Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 00007

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Д , Ц.Б  нарт холбогдох эрүүгийн 1815003110205 дугаартай, 163/2019/0007/Э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2 эхнэрийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Ц.Б  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ковш дампын оператор мэргэжилтэй, Хамтын булаг ХХК-д ковшийн жолооч ажилтай, ам бүл 3 оршин суух, ял шийтгэлгүй, Совогт Юнрэнсүрэнгийн Ю.Д  

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хамтын эх Булаг ХХК-ын уурхайд ковшийн жолооч Ю.Д д хийж ажил гүйцэтгүүлэхээр **-**УБ улсын дугаартай ковшинд түлш хийж хариуцуулан өгөхөд удаа дараагийн үйлдлээр ковшинд байсан түлшнээс завшиж Хамтын эх булаг ХХК-д 1085000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Д ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                         

1815003110205 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Ц.Б ын өгсөн: Манай гэр уурхайнуудаас ойрхон нутагладаг бөгөөд 2018 оны 07 дугаар сард би мал услаж яваад уурхайд ажилладаг Ю.Д  гэдэг залуутай танилцаж байсан. Тэр уурхайн нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд Ю.Д  гэдэг залуу надад ах түлш авах уу гэж хэлж байсан. Ю.Д  өөрөө ковш барьдаг гэж байсан. Тэгээд би өөрөө түлш зарцуулдаг суудлын болон ачааны машинтай болохоор түлш авахаар болоод тэгээд Ю.Д аас түлш худалдаж авсан. Хамгийн анх Ю.Д аас 2018 оны 07 сар дөнгөж гараад 50 литр түлш авч байсан. Тэрнээс хойш сард 2-оос дээш авч байсан. Хамгийн сүүлд 09 сарын 23-ны өдөр 50л түлш авч байгаад баригдсан. Түлш авдаг канеструуд нь миний канеструуд байгаа юм. Ю.Д д түлш авах саваа өгөөд түлш хийгээд бэлдэхээр нь очоод авчихдаг байсан. Би Ю.Д аас 1л түлшийг 1000 төгрөгөөр бодож авдаг байсан нийт 500л түлш авсан. Ю.Д  түлшээ хийгээд бэлэн болохоор надад хэлээд тэгээд би шууд өөрийнхөө машинтай очоод авчихдаг юм. Би Ю.Д аас авсан түлшээ өөрөө хувьдаа хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-55-56 тал/

Яллагдагч Ю.Д ын өгсөн: Би өөрөө Говьсүмбэр аймгийн харъяат хүн байгаа юм ээж аавтайгаа хамт амьдардаг эхнэр хүүхэд байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 05-наас хойш Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хамтын эх булаг ХХК-д ковшийн жолоочоор ажилд орсон. Би нэг ковш дээр 12 цагаар ээлжээр ажилладаг бөгөөд өглөө 06 цагаас орой 06 цаг хүртэл эсвэл орой 6 цагаас өглөө 6 цаг хүртэл хугацаагаар ээлжилж ажилладаг байсан. Миний ээлжний жолоочийг Хуаниш гэдэг Казак залуу байсан. Ц.Б  гэдэг ахын гэр нь манай уурхайгаас ойрхон байдаг Ц.Б  ах тэр хавиар мал хариулж байнга явдаг тэгээд танилцаж байсан Ц.Б  ахтай түлш авах уу гэж асуугаад тэгээд Ц.Б  ахад түлш зарахаар болсон 2018 оны 07 дугаар сарын 03 шиг санаж байна би Ц.Б  ах руу утсаар нь яриад дуудсан гол дээр саваа аваад хүрээд ир гэсэн чинь за гээд 2 ширхэг 25 л канестер авч ирээд 50л түлш Ковшноос хийгээд өгчихсөн. Ц.Б  ахтай 1л түлшийг 1000 төгрөгөөр зарахаар болж тохирсон. Тэрнээс хойш 08 сарын 06-нд шиг санаж байна нэг 50л түлш өгөөд, 09 дүгээр сарын 23-24-ны шилжих шөнө шөний ээлжинд гарч байгаад Ц.Б  ахад 50л түлш өгөөд 09 дүгээр сарын 23-24-ний шилжих шөнө шөнийн ээлжинд гарч байгаад Ц.Б  ахад 50л түлш гаргаж өгч байгаад баригдсан. Миний тооцоолж байгаагаар Ц.Б  ахад 200л түлш гаргаж өгсөн гэсэн үг гэх мэдүүлэг /хх-59-60 тал/

Хохирогч Б.Н өгсөн: Би 2018 оны 8 дугаар сараас “ Хамтын эх булаг, ХХК-ны  няравын ажлыг хийсэн. Энэ хугацаанд уурхайд ажилладаг авто техникт түлш түгээж өдөр тутамын тэмдэглэл хөтлөж, опериаторуудаар гарын үсэг зуруулж , түлш түгээх дэвтрээрээ баталгаажуулдаг байсан. Энэ явцад **-**УБ улсын дугаартай техникт түлш зарцуулалт хэт өндөр байгаа нь ажиглагдсан. Ингээд  2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр уурхайн удирдлага Ганзориг болон уулын мастер Эрдэнэбаатар, гэрээт харуул хамгаалалтын алба болох Идэр шонхор хамгаалалтын албаныханд мэдэгдсэн.  Удирдлагууд энэ талаар арга хэмжээ авч уг үйл ажиллагаанд тандалт хийж 2018.09.23-ны 22 цагаас хяналтын камер дээр хяналт хийж үйл ажиллагаа явагдаж байгаа газар орон объетыг хаяналтандаа авсан. Тэгтэл шөнийн 22 цаг 20 минутын үед уурхайн хуучин отвалын ар талд 81-16 БУЛ маркын тээврийн хэрэгслээр түлш зөөж байх үед нь уурхайн удирдлагууд болон Идэр шонхор хамгаалалтын албаныхантай хамтарч Ц.Б  гэгчийг барьж авсан...Тэгээд уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх жолооч Ц.Б ыг хамгаалалтын байранд авчирч түр байлган сумын цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-24 тал/

Гэрч Б.Э өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой ээлжинд ажилчдаа гаргачихаад бид нар  манай дотроос түлшний хулгай гараад байгаа юм байна тэр хулгайч нарыг отож байгаад барьж авъя гэж ярилцсан. Үүний дагуу камер дээр нярав Нямаа эгчийг суулгаж байгаад би болон уурхайн захирал Ганзориг бид 2 хувцасаа өмсөөд бэлэн байж байсан. Тэгтэл 22 цагийн орчим Ю.Д ын ковш нь отволын араар ороод 14-15 минут болчихлоо гэж утсаар хэлэхэд нь захирал бид 2 машинтай отволын араар тойроод очсон чинь өдөр нь очиж зураг авсан шланк нөгөө машин дотор байсан. Тэр үед манай хамгаалалтын ажилтанууд отволын ар талаас ирсэн. Мөн уг машин дотор 7 ширхэг канистер байсны 2 нь дүүрэн түлштэй байсан. Тэр канистерт 25-30 литрийн багтаамжтай байх гэж харсан. Тэгээд хамгаалалтын байрлуу авч ороод машин барьж байсан хүний утсыг нь аваад үзсэн хамгийн сүүлд залгасан гэх дугаарыг нь харахад манай шөнийн ээлжинд гарч байсан Ю.Д ын утасны дугаар болох 99600999 гэсэн дугаар байсан. Бид нарыг очиход 81-16 БУл гэсэн дунд гарын хар өнгийн жийп зогсож байсан. Жолоочийг нь Ц.Б  гэж байсан гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Б.Гг өгсөн: Би Улаанбаатар хотоос 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр уурхай дээр хамт Ю.Д , Батбилэг, түрээсийн жолооч Даваадорж нартай цуг ирсэн. Хотоос ирсэн оройноо Ю.Д , Батбилэг нар шөнийн ээлжинд гарсан. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө нярав Нямаа нь Ю.Д ын барьж байгаа ковшнд 200 гаруй литр түлш хийлээ гэж ярьсан. Тэгэхээр нь би яагаад ингэж их хийж байгаа талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Харин нөгөө түрээсийн ковш нь нэмэхгүй гээд түлш аваагүй гэж хэлсэн. Үүнээс үүдээд уурхайн эргэн тойронд явган явж үзлэг хийсэн. Уурхайн хуучин отволын зүүн талаас машины мөр болон ковш очиж зогссон мөр зэргийг харсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэбаатарыг хотоос ирэхэд нь сэжигтэй зүйлийн талаар хэлж мэдэгдэн энэ талаар арга хэмжээ авах зэрэг саналаа ярилцаад тандалт хийхээр болсон. Тэгтэл уурхай дээр түлшний хулгай гараад байгаа нь тодорхой болсон. Тэгтэл уурхайн усан бууны ойролцоох эплийн отвол дээр голдоо төмөр холбоостой шаланк байсны зургийг дарж уг шаланкыг байсан газарт нь үлдээсэн. Тэгээд тэр шөнөө Эрдэнэбаатарын хамт уурхайн усан бууны талбай болон бусад газруудаар жижүүр хийж хоносон. Өглөө нь шөнө ажилд гарсан 2 ковшний түлшийг хэмжиж үзээд зургийг нь авсан. Тэр шөнө 2 ковш тасралтгүй ажиллаж байгаад буусан. Тэгэхэд урд нь түлш нь хүрэхгүй шөнө дуудлага өгч түлш авдаг байсан ковшийн жолооч Ю.Д  нь талаас илүү банк түлштэй байсан. Нөгөө ковшийн  жолооч Даваадоржийнх талаас бага зэрэг доогуур түлштэй байсан. Даваадорж нь орой ажилд гарах үедээ түлш аваагүй гарсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой ажилд гарах үедээ түлш аваагүй гарсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой ээлжинд ажилчидаа гаргачихаад бид нар манай дотор түлшний хулгай гараад байгаа юм байна тэр хулгайч нарыг отож байгаад барьж авья гэж ярилцсан. Үүний дагуу камер дээр нярав Нямаа эгчийг суулгаж байгаад би болон Эрдэнэбаатар бид 2 хувцасаа өмсөөд бэлэн байж байсан. Тэгтэл 22 цагийн орчим Ю.Д ын ковш нь отволын араар ороод 14-15 минут болчихлоо гэж утсаар хэлэхэд нь бид 2 машинтай отволын араар тойроод очсон чинь уг отволын ард дунд гарын жип зогсож байсан. Тэгээд очоод шалгасан чинь өдөр нь очиж зураг авсан шаланк нөгөө машин дотор байсан. Тэр үед манай хамгаалалтын ажилтангууд отволын ар талаас ирсэн. Бидний барьж авсан машин дотор 7 ширхэг канистер байсны 2 нь дүүрэн түлштэй байсан. Тэр канистерт 25-30 литрийн багтаамжтай байх гэж харсан. Тэр үед манай хамгаалалтын албаны ахлах Д.Ихзориг нь отволын араас тойрч ирсэн. Тэгээд нөгөө барьж авсан хүнээ хамгаалалтын байрлуу авч ороод машин барьж байсан хүний утсыг нь аваад үзэхэд хамгийн сүүлд залгасан гэх дугаарыг харахад манай шөнийн ээлжинд гарч байсан Ю.Д ын утасны дугаар болох 99600999 гэсэн дугаар байсан. Уг номерыг түлш залуу гэж хадгалсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-27-28 тал/

Гэрч Д.Иөгсөн:...”Би уг уурхайд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр Сосонбаярлахтай хамт уурхай дээр ирсэн. Тэгээд уурхайн захирал Ганзориг, Эрдэнэбаатар нартай уулзаж гараад байгаа хулгайн талаар санал солилцож мөн урд өмнө хулгайн хэрэг гарсан үед нь авсан зурагтай нь танилцаад хоорондоо ярилцаад хулгай хийхэд орж гарах замуудыг нь хаах зорилгоор хоёр талаас нь тойрч отолт хийсэн. Тэгээд намайг отволны хойгуур нь тойроод явж байсан чинь захирал утсаар надруу залгаад хулгай хийж байсан машинийг зогсоосон байсан. Бидний барьж авсан машин дотор 7 ширхэг канистер байсны 2 нь дүүрэн түлштэй байсан. Тэр канистерт 25-30 литрийн багтаамжтай байх гэж харсан. Мөн зурган дээр барьсан шаланк машин дотор нь байсан. Тэгээд нөгөө барьж авсан хүнээ хамгаалалтын байрлуу авч ороод машин барьж байсан хүний утсыг нь аваад үзэхэд хамгийн сүүлд залгасан байсан. Тэр утсны дугаар нь 99600999 гэсэн дугаар байсан. Уг номерыг түлш залуу гэж хадгалсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Жолоочтой уулзаж ярилцахад 7 сараас хойш энэ уурхайгаас түлш 5-6, 3-4  авч байсан талаар ярьсан. Ковшны жолооч Ю.Д  өөрөө буулгаж, өгдөг буулгаж өгөхгүй болохоор очиж авдаг . Машинд байсан шаланк, өмсөж байсан гутлын мөр 2 тохирч байсан  гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-04 тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84-85 тал/,  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн түлш хулгай хийхэд ашигласан гэх канистеруудын гэрэл зураг /хх-43-44 тал/,  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээ Дизель түлш  1 литр  нь 2170 төгрөг 500 литр түлш 1085000 төгрөг болохыг тогтоосон  шинжээч Э.Гэрэлт-Эрдэнэ, Б.Батцэнгэл, Л.Батжүгдэр нарын дүгнэлт  /хх-47 тал/, болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хамтын эх Булаг” ХХК-ын уурхайд ковшийн жолоочоор ажилладаг Ю.Д д  ажил гүйцэтгүүлэхээр **-**УБ улсын дугаартай ковшинд түлш хийж хариуцуулан өгөхөд удаа дараагийн үйлдлээр ковшинд байсан түлшнээс завшиж Хамтын эх булаг ХХК-д 1085000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Б.Нямаагийн өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Эрдэнэбаатар, Б.Ганзориг, Д.Ихзориг нарыг өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43 тал/,  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн түлш хулгай хийхэд ашигласан гэх канистеруудын гэрэл зураг /хх-43-44 тал/,  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Дизель түлш 1 литр нь  2170 төгрөг ба  500 литр түлш  1085000 төгрөг болохыг тогтоосон шинжээч Э.Гэрэлт-Эрдэнэ, Б.Батцэнгэл, Л.Батжүгдэр нарын шинжээчийн дүгнэлт  /хх-47 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.         

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг үнэлгээний комиссын   шинжээч нар  гаргажээ.   

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих байдлууд  нотлогдсон байх тул шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байх тул  тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  “Хамтын эх Булаг” ХХК-д 1085000 төгрөгийн хохирол учирсан байна.  

 Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар нь хохирогчид хохирол 1085000 төгрөгийг  төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул төлбөр төлөгдсөн гэж үзлээ.

 Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.     

Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт Ц.Б , С овогт Ю.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д , Ц.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ