| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0188/э |
| Дугаар | 00196 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 00196
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч, хохирогч Б.Ц , Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц , Э.О нарт холбогдох 163/2018/0188/Э индекстэй, эрүүгийн 1815003250188 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын диспитчер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут шинэ хороо, 3 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Б.Ц
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Э.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Э.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Б.Ц ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.О ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Б.Билгүүтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба 14 цагт шүдний эмчид эмчилгээний цаг авчихсан байсан. Тэгээд нөхөр лүүгээ залгахад утсаа аваад “би чадахгүй, ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. Дахиад 2-3 удаа залгаж байж утсаа аваад “би Оргил багшийн гэрт байна” гэж хэлээд тасалсан. Дахиад олон удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Оргил багш руу залгаад “манай нөхөр ******* байна уу?” гэхэд “байна, манайд гал тогооны тавилга хадаж янзалж байна” гэж хэлэхээр нь “өвчтэй хүүхдээ үзүүлэхгүй байж танайд яахаараа зарагддаг юм бэ?” гэж хэлэхэд утсаа салгасан. Тэгэхээр нь би Оргил багшийн гэрт явж очиход Б.Ц эгч зээ охинтойгоо хамт байсан. Тэгээд нөхрийгөө асуухад “мэдэхгүй” гээд байсан. Тэгэхээр нь би “сая танай нөхөртэй ярьсан, танайд тавилга угсраад байж байна гэж хэлэхээр нь би хүрээд ирлээ” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэнээс үүдэлтэй бид хоёрын хэрүүл маргаан эхэлж хаилцан зодолдсон. Б.Ц эгч миний үснээс зулгааж хойш нь татаж унагаасан. Манайх Б.Ц эгчтэй олон жил айл аймаг явсан бөгөөд нэг ч удаа хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Би Б.Ц эгчийг шинэ байр авч, шинэ байрандаа тавилга угсарч байна гэдгийг огт мэдээгүй. Одоо би Б.Ц эгчтэй ярилцаж ойлголцоод эвлэрсэн учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Ц ийн өгсөн: Э.О ийн өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, ийм зүйл болсон нь үнэн. Бид хоёр ярилцаж ойлголцоод эвлэрсэн учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
1815003250188 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Б.Ц ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5 настай, зээ Намуунжаргалтай байсан. 13 цагийн орчим манай хашааны хаалгыг хүчтэй цохиод байхаар нь харахад хажуу айлын Э.О байсан. Би “хашааны хаалгыг түлхээд ороод ир” гэж хэлсэн. Э.О орж ирээд “яасан их хүн зардаг хүмүүс бэ, манай нөхөр хаана байна” гэхээр нь би “юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Хүн зарсан хүн байхгүй” гээд намайг доош тонгойход миний нүүр лүү гараараа алгадаж, миний үснээс зулгааж, унасан үсийг өөрийнхөө халаас руу хийгээд байсан. Тэгээд нөхөр Оргил руу залгаж Э.О миний үснээс зулгааж зодоод байна гэсэн. Удалгүй манай нөхөр, Э.О ийн нөхөр ******* хоёр хамт ирж бид хоёрыг салгасан. Надад ямар нэгэн хариу үйлдэл хийж зодсон зүйл байхгүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Э.О ээс архи үнэртэж байсан. Манайд машинтай, согтуу ирсэн. Манайх шинэ байранд орж байгаа. Манай нөхөр байрандаа юм хийх гэж ******* гуйсан байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр *******ыг архи согтууруулах ундааны зүйлд уруу татсан зүйл байхгүй. Миний үсийг зулгаасанд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,
Хохирогч Б.Э.О ийн өгсөн: ...Танай нөхөр Оргил *******ыг “манайд байна, тавилга хадаж байна” гэхлээр нь би ирлээ гэхэд Б.Ц намайг “янхан” гэж доромжилж, миний 2 хацар луу хэд хэдэн удаа алгадаж, миний үснээс зулгааж, чирж дугтарсан. Тэгээд нөхрөө дуудсан, удалгүй Оргил, ******* нар хамт ирсэн. Оргил орж ирээд шууд над руу дайрч, үснээс зулгааж, 2 гарнаас базаад байсан. Энэ үед ******* хараад зогсоод байсан. Тэгээд би муужирч унасан. ...Б.Ц намайг “янхан, балай авгай, балай хүүхэн, чамайг мэднэ” гэх мэтээр хэл амаар доромжилсон...гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-иййн 23-24 тал/,
Гэрч Ш.*******ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Оргил багш бид хоёр тэдний шинэ байранд толь янзлаж дуусчихаад сургууль дээр байж байтал Оргил багшийн эхнэр болох Б.Ц залгаад багштай ярьсан. Тэгэхэд багш надад “хоёулаа манайд очьё” гэсэн. Тэднийд очиход Б.Ц манай эхнэр Э.О ийг толгойтой үснээс нь 2 гараараа ороогоод доороо дарчихсан байхаар нь салгасан. Би хадам ээж Чинчулуунтай ярьж болсон асуудлын талаар хэлээд байж байтал манай эхнэр гараад машинтайгаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Д.*******ын өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байраа тохижуулах гээд цуг ажилладаг Ш.*******ыг цайны цагаар шинэ байрныхаа хананд гал зуухны тавилга өлгөхөд “туслаач” гэхэд “за” гээд манайд ирсэн байсан. *******ын эхнэр Э.О нөхөр лүүгээ залгаад “хаана байна” гэхэд “Оргил багшийнд юм хийж байна” гээд салгасан. Эхнэр нь дахиад залгахад утсаа аваагүй. Э.О над руу залгаад “чи яасан их хүн зардаг болсон юм. Захиралд чинь хэлнэ, муу ногоон Оргил” гэх мэтээр гар утсаар доромжлоод орилоод байхаар нь “танай нөхрийг ажилд зарсан хүн байхгүй, битгий хуц” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд бид 2 ажил дээрээ очтол Б.Ц над руу залгаад “хурдан ирж салгахгүй бол *******ын эхнэр ирчихсэн намайг зодоод байна” гэхлээр нь *******ын хамт гэртээ иртэл Э.О Б.Ц ийн толгойтой үснээс нь зулгаачихсан нөгөө гараараа хаалганаас барьчихсан байсан. Б.Ц “наад хүн чинь зугтах гээд байна” гээд Э.О ийн толгойн ар хэсгийн боолттой үснээс зулгаачихсан байсныг би Батбярын хамт салгасан. Манай эхнэр Б.Ц ийн толгойтой үс нь халцарч унасан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 255 дугаартай:
1.Магадлуулагч Э.О ийн биед тархи доргилт, зулай, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 230 дугаартай:
1.Магадлуулагч Б.Ц ийн биед тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тогтоогдлоо.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-3 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-46-47 тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-67-94 тал/, хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх 95-96 тал/ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Э.О , Б.Ц нар нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын нэгдүгээр багийн нутаг “Шинэ хороо”-нд оршин суух Д.Оргилын гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа зодолдож харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Э.О , Б.Ц нарын хохирогчоор, Д.Оргил, Ш.******* нарын гэрчээр хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгүүд, тэдгээрийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №255, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шууд нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Ц , Э.О нарын бие биенийхээ эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц , Э.О нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хоорондоо эвлэрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан гэм хор, хохирлын талаар хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул тэдэнд торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч Э.О ийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай хүсэлтийг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг харгалзан хангаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц , Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Ц , Дулаан овогт Энхээгийн Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц , Э.О нарыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.О ийн 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50 /тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Ц нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц , Э.О нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц , Э.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, харилцан санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц , Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД