Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 00195

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х д холбогдох 163/2018/0154/Э индекстэй, эрүүгийн 1815000000203 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 5, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 27108000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Ц.Х  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

 

1815000000203 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Насанд хүрээгүй хохирогч А.А өгсөн: Би эмээгийндээ Ц.Х  ахын хүүхэд М тэй хамт тоглож байгаад Мөнх-Эрдэнийн гар луу нэг удаа цохисон. Тэгээд нэлээд хэсэг хугацааны дараа М уйлаад унасан. Тэгсэн чинь түүний аав Ц.Х  ах намайг гараа зангидаж байгаад зүүн хацар луу 1 удаа цохисон. Тэгээд миний хацар хавдаж, хөхөрсөн юм. Намайг 1 удаа гараараа цохисоноос өөрөөр цохиогүй. Тухайн үед манай аав, ээж Улаанбаатар хотоос над руу залгаж таараад Мөнхзаяа эгээ миний утсыг авч яриад энэ асуудлыг мэдэгдсэн.  Аав маань ******* эмээд хэлж, эмээ цагдаад хэлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Т.*******ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал манай хүү хотоос над руу залгаад “Ц.Х  миний хүүг зодсон байна, та цагдаад хэлээдэх” гэсэн. Тэгээд би цадаагийн 7034102 тоот утас руу залгаж цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч П.*******ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай хүргэн Ц.Х манайд хүүхдээ аваад ирчихсэн байсан. Зээ хүү А.А ын аав, ээж нь Улаанбаатар хотод ажил хийж байсан учраас манайд түр байсан. А.А нь Ц.Х ын хүүхдүүдтэй тоглож байгаад хоорондоо муудалцаад уйлалдаад байсан. Хүргэн тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдлаа гээд загнаж байгаа байсан. Тэр үед А.А өөдөөс нь эсэргүүцэж амандаа үглэсэн юм шиг байгаа юм. Тэгэнгүүт хүргэн очоод зээгийн хацар луу 1 удаа гараараа цохиод авсан чинь тухайн газар нь хөхөрч хавдсан байсан. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед хүргэн бага зэрэг архи хэрэглэчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шүүгдэгч Ц.Х ын яллагдагчаар өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед хадмын гэрт байж байхад баз хүргэний хүүхэд А.А хичээлээсээ ирсэн. Тэгээд манай хүү М тэй утас булаацалдаад маргалдсан. Тэгээд би Амаржаргалыг “хичээл номоо хийгээч, утсаар тоглох гэлээ” гээд загнасан. Тэгсэн утсаар тоглоод намайг тоохгүй байсан. Тэгэхлээр нь би уурлаад түүний хацар луу 1 удаа гараараа цохиод авсан. Тэрнээс болоод хацар нь хөхөрч хавдсан юм. Би түүнийг цохиод гэмтэл учруулсан гэдгээ  хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би жаахан архи уучихсан халамцуу л байснаас нэг их согтуу байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 295 тоот:

1. А.А ын биед зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой.

2. Дээрхи гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

4. Дээрхи гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 21 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хохирогчийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-14 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-27-48 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-49-50 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч А.А ын өгсөн “Би эмээгийндээ Ц.Х  ахын хүүхэд М тэй хамт тоглож байгаад Мөнх-Эрдэнийн гар луу нэг удаа цохисон. Тэгээд нэлээд хэсэг хугацааны дараа М уйлсан. Тэгсэн чинь түүний аав Ц.Х  ах намайг гараа зангидаж байгаад зүүн хацар луу 1 удаа цохисон. Тэгээд миний хацар хавдаж, хөхөрсөн юм” гэх, гэрч П.*******ын өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай хүргэн Ц.Х манайд хүүхдээ аваад ирчихсэн байсан. Зээ хүү А.А ын аав, ээж нь Улаанбаатар хотод ажил хийж байсан учраас манайд түр байсан. А.А нь Ц.Х ын хүүхдүүдтэй тоглож байгаад хоорондоо муудалцаад уйлалдаад байсан. Хүргэн тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдлаа гээд загнаж байгаа байсан. Тэр үед А.А өөдөөс нь эсэргүүцэж амандаа үглэсэн юм шиг байгаа юм. Тэгэнгүүт хүргэн очоод зээгийн хацар луу 1 удаа гараараа цохиод авсан чинь тухайн газар нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлгүүд, А.А ын биед зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 295 дугаартай дүгнэлт,  хохирогч А.А нь 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг гэрчилсэн төрсөний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт насанд хүрээгүй А.А ыг “өөрийн хүү Мөнх-Эрдэнийг уйлууллаа” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

       Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч А.А ын мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд А.А , Х.М нарыг маргаж уйлалдахад Ц.Х нь хүүхдээ өмөөрч А.А ыг цохьсон болохыг харсан гэрч П.*******ын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 295 дугаартай дүгнэлт нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

        Шүүгдэгч Ц.Х ын хүүхдийн эрхийг зөрчиж түүний эрх, эрх чөлөөнд халдсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх ба энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.А болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ц.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ц.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Х д мэдэгдсүгэй.

         4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД