Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00168

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д т холбогдох 163/2018/0159/Э индекстэй, эрүүгийн 1815000000171 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багт оршин суух, Цовогт Э.Д   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтээр/.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

 

1815000000171 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч И.*******ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 09-нд намайг гэртээ байж байтал манай багийн Э.Д  сумын мал мах авдаг ченж Г.*******д хонь, ямаа өгөх гэж байна гэж хүнээс сонсоод “Э.Д  хонь, ямаа цөөнтэй учир юун хонь ямаа зарах гэж байгаа юм бол” гэж бодоод би сумынхаа цагдаад “Э.Д  сумын төвд хонь, ямаа зарах гэж байна, та ямар им, тэмдэгтэй хонь, ямаа зарах гэж байгааг үзээд өгөөч” гэж хэлсэн.  Тэгээд “манай хонь, ямааны  имтэй хонь, ямаа зарах гэж байна” гэхээр нь би очиж үзсэн чинь манай хонь, ямааг Г.*******д зарж байсан. Би өөрийн хонь ямаагаа 2018 оны 06 дугаар сард нэг тоолсон. Манай хонь зүүн талын чихэндээ сам имтэй, ямаа мөн адил зүүн талын чихэндээ сам имтэй. Би тэр болгон хонь, ямаагаа тоолоод байдаггүй. ...Тухайн өдөр манай хонь, ямаа тасраад явж байхад нь Э.Д  авсан юм шиг байна лээ. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Гэрч Н.*******ийн өгсөн: Би Булган аймгийн төвд ажиллаж амьдарч байгаад Э.Д тай танилцан нэг гэрт орж амьдраад 3 жил болж байна. Одоо Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Халгайтын ам” гэх газар хувиараа мал маллан амьдардаг. Манайх 4 төрлийн адуу, үхэр, хонь, ямаа гэсэн нийт 390 толгой малтай. Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний үеэр мотоциклиос унаж хөлөө бэртээгээд Булган аймаг руу хэвтэх гээд явсан байсан. Дараа нь сонссон чинь ******* ахын хониноос тасарч нийлсэн хонь ямааг зарах гэж байгаад баригдсан гэж сонссон. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Э.Д  өмнө миний мэдэхийн ийм зүйл гаргаж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Г.*******ийн өгсөн: Би Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт хувиараа л онц хийсэн юмгүй байдаг. Хааяа мал мах үнэ тохирвол худалдаж авдаг, үргэлж худалдан аваад зараад байдаггүй. Намайг 2018 оны 10 дугаар сарын 11-нд сумын төвд гэртээ байж байхад Э.Д  ирээд “хонь, ямаа авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “үнэ тохирвол авна” гэхэд сумын төвийн хойно байдаг Батка гэдэг айлын хашаанд байгаа гээд намайг дагуулаад очсон, тэнд 12 хонь, 24 ямаа байсан. Би үзэж хараад хонийг нь 70.000, ямааг 60.000 төгрөгөөр авсан. Нийт 2160.000 мянган төгрөг болоод мөнгө төгрөгөө өгч аваад байж байтал цагдаа ирээд болиулсан. Миний худалдаж авсан хонь баруун чихэндээ сам имтэй, хар халзан голдуу зүстэй, харин ямаа нь улаан голдуу зүстэй, баруун чих нь бас сам имтэй ямаанууд байсан. Тарга хүч сайтай малууд байсан. Би Э.Д аас хонь, ямаа худалдаж авч байгаагүй. Анх удаа худалдан авч байгаа нь энэ юм. Би нутагтаа их томоотой хүн болохоор наймаа хийе гэхээр нь хийсэн. Тэрнээс биш хулгайн мал гэж огт мэдээгүй. Цагдаа ирээд имийг нь үзээд “*******ийн хонь, ямаа байна” гэхээр нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,

Шүүгдэгч Э.Д ын яллагдагчаар өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед би гэртээ ганцаараа байж байсан чинь манай гэрийн урдуур ойролцоогоор 500 м зайд хэдэн хонь, ямаа бэлчээд явж байсан. Би тууж авчираад гэрийн урд байдаг малын хашаандаа хашихад 12 хонь, 24 ямаа байсан. Тэгээд тэр өдрөө хонь, ямаануудыг хашиж хонуулаад маргааш нь сумын төв рүү оруулаад өөрийн таньдаг Батгаа ахтай уулзаж “би өөрийн хонь, ямааг зарах гэсэн юм” гэж хэлж хашаанд нь хийгээд би “хонь, ямаа авдаг хүнтай уулзаад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд сумынхаа мал, түүхий эд авдаг *******ийн гэрт очоод уулзсан чинь ******* “очиж үзье” гэсэн. Бид хоёр Батгаа ахын гэрт ирээд хонь, ямааг үзээд нэг хонийг нь 70 мянгад, нэг ямааг нь 60000 мянгад бодож авъя, тэгэхдээ 5 хонь чинь туранхай жижиг байна гэж хэлээд үнийг нь бууруулсан. Тэгээд надад хоёр сая нэг зуун жаран мянган төгрөг өгсөн. Тэгээд байж байтал сумын цагдаа ирсэн. Улаан голдуу ямаанууд, хар халзан, хар хүзүүтэй хонинууд байсан. Бүх хонинууд нь зүүн талын чих нь сам имтэй, ямаанууд нь зүүн чихэндээ сам имтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,  

Дашинчилэн сумын 3 дугаар багийн иргэн И.*******ийн алдагдсан хонь ямааны үнэлгээ:

  1. 7 толгой эм хонийг нэг бүрийг 80.000 төгрөгөөр үнэлж 560.000 төгрөг,
  2. 5 толгой төлөгийг нэг бүрийг 70.000 төгрөгөөр үнэлж 350.000 төгрөг,
  3. 17 толгой эм ямааг нэг бүрийг 70.000 төгрөгөөр үнэлж 1.190.000 төгрөг,
  4. 7 толгой шүдлэн ямааг нэг бүрийг 70.000 төгрөгөөр үнэлж 490.000 төгрөг,

нийт 2.590.000 төгрөгний хохирол учруулсан байна гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25-28 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-34-35 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч И.*******ийн өгсөн “...би сумынхаа цагдаад “Э.Д  сумын төвд хонь, ямаа зарах гэж байна, та ямар им, тэмдэгтэй хонь, ямаа зарах гэж байгааг үзээд өгөөч” гэж хэлсэн.  Тэгээд “манай хонь, ямааны  имтэй хонь, ямаа зарах гэж байна” гэхээр нь би очиж үзсэн чинь манай хонь, ямааг Г.*******д зарж байсан. ...тухайн өдөр манай хонь, ямаа тасраад явж байхад нь Э.Д  авсан юм шиг байна лээ” гэх, гэрч Г.*******ийн өгсөн “...Намайг 2018 оны 10 дугаар сарын 11-нд сумын төвд гэртээ байж байхад Э.Д  ирээд “хонь, ямаа авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “үнэ тохирвол авна” гэхэд сумын төвийн хойно байдаг Батка гэдэг айлын хашаанд байгаа гээд намайг дагуулаад очсон, тэнд 12 хонь, 24 ямаа байсан...миний худалдаж авсан хонь баруун чихэндээ сам имтэй, хар халзан голдуу зүстэй, харин ямаа нь улаан голдуу зүстэй, баруун чих нь бас сам имтэй ямаанууд байсан” гэх мэдүүлгүүд, шинжээчдийн 2.590.000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон малын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны үед Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багийн нутаг “Халгайтын ам” гэх газарт ижил сүргээс тасран бэлчиж явсан 12 хонь, 24 ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авчирч хашаанд хашиж мал махны ченжэд зарж борлуулсан үйлдлээрээ бусдад 2590000 төгрөгийн хохирол учруулсан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

      Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг болон шүүгдэгч Э.Д ын худалдсан 12 хонь, 24 ямаа нь баруун чихэндээ сам имтэй,  малын им тэмдэг хохирогч И.*******ийн малын им, тэмдэгтэй тохирч байгаа, түүний өмчлөх эрх зөрчигдсөн талаар өгсөн хохирогч И.*******, гэрч Г.******* нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

     “Алдуул мал завших” гэдэгт жинхэнэ өмчлөгч, эзэмшигчийнхээ хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож  өөр нутагт шилжсэний улмаас өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан гэм буруутай үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад хэргээс ялгагдана.

       Шүүгдэгч Э.Д ын дээрхи үйлдэл нь бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Э.Д нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч 12 хонь, 24 ямааг хүлээлгэн өгснөөр хохирогч И.******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

      Шүүгдэгч Э.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ц овогт Э.Д ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Д т оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгний торгуулийн ялыг сард 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д т мэдэгдсүгэй.

         5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД