| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0167/Э |
| Дугаар | 00183 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 00183
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шовогт Б.Ж д холбогдох 163/2018/0167/Э индекстэй, эрүүгийн 1815003960178 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын “Тамга Инвест” ХХК-д харгалзагч ажилтай, ам бүл 3, , ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт Б.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын Далан 2 дугаар багийн нутаг “Эг-Тавтын бэлчир” гэх газраас 1 тооны “Тул” загас барьж, байгаль экологид 211000 /хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн,торгуулийн ялыг эдийн засгийн байдалд тохируулан хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна гэх мэдүүлэг,
1815003260178 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч М.*******ийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Б.Гэрэлчимэг надад хандаж хэдэн хүмүүс гэрт ирээд явсан. Загас барих зөвшөөрлийн мөнгө гэж 30000 төгрөг болон овог, нэр регистрийн дугаар үлдээгээд явсан байсан. Энэ гэмт хэргийн улмаас 1 тооны тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нийт 422000 төгрөгийн үнэлгээ гарч байгаа тул гэм буруутай этгээдээр гаргуулж хохирол барагдуулж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Гэрч Ш.*******ийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос амарч аялах зорилгоор Б.Ж , түүний эхнэр Санжаагийн хамт нэг машинд, нөгөө 2 автомашинд Баир, Гэсэр, *******, Мягмаржав нарын хамт гарч яваад 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд Булган аймгийн Тэшиг суманд хүрч ирээд загас барих зөвшөөрөл хөөцөлдөж яваад холбогдох мэдээлэл болон төлбөр хураамжаа Даш гэх байгаль хамгаалагчид үлдээгээд “Эг тавьтын бэлчир” гэдэг газарт ирж голын эрэг дээр байрласан. Тэгээд маргааш нь тал, тал тийшээ загас барингаа голын эргээр явж байсан. 18 цаг өнгөрөөд отог руугаа явах болоод би завиндаа Б.Ж гийн хамт суухад Б.Ж “ийм том загас баригдчихлаа. Буцаагаад тавих гэсэн боловч дэгээ нь ходоодонд нь гүн залгигдсан байсан тул дэгээгээ ходоодноос нь гаргаж авах гээд удаан ноцолдсон боловч муужраад амьдрах боломжгүй болсон тул аваад ирлээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Э.*******гийн өгсөн: ...Орой 19 цаг 40 минутын орчимд отог дээрээ ирэхэд цагдаа болон хилийн ажилчид ирчихсэн байсан. Тухайн үед юу болсныг мэдээгүй, цагдаад бичиг баримтаа шалгуулсан яагаад шалгах болсон учрыг сүүлд тодруулж асуухад Тул гэдэг хориотой загас агнасан гээд биднийг шалгаж байна гэж ойлгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Гэрч Г.*******ын өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ж , Баир, Гэсэр, ******* нарт “Зэвэг” загас барих 4 ширхэг зөвшөөрөл бичиж өгсөн. Тус олгосон зөвшөөрөл нь Тавтын голоос нэн ховор болон ховор амьтны жагсаалтанд ороогүй загас барих зөвшөөрөл байсан. Тус газар нь тусгай хамгаалалттай дархан цаазат газарт ордоггүй гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,
Шүүгдэгч Б.Ж гийн яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос *******, Баяр, Гэсэр, Санжжав, *******, Батболд нарийн хамтаар Булган аймгийн Тэшиг сум орж амрахаар явсан. Тэгээд Тэшиг сумын төвд 19 цагийн үед очоод байгаль хамгаалагч гэх нэг айлд очоод загас барих зөвшөөрөл авч төлбөр мөнгөө тушаасан. Тэгээд Тэшиг сумаас гарч Тэшиг сумын “Эг тавтын бэлчир” гэх газарт ирж хоносон. Тэгээд маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн үед босч цай унд уучихаад би *******ийн хамт мотортой завинд суугаад гол өгсөөд 7 км явсан. Тэгээд завинаас буугаад ******* бид 2 дээш доошоо салж явсан. Тэгээд би гол өгсөөд явж байгаад загасны уургаа шидтэл загас баригдахгүй байсан. Тэгээд 17 цагийн үед миний уурганд нэг загас орсон. Тэгээд маш хүчтэй татаж байсан. Тэгэхлээр нь би татсаар байгаад гаргаад иртэл “Тул” нэртэй загас миний хаясан дэгээ /халбага/-ыг ходоод руугаа тултал залгачихсан байсан. Тэгээд би дэгээгээ мулталж авах гэтэл загас муужирч унасан. Тухайн үед тэр дэгээг мулталж авах гэж нэлээн удаан ноцолдсон. Би тэр сатуркыг таслаад явуулчъя гэтэл загас барих дэгээ ходоод руу нь орчихсон байсан болохоор усандаа орсон ч тэр загас амьдрахгүй байсан. Тэгээд би тэр “Тул” нэртэй загасыг аваад хоноглосон газраа очтол цагдаа ирчихсэн байсан. Тэр загасыг би санамсар болгоомжгүй байдлаасаа болж барьсан. Тухайн үед би өөр жижиг загас барих гэж байсан боловч “Тул” загас дэгээнд орчихсон. Түүнээс би зориуд агнах сонирхол байгаагүй. Миний барьсан уурга дэгээ нь жижиг загасанд зориулагдсан хэрэгсэл байсан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
Булган аймгийн Тэшиг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Тул” загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 45 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-49-50 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, загас балан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9 тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-10-11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56-62 тал/, хохирол төлсөн баримт /хх-63-65 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан “Тул загас”, “загас барих уурга” тус бүр нэг ширхэгийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж гийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын Далан 2 дугаар багийн нутаг “Эг-Тавтын бэлчир” гэх газраас “Зэвэг” загас барих зөвшөөрлөөр нэг тооны “Тул” загас барьж, байгаль экологид 211000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч М.*******ийн мэдүүлгийн эх сурвалжийг “...Тавтын голоос нэн ховор болон ховор амьтны жагсаалтанд ороогүй загас барих зөвшөөрөл авсан, ...Б.Ж нь “ийм том загас баригдчихлаа. Буцаагаад тавих гэсэн боловч дэгээ нь ходоодонд нь гүн залгигдсан байсан тул дэгээгээ ходоодноос нь гаргаж авах гээд удаан ноцолдсон боловч муужраад амьдрах боломжгүй болсон тул аваад ирлээ” гээд отог дээр “Тул” загастай ирсэнийг гэрчилсэн” гэрч Ш.*******, Э.*******, Г.******* нарын өгсөн хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд, загас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, барьсан гэдэгт уг амьтныг агнах, барих зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, “ховор амьтан” гэдэгт тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг тус тус ойлгох бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ыг гаргасан байх ба уг жагсаалтын загасны төрөлд “Тул” загас орсон байна.
Шүүгдэгч Б.Ж гийн дээрхи “Зэвэг” загас барих зөвшөөрлөөр “Ховор амьтны жагсаалт”-д орсон “Тул” загасыг барьсан үйлдэл нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Тул” загасны экологи эдийн засгийн үнэлгээ болох 211000 төгрөгийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр дахин өсгөж 422000 төгрөгийг төлснөөр хохирогч М.Д нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Б.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Тул загас”, “загас барих уурга” тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шовогт Б.Ж г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 24 /хорин дөрөрв/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Тул” загас, “загас барих уурга” тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД