Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00017

 

 

***

*** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00072 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *** ***ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух овогт ***От холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Оийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Т, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ***ын /цаашид *** гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... *** нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.

 

1.1. Хариуцагч О нь ***-д ажиллаж байхдаа Сайншанд гал унтраах ангийн хуучин барилгад дээр дурдсан үндэслэлээр амьдарч байсан ба тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул ажил олгогчоос нэр бүхий айлуудыг нүүлгэн шилжүүлж 2018 онд ***-1 хороололд түр амьдрах байраар хангаж өгсөн. Энэ дагуу байгууллагаас тус хорооллын *** тоот 29.35 м.кв талбайтай орон сууцыг От олгосон.

 

1.2. ***-ын ажилтнууд байгууллагын орон сууц ашиглах бол Албан тушаалын орон сууц ашиглах журам, ***-ын орон сууцны дүрэм зэргийг мөрдөж тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхөөр зохицуулагддаг. ... *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар нийгэмлэгийн орон сууцны дүрмийг баталсан. Энэхүү дүрмийн 2.1.1-д Албан тушаалын орон сууц гэж ***-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнуудад тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд нь Төв комиссын шийдвэрийн дагуу олгосон орон сууцыг, 2.1.2-т технологийн орон сууц гэж ***-ын өртөө, зөрлөг, замын хэсгүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад Зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон энэ журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог. Мөн дүрмийн 2.6-д Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй.

 

1.3. Одоо хариуцагч О нь ***-аас хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан, нийгэмлэгт ажилладаггүй болно. Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 42 мэдэгдлүүдээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл ***-д албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд хариуцагч Оийн ашиглаж байгаа ***-ын өмчлөлийн ***-1 хорооллын *** тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Оийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...  О би тус ***д 1979-2014 он хүртэл 34 жил ажиллаад 2014 ондоо тэтгэвэрт гарсан. 2012 онд намайг Сайншанд төмөр замын татах хэсэгт гүүрэн кранистаар ажиллаж байх хугацаанд хуучин гал командын байранд амьдруулж байсан. Сайншанд зангилааны дарга бөгөөд зангилааны орон сууцны комиссын дарга Тэнгэс гэдэг хүн та нарын амьдарч байгаа гал командын гэх байрыг хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Та нарт нөхөн олговор олгоно. Сайншандад 1 өрөө байр ямар үнэтэй байна судлаад өргөдлөө бичээд ир гэсэн. 2017 онд өргөдлөө бичээд Тэнгэс даргад өгсөн. Ямар нэг шийдвэр ирээгүй би ойлгохдоо бидэнд төмөр замаас нөхөн олговор олгох, эсхүл орон сууцаар хангах юм байна гэж ойлгосон. Гэтэл 2018 онд Сайншандын 2 дугаар багт орон сууц баригдаж бидний 6 айлыг та бүхэн орон сууцтай боллоо гээд Улсын их хурлын гишүүд хүртэл ирцгээж ёслол төгөлдөр түлхүүр гардуулж орон сууцанд оруулсан. Одоо бидний 6 ам бүл амьдарч байгаа *** тоот 29.35 м.кв талбай бүхий орон сууцыг О надад олгосон. 2021 онд орон сууцны дарга Батцэнгэлтэй биечлэн уулзаж орон сууцны үнэ тушаах санаатай ямар дансанд хийх вэ гэхэд одоохондоо шийдгүй байгаа хариу өгнө гээд хариу өгөөгүй байгаа. Нэхэмжлэгч уг байрыг технологийн байр гэж хураан авах гэж байгаа бол одоо миний охин *** Сайншанд татах хэсгийн суваг талбайн үйлчлэгчээр, хүргэн Г Сайншанд татах хэсэгт туслах машинчаар ажиллаж байгаа болно. Би төмөр замд олон жил тогтвор суурьшилтай ажилласан, би үр хүүхдээ уламжлуулан төмөр замд ажиллуулж байгаа, манай удам судраараа 7 үеэрээ төмөр замд ажиллаж амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж тус орон сууцыг худалдаж, үнийн дүнгийн 50 хувиар хөнгөлөлт олгож өгнө үү.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар Оийг  Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах албан тушаалын орон сууцнаас чөлөөлж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Оийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “4.1. ... Би 2014 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн. Би энэ хугацаанд төмөр замын байгууллагаас ямар нэгэн эд хөрөнгө өмчилж олговор, тэтгэмж авч байгаагүй. Уг нь манай төмөр замын байгууллага олон жил ажилласан төмөр замчдадаа амьдарч байгаа байрыг нь хувьчилж өгдөг л байсан би ч гэсэн энэ итгэл горьдлогоор албаны байранд өдий хүрсэн. Гэтэл бидний амьдарч байсан технологийн байрыг хүн амьдрах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан гээд бидэнд Сайншанд сумын 2-р багт шинээр баригдсан ***-1 хороололд 1 өрөө байрыг тухайн үед төмөр замын 6 хүнд өгч, Улсын их хурлын гишүүн, аймаг сумын удирдлагууд байлцан бидэнд түлхүүр гардуулж өгч, телевиз радиогоор гарч ... хүлээн авсан.

 

4.2. Тэрнээс хойш тод удалгүй байгууллагаас дуудаж, энэ байрны төлбөрийн 30 хувийг байгууллага гаргана, өөрсдөө 70 хувийг төл гэсэн. Бид өөрсдийн 70 хувийг төлөх ёстой гэсэн. Ингээд бид энэ хугацаанд зээл авах бүх л боломжоо судалсан боловч бид зээлтэй учраас зээл гарах боломжгүй байсан, гэхдээ бид ах дүү нараасаа тусламж дэмжлэг аваад ямар дансанд төлөх вэ гэхэд тухайн үед зангилааны дарга буюу орон сууцны комиссын дарга Цэнгэл “байж бай, дээрээс шийдвэр гараагүй байгаа” гэсэн гэтэл биднийг энэ орон сууцаа хувьчилж авах боломж нөхцөлөөр хангахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төмөр замын байгууллагын гаргаж өгсөн 2018 онд баталсан тушаал шийдвэр дүрэм журмуудыг үндэслэж шүүх шийдвэр гаргасныг ойлгож байгаа ч гэсэн би энэ дүрэм журам гарахаас өмнө олон жил ажиллаж, албаны байрыг эзэмшиж байсан, гэтэл тэтгэвэрт гарснаас хойш баталсан дүрэм журмаа баримтлан биднийг орох оронгүй болгож байгаад гомдолтой байна. ... Одоо Сайншанд татах хэсгийн суваг талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаа охин ***д албаны байрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломж бололцоо байх болов уу гэж би бодож байна. Энэ технологийн байранд би охин, хүргэн 3 хүүхдийнх нь хамт ам бүл зургуулаа амьдарч байгаа. Охин маань төмөр замын байгууллагад 10 жил, хүргэн маань мөн туслах машинчаар 10 жил тус тус ажиллаж байна. Тиймээс бидний амьдрал үнэхээр хүнд нөхцөлд хүрсэн учир энэ шийдвэрийг эргэн нэг харж өгнө үү.” гэв. 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өнөөдрийн байдлаар төмөр замд дагаж мөрдөгдөж байгаа дүрэм журамд төмөр замын салбарт олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол байраар хангана гэсэн зүйл байхгүй. Харин А/22 гэсэн дүрмийн дагуу та тэтгэвэр тогтоолгосон бол ажилласан жилээс нь шалтгаалаад таныг тухайн технологийн орон сууцанд дээд тал нэг жил хүртэлх хугацаагаар амьдрах боломжоор хангаж байгаа. Та 2014 онд тэтгэвэрт гарснаас хойш үндсэндээ 7, 8 жил болсон байна. Тэгэхээр энэ дүрэмд заасан хугацаа хэтэрсэн байна. Харин охины чинь хувьд төмөр замын аль нэг салбарт ажиллаж байгаа бол Сайншанд зангилаанд хүсэлт өгсөн  эсэхийг мэдэхгүй байна. Тэнд хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлэх боломжтой. Энэ боломжийг өнөөдрийг хүртэл ашиглаагүй.” гэв. 

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Оийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

1. *** *** нь хариуцагч От холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 6/, байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авсан хүмүүсийн жагсаалт /хх 7/, байр хүлээлцсэн акт /хх 8/, *** ***ын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-808 дугаар Үндсэн хөрөнгө худалдан авах тухай тушаал, түүний хавсралт /хх 9/, *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар тушаал /хх 11-25/, *** ***ын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-607 дугаар тушаал, тушаалын хавсралт /хх 26-28/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар протокол /хх 29-32/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн протокол /хх 33-40/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн протокол /хх41-44/, ***-ын ХНН-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /хх45-52/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38/18/239 дугаар дүгнэлт /хх 72-76/, *** ***ын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-617 дугаар тушаал /хх 77-86/, *** ***ын даргын 2021 оны 08 дугаар сарын 27-гы өдрийн А/720 дугаар тушаал /хх 87-88/, ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх 89-96/, ***-ын орон сууцны төв комиссын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл /хх 97-101/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007.05.24-ний өдрийн 38/18239 дугаартай дүгнэлт /хх 72-76/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

2. Хариуцагч О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...төмөр замаас нөхөн олговор олгох, эсхүл орон сууцаар хангана гэж ойлгосон, ... нэхэмжлэгч уг байрыг технологийн байр гэж хураан авах гэж байгаа миний охин *** Сайншанд татах хэсгийн суваг талбайн үйлчлэгчээр, хүргэн Г Сайншанд татах хэсэгт туслах машинчаар ажиллаж байгаа ... байдлыг харгалзан үзэж тус орон сууцыг худалдаж, үнийн дүнгийн 50 хувиар хөнгөлөлт олгож өгнө үү...” гэж маргаж,  татгалзлаа Г, *** нарын ажлын үнэмлэх /хх 63/, фото зураг /хх 103-104/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т заасныг хэрэглэж хариуцагч Оийг  Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө 2 гудамж *** тоотод байрлах орон сууцнаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч О эс зөвшөөрч “ ... энэ орон сууцаа хувьчилж авах боломж нөхцөлөөр хангахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  ... охин ***д албаны байрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломж бололцоо байх болов уу  ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Үүнд:

  • хариуцагч О нь *** ***-ын Сайншанд татах хэсэгт гүүрэн кранчаар ажиллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ба энд ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байршилтай ***-ын харъяа Гал унтраах ангийн барилгад амьдарч байсан,
  • Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007.05.24-ний өдрийн 38/18239 дугаартай дүгнэлтээр “... Гал унтраах ангийн барилгын баруун талын хэсгийн туслах өрөөнүүдэд 8 айлыг байрлуулсан нь холбогдох норм ба дүрмийг зөрчиж байгаа тул цаашид Гал унтраах ангийн үйл ажиллагаанаас шалтгаалан тус айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах, удирдах байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх”-ээр заасны дагуу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн, 
  • ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018.02.25-ны өдрийн хурлаар *** хорооллоос худалдаж авсан 6 орон сууцнаас хариуцагч От ***ны 5 давхарт №33 тоотод 29,35 м2 байрыг эзэмшүүлэхээр хуваарилж шийдвэрлэсэн,
  • мөн комиссын 2019.09.10-ын өдрийн хурлаар *** тоот орон сууцыг хариуцагч Оийн орон сууцыг худалдан авах талаарх саналыг сонсож, орон сууцны үнийн 30 хувийг нэхэмжлэгч байгууллага төлөх, 70 хувийг оршин суугч буюу ажилтан өөрөө төлөх нөхцөлийг танилцуулж, 9 сарын 15 хүртэл хугацаа өгч харахаар шийдвэрлэж  байсан,
  • *** *** нь 2021.01.21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг эрх чөлөө 2 гудамж *** тоот байршилтай 29,35 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн зэрэг болно.

 

            5. Нэхэмжлэгч *** *** нь орон чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэжээ.

 

            6. Анхан шатны шүүх хариуцагч О нь 2014 онд тэтгэвэр тогтоолгосон болох нь түүний тайлбараар тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасан албаны орон сууц эзэмшигч этгээдийн  албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.

 

            7. Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-т зааснаар ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй ба *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 7 дугаар зүйлд орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгох, гэрээг цуцлах нөхцөлийг зохицуулсныг авч үзвэл 7.1.9-д албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн бол Төв болон зангилааны орон сууцны комисс нь орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцлах шийдвэр гаргахаар заажээ.

 

            Эндээс үзвэл ажил олгогчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй буюу орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж түр хугацаагаар шилжүүлсэн албаны орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авах эрхтэй.

 

Дээрх тохиолдлуудаас үзэхэд нэг талаас нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх нь энэхүү хуульд заасан үндэслэлээр хэрэгжих боломжтой ба нөгөө талаас энэ нь хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тогтоох үндэслэл болно.

 

Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл болон улмаар ийнхүү үндэслэлээр албаны орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд энэхүү албан тушаалын байдал болон үүнтэй холбоотойгоор хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсноор албаны орон сууцыг эзэмших ашиглах эрх дуусгавар болж, үүнээс хойш тухайн албаны орон сууцны хувьд түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй ба харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.

 

8. Хариуцагч Оийн хувьд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан боловч тэрээр 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарч, нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

            Энэ үед буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед тэрээр *** ***ын мэдлийн Гал унтраах ангийн байрыг тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болохынхоо хувьд эзэмшиж ашиглаж байсан бөгөөд уг байр нь хүн амьдрах шаардлага хангахгүй болсноор  ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр үргэлжлүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг эрх чөлөө 2 гудамж *** тоот байршилтай 29,35 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг эзэмшиж ашигласаар иржээ.

 

            9. Нэхэмжлэгчээс ирүүлсэн орон сууцны дүрэмд өөрийн өмчлөлийн орон сууцыг албан тушаалын болон технологийн гэж ангилж, ***-ын Сайншанд зангилааны орон сууцны комисс хариуцагч От хуваарилсан орон сууцыг дүрэмд заасан технологийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба хэдийгээр дүрэмд өөр өөрөөр нэрлэж ангилсан боловч эдгээрийг аль ч тохиолдолд тухайн байгууллагын ажилтны албан тушаалын байдал болон тухайн байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд эзэмших ашиглах эрхтэй байх нөхцөлөөр ажил олгогчоос  түр хугацаагаар хангаж байгаа орон сууц гэдэг агуулгаар нь Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-т заасан албаны орон сууц гэж үзнэ. 

 

10. Хариуцагч О нь нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагийн хувьд албаны орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан байх ба хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор түүний албаны орон сууцыг албан тушаалын хувьд эзэмшиж ашиглах эрх дуусгавар болно.

 

Харин тэрээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2-т заасан технологийн орон сууцанд амьдарч буй ажилтан өндөр насны ... тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд өмнө нь орон сууц хувьчилж аваагүй, *** болон төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаагүй бөгөөд өөр амьдрах орон сууцгүй бол ажилласан жилийг харгалзан орон сууцаа үргэлжлүүлэн ашиглах эрхтэй буюу ... 20-иос дээш жил тасралтгүй ажилласан бол 1 жил хүртэл хугацаагаар ашиглах эрх нь түүний хөнгөлөлт эдлэх эрхэд хамааралтай байна.

 

11. Сайншанд зангилааны орон сууцны комиссын 2018.02.25-ны өдрийн хурлын протокол бичгийн нотлох баримтанд “... хэлэлцэх асуудал: орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу *** хороололд төмөр зам хөрөнгөөрөө 6 орон сууц худалдан авах, орон сууц хуваарилах ...,  шийдвэрлэсэн нь: 1. ... *** тоот 5 давхар От 29,35 м2 ... хуваарилах, 2. Эдгээр оршин суугчдад төмөр замын технологийн зориулалтаар түрээсээр эзэмшүүлэх гэрээ байгуулах ...” гэж тэмдэглэгдсэн ба энэ нь  талууд орон сууц хөлслөх гэрээг  байгуулсан гэж үзэх үндэслэл болно.

 

Тодруулбал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3-т хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна гэснийг үндэслэвэл мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцох ба зохигчид сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй боловч  хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж ашигласаар байсан тул энэхүү хуульд зааснаар энэ хугацаанд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ.

 

Улмаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор заасан байна.

 

            Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байх, энэ хугацааг гэрээг цуцлах мэдэгдэл өгснөөс хойш тоолох, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6-т заасан орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргах зэрэг гэрээ цуцлах хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчөөгүй ба нэхэмжлэгчээс хариуцагч От орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг  2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн болох нь хэрэгт авагдсан байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан хүмүүсийн жагсаалт баримтаар тогтоогдсон, ийнхүү мэдэгдэл өгснөөс хойш хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн байна.

 

            Түүнчлэн *** ***ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан *** “***” нийгэмлэгийн орон сууцны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.9, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2-д зааснаар хариуцагч Оийн хувьд 2014 онд *** ***-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосноор дуусгавар болж,  үүнээс хойш  даруй 9 жил өнгөрсөн буюу орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшиж ашиглах 1 жилийн хугацаа дууссан тул түүний албаны орон сууц эзэмшиж, ашиглах талаарх энэхүү дүрэмд заасан эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Ийнхүү хариуцагчийн хувьд дээрх хууль болон дүрэмд зааснаас үзэхэд түүний одоогийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх нөхцөл үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй буюу тэрээр орон сууц хөлслөх гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлж,  буцаан авах эрхтэй.

 

            12. Мөн зохигчид маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч талаас худалдан авах боломжийг олгосон боловч хариуцагч санхүүгийн шалтгаанаар худалдан авч чадаагүй гэж, хариуцагч тийм нөхцөл боломжийг олгоогүй гэж тус тус маргасан ба хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, одоо маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй зэргээс хариуцагчийг тайлбарт дурдсан орон сууцыг худалдан авахад 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэсэн агуулга бүхий  үүргийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Энэ талаар хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын протоколд тусгагдсанаар комиссын  2018.02.25-ны өдрийн хурлаар *** хороололд орон сууцыг хариуцагчид хуваарилсан, 2019.09.10-ны өдрийн хурлаар *** хороололд орон сууц хуваарилсан айлуудад орон сууцыг худалдан авах боломжийг 9 сарын 15 хүртэл хугацаанд өгөхөөр, 2019.10.15-ны өдрийн хурлаар байраа хөнгөлөлттэй зээлээр авах ямар боломжтой байгаа талаар уулзаж цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаа тодорхойлох, орон сууцны төв комиссын гаргасан шийдвэрийг ямар чиглэл гарсан талаар танилцуулахаар, 2020.03.31-ний өдрийн хурлаар Д., Ж., Д. 3 айлын хүмүүстэй 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин уулзаад эцсийн байдлаар шийдвэрлэхээр тус тус шийдвэрлэж байсан тухай тогтоогдсон хэдий ч маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хариуцагч ямар нөхцөл шаардлага хангасан байх, зохигчдын тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч талаас орон сууцны үнийн 30 хувийг төлөх, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэл зориг байсан эсэх, эцэст нь дээрх хурлаар хэлэлцсэн асуудлыг хэрхэн эцэслэн шийдвэрлэсэн эсэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Улмаар маргаан бүхий орон сууц нь одоо нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул орон сууцыг худалдан авах нөхцөл, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.

 

13. Түүнчлэн хариуцагч О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбартаа маргаан бүхий орон сууцыг Гал унтраах ангийн байрыг хүн амьдрах шаардлага хангаагүйгээс уг байрнаас нүүлгэн гаргах нөхөн төлбөрт олгосон гэсэн агуулга бүхий үндэслэлийг дурдсан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар Иргэний хуулийн 309 дүгээр зүйлийн 309.3-т зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндэслэлээр орон сууцны байшинг эрх бүхий байгууллагын шийдвэрээр буулгах болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох, эсхүл гарсан зардлыг нэхэмжлэгч байгууллага нөхөн төлөх үүрэг үүсэхгүй байна.

 

14. Хариуцагч Оийн охин ***, түүний нөхөр Г нар ***-ын Сайншанд татах хэсэгт ажилладаг тухай үйл баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй хэдий ч орон сууцны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2-т зааснаар орон сууц хөлслөгч ажилтан нь тэтгэвэр тогтоолгосон, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд нэг гэрт хамтран амьдардаг, хууль ёсны гэр бүлийн гишүүн нь ***-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол орон сууцны эрхийн бичгийг шилжүүлэх тухай өргөдөл, хүсэлтээ холбогдох баримт материалын хамт Зангилааны орон сууцны комисст гаргаж, комисс хурлаар хэлэлцэн шийдвэрлэх журамтай тул шүүхээс энэхүү нөхцөл байдлыг үндэслэн орон сууц эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Учир нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Оийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

16. Хариуцагчаас гаргасан давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00072 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Оийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Оийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ