| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2023/00020/И |
| Дугаар | 202/МА2023/00013 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 202/МА2023/00013
***нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2023/00102 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42 өөрийн байранд байрлах ***ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, *** тоотод оршин суух Г холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Т, хариуцагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ***ын /цаашид *** гэх/ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...***нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.
Хариуцагч Г нь ***-д ажиллаж байхдаа Сайншанд гал унтраах ангийн хуучин барилгад дээр дурдсан үндэслэлээр амьдарч байсан ба тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул ажил олгогчоос нэр бүхий айлуудыг нүүлгэн шилжүүлж 2018 онд ***-1 хороололд түр амьдрах байраар хангаж өгсөн. Энэ дагуу байгууллагаас тус хорооллын *** тоот 29.35 м.кв талбайтай орон сууцыг Гд олгосон.
***-ын ажилтнууд байгууллагын орон сууц ашиглах бол Албан тушаалын орон сууц ашиглах журам, ***-ын орон сууцны дүрэм зэргийг мөрдөж тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхөөр зохицуулагддаг.
Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 44 мэдэгдлээр орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл ***-д албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд хариуцагч Ггийн ашиглаж байгаа ***-ын өмчлөлийн ***-1 хорооллын *** тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү ” гэжээ.
2. Хариуцагч Ггийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: 2.1 “...Тухайн үед миний банкны зээл 30 сарын хугацаатай байсан. Миний хувьд 60 сарын хугацаатай байхад банкнаас зээл авсан байсан учраас танд зээл олгох боломжгүй гэж хэлсэн. Одоо би***ын Сайншанд татах хэсэгт сумчнаар ажиллаж байгаа тул байрандаа үргэлжлүүлэн амьдарна” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар *** нийгэмлэг***ын Гд холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдах гомдлын агуулга: “...“***” ХНН нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.
4.1. Гг нүүн шилжих орон сууцгүй нөхцөл байдлыг харгалзан ажил олгогчоос Сайншанд дахь *** хорооллын *** тоот орон сууцыг ***-ын дэмжлэгтэйгээр худалдан авах боломжоор хангасан ба хариуцагч Г зээлэнд хамрагдах боломжгүй, амьдарч буй орон сууцаа худалдан авах боломжгүй гэсэн тул тус *** тоот байрыг “***” ХНН нь гүйцэтгэгч компаниас өөрийн хөрөнгөөр худалдан авч цаашид технологийн зориулалтаар ашиглахаар холбогдох шийдвэрээ гаргасан.
4.2. *** болон Г нарын хооронд *** тоот байрыг албаны зориулалтаар ашиглуулах талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй. ***-ын ажилтнуудад орон сууц ашиглуулахад “Орон сууцны дүрэм”-ийг мөрддөг ба түүнд нийцүүлэн гаргасан ***-ын даргын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаалаар ***-ын албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалын жагсаалт болон технологийн орон сууцаар зайлшгүй хангагдах албан тушаалын жагсаалтыг баталсан. Энэхүү тушаалаар Сайншанд зангилаанд байгаа албаны болон технологийн орон сууцанд ямар ажлын байранд ажиллаж буй ажилтан хамрагдах боломжтойг нарийвчлан заасан ба хариуцагч Ггийн ажлын байр буюу сумчин ажлын байранд ажиллаж буй ажилтан орон сууцаар хангагдах боломжгүй юм.
4.3. Иргэний хуулийн 311.2-т заасны дагуу ***-ын даргын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтаар Ггийн хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон гэж үзнэ. Сайншанд зангилааны орон сууны комиссын олон удаагийн хуралдаанаар хариуцагчийг албаны орон сууцнаас гаргах, чөлөөлөх тухай мэдэгдэл өгөх зэргийг шийдвэрлэсэн байсан нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдох ба “Орон сууцны дүрэм”-ийн 2.11, 2.12 дугаар зүйлд “технологийн орон сууцыг цаашид албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглахаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан үед хөлслөгч ажилтан мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дотор саадгүй суллан чөлөөлж өгнө” гэсэн заалтыг харьцуулан дүгнээгүй.
4.4. ***-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан бүр албаны орон сууцаар хангагдах эдийн засгийн нөхцөл боломж байхгүй ба төмөр замын тээврийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулах үүднээс ***-ын Даргын А-617 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар технологийн орон сууцаар хангагдах ажлын байруудыг заасан,хариуцагчийн хувьд дээрх хөнгөлөлтийг эдлэх эрхгүй. Г албаны орон сууцыг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үнэ төлбөргүй ашигласаар ирсэн. Шүүхээс маргаан бүхий орон сууцыг хариуцагч Г ямар үндэслэлээр эзэмших эрхтэй талаар дүгнээгүй ба *** болон Г нарын хооронд өнөөдрийг хүртэл орон сууц эзэмших гэрээ байгуулалгүй эзэмшүүлсээр ирсэн нь хөрөнгөө буцаан шаардах эрхгүй мэтээр тайлбарлаж Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.
4.5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг буюу "нэхэмжлэлийн шаардлагыг хангах" зохицуулалтыг хэрэглэсэн атлаа доод хэсэгт нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, ***-ын даргын баталсан “Орон сууцны дүрэм”-ийн 2.11. 2.12 дугаар заалт, ***-ын даргын 2018 оны А-617 тушаалын 2 дугааp хавсралтаар батлагдсан орон сууцаар хангагдах ажлын байрны жагсаалт зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Албаны орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн заалттай зөв хэрэглэсэн гэвч энэ албаны орон сууцыг ашиглах харилцаа нь галын найм гэх хуучин хэрэглэж байсан байрыг эрх бүхий этгээдээс буулгах шийдвэрлэсэн үед дуусгавар болсон. Гэтэл энэ эрх нь үргэлжлээд сүүлд *** хороололд түр шилжин ороход үргэлжлэх мэтээр шүүхээс тайлбарлаж байгаа. Энэ орон сууцыг үргэлжлүүлж, албаны орон сууцны журмаар суулгах шийдвэр гараагүй.*** орон сууцыг өөрсдөө худалдаж авсан. Гэтэл албаны орон сууц ашиглах нь үргэлжилж байсан мэтээр одоо энэ маргаан бүхий орон сууцанд амьдрах эрхтэй мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 311.2 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Тэгэхээр 311.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна гэсэн байгаа. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох зохицуулалтыг эрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд аль нэг тал мэдэгдсэнээс хойш хууль болон гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол цуцлах шийдвэр гарна гэж ойлгож болно. Тэгэхээр манай зүгээс хариуцагчид 2021 оны 02 дугаар сарын 19-нд 11 тоот мэдэгдлээр “Таны орон сууц цаашид технологийн орон сууцаар холбогдох ажилтнуудад ашиглуулна” энэ орон сууцаа чөлөөлж өг гэж мэдэгдсээр ирсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн, тогтоох хэсэгт Иргэний хуулийн хангах зохицуулалтыг хэрэглээд, доод хэсэгт нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр энэ хоёр агуулгын алийг нь гэж ойлгох нь ойлгомжгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй гэж үзэж байна” гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... Өмнө байсан гал унтраах 8 дугаар байр нь ... мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах боломжгүй гэдэг дүгнэлтийг үндэслэн тухайн орон сууцанд амьдарч байсан хүмүүс эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалж, өөр амьдрах орон сууц руу түр шилжүүлсэн. Тухайн үед *** 1 хороололд шилжүүлж, тухайн ажилтнууд энэ байранд түр оршин сууж байсан нь тогтоогддог. .2018 оны 3 сард эдгээр хүмүүсийг цаашид амьдрах боломж бололцоог нь хангахын тулд зангилаан дээр хурал зохион байгуулж тухайн орон сууцанд амьдарч байгаа 6 иргэнд 30 хувийг байгууллагаас мөнгийг нь гаргаж өгье, үлдэгдэл 70 хувийг өөрсдөө зээлээ хөөцөлдөж, тухайн орон сууцыг худалдаж авах боломж бололцоог олгосон. Г хариуцагчийн хоёр хүүхдийг хүртэл***д ажилд оруулаад, энэ хоёр хүүхэд дээрээ зээл авах боломж бололцоогоор хоёр хүүхдийг нь ажилд оруулсан.
6.2. Гэтэл заасан хугацаанд зээлээ хөөцөлдөөгүй учир бид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн орон сууцыг Төмөр замын нэр дээр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Тэгж гаргуулж авсны үндсэн дээр шинээр технологийн орон сууц гэж зарлах шийдвэр гаргасан. Түүнчлэн А22 гэдэг дүрмээс гадна 622 гэдэг дүрмийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталж гаргасан. Энэ жагсаалт нь төмөр замын албаны орон сууцад амьдрах ажилтнуудын жагсаалтыг нэмэлтээр шинэчилж гаргасан. Тэгэхээр 2018 оны 3 сард тухайн байранд хариуцагч маань орсон үед жагсаалт болж батлагдаагүй байсныг шүүх дүгнэх ёстой байтал дүгнээгүй шийдвэр гаргасан тэгэхээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн жагсаалтад өнөөдрийн хариуцагч нь татах хэсэгт сумчнаар ажилладаг хэдий ч технологийн орон сууцанд орох ёстой жагсаалтад нь багтдаггүй, олгох гэхээр боломжгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Ггийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Тухайн үед нэг хүүхдийг маань ажилд аваад зээл авч байраа өөрийн болгож ав гэсэн. Тэгээд манай хүүхэд ажилд ороод 6 сар болоогүй байсан учир банк зээл олгохгүй гэсэн. Би өөрөө олон удаа банкаар зээл судалсан боловч та 60 сарын хугацаатай зээл авсан танд зээл нэмэх боломжгүй гэсэн. Голомт банк дээр очиход та байрныхаа ордерыг аваад ир гэсэн. Гэтэл бид нарт ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй учир зээл авах боломжгүй болсон. Тэгээд одоо галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил хийдэг хүн технологийн байранд хамрагдана гэж яриад байгаа юм. Би татах хэсэгт 19 жил ажилласан, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой шууд ажил хийж байгаа, манай хүүхэд Сайншандын татах хэсэгт ажилд орсон, одоо 7 сар болж байгаа. Миний хувьд энэ татах хэсэгт хүүтэйгээ хамт ажилладаг тул энэ байранд байх эрхтэй гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн, зүйл хэсгийг өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд албаны орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн хувьд хуульд зааснаар албан тушаалын эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцсэн, маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн учир шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
1.1. Тодруулбал *** нь хариуцагч Гд холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч Г, Сайншанд гал унтраах ангийн хуучин барилгад амьдарч байсан ба тус барилгад мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул ажил олгогч байгууллагаас 2018 онд ***-1 хороололд түр амьдрах байраар хангаж, тус хорооллын *** тоот 29.35 м.кв талбайтай орон сууцыг Гд олгосон. ***-ын ажилтнууд тухайн албан тушаалын орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхийг Албан тушаалын орон сууц ашиглах журам, ***-ын орон сууцны дүрмээр зохицуулагдсан, иймд хариуцагч Ггийн ашиглаж байгаа ***-ын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэж тодорхойлсон.
Харин хариуцагч Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...би***ын Сайншанд татах хэсэгт сумчнаар ажиллаж байгаа тул байрандаа үргэлжлүүлэн амьдарна” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
1.2. Анхан шатны шүүхээс, ***ын Гд холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
Гомдолдоо “...шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Орон сууц ашиглуулахад “Орон сууцны дүрэм”-ийг мөрддөг, түүнд нийцүүлэн гаргасан ***-ын даргын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаалаар ***-ын албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалын болон технологийн орон сууцаар зайлшгүй хангагдах албан тушаалын жагсаалтыг баталсан. Тушаалаар сумчин ажлын байранд ажиллаж буй ажилтан орон сууцаар хангагдах боломжгүй, энэ тушаалын хавсралтаар баталсан, жагсаалтаар Ггийн хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалтыг хэрэглэсэн атлаа атлаа доод хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох дүрэм болон хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна” гэж тус тус тодорхойлсон байна.
2.1. Хуулийн энэхүү зохицуулалт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогчоос, хариуцагч Гг нүүн шилжих орон сууцгүй нөхцөл байдлыг харгалзан Сайншанд дахь *** хорооллын *** тоот орон сууцыг ***-ын дэмжлэгтэйгээр худалдан авах боломжоор хангасан, хариуцагч нэгэнт зээлэнд хамрагдах боломжгүй болсон тул байрыг “***” ХНН өөрийн хөрөнгөөр худалдан авч, технологийн орон сууцны зориулалтаар ашиглахаар болсон, ***-ын ажилтнуудад орон сууц ашиглуулахад “Орон сууцны дүрэм”-ийг мөрддөг бөгөөд дүрмийн дагуу тус орон сууцыг хуваарилан гэрээ байгуулахыг Сайншанд зангилааны орон сууцны комисст үүрэг болгосон /хх 10/, хариуцагч ***-ын Сайншанд татах хэсэгт сумчнаар ажилладаг талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байх ба анхан шатны шүүх шийдвэртээ эдгээр үйл баримттай холбоотой нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой дүгнэжээ.
Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг бүрэн хэрэгжүүлж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
3. *** ХНН-ийн орон сууцны дүрмээс үзэхэд ***-ын өмчлөлийн орон сууц нь төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хөлслүүлэн, ашиглуулахад зориулагджээ.
3.1. Хариуцагч Г нь ***-ын Сайншанд татах хэсэгт сумчнаар ажилладаг байсан, одоог хүртэл ажиллаж /хх 103/ байх ба түүний амьдарч байсан байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир ажил олгогчоос дээр дурдсан дүрмийн дагуу ажилтнаа орон сууцаар хангахаар, *** ХХН-ээс орон сууцыг хуваарилах эрх олгосон, шийдвэр /хх 10/-ийн дагуу Сайншанд зангилааны орон сууцны комисс уг асуудлыг хэлэлцээд /хх 30-33/, Сайншанд дахь *** тоотыг Гд технологийн байрны зориулалтаар түрээсээр эзэмшүүлж, гэрээ байгуулна гэж шийдвэрлэж, шийдвэрийн дагуу ажилтан Г уг орон сууцыг эзэмшиж, ашиглахаар хүлээн авчээ /хх 9/.
3.2. Албаны орон сууцыг эзэмшүүлэх энэ шийдвэр нь ***-ын Орон сууцны төв комиссын шийдвэрт үндэслэсэн төдийгүй *** *** нийгэмлэгийн орон сууцны дүрэмд зааснаар хурлын тэмдэглэлээр баталгаажсан, тэмдэглэлд эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул талуудын хооронд албаны орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
3.3. Харин орон сууцны дүрэм /хх 13-26/-ийн 2.8-д зааснаар эрх бүхий Зангилааны орон сууцны комисс, гаргасан шийдвэрээ хүчингүй болгохтой холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байх ба хэрвээ комиссын гаргасан шийдвэрийг ажилтан эс зөвшөөрвөл Төв комисст хандаж болно гэж тус дүрэмд тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл дүрмийн дагуу эрх бүхий этгээд болох Зангилааны орон сууцны комисс нь “ажилтан Гд орон сууц хуваарилсан” шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, гаргасан баримтгүй байх тул хариуцагчийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй, зохих журмын дагуу албаны орон сууцыг хөлсөлж, ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн дүрмийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-7.1.9-д заасан үндэслэлээр хариуцагчийн эзэмшиж байгаа орон сууцны гэрээг цуцлах нөхцөл байдал нотлогдож, тогтоогдохгүй байна.
Хэдийгээр дүрмийн дагуу албан тушаалын орон сууц ашиглагч, ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан, албан тушаалын орон сууцыг ул маргах журмаар суллан өгөх үүрэгтэй ч хариуцагчийн хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй тул дүрэмд заасан нөхцөл үүсээгүй гэж үзнэ.
3.4. ***-ын даргын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаалаар ***-ын албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалтны болон технологийн орон сууцаар зайлшгүй хангагдах албан тушаалын жагсаалтыг баталжээ.
Гэхдээ энэ баримтад зөвхөн албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалт /хх 86, 92/-ыг л нарийвчлан зааснаас өөрөөр технологийн орон сууцаар ямар албан тушаалтан, ажилтан хангагдахыг тодорхойлж, тогтоогоогүй байна.
Тиймээс хариуцагч Ггийн ажлын байр буюу сумчин ажлын байранд ажиллаж буй ажилтныг технологийн орон сууцаар хангагдах боломжгүй түүний хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон гэж үзэхгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн ***-ын даргын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтаар Ггийн хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
4. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.3-д заасныг гэж баримтлах байтал 115.2.1-д гэж буруу бичсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг бүрэн тусгасан, зөрүүгүй, ойлгомжтой, тодорхой байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй харин шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн заалтын зүйл, хэсгийг өөрчлөх боломжтой болно.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /хх 146/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2023/00102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага хэсэгт “... 115.2.1-д...” гэснийг “ 115.2.3-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *** давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА