| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0184/Э |
| Дугаар | 00193 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 00193
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Г.Баяраа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б т холбогдох 163/2018/0184/Э индекстэй, эрүүгийн 1815003370195 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн нутаг “Дондогийн булаг” гэх газарт С.С зодож эрүүл мэдэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Эмчилгээний зардлыг бүрэн төлж, сэтгэл санааны хохиролд 600000 төгрөг төлсөн. Гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг.
18150033070195 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч С.С өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Б , түүний эхнэр Цэцэгмаа нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багаас Орхон аймаг руу мод ачаад явсан. Тэгээд замдаа “Уньт”-д таньдаг хэдэн хүмүүстэй тааралдаж хамт 0,5 литрийн “Ерөөл” нэртэй 2 шил архи уусан. Тэгээд цааш Хавиргын бэлийн тэнд явж байхад машин нь эвдрээд зогсоход Г.Б “би машин олж ирье” гээд явсан. Тэгээд дүү Өлзийгийн хамт машиныг нь унаад ирсэн. Тэгээд модныхоо талыг ачаад Орхон аймаг руу явсан. ...Маргааш өглөө нь Г.Б ирж машинаа янзалчихаад дүү Өлзийгийнх рүүгээ явсан. Явж байх замд машин нь цасанд хий эргэхэд Г.Б уурлан намайг цохиж, газар татан буулгаж ирээд “чамаас болж би 800000 төгрөгөөр шатлаа” гэхэд нь би “наад машиныг чинь би барьж явсан биш” гэж хэлэхэд үг авахгүй уурлаад намайг цохиж улмаар газар унагаан хөлөөрөө дэвссэн юм. ...Зодуулчихаад би машин дотор нь хоносон. Намайг “явна” гэхэд Г.Б “явуулахгүй” гээд зодоод байсан. Өглөө нь босч хиймэл шүдээ хайгаад олоогүй. ...Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: Би С.С гэдэг хүнтэй Орхон аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн “Улаан шороот” гэх газарт очсон. Тухайн үед манай нөхөр Мэйсүрэн, С.С бид 3 хамт явсан. Манай аав Г.Б болон С.С нар 2010 оноос хойш таньдаг болсон. Аавын очиж ажил хийдэг байсан. Ямар нэгэн өс хонзонгийн зүйл анзаарагдаагүй. Хоорондоо маргалдаж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Шүүгдэгч Г.Б ын яллагдагчаар өгсөн: С.С нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай өвсөнд гарч эхэлсэн юм. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цэцэгмаа, С.С бид гурав миний хувийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мод ачаад “Уньт”-аас гоожин авахаар намайг явсан хойгуур С.С манай эхнэрээс 10000 төгрөг аваад нэг шил архи авч хүмүүстэй хувааж уусан байсан. Цааш явж байгаад “Дондогийн булаг” гэх газар машины дугуй хагарч хагас гол маань хугарсан юм. Машиныхаа эвдэрсэн зүйлсийг “Уньт” орж авчихаад 23 цагийн үед ирэхдээ би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэндээсээ С.С эр машинаа бариулаад дүүгийндээ дөхөх санаатай явсан. Бид хоёр хоорондоо маргалдаж машин дотор Сэлэнгийг 1-2 удаа цохиж, хөлөөрөө тийрэхэд хиймэл шүд нь бутарч унаж байгаа харагдсан. Би Сэлэнгийн нэхэмжилсэн мөнгийг бүгдийг төлсөн. Түүнд ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 260 тоот:
1. С.С биед хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн хацар, ооч хэсэгт цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 12 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 25-26 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-28-32 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-33-34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.С “...Маргааш өглөө нь Г.Б ирж машинаа янзалчихаад дүү Өлзийгийнх рүүгээ явсан. Явж байх замд машин нь цасанд хий эргэхэд Г.Б уурлан намайг цохиж, газар татан буулгаж ирээд “чамаас болж би 800000 төгрөгөөр шатлаа” гэхэд нь би “наад машиныг чинь би барьж явсан биш” гэж хэлэхэд үг авахгүй уурлаад намайг цохиж улмаар газар унагаан хөлөөрөө дэвссэн юм” гэх, гэрч Б.*******ийн “...С.С гэдэг хүнтэй Орхон аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн “Улаан шороот” гэх газарт очсон. ...Манай аав Г.Б болон С.С нар 2010 оноос хойш таньдаг, аавынд очиж ажил хийдэг байсан. Ямар нэгэн өс хонзонгийн зүйл анзаарагдаагүй, хоорондоо маргалдаж байгаагүй” гэх мэдүүлгүүд, “С.С биед хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн хацар, ооч хэсэгт цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 260 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн нутаг “Дондогийн булаг” гэх газарт С.С өөрийн машины эвдрэлд буруутган “чамаас болж 800.000 төгрөгөөр шатлаа” гэж уурлан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршигийн талаарх хохирогч С.С мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Б.*******ийн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 260 дугаартай дүгнэлт нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Б ын хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг бүрэн төлж, сэтгэл санааны хохиролд 600000 төгрөг төлсөн, хохирогч С.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, малчны хөдөлмөрийн онцлог, улирал цаг уурын байдал зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД