонго нар нь Өсөх ирээдүйн зам ХХК-ийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх санхүүгийн баримтанд татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн нь Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна/, 47 дугаар зүйлийн 47.1 /Татвар төлөгч Монгол улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана/ гэсэн заалтуудтай нийцсэн байна.

      Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг хийж Өсөх ирээдүйн зам ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 /Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ/-д заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэн нийт 5116121 төгрөгийн төлбөрийг 040018711 дугаарын актаар ногдуулжээ.

          Нэхэмжлэгч дээрх актаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татвартай холбогдох 819328 төгрөгийг төлж барагдуулан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ногдуулсан 4296793 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч, Булган аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу хянаад Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоол гарч, уг тогтоолыг 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/55 тоот Гааль, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсныг Өсөх ирээдүйн зам ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 25 тоот албан бичгээр хүргүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

          Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд Нэмэгдсөн өртгийн албан татварын тухай хуулиар ногдуулсан 4296793 төгрөгийн төлбөрөөс 1965909 төгрөгийн нөхөн татвар, 204026 төгрөгийн торгууль, 5898 төгрөгийн хүү, бүгд 2175832 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 2114616 төгрөгийн нөхөн татвар, 6345 төгрөгийн хүү, нийт 2120961 төгрөгийн төлбөрийг төлүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийн, 04 дүгээр тогтоолыг гаргажээ. Уг тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-д тус тус заасныг үндэслэн Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 040018711 дугаартай актаар ногдуулсан төлбөрөөс 19959090 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1965909 төгрөгийн нөхөн татвар, 204026 төгрөгийн торгууль, 5898 төгрөгийн хүү нийт 2175832 төгрөгийн төлбөрийг хасч, 29581109 төгрөгийн зөрчилд ногдох 2618182 төгрөгийн нөхөн татвар, 181069 төгрөгийн торгууль, 164693 төгрөгийн алданги, 6345 төгрөгийн хүү, нийт 2940288 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр баталсугай гэснээс харахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ногдуулсан төлбөрөөс хэвээр үлдээсэн 2120961 төгрөгийн төлбөр дээр нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч төлсөн 819328 төгрөгийн төлбөрийг нэмж, нийт тавигдсан төлбөрийн хэмжээнээс нэхэмжлэгчийн төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн төлбөрийг бүхэлд нь тусгасан гэсэн дүгнэлтэд хүрлээ.

      Нэхэмжлэгчээс 2940288 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад дээрх маргаан таслах зөвлөлөөс гарсан тогтоолд заасан үнийн дүнгийн зөрүүг арилгасан тул үлдэх 2120961 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компани үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжтой байтал татварын Улсын байцаагч нар хамруулаагүй нь хууль зөрчсөн гэж тодорхойлжээ.

        Нэхэмжлэгч Өсөх ирээдүйн зам ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 /Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана/-д заасны дагуу жилийн эцсийн тайлан гаргахдаа орлогоо үнэн зөв тодорхойлоогүй нь хэрэгт авагдсан дансны хуулга, Татварын хэлтэст гаргаж өгсөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэргээр нотлогдож, уг зөрчил нь татварын хяналт шалгалтаар илэрсэн нь тогтоогджээ.

     Нэхэмжлэгчээс уг дансны хуулганд тусгагдсан өвсний үнэ гэх орлогыг тухайн компанийн үйл ажиллагаа явуулж олсон орлого биш өөр хувь хүний мөнгийг дамжуулан шилжүүлж авсан гэж маргаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байх ба татварын улсын байцаагчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж ногдуулсан нийт 819328 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан зэргээс харахад хяналт шалгалтанд хамрагдсан онуудад Өсөх ирээдүйн зам ХХК нь тодорхой үйл ажиллагаа эрхэлж, түүний үндсэн дээр тодорхой хэмжээний орлого олсон гэж үзэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч байгууллагын дансанд орж ирсэн өвсний үнэ-ийг тухайн байгууллагын олсон орлого гэж үзэж татварын Улсын байцаагч акт тавьсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг ойлгоно/, 7 дугаар зүйлийн 7.1.1 /Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна/-д заасантай тус тус нийцсэн байна.

        Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр батлагдан мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байх ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийг этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө, 3.1-д Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусна гэж тус тус заасан байна. Өсөх ирээдүйн зам ХХКомпанид хийсэн татварын хяналт шалгалт нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийгдсэн байх ба хууль батлагдан гарахаас өмнө хяналт шалгалт хийгдэж, зөрчлийг илрүүлж төлбөрийн акт тавигдсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан сайн дурын үндсэн дээр ил болгож, ... тайланг шинээр гаргасан гэдэгт хамруулахгүй тул нэхэмжлэгч байгууллагын нуун дарагдуулсан орлого, илэрсэн зөрчлийг дээрх хуульд нийцүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

    Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу ногдуулсан маргаан бүхий 2114616 төгрөгийн нөхөн татвар, 6345 төгрөгийн хүү, бүгд 2120961 төгрөгийг төлүүлэх татварын улсын байцаагчийн 040018711 дугаар акт үндэслэлтэй байна.

       Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчи гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх ба Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйл /Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ/ -д заасан захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн хэм хэмжээг хамруулан ойлгох ба татварын хууль тогтоомж нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ юм.

     Дээрх өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн ба ямар төрлийн захиргааны шийтгэлээс чөлөөлөхийг нарийвчлан заагаагүй тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

      Иймд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэж байгаа хариуцлага буюу хүү, торгуулийн шийтгэл нь захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл гэж үзэх үндэслэлтэй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу ногдуулсан хүүг захиргааны шийтгэл гэж үзэж өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

      Харин Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3 /хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг, энэ үүргийг ёсчлон биелүүлнэ/, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 /Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй/-д зааснаар гэм буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч байгууллага хуулиар ногдуулсан нөхөн татвар болох 2114616 төгрөгийг төлөх үүрэгтэй.

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгонТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 т тус тус заасныг баримтлан Булган аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 040018711 дугаартай актын маргаан бүхий 2120961 төгрөгийн төлбөрөөс 6345 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, 2114616 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг болгон багасгасугай.

       2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ