Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1180

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хд холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 101 880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацааны Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн төлбөрийг төлөөгүй хуримтлуулж, 98 880 төгрөг болсон байна.

Үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичиг баримт бүрдүүлэхэд нотариатчид төлсөн 3 000 төгрөг, нийт 101 880 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна.

Дундын өмчлөлийн зүйлийн төлбөрийг хууль, журамд зааснаар нэмсэн, хариуцагч нь энэ асуудлаар гомдол гаргаагүй, 3 өрөө орон сууцтай айлд ногдох засвар үйлчилгээний зардал 4 960 төгрөг байх боломжгүй, өөрөө холбооны хуралд оролцдоггүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2012 оны 10 дугаар сараас Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр шууд нэмэгдсэн. Жижүүрийн байр барина гэсэн боловч бариагүй. Манай орцонд жижүүр  ажилладаггүй, согтуу хүмүүс үүдээр хөлхөж, амгалан тайван байдал алдагдуулдаг.

2015 оны 7 дугаар сараас дахиад нэмэхээр нь би төлөхгүй гэж татгалзан төлөөгүй байгаа. Өмнө нь байсан 4 960 төгрөгөөр төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ-ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 98 880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр болох 4 960 төгрөг байсныг 2012 оны 10 дугаар сард ХХХХХ нь өөрийн дураар нэмж 8 000 төгрөг болгосон.

Төлбөрийг яагаад нэмсэн талаар асуухад жижүүрийн байр барих гэж байгаа гэж тайлбарласан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа. Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр СӨХ-ны төлбөрийг дахин нэмэгдүүлэн 16 400 төгрөг болгосон. Энэ тухай Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл хуульд зааснаар 252 өрхийн гуравны нэг буюу 84 өрхийн ирцтэйгээр хуралдан асуудал шийдвэрлэх ёстой байсныг зөрчин, өөрийн тойрон хүрээлэгч цөөн хэдэн оршин суугчдын хамт хууль бус хурал хийж дээрх үнийг нэмсэн тул миний бие тэрхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 7 дугаар сараас СӨХ-ны төлбөрийг өгөхийг татгалзсан болно.

Миний бие СӨХ-ны төлбөрийг төлөхөөс огт татгалзаагүй бөгөөд 2015 оны 7 дугаар сараас өмнө төлөгдөж байсан үнээр төлж байхыг зөвшөөрч байгаа болно.ХХХХХ нь нэгдүгээр давхарт үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд болох 12 аж ахуй нэгжүүдээс татвар хураамж авч үүнийгээ хувьдаа завшдаг байж болзошгүй. Эдгээр татвар хураамжуудыг тайландаа тусгаагүй байсан нь дээрхи хардлагыг төрүүлж байгаа юм.

СӨХ эрх зүйн чадамжтай эсэхийг шалгах, 2013, 2015 онуудад тус СӨХ-нд хийгдсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан дүгнэлтүүдийг татуулах, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 000547 тоот улсын байцаагчийн актыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс татуулах, 2015 оны 1 дүгээр улиралд “МСӨХДЗ” ТББ-ыг татан буулгах шүүгчийн захирамж гарсан байтал татан буугдсан дээд зөвлөлийн шийдвэрийг үндэслэж 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бүрэн бус ирцтэйгээр хуралдан үнээ нэмсэн байдаг. Дээрх байдлуудаас үзэхэд тус СӨХ нь эрх зүйн чадамжгүй юм.

Шүүх иргэн миний гаргаж өгсөн тайлбарыг хайхрамжгүй авч үзэн хэтэрхий нэг талыг баримтлан СӨХ-ны талд шийдвэр гаргасанд миний бие гомдолтой байгаа тул энэ талаар тусгайлан хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч, талуудын хоорондын маргааныг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч Хд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 101 880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг үндэслэлгүй нэмсэн гэж маргажээ.

 

Хариуцагч Х нь 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй юм.

 

            Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэмсэн Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот тогтоол хэрэгт авагдаагүй байх боловч уг тогтоолоор сууц өмчлөгчийн төлөх сарын төлбөрийг 12 360 төгрөгөөр тогтоосон талаар зохигчид маргаагүй байна.

            Нэхэмжлэгч дээрх төлбөрийг хууль бусаар нэмэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “ШӨХТГазрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №6/101 тоот улсын байцаагчийн албан шаардлага, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №7/69 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн татан буугдсан тухай шийдвэр, Баянгол дүүргийн Засаг дарга ХХХд ХХХ-ны оршин суугчдад үзүүлэх ажил үйлчилгээний талаар иргэдээс гаргаж байсан өргөдөл гомдлууд, Дүүргийн Тамгын газарт ХХХ-ны оршин суугчдад үзүүлэх ажил үйлчилгээний талаар гаргаж байсан гомдол санал, ХХХ-ны хууль ёсны гэрчилгээ болон бусад холбогдох баримт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 3 дугаар сарын 05-ны №10/615 тоотын болон гарааш барихыг зөвшөөрсөн иргэдийн санал” зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх зохигчдын хоорондох төлбөр төлөх маргаанд хамааралгүй гэх үндэслэлээр шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/14461 дугаар захирамжаар хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй болно. /хэргийн 24-26 дугаар тал/

 

Учир нь дээрх баримтууд нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хууль бусаар нэмэгдүүлсэн эсэхийг тогтооход  ач холбогдолгүй юм.

 

Харин шүүх хариуцагчаас 98 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох бичиг баримт нотариатаар баталгаажуулахад гарсан зардалд 3 000 төгрөгийг төлсөн баримтгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр  зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь 101 880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардага гаргасан атлаа улсын тэмдэгийн хураамжинд 4 450 төгрөг төлж, 100 төгрөг дутуу төлсөн байхад шүүх нөхөж гаргуулалгүй шийдвэрлэж алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсний өмнө “мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 168.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                         С.ЭНХТӨР