Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00016

 

 

 

***

*** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00071 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах *** ***ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух овогт  Нд холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Т, хариуцагч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ***ын /цаашид *** гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ 1.1. ... *** нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.

 

1.2. Хариуцагч Н нь ***-д ажиллаж байхдаа Сайншанд гал унтраах ангийн хуучин барилгад дээр дурдсан үндэслэлээр амьдарч байсан ба тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул ажил олгогчоос нэр бүхий айлуудыг нүүлгэн шилжүүлж 2018 онд ***-1 хороололд түр амьдрах байраар хангаж өгсөн. Энэ дагуу байгууллагаас тус хорооллын *** тоот 32.94 м.кв талбайтай орон сууцыг Нд олгосон. ***-ын ажилтнууд байгууллагын орон сууц ашиглах бол Албан тушаалын орон сууц ашиглах журам, ***-ын орон сууцны дүрэм зэргийг мөрдөж тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхөөр зохицуулагддаг. Одоо хариуцагч Н нь ***-аас хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан, нийгэмлэгт ажилладаггүй болно.

 

1.3. *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар нийгэмлэгийн орон сууцны дүрмийг баталсан. Энэхүү дүрмийн 2.1.1-д Албан тушаалын орон сууц гэж ***-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнуудад тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд нь Төв комиссын шийдвэрийн дагуу олгосон орон сууцыг, 2.1.2-т технологийн орон сууц гэж ***-ын өртөө, зөрлөг, замын хэсгүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад Зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон энэ журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог. Мөн дүрмийн 2.6-д Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй. Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 46 мэдэгдлүүдээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл ***-д албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.

 

Иймд хариуцагч Нгийн ашиглаж байгаа ***-ын өмчлөлийн ***-1 хорооллын *** тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Нгийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “2.1. Миний бие 1997 оны 10 дугаар сараас Сайншанд төмөр замын нэгдсэн эмнэлэгт өрхийн эмчээр орж ажилласан. 1998 оны 04 дүгээр сард Гал унтраах ангийн нийтийн байрны 7 тоотод оруулсан. 2000 онд Гал унтраах ангийн байрыг хувьчлах шийдвэр гарч материал бүрдүүлэн авсан боловч комиссын үзлэгээр хүн амьдрах боломжгүй дүгнэлт гарч, 8 айлыг оруулна гэж сууц шинээр барьсан боловч ашиглалтад орох үед өөр айлууд оруулсан. Би тэр үед татах хэсгийн дарга Б.Баяраатай уулзахад нийтийн байрнаас гарч нийтийн байранд орж хэрэггүй, 30 айлын байр ашиглалтад орохоор оруулна гэж хэлсэн. 2005 оны намар 30 айлын орон сууц ашиглалтад ороход шинээр ирсэн дарга нийтийн байрны нөхцөлийг сайжруулж 1 өрөө байранд орууллаа гэж 40 айлын 30 тоотод оруулсан. Тэр байранд ордер нээлгэе гэж даргатай уулзахад албаны амрах байр учир ордер нээхгүй гэсэн. Гэтэл 2 жилийн дараа ашиглалт эрхэлсэн орлогч дарга ***од хувьчлагдсан байсан. Тэр байрыг хувьчлах байсан бол дотор нь амьдарч байгаагаараа би авах давуу эрхтэй байсан.

 

2.2. 2017 оноос эхлэн зангилааны дарга *** Гал унтраах ангийн байранд ирж галын даргын өрөөнд айлуудыг цуглуулж 3 удаа хурал хийсэн. Энэ байр хүн амьдрах боломжгүй учир та нарт нөхөн олговор олгоно. 1 өрөө байр, хашаа байшингийн үнэ судал гэсэн. ... Дараа нь хурал хийхдээ 20,000,000 төгрөг өгснөөс 1 өрөө байр өгнө гэж ярьж байсан. *** ХХК-тай гэрээ хийсэн тэндээс 1 өрөө байр өгнө гэж ярьж байсан. 2018 оны 03 сард ***-1 хороололд 1 өрөө байр баяр ёслолын байдалтай хадаг зүүн ...гардуулан өгсөн. ... 2018 он, 2019 онд би байраа авах байсан тэгэхэд 1 айл дээр шийдвэр гарахгүй хүлээж ба гээд албан тоот хийж өгөөгүйгээс байр авч чадаагүй. Энэ байрыг үнэхээр 30 хувийг төмөр замаас гаргаад 70 хувь дээр зээл хийлгэж энэ айлуудад олго гээд тушаал шийдвэр гарсан бол айлуудынхаа асуудлыг цувуулж шийдээд эхнээс нь олгоод явсан бол би аль 2018, 2019 онд авчих байсан.

 

2.3. ... Н миний бие Төмөр замд 15 жил ажилласан, ... 2 хүүхэд төмөр замд ажиллаж байгаа. ... 2019 онд хурал хийгээд банкаар материал бүрдүүлэн гэсэн. Би бага хүү ***ын нэр дээр банкаар 2019 оны 09 дүгээр сарын 13-26-ны өдрийн хугацаанд материалаа бүрдүүлээд, *** ХХК-тай худалдан авах гэрээ хийгээд банк дээр очиход 30 хувийг Төмөр замаас төлнө гэсэн албан тоот аваад ир тэгээд дээш нь факсдаад зээл гарна гэсэн. БАҮ-ний инженер Отай уулзахад зангилааны даргатай уулз гэсэн. Зангилааны дарга ***тай 30 хувийг төмөр замаас төлнө гэсэн албан тоот банкнаас аваад ир гэсэн гэхэд 1 айл дээр шийдвэр гарахгүй хүлээж бай гэсэн хариу өгсөн.

 

2.4. ... Анх гал унтраах ангийн байран дээр ирж 3 удаа хурал хийсэн нөхөн олговор өгнө 1 өрөө байр, хашаа байшингийн үнэ судал, 20,000,000 төгрөг өгснөөс 1 өрөө байр өгнө гэж яриад байсан хурлын тэмдэглэл байхгүй. Үүнийг нэхэмжлэгч талаас гаргуулах. Тэгээд ч наанаа харж үзсэн, яг байр өгөх гээд байгаа байдал гаргаад бичиг баримтаа эсрэгээр бэлтгэж байгаа нь хурлын тэмдэглэл дутуу, хэлж ярьсан үг тэмдэглэлд тусгагдаагүй, худлаа бичигдсэн. Манай 1 хүүхэд байрны асуудал яригдахаас өмнө төмөр замд ажиллаж байсан байр авхуулахын тулд 2 хүүхдийг нь ажилд авсан, 2019 оны 09 дүгээр сард би банкны материал бүрдүүлээд албан тоот авна гэж очиход 1 айлд шийдвэр гарахгүй гэж хэлээд түүнээс хойш байрны асуудал яригдаагүй байхад хурал хийсэн тэмдэглэл бичсэн гэх мэтээр худалд тэмдэглэлүүд байгаагаас тодорхой байна.

 

2.5. ... Би өөрийгөө байрнаас хөөгдөн гарах ёсгүй, бүтцийн өөрчлөлтөөр гарсан гэрээний 4.1.8 заалтын дагуу энэ байранд үргэлжлүүлэн амьдрах эрхтэй гэж үзэж байна.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар *** ***ын Нд холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлын  агуулга: “4.1. ... Хавтаст хэргийн 105-107 дугаар талд авагдсан “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ” нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувиар авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй.

 

4.2. ...Н.Нгийн тухайн үед амьдарч байсан ***-ын харьяа Барилга ашиглалтын 3-р ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй Гал унтраах байр нь Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №38/18/239 тоот дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй талаарх дүгнэлт гарч цаашид ашиглах боломжгүй болсон. Баримтыг шүүх дүгнэлгүй орхигдуулсан байна. Иймд Нг орон сууцаар хангах ямар нэгэн үүрэггүй болно. ***-1 хороолол *** тоотод түр амьдрах байраар хангасан үйлдэл.

 

4.3. ... Хариуцагч Н нь ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлгийн өрхийн эмнэлэг нь "***" эрүүл мэндийн төв болж, уг өрхийн эмнэлгийн албан тушаалд хэвээр ажиллаж байгаа гэж огт үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд тухайн үед байсан ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт "өрхийн эмнэлэг" гэх нэр томъёоны ойлголт байгаагүй. Сайншанд нэгдсэн эмнэлэг нь барилга эд зүйл ажилтны хамт төрийн өмч рүү шилжсэн. Шүүхээс тухайн орон тоо албан тушаалыг ***-ын орон тоо, албан тушаал мэтээр хавтас хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан байна.

 

4.4. Нийгэмлэгийн хэмжээнд мөрдөгдөж буй 2018 оны А-22 “Орон сууцны дүрэм”-ийн 1,4 дэх хэсэгт Орон сууц нь ***-ын алба хэлтэс, төв салбар /цаашид "байгууллага" гэх/-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон ажиллагсад /цаашид "ажилтан" гэх/-д хөлслүүлэн ашиглуулахад зориулагдана...” гэж заасан гэтэл Д. Н нь "*** ХНН-ийн Төв эмнэлгийн даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №76 "Шугам замын өрхийн эмнэлгүүдийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх тухай" тушаалаар Д. Нтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлагдсан 2012 оноос хойш ***-д ажиллаагүй. ***-ын ажилтан биш юм. Замын даргын 2018 оны А-22 “Орон сууцны дүрэм”-ийн 7.1.9 Албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн бол орон сууц ашиглах эрхгүй байхаар заасныг шүүх дүгнэсэнгүй.

 

Иймд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн -ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, ***-ын даргын баталсан “Орон сууцны дүрэм”-ийн 2.11, 2.12 дугаар заалт, 7.1.9 дүгээр заалт ***-ын даргын зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэлгүй нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

 

5.1. ... Хавтаст хэргийн 105-107 дугаар талд авагдсан “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ” нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувиар авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй баримтыг үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй.

 

5.2. ... Н.Нгийн тухайн үед амьдарч байсан ***-ын харьяа Барилга ашиглалтын 3-р ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй Гал унтраах байр нь Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №38/18/239 тоот дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй талаарх дүгнэлт гарч цаашид ашиглах боломжгүй болсон. ... Нг цалингийн болон ипотекийн зээл хөөцөлдөж шийдвэрлүүлэх боломжийг өгсөн боловч хариу өгөлгүй удсан учир Сайншанд зангилааны орон сууцны төв комиссоос зээл судлуулж байгаа Хас банканд албан бичиг хүргүүлж Н, түүний хүү *** нарын нэр дээр зээл олгох боломжтой эсэхийг тодруулахад 2020 оны 02 дугаар сарын 11-ний 02/75 албан бичгээр боломжгүй талаар хариу ирүүлсэн учир 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-808 тушаал гаргаж ***-ын үндсэн хөрөнгөд бүртгэн авч технологийн орон сууцаар ашиглахаар болсон.

 

5.3. ... 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ/12/010 тоот гэрээний 74.1.8 Төмөр замын хувьчлагдаагүй болон албан тушаалын орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажиллагсад нь төрийн эмчид шилжсэний дараа өөрийн орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах ба тухайн орон сууцууд хувьчлагдах шийдвэр гарсан тохиолдолд хувьчилж авах давуу эрхээр хангах гэсэн заалт нь Нгийн тухайн үед амьдарч байсан гал унтраах байранд хамаарах бөгөөд тухайн байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд үүнээс хойш *** нь орон сууцаар хангах үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүх анхаарсангүй. ... Тухайн байрнаас гарснаар гэрээнд заасан үүрэг нь дуусгавар болсныг шүүх дүгнэсэнгүй.

 

5.4. ...Хариуцагч Н нь ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлгийн өрхийн эмнэлэг нь "***" эрүүл мэндийн төв болж, уг өрхийн эмнэлгийн албан тушаалд хэвээр ажиллаж байгаа гэж огт үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд тухайн үед байсан ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт "өрхийн эмнэлэг" гэх нэр томьёоны ойлголт байгаагүй. Сайншанд нэгдсэн эмнэлэг нь барилга эд зүйл ажилтны хамт төрийн өмч рүү шилжсэн. Шүүхээс тухайн орон тоо албан тушаалыг ***-ын орон тоо, албан тушаал мэтээр хавтас хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Нийгэмлэгийн хэмжээнд мөрдөгдөж буй 2018 оны А-22 “Орон сууцны дүрэм”-ийн 1,4 дэх хэсэгт Орон сууц нь ***-ын алба хэлтэс, төв салбар /цаашид "байгууллага" гэх/-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон ажиллагсад /цаашид "ажилтан" гэх/-д хөлслүүлэн ашиглуулахад зориулагдана гэж заасан гэтэл Д. Н нь "*** ХНН-ийн Төв эмнэлгийн даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №76 "Шугам замын өрхийн эмнэлгүүдийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх тухай" тушаалаар Д. Нтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлагдсан 2012 оноос хойш ***-д ажиллаагүй. ***-ын ажилтан биш юм. Замын даргын 2018 оны А-22 “Орон сууцны дүрэм”-ийн 7.1.9 Албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн бол орон сууц ашиглах эрхгүй байхаар заасныг шүүх дүгнэсэнгүй. Иймд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, ***-ын даргын баталсан “Орон сууцны дүрэм”-ийн 2.11, 2.12 дугаар заалт, 7.1.9 дүгээр заалт ***-ын даргын зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.”  гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагчийн хувьд манай байгууллагад ажилладаггүй. ... Төмөр замын эмнэлэг Сайншандын нэгдсэн эмнэлэгтэй нэгдэх процесс нь гуравласан гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд заасан заалтын дагуу орон сууцыг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй байна гэж дүгнээд байгаа. Гэтэл тэр заалт нь өөрөө орон сууц ашиглах биш хувьчлагдаж байгаа тохиолдолд орон сууцанд амьдрагч эзэмшигч нь тэргүүн ээлжид авах эрхтэйг тайлбарласан. Албаны орон сууцаар ашиглах эрхийг тусад нь заагаагүй. Гэтэл тэр заалтыг буруу хэрэглэж энэхүү орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах ёстой мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт гуравласан гэрээг хаанаас ямар журмаар олж ирсэн юм. Хуульд заасан журмыг дагуу ирээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа. Манай байгууллагын биш, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан өөр байгууллагын ажилтныг *** орон сууцаар хангах үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлүүдийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгох санал гаргаж байна.” гэв.

 

7. Хариуцагч Нгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ... Зангилааны орон сууцны комиссын 2017 оны гурван хурлын тэмдэглэл байхгүй. ... Хэрэв тухайн байр өнөөдрийг хүртэл хүн амьдрах боломжтой байсан бол гэрээний 4.1.8-д Н давуу эрх эдлэх зохицуулалттай байсан гээд байгаа. ...Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ***-ын хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам гурав нийлж гуравласан гэрээг байгуулсан. Тэгээд бүх эмнэлгүүдийг бүтцийн өөрчлөлтөд оруулж манай дээр ирж хурал хийж, та нарын нийгмийн асуудлыг энэ гурван байгууллага хамтарч шийдвэрлэнэ. ... Би хоёр удаа материал бүрдүүлсэн. Тэгээд материалаа бүрдүүлсэн чинь ганц айл дээр шийд гарахгүй гэсэн. Тэгээд намайг худалдан авах гэрээ байгуул гэж байна яах вэ гэсэн чинь та эхлээд банкаар явна. Тэгээд ирээд гэрээгээ байгуул гэсэн. Тэгээд материалаа бүрдүүлээд гэрээгээ байгуулсан. Тэгээд 30 хувийг албанаас гаргана гэсэн тоот аваад ир гэсэн тэгээд миний зээл гарлаа гэсэн чинь ганц айл дээр шийд гарахгүй гэсэн. ... Тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ковид гээд хөл хорио эхлээд байрны талаар яригдаагүй байж байснаа 2021 онд байр суллах талаар бичиг өгсөн. Тэгээд манай том хүүгийн нэр дээр зээл гарах боломжгүй гэсэн лавлагаа гаргасан байсан. Би энэ бүх материалыг бага хүүгийнхээ нэр дээр хөөцөлдөөд явж байсан. Миний хувьд төмөр замын хүн мөн биш гэж ярихгүй байх гэж бодож байна. Намайг үхэн үхтэл тэр гэрээ үйлчилнэ гэж үзэж байгаа. ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. *** *** нь хариуцагч Нд холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх6/, Байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл ***ын Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 12 дугаар албан бичиг /хх7/, байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авсан хүмүүсийн жагсаалт /хх8/, байр хүлээлцэх акт /хх9/, *** ***ын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-808 дугаар тушаал, хавсралт /хх10-11/,  *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А-22 дугаар тушаал, хавсралт “*** *** нийгэмлэгийн орон сууцны дүрэм  /хх12-26/, *** ***ын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-607 дугаар тушаал, хавсралт “орон сууцны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт” /хх 27-29/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын  2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай протокол /хх30-33/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн протокол /хх34-41/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн протокол/хх42-45/, ***-ын ХНН-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /хх46-53/, *** ***ын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаал, хавсралт, тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, хавсралт  “***-ын албан тушаалын орон сууц ашиглах эрх бүхий албан тушаалын жагсаалт”, “технологийн орон сууцаар зайлшгүй хангагдах албан тушаалын жагсаалт”  /хх144-155/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007.05.24-ний өдрийн 38/18239 дугаартай дүгнэлт /хх126-130/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

2. Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би байр авах байсан 1 айл дээр шийдвэр гарахгүй гээд албан тоот хийж өгөөгүйгээс байр авч чадаагүй, ... төмөр замд 15 жил ажилласан, ... 2 хүүхэд төмөр замд ажиллаж байгаа, ... хурлын тэмдэглэл дутуу, хэлж ярьсан үг тусгагдаагүй, ... Би өөрийгөө байрнаас хөөгдөн гарах ёсгүй, бүтцийн өөрчлөлтөөр гарсан гэрээний 4.1.8 заалтын дагуу энэ байранд үргэлжлүүлэн амьдрах эрхтэй гэж үзэж байна...” гэж маргаж,  татгалзлаа ***-ын төв эмнэлгийн даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар Шугам замын өрхийн эмнэлгүүдийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх тухай тушаал /хх66/, *** ХХК болон *** нарын хооронд хийгдсэн орон сууц захиалгаар бариулах тухай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 203/42 дугаар гэрээ /хх72-78/, Голомт банк Орон сууцны зээлийн анкет, бусад баримт бичиг /хх79-83/, Хөдөлмөрийн гэрээ /хх84-85/, ***ын цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ болон бусад баримт бичиг  /хх86-92/,  Нгийн цалингийн карт /хх93/, Нгийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтууд /хх94-98/, “***” Эрүүл мэндийн төвийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх99/, Орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ /хх100/, Хас банкны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/75 дугаар албан бичиг /хх101/, ***-ын Сайншанд зангилааны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар албан бичиг /хх102/, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаар албан бичиг /хх103/, *** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ /хх105-107/, ***ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатарт гаргасан өргөдөл /хх108/, Сайншанд барилга орон сууц ашиглалт үйлчилгээний конторын захиргаанд гаргасан өргөдөл /хх109/, ***ын нийгмийн асуудал эрхэлсэн даргад гаргасан өргөдөл /хх110/ зэрэгт үндэслэж, дурдсан баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О эс зөвшөөрч “ ... *** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ нь ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй баримтыг үнэлж шийдвэрлэсэн, ... Нгийн амьдарч байсан гал унтраах байр ... нь ашиглалтын шаардлага хангахгүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон тул үүнээс хойш *** нь орон сууцаар хангах үүрэг хүлээхгүй, ...***-ын Сайншанд нэгдсэн эмнэлгийн өрхийн эмнэлэг нь “***” эрүүл мэндийн төв болж, уг өрхийн эмнэлгийн албан тушаалд хэвээр ажиллаж байгаа гэж огт үндэслэлгүй дүгнэсэн, ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт “өрхийн эмнэлэг” гэх нэр томъёоны ойлголт байгаагүй, ... Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ... цуцлагдсан 2012 оноос хойш ***-д ажиллаагүй ... “Орон сууцны дүрэм”-ийн 7.1.9 ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан ажлын байр өөрчлөгдсөн бол орон сууц ашиглах эрхгүй байхаар заасныг шүүх дүгнэсэнгүй, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Үүнд:

  • хариуцагч Н нь *** ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байршилтай ***-ын харъяа Гал унтраах ангийн барилгад амьдарч байсан,
  • Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007.05.24-ний өдрийн 38/18239 дугаартай дүгнэлтээр “... Гал унтраах ангийн барилгын баруун талын хэсгийн туслах өрөөнүүдэд 8 айлыг байрлуулсан нь холбогдох норм ба дүрмийг зөрчиж байгаа тул цаашид Гал унтраах ангийн үйл ажиллагаанаас шалтгаалан тус айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах, удирдах байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх”-ээр заасны дагуу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн,  
  • ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018.02.25-ны өдрийн хурлаар *** хорооллоос худалдаж авсан 6 орон сууцнаас хариуцагч Нд 203 дугаар байрны 1 давхарт *** тоотод 32,94 м2 байрыг эзэмшүүлэхээр хуваарилж шийдвэрлэсэн,
  • мөн комиссын 2019.09.10-ын өдрийн хурлаар *** тоот орон сууцыг хариуцагч Нд худалдан авах саналыг тавьж, орон сууцны үнийн 30 хувийг нэхэмжлэгч байгууллага төлөх, 70 хувийг оршин суугч буюу ажилтан өөрөө төлөхөөр шийдвэрлэж байсан,
  • *** *** нь 2021.01.21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг эрх чөлөө 2 гудамж *** тоот байршилтай 32,94 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн,
  • *** “***” нийгэмлэгийн харъяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлсэнтэй холбоотойгоор  хариуцагч Н нь ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, Дорноговь аймгийн “***” эрүүл мэндийн төвийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар “Талст” зам өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилогдсон зэрэг болно.

 

            5. Нэхэмжлэгч *** *** нь орон чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэжээ.

 

            6. Харин анхан шатны шүүх Монгол улсын Эрүүл мэндийн яам болон *** *** нийгэмлэгийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу  хариуцагч Нг ***-ын мэдлийн албаны орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах эрхтэй буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь хэсэгт тус тус заасан “албаны орон сууц эзэмших” харилцаа үүссэн, хариуцагч Н орон сууц эзэмшигч этгээд болохынхоо хувьд албан тушаалын, хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.

 

            7. Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-т зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй ба *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 7 дугаар зүйлд орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгох, гэрээг цуцлах нөхцөлийг зохицуулсныг авч үзвэл 7.1.9-д албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн бол Төв болон зангилааны орон сууцны комисс нь орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцлах шийдвэр гаргахаар заажээ.

 

            Эндээс үзвэл ажил олгогчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй буюу орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж түр хугацаагаар шилжүүлсэн албаны орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авах эрхтэй.

 

Дээрх тохиолдлуудаас үзэхэд нэг талаас нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх нь энэхүү хуульд заасан үндэслэлээр хэрэгжих боломжтой ба нөгөө талаас энэ нь хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тогтоох үндэслэл болно.

 

Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл болон улмаар ийнхүү үндэслэлээр албаны орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд энэхүү албан тушаалын байдал болон үүнтэй холбоотойгоор хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсноор албаны орон сууцыг эзэмших ашиглах эрх дуусгавар болж, үүнээс хойш тухайн албаны орон сууцны хувьд түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй ба харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.

 

8. Хариуцагч Нгийн хувьд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан боловч *** “***” нийгэмлэгийн харъяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлсэнтэй холбоотойгоор ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, Дорноговь аймгийн “***” эрүүл мэндийн төвийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар “***” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр томилогдсон байна.

 

            Ийнхүү 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүний *** ***ын төв эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үед тэрээр *** ***ын мэдлийн Гал унтраах ангийн байрыг хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд эзэмшиж ашиглаж байсан бөгөөд уг байр нь хүн амьдрах шаардлага хангахгүй болсноор  ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр үргэлжлүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг эрх чөлөө 2 гудамж *** тоот байршилтай 32,94 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг эзэмшиж ашигласаар иржээ.

 

            Хэдийгээр дээр дурдсан хууль болон орон сууцны дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түүний албаны орон сууцыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох боловч тэрээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр үргэлжлүүлэн албаны орон сууцыг ашигласаар байсан байна.

 

            Нэхэмжлэгчээс ирүүлсэн орон сууцны дүрэмд өөрийн өмчлөлийн орон сууцыг албан тушаалын болон технологийн гэж ангилж, ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комисс хариуцагч Нд хуваарилсан орон сууцыг дүрэмд заасан технологийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба хэдийгээр дүрэмд өөр өөрөөр нэрлэж ангилсан боловч эдгээрийг аль ч тохиолдолд тухайн байгууллагын ажилтны албан тушаалын байдал болон тухайн байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд эзэмших ашиглах эрхтэй байх нөхцөлөөр ажил олгогчоос  түр хугацаагаар хангаж байгаа орон сууц гэдэг агуулгаар нь Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-т заасан албаны орон сууц гэж үзнэ.  

 

             Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрэм 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан үед ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018.02.25-ны өдрийн хурлаар *** хорооллоос худалдаж авсан 6 орон сууцнаас хариуцагч Нд 203 дугаар байрны 1 давхарт *** тоотод 32,94 м2 байрыг эзэмшүүлэхээр хуваарилж шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон  үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээг цуцлаагүй байх ба энэ тохиолдолд  нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д заасан орон сууц хөлслөх гэрээг цуцлах үндэслэлд хамааралгүй байна.

 

Харин энэхүү нөхцөл байдлыг буюу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд албаны орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулж байгаа нь нэхэмжлэгчийг Монгол улсын Эрүүл мэндийн яам болон *** *** нийгэмлэгийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ”-ний 4.1.8-д заасан “Төмөр замын хувьчлагдаагүй болон албан тушаалын орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажиллагсад нь төрийн өмчид шилжсэний дараа өөрийн орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах ба орон сууцнууд хувьчлагдах шийдвэр гарсан тохиолдолд хувьчилж авах давуу эрх эдэлнэ” гэснийг хангаж хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч Н нь одоо “***” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр /хх84/ тогтоогдож байх тул дээрх гэрээнд заасан орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах үндэслэл нөхцөл арилаагүй, дуусгавар болоогүй гэж үзэх ба анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээр хариуцагчийг орон сууцнаас чөлөөлөх боломжгүй буюу түүний Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т заасан албаны орон сууцыг эзэмших ашиглах эрх дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

9. Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018.02.25-ны өдрийн хурлын протокол бичгийн нотлох баримтанд “... хэлэлцэх асуудал: орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу *** хороололд төмөр зам хөрөнгөөрөө 6 орон сууц худалдан авах, орон сууц хуваарилах ...,  шийдвэрлэсэн нь: 1. ... *** тоот 1 давхар Нд 32,94 м2 ... хуваарилах, 2. Эдгээр оршин суугчдад төмөр замын технологийн зориулалтаар түрээсээр эзэмшүүлэх гэрээ байгуулах ...” гэж тэмдэглэгдсэн ба энэ нь  талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ  байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Тодруулбал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3-т хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна гэснийг үндэслэвэл мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох ба зохигчид сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй боловч  хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашигласаар байсан тул энэхүү хуульд зааснаар энэ хугацаанд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ.

 

10. Улмаар ***ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын дарга 2021.02.19-ний 12 дугаартай албан бичгээр хариуцагч Нд байгууллагын технологийн орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор заасан хэдий ч хариуцагч Нгийн хувьд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т заасан албаны орон сууцыг эзэмших эрх дуусгавар болоогүй байжээ.

 

11. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолдоо “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ” бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлага хангаагүй гэсэн байх боловч энэхүү баримтыг үгүйсгэсэн өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2021.04.03-ны өдрийн 42 дугаартай албан бичигт энэхүү гэрээг дурдсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхийг энэ талаарх нотлох баримтыг шийдвэртээ үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “ ... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй гэж үзэв.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гэрээний энэхүү заалтыг нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан орон сууцыг гэрээ цуцлагдах үед хувьчлагдах шийдвэр гарсан тохиолдолд хамааралтай гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм.

 

Учир нь гэрээний “ерөнхий зүйл” хэсэгт 1.3-т “***-ын Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүдийн төмөр замын нэгдсэн эмнэлгүүд нь төрийн өмчид шилжсэний дараа тус эмнэлгийн үндсэн хөрөнгийг бүрэн буюу хэсэгчлэн хувьчлах, бусдад худалдах, түрээслэх зэрэг тохиолдолд төмөр замын тухайн эмнэлэгт ажиллаж байсан ажилтнууд уг үндсэн хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхтэй” гэж заагаад, улмаар гэрээний 4.1.8-д “Төмөр замын хувьчлагдаагүй болон албан тушаалын орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажиллагсад нь төрийн өмчид шилжсэний дараа өөрийн орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах ба орон сууцнууд хувьчлагдах шийдвэр гарсан тохиолдолд хувьчилж авах давуу эрх эдэлнэ” гэж заахдаа “ба” гэсэн холбоос үгийг хэрэглэсэн зэргээс үзэхэд энэ нь ба гэсэн холбоосны өмнөх болон ард орсон  утга, санаа, агуулга нь тусдаа өөр өөр утга, агуулгыг илэрхийлэх буюу өөрөөр хэлбэл орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах, харин ийнхүү амьдарч байх явцад орон сууц хувьчлагдах шийдвэр гарсан тохиолдолд тухайн орон сууцаа хувьчлан авах давуу эрхтэй байхаар ойлгогдож байна.

 

12. *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 2.8-д заасан технологийн орон сууцыг хуваарилах, эрхийн бичиг олгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа асуудлыг Зангилааны орон сууцны комисс шийдвэрлэх, 5.2-т заасан шинээр ашиглалтад орсон, худалдан авсан болон ашиглалтаас суларсан орон сууцыг хуваарилахдаа төв болон зангилаа, салбар нэгжийн орон сууцны комиссын гишүүд, удирдах газрын алба хэлтсийн хамт олны дийлэнх олонхын ирцтэй хурлаар өргөдлийн дарааллыг баримтлан хэлэлцэж, дийлэнх олонхын саналаар шийдвэр гарган, шийдвэрийг хурлын тэмдэглэлээр баталгаажуулахаар заажээ.

 

Энэ дагуу Сайншанд зангилааны орон сууцны комисс хуралдаж  *** хорооллын *** тоот 1 давхарт  32,94 м2 талбай бүхий орон сууцыг хариуцагч Нд хуваарилж, технологийн зориулалтаар  эзэмшүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хэдий ч Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон *** *** нийгэмлэгийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “*** “***” нийгэмлэгийн харьяа зарим эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу албаны орон сууцыг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй буюу албаны орон сууцыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болоогүй тул түүний энэхүү эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 

 

Иймээс түүнийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хүсэл зоригийн дагуу эд юмсыг эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан гэж үзэх ба мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй болно.

 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдолд “...***-ын Сайншанд нэгдсэн эмнэлгийн өрхийн эмнэлэг нь “***” эрүүл мэндийн төв болж, уг өрхийн эмнэлгийн албан тушаалд хэвээр ажиллаж байгаа гэж огт үндэслэлгүй дүгнэсэн, ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлэгт “өрхийн эмнэлэг” гэх нэр томъёоны ойлголт байгаагүй ...” гэсэн агуулга дурдагдсан байх боловч нэхэмжлэгч талаас хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримтыг үндэслэсэн атлаа холбогдох шийдвэр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан ***ын төв эмнэлгийн даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай “Шугам замын өрхийн эмнэлгүүдийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх тухай” тушаалд хариуцагч Нгийн албан тушаалыг *** ***-ын Сайншанд нэгдсэн эмнэлгийн өрхийн их эмч гэж заасан байх тул анхан шатны шүүх ийнхүү дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг “***” эрүүл мэндийн төвд одоог хүртэл ажиллаж байгаа үйл баримтыг түүний албаны орон сууц эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон эсэхэд дүгнэлт хийхэд үндэслэсэн байх ба анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Нг одоог хүртэл *** ***-д ажиллаж байгаа гэсэн агуулга тусгагдаагүй байна.

 

14. Мөн нэхэмжлэгч талаас маргаан бүхий орон сууцыг хариуцагч Нд худалдан авах нөхцөлөөр тухайн орон сууцыг түр хугацаагаар эзэмшүүлсэн боловч түүнээс өөрөөс нь шалтгаалсан шалтгаанаар буюу банкнаас зээл олгоогүй, санхүүгийн боломжгүйгээс хариуцагч орон сууцыг худалдан авч чадаагүйгээс байгууллага өөрөө худалдан авч албаны орон сууцны зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн тул хариуцагчийг орон сууцыг эзэмших эрхгүй гэжээ.

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу нэхэмжлэгч талаас Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын протокол баримтыг шүүхэд ирүүлсэн ба энд тусгагдсанаар комиссын  2018.02.25-ны өдрийн хурлаар *** хороололд орон сууцыг хариуцагчид хуваарилсан, 2019.09.10-ны өдрийн хурлаар *** хороололд орон сууц хуваарилсан айлуудад орон сууцыг худалдан авах боломжийг 9 сарын 15 хүртэл хугацаанд өгөхөөр, 2019.10.15-ны өдрийн хурлаар байраа хөнгөлөлттэй зээлээр авах ямар боломжтой байгаа талаар уулзаж цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаа тодорхойлох, орон сууцны төв комиссын гаргасан шийдвэрийг ямар чиглэл гарсан талаар танилцуулахаар, 2020.03.31-ний өдрийн хурлаар Н, Ж., Д. 3 айлын хүмүүстэй 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин уулзаад эцсийн байдлаар шийдвэрлэхээр тус тус шийдвэрлэж байсан тухай үйл баримт тогтоогдсон хэдий ч маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хариуцагч ямар нөхцөл шаардлага хангасан байх, зохигчдын тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч талаас орон сууцны үнийн 30 хувийг төлөх хүсэл зориг байсан эсэх, эцэст нь дээрх хурлаар хэлэлцсэн асуудлыг хэрхэн эцэслэн шийдвэрлэсэн эсэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн хувьд орон сууцыг худалдан авах зориулалтаар банкнаас зээл авах нөхцөл үүсээгүй, банк зээл олгоогүйгээс орон сууцыг худалдан авч чадаагүй гэсэн байх ба хариуцагчаас ирүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь орон сууц худалдан авах зориулалтаар Голомт банкнаас хүү ***ын нэр дээр зээл авахаар материал бүрдүүлсэн байхад нэхэмжлэгч энэхүү мэдээллийг хариуцагч болон түүний хүү *** нарын нэрээр Хас банкнаас авсан нь бодит байдалд нийцээгүй.

 

Ийнхүү мэдээллийг Хас банкнаас авах болсон үндэслэл шалтгаан тодорхойгүйгээс болон дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийг орон сууцыг худалдан авах нөхцөлөөр хангасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй буюу маргаан бүхий орон сууцыг зөвхөн худалдан авах зориулалтаар түр эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

15. Харин хариуцагч Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбартаа маргаан бүхий орон сууцыг Гал унтраах ангийн байрыг хүн амьдрах шаардлага хангаагүйгээс уг байрнаас нүүлгэн гаргах нөхөн төлбөрт олгосон гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар Иргэний хуулийн 309 дүгээр зүйлийн 309.3-т зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндэслэлээр орон сууцны байшинг эрх бүхий байгууллагын шийдвэрээр буулгах болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох, эсхүл гарсан зардлыг нэхэмжлэгч байгууллага нөхөн төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00071 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оаас давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ