Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2023/00016

 

 

******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2023/00148 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 216.292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч Ц.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр гэж 216.292 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Ц.******* нь 2019 оны 3 дугаар сард Гар утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ буюу гар утасны лизинг 24 сарын хугацаатай авахаар 699.000 төгрөгийн урьдчилгаагүй, хүүгүй лизингийн гэрээ хийсэн. 24 сарын хугацаанд ярианы багцын төлбөр, утасны үнийг 24 сардаа хувааж төлөх ёстой байсан. Гар утасны лизингтэй, ярианы багцаа цуг ашиглана гэсэн гэрээ нь хамт байгаа юм. Манайхаас утас лизингээр авахын тулд заавал шалгуур хангасан байна. Шалгуур хангаад багцын үйлчилгээ рүү орж байж гар утасны гэрээтэйгээ хамт багцын гэрээ хийж байж утасны зээл авах боломжтой. 24, 12 сараас сонгох ёстой. Тухайн үед эгч 24 сарынхыг нь сонгосон, багцын төлбөр нь 24.800, 34,800 төгрөг. 3 дугаар сарын багцын төлбөрийг 4 дүгээр сард нэхэмжилдэг юм. Тэр төлбөрөө хийгээд үлдэгдэл мөнгийг нь лизингийн үлдэгдэл мөнгөтэйгөө төлөөд хаасан. Лизингээ хаасан ч гэсэн энэ сонгосон багцаа 24 сар ашиглана гэсэн гэрээ нь хамт байгаа юм. 24 сар авсан багцаа ашиглахгүй юм бол 699.000 төгрөгийг 24 сард хуваахаар гарах сард төлөх дүн гарна. Төлөхгүй үлдсэн сарын тэр дүнгээс нь 20 хувийн торгууль нэхэмжилнэ гэсэн байгаа... гэжээ.

Хариуцагч Ц.******* хариу тайлбартаа: Би 700.000 төгрөгийн утас авсан юм. Тэгэхэд эднийх манайхаас дараа төлбөрт болгож байж боломжтой гэсэн. Би тухайн үед утсаа гээсэн байсан, ажлын шаардлагаар утас хэрэг болоод тэгээд авсан юм. Гэрээ хийж авсан. Гэрээ хийж авахад гэрээний хамгийн сүүлд бусад гэж байгаа дээр төлбөрөө хийгээд дуусгачих юм бол гэрээгээ дуусгавар болгож болно гэж байсан. Би түүнийг харж байсан юм. Тэгээд би тэтгэвэртээ дөнгөж гараад эднийд очиж үлдэгдэл төлбөрөө төлөөд эгч нь тэтгэвэртээ гарсан учир дараа төлбөртийн шаардлага алга байна. Эгч нь тэтгэвэрт гарахаар төлбөрийн чадамжгүй болж байна. Үлдэгдлээ төлөөд гэрээгээ дуусгавар болгоё гэсэн чинь болохгүй гэсэн юм. Тэгвэл чи дээд байгууллага руугаа явуулаадах танай гэрээн дээр ч ийм байна гэсэн. Учир байдлаа хэлээд өргөдөл бичиж өгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөд явсан. Тэрнээс хойш ярьсан ярианы задаргаа байх юм бол түүнийгээ харж байгаад ярьсан ярианыхаа төлбөрийг төлнө гэж байгаа. 04 дүгээр сарын 20-ны өдөр би үлдэгдэл мөнгөө төлсөн байна лээ. Тухайн үед би үлдэгдэлгүй төлсөн. Баримт гаргаад өг гэхээр гаргаж өгөхгүй юм. Төлбөрөө бэлнээр төлье гэж хэлээд би төлж байсан. Би утасны төлбөрийг хаяагүй бүгдийг нь төлсөн. Тэрнээс хойших ярианы задаргаагаа харж байгаад үнэхээр ярьсан байх юм түүнийгээ төлье л гэж байгаа юм. Гэрээ байгуулаад гэрээн дээрээ хатуу зогсоод байх шаардлага байхгүй шүү дээ. Хүнд юу ч тохиолдож болно. Нас барж ч болно. Тэгэхээр танайх нас барьсан хүнээс нэхэмжлэхгүй биз дээ. Би тэтгэвэртээ гарлаа. Төлөх боломжгүй учир төлбөрөө дуусгая гээд бөөнөөр нь төлөөд өргөдлөө бичиж өгсөн. Гэрээгээ хатуу дагахын оронд 5 дугаартай заалтаа үзээрэй. Хэрэглэгч өөрөө хүсэлт гаргах юм бол гэрээг дуусгавар болгож болно гээд заасан байгаа. 200.000 төгрөгийн задаргааг гаргаад өгөөч гэхээр манайх харах боломжгүй гээд байх юм. Тэгэхээр хүнээс нэхэмжилж л байгаа юм бол баримт бичиг нь бүрэн гаргаж өгч үзүүлэх ёстой шүү дээ. Би 30, 40 минут бараг цаг гаран хүлээж байгаад явсан... гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2023/00148 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хариуцагч ******* овгийн *******ын *******гаас 216.292 /хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун ерөн хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 7.140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-тай хийсэн гэрээний бусад гэсэн нөхцөлд зээлдэгч хэрвээ хүсэлт гаргаж гэрээг дуусгавар болгохыг хүсвэл гэрээг дуусгавар болгоно гэсэн заалтыг харгалзаж үзээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор хүсэлт, өргөдлөө ******* ХХК-нд өгч үлдэгдэл төлбөрөө бүгдийг бэлэн мөнгөөр кассанд нь тушаасан байхад яагаад алданги тооцож байгаа юм бэ? Мөн өргөдлийн хариуг өгөөгүй 4 жил болсон учир би тооцоогүй гэж бодож явсан. Ярианы төлбөр, задаргаа жагсаалт анхан шатны баримт байхгүй түүнийг шаардаж үзье гэхэд гаргаж өгөөгүй, шүүхийн зүгээс үзлэг хийж шалгаж өгөөгүй. Энэ шүүхийн шийдвэр нь Ц.*******, Ц.******* гэж 2 хүний нэр орсон. Би уг зээлийг урьдчилаад төлснийг Завхан аймаг дахь ******* салбар нь баталж байгаа учир би тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд байгуулсан гэрээний нөхцөл нь гар утасны дугаараа заавал дараа төлбөрт багц руу шилжүүлээд гар утасны лизинг урьдчилгаагүй болон хүүгийн лизингээр 12-24 сарын хугацаатай гэрээ хийхээр байсан. үүний дагуу харилцагч маань багцын төлбөртэйгөө хамт 24 сарын хугацааг сонгоод 2019 оны 3 сард утасныхаа лизинг аваад 2019 оны 4 сард хаасан боловч гэрээнд заасны дагуу ярианыхаа талыг ашиглаагүй байсан. Гэрээнд зааснаар ярианыхнаа талыг ашиглах гэрээтэй байсан. Гэтэл 2020 оны 1 сард 24 сараа дуусгаагүй багцаа ашиглаагүй учраас манай зүгээс гэрээнд заасны дагуу торгууль тооцсон. Гэрээгээ анх байгуулахдаа гэрээний нөхцөлийг танилцуулаад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2 тал гэрээ байгуулсан. Би ******* ХХК-ийг төлөөлж хуулийн зөвлөхдөө харилцагчийн гомдлын талаар танилцуулсан боловч манай талаас анхнаасаа гэрээ байгуулсан учраас боломжгүй гэдэг хариуг 2, 3 удаа өгсөн. Ярианы билийн хувьд манай салбар дээр сүүлийн 6 сарын бил хадгалагддаг. Харилцагчийн хувьд өөрөө төв рүү холбогдоод мэдээллээ авахдаа би танай байгууллагад гомдолтой байна, салбарын чинь ажилтантай уулзана гээд хариу тайлбар сонсохгүйгээр утсаа таталсан юм байна лээ. 2019 оноос хойш манай дээр авлага үүссэнээс хойш холбоо барих 2 дугаар луу нь холбогдож оршин суугаа хаягт нь мэдэгдэх хуудас явуулдаг. ...2020 оны 1, 2, 3 сарын ярианы төлбөр. Мөн багцаа 24 сар ашиглаагүй учраас торгууль тооцогдоод нийт 265.000 төгрөг бодогдоод манай зүгээс 56.000 төгрөгийг хөнгөлөөд үлдэгдэл нь 216.000 төгрөг болсон. 216.000 төгрөгөөс 110.000 төгрөг нь торгууль үлдэгдэл нь ярианы төлбөр гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******гаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон торгууль нийт 216.292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь гар утасны төлбөрөө төлсөн учир торгууль төлөх ёсгүй гэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.******* нь ******* ******* ХХК-тай гар утас төхөөрөмж хөнгөлттөй болон зээлийн нөхцлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан Mymobi 34800 төгрөгийн багцыг 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтөйгөөр samsung j6plus red маркийн гар утсыг 24 сарын баталгаат хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүйгээр худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.*******д гар утасны төлбөр 699.000 төгрөгийг төлөх, Mymobi багцаа 24 сарын хугацаанд ашиглах үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Талууд энэ талаар маргаагүй байна.

Хэргийн үйл баримтаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас харахад хэрэглэгч нь гар утасны төлбөр, Mymobi багцын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд сар бүр төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь гар утасны төлбөр 699.000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн боловч Mymobi багцаа 24 сарын хугацаанд ашиглах, төлбөрийг сар бүр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Хариуцагч Ц.******* нь гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байна.

Энд үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ц.******* нь гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний үүргийг хүлээн авсан, өөр үүргээр солихоор тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй учир үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, утасны торгуулийн 20 хувь 110.000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заажээ.

Хариуцагч Ц.******* нь гар утасны төлбөр 699.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулсан талаар талууд маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл гар утасны төлбөрөө төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад гар утасны төлбөрийн торгууль гэж хэрхэн яаж тооцсон нь ойлгомжгүй 110.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2023/00148 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******гаас 106.292 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг хариуцагч Ц.*******гаас 7.140 төгрөгийг гаргуулж гэснийг хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулж гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР