| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0151/Э |
| Дугаар | 00165 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00165
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч С.*******,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Бэлгээгийн Очирхадад холбогдох 163/2018/0151/Э индекстэй, эрүүгийн 1815002080126 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, М овогт Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгч байсан, нийт 2 сая гаруй төгрөг өгсөн, цаашид гарах зардлыг төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Мөрөнд автобусны билет авахаар зогсож байхад энэ хүүхэд таарч надаас “хаа явах юм бэ” гэж асуухаар нь “Эрдэнэт” гэж хэлтэл “би аваад явъя” гэсэн. Би хамт явсан ба замд нойр хүрээд гээд нэг цаг гаран унтсан. Тэгээд цааш яваад “Уньт” хавьцаа осолд орсон. Миний баруун талын эгэм, хавирга хугарсан байсан. Булганы эмнэлэг дээр боолгоод Эрдэнэт орж зургийг нь авахуулсан. Хүүхдүүд хотод ир гээд би хотод очиж эмнэлэгт 25 хоног хэвтсэн. Надад өвчин намдаах эм, ясны кальци гэх мэт 1 сая гаруй төгрөгийн эм авч өгсөн. Мөн сувилалд 10 хоног хэвтсэн зардлыг төлсөн. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, одоо хүний асрамжинд байна гэх мэдүүлэг,
1815002080126 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Б.*******ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 16 цагийн үед Улаанбаатар хотоос найз Я.*******, түүний эхнэр С.Чулуунцэцэг, найз Н.******* нар ирээд Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу цуг “Toyota Prius 20” маркийн **-**УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт явж байхад 19 цагийн орчим Уньт багийн нутаг “Мааньтын үзүүр” гэх газар “Kia Bongo 3” маркийн **-**УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрж урдаас орж ирэхэд би жолоочид “замын хажуу руу дараарай” гэхэд жолооч маань ч дарсан, тэгээд машин ч мөргөсөн. Ийм л асуудал болсон. Миний найз Я.******* машин жолоодож явсан. Тэгэхэд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх- 38 тал/,
Гэрч Н.*******гийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос найз Я.*******, түүний эхнэр С.Чулуунцэцэг, найзын охин Цэлмэг нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сум орохоор “Toyota Prius 20” маркийн **-**УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замаараа Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс найз Б.*******ийг аваад явж байхад 19 цагийн орчим Уньт багийн нутаг “Мааньтын үзүүр” гэх газар “Kia Bongo 3” маркийн **-**УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрж урдаас орж ирэхэд жолооч баруун гар тийш дарсан, тэгээд тэр машин ч мөргөсөн. Жолоог миний найз Я.******* барьж явсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний биед өвдөж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
Гэрч С.Чулуунцэцэгийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед нөхөр Я.*******, найз Н.*******, найзын охин Э.Цэлмэг нарын хамт өөрийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн **-**УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Булган аймгийн Хутаг-Өндөр сум орохоор замдаа гарсан. Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан найз *******ийг аваад Хутаг-Өндөр сумын Уньт баг “Мааньтын үзүүр” гэх газар явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгслийн цонхны шил хагарч, машин замаас гараад зогсоход найзын охин Цэлмэг уйлаад байсан. Тэгээд машинаас гартал “Kia Bongo 3” маркийн **-**УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. Миний нөхөр Я.******* жолоо барьж явсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Одоо миний толгой, зүүн гар өвчин орж өвдөж байна. Өөр өвдсөн зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Шүүгдэгч Б.О яллагдагчаар өгсөн: Манай гэр Улаанбаатар хотод байдаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу өөрийнхөө эзэмшлийн 18-62 УНТ улсын дугаартай “Kia Bongo 3” маркийн тээврийн хэрэгслээр ачаа ачаад Хөвсгөл аймаг орсон бөгөөд Хөвсгөлд 20 гаран хоноод 06 дугаар сарын 27-ны өдөр ачаагүй өөрийнхөө **-**УНТ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй өдөр 12 цагийн үед гарсан. Гарахдаа ганцаараа болчихоод хань болох хүн байвал аваад явъя гэж бодоод тээврийн товчоо орсон чинь Эрдэнэт явах гэж байгаа гээд нэг настай эмэгтэй хүн байсан. Тэгээд тэр хүнийг аваад хоёулаа хамт гарсан. Хөвсгөлөөс гараад нойр хүрээд байхаар нь Тосонцэнгэл сум орж замын хажуу руу бууж машиныхаа хажууд нэг цаг гаран унтаад цаашаа явсан бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Баатарван” амралт өнгөрөөд Уньт багийн нутагт явж байгаад гэнэт машинтай мөргөлдөж замын хажуу руу ороод зогссон байсан. Яагаад мөргөлдсөн талаар мэдэхгүй байна, гэнэт сэргээд хартал урсгал сөрөөд машинтай мөргөлдөөд замын хажуур уу орсон, бөөн шороо манарсан машины цонхны шил хагарсан байсан. Машины хаалга онгойхгүй байхаар нь би цонхоороо гараад хажууд сууж явсан эмээг машинаас гаргасан. Эмээ ухаантай “яасан бэ, юу болсон бэ миний хүү” гэж байсан. Тэгээд нөгөө машины хүмүүс хажууд ирсэн байсан. Удалгүй эмч, цагдаа ирсэн ...гэх мэдүүлэг /хх-104 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152 тоот:
1. С.*******гийн биед баруун эгэм ясны хугарал, баруун талын 5,6,7,8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийн дэх шингэн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-48-49 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот:
1. С.Чулуунцэцэгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-64 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай:
жолоодох B ангилалын 321349 тоот эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.
Жолооч Я.Б нь тээврийн хэрэгслийн жолоодох BСД ангилалын 75864 тоот эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.
Жолооч Я.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. Жолооч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
4. **-**УНТ улсын дугаартай, **-**УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь техникийн хувь бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
5. Уг зам тээврийн осол болсон шалтгаан: Жолооч Б.О нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгал сөрсөнөөс болсон байна /хх-ийн 97 тал/ гэх дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1-2 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-19 тал/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-50-51 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний “Kia Bongo 3” маркийн **-**УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3090500 төгрөгийн шууд, 3420000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болохыг, Аривжих-Эстимейт” ХХК-ний “Toyota Prius 20” маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3315000 төгрөгийн шууд, 760000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-78-94 тал/, шүүгдэгч Б.О урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх-107,111,113 тал/, хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд болон өвчний түүх /хх-116-131тал/, шүүгдэгч Б.О “Toyota Prius 20” маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4075000 төгрөгийг төлсөн баримт /хх-134 тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Мааньтын үзүүр” гэх газарт “Kia Bongo 3” маркийн **-**УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсноор уг замаар зорчиж явсан “Toyota Prius 20” маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслүүдэд зорчин явсан С.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн, С.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч С.*******гийн өгсөн мэдүүлэг, өөдөөс яваа тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхэд замын хажуу руу дарсан боловч ирж мөргөсөн гэх гэрч Б.*******, Н.*******, С.Чулуунцэцэг нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Хэрэгт хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон “Тольдох оюуны өгөөж”, Аривжих-Эстимейт” ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх
тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.О хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С.*******гийн эмчилгээ, сувилгаатай холбогдож гарсан хохирол, иргэний нэхэмжлэгч Я.*******ийн “Toyota Prius 20” маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 4075000 төгрөгийн хохирлыг тус тус төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Очирхадад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Очирхадад холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.О 321349 дугаартай, “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Б. О Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.О мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Б. О №321349 дугаартай, В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД