Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00175

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч О.Э ,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г од холбогдох 163/2018/0163/Э индекстэй, эрүүгийн 1815003190174 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр  зүйлийн 211.1-д зааснаар 1 жил, 2 сарын хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 6 жил, 8 сар, 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ХМШЗ/22 дугаартай захирамжаар 2 жил, 1 сар, 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Б овогт Т.Г  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт О.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нийт 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед ажлын байранд унтаж байхад Т.Г орж ирсэн. Над руу түлээний мод шидээд дараа нь толгой, нуруу, хөл рүү цохиж зодсон. Эмнэлэгт 05 цагийн үед очсон. Надад хөнгөн гэмтэл учирсан. Эмчилгээний зардал 450.000 төгрөг гарсан, 500.000 төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

1815003190174 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Х.*******гийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой би хамт хөрөө рамд ажилладаг О.Э ын хамт ажилчдын амралтын байшиндаа унтаж байтал гаднаас шөнийн 01 цаг өнгөрч байхад Монхоо, Т.Г , Ээнээ 3 согтуу орж ирсэн. Тэгээд Т.Г  нь аягаа угаасангүй гээд О.Э  бид 2 руу түлээний мод шидсэн. Ингээд шууд Т.Г  нь О.Э ыг зодож эхэлсэн. Зодсоныхоо дараа О.Э аар аяга угаалгасан. Тэгээд бид нар унтсан. Өглөө сэрэхэд О.Э  байхгүй байсан бөгөөд эмнэлгээс 08 цаг өнгөрч байхад рамны эзэн Байгаль руу залгаж О.Э ыг эмнэлэгт байгааг хэлсэн. Тэр үед О.Э  бид хоёр эрүүл, Т.Г , Ээнээ, Монхоо гурав согтуу байсан. Т.Г  эхлээд О.Э ыг хэвтэж байхад өгзөг рүү нь өшиглөөд гараараа толгой, нүүр, хөл, гар, гуя руу нь өшиглөөд байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 14 тал/,

Гэрч Б.*******гийн өгсөн: Т.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 05-наас манай компанид хуурай мод бэлтгэх гэж бригадаараа ирсэн. О.Э  нь 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс манай компанид туслах ажилчнаар орсон. Т.Г , О.Э  нар нь хоорондоо энгийн харилцаатай байсан. Мөн манайд ажиллаж байх хугацаандаа хоорондоо маргалдаж байгаагүй. Өмнө нь Дэнжийн хорих ангид хоригдож байхдаа нэг нэгнийгээ таньдаг байсан гэсэн. Тухайн үед юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Шөнө л тийм зүйл болсон байсан. 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө над руу сумын эмнэлгээс залгаж “танай ажилчин хүнд зодуулсан байдалтай байна ирнэ үү” гэхээр нь очиход О.Э ын нүүр хөхөрсөн, гарын шуу, алга, булчин хэсэг нь улаалттай, хавдартай, далны доод хэсэг болон бүдүүн гуя нь улаагаад хавдсан байсан. Харин Т.Г зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүгдэгч Т.Г ын яллагдагчаар өгсөн: Би Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явуулдаг “ДДБД” ХХК-ний хөрөө рамд ажиллаж байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хамт ажилладаг О.Э ыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би гараараа нүүр хэсэгт нь 2 удаа, хөл, гуя руу нь 1 удаа өшиглөсөн. О.Э  намайг цохиогүй. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. О.Э ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 252 дугаартай дүгнэлтээр

  1. О.Э ын биед баруун зүүн зовхинд цус хуралт, баруун чих, зүүн

сарвуу, бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх

боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн  хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-28 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42-44 тал/, хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх 61, 62 тал/, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 47-60 тал/, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон захирамж зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт байрлах “ДДТБ” ХХК-ний байранд унтаж амарч байсан О.Э ыг “намайг хүндлэхгүй байна” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч О.Э , гэрч Х.*******, Б.******* нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №252 тоот дүгнэлт зэрэг нь нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв гэж үнэлэв. 

         Шүүгдэгч Т.Г ын бусдын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Т.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500000 төгрөгийг төлж, хохирогч О.Э  нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

       Шүүгдэгч Т.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

       Харин шүүгдэгч Т.Г нь шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ХМШЗ/22 дугаартай захирамжаар Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03  дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жил, 08 сар, 05 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил, 01 сар, 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд дээрхи гэмт хэргийг санаатай үйлджээ.

       Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Г нь хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг зөрчиж бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодох нь хууль бус бөгөөд түүний улмаас хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж дээрх хор уршигт хүргэсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзнэ.

      Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 02 жил, 01 сар, 09 хоногийн хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялыг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овогт Т.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г од 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан жил, найман сар, тав хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, нэг сар, ес хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож гуч хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг хоёр жил, хоёр сар, ес хоногоор тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г од оногдуулсан хоёр жил, хоёр сар, ес хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

       5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД