Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00201

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазны ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Г т холбогдох эрүүгийн 1815003550200 дугаартай, 163/2018/0190/э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, малчин, Бовогт И.Г  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч И.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.С хашаанд хохирогч Н.О хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.

1815003550200 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч И.Г ийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед хөдөө гэрээсээ Дашинчилэн сумын төв ороод Н.О ийн дэлгүүр дээр очтол тэнд Баяннуур сумын иргэн Ц.С , Н.О , хоёр байж байсан. Тэгээд Н.О  бид хоёр Ц.С г Баяннуур сум хүргэж өгөхөөр болоод бид гурав хамт Дашинчилэн сумаас Баяннуур суманд ирсэн юм. Тэгээд Баяннуур суманд Ц.С гийн гэрт иртэл Ц.С  бид хоёрт 0.5 литрийн хар Экс гэдэг архи гаргаж өгөхөөр нь Н.О , Ц.С  бид гурав тэр архийг хувааж уугаад Баяннуур суманд Ц.С гийн гэрт амарцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед би хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн 2 шил хар Экс архи аваад Ц.С гийн гэрт Н.О , Ц.С  бид гурав хамт хувааж уучаад орой багцаагаар 17 цагийн үед Н.О  бид хоёр Баяннуур сумаас Дашинчилэн сум явах гээд Ц.С гийн гэрээс гарцгаасан. Тэгээд Ц.С гийн гэрээс гараад тэрнээс хойш Ц.С гийн гэрийн гадаа юу болсон эсэхийг санахгүй байгаа юм гэх мэдүүлэг /хх-40-42 тал/

Хохирогч Н.О ийн өгсөн:…2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед намайг дэлгүүр дээрээ байж байтал манай найз Ц.С  орж ирсэн юм. Тэгээд бид хоёрыг манай дэлгүүрт байж байтал өдөр 14 цагийн үед манай сумын малчин И.Г орж ирсэн юм. Тэгтэл манай найз Ц.С  намайг чи надаас ойр зуурын юм  цагаан идээ очиж аваач гэж хэлэхээр нь би Ц.С машинд суугаад И.Г  машинтайгаа бид хоёрын араас дагаад Дашинчилэн сумаас Баяннуур суманд ирсэн юм. Тэгээд Баяннуур суманд Ц.С гэрт иртэл Ц.С , И.Г бид хоёрт 0.5 литрийн хар экс гэдэг архи гаргаж өгөхөөр нь Ц.С , И.Г бид гурав тэр архийг хувааж уугаад Баяннуур суманд Ц.С гэрт амарцгаасан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед И.Г 0.5 литрийн 2 шил хар экс архи дэлгүүрээс аваад Ц.С гэрт ороод ирсэн. Тэгээд И.Г , Ц.С  бид гурав хамт тэр архийг хувааж ууж байгаад би Ц.С гэрт хэсэг унтаж байтал удалгүй Ц.С  миний хажуугаар орж ирээд бид хоёр хэсэг хугацаанд унтсан байсан. Тэгээд бид хоёрыг  унтаж байтал И.Г  согтуу чи яагаад Ц.С хажуугаар ороод хэвтчихсэн юм, миний хажуугаар ороод хэвтчихгүй танайхан бол удмаараа шулаачид...гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод...Ц.С гийн гэрээс гартал И.Г  намайг өшиглөж, гараараа толгойруу цохиж гэмтэл учруулсан би гомдолтой ...” гэх мэдүүлэг /хх-15-16, 18 тал/,

Гэрч Ц.С өгсөн: “...17 цаг 30 минутын үед...И.Г  манай гэрийн гадаа Н.О түлхэж унагаад бөгсрүү нь 1 өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-20 тал/

Гэрч Б.Цэрэнпагмын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой...иргэн Н.О  гэдэг хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн...биеийн байдал нь хүндэвтэр амьсгаа авч, хөдөлж чадахгүй, 2 хавирга нь хугарсан байж болзошгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12744 дугаартай

1. Н.О -н биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн талын 6, 11-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 34 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-8-9 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 43 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.С хашаанд хохирогч Н.О хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.       

Энэ үйл баримтыг дүгнэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.О , гэрч Ц.С , Б.Цэрэнпагм нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, Н.О -н биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн талын 6, 11-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12744 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг   тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв , нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Баяраагийн шүүгдэгч И.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч И.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.    

 Шүүгдэгч И.Г т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч И.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

 Харин хохирогч Н.О  нь  эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч И.Г нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч гомдолтой гэснийг  тус тус дурьдаж шидвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт И.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Г ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч И.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ