| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0177/э |
| Дугаар | 00199 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 00199
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч С.Цэрэндулам, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
иргэдийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар,
хохирогч Б.А ,
хохирогчийн өмгөөлөгч О.Энхсаруул,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Н.Санчиндорж,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С ид холбогдох 163/2018/0177/Э индекстэй, эрүүгийн 1815000000159 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С ийн өгсөн: Энэ хэргийн талаар ярихад хэцүү байна. Мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А ийн өгсөн: Би эрүүл саруул байсан аавынхаа алтан амийг алдаж их гарз хохирол амслаа. Би гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн тухайд буяны ажилд нийт 22 сая гаруй төгрөг зарцуулагдсан. Эхнээсээ буяны ажилд зарцуулагдсан мөнгөнийхөө баримтуудыг сайн цуглуулж чадаагүй. Оршуулгын ажилд болон 49 хоногт нь нийт 10.046.610 төгрөгийн зардал гарсан. Аав маань амьд сэрүүн байхдаа Төрийн банкнаас зээл авсан байсан. Одоо 5.277.729 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ банкны зээлийг төлүүлэх саналтай байна. Ээжийн сэтгэл санаа маш их цочирдож босож чадахгүй, байнга эмчилгээ хийлгэж байгаа. Надад ч бас их хэцүү байна. Тиймээс сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ гэмт хэрэг гараагүй байсан бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Тиймээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг бас нэхэмжилж байна. Ингээд шүүгдэгч Г.С оос нийт 26.324.339 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч Г.С оос 14.500.000 төгрөгийг авсан. Гэхдээ энэ мөнгийг баримтаар гаргаж өгч чадаагүй байгаа буяны ажилд зарцуулсан зардалд тооцсон бөгөөд бидний нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж тооцохгүй гэх мэдүүлэг,
181500000159 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Ц.М ын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******ийнд хүүхдийн үсний найранд Г.С ийн хамт 21 цагийн үед очсон...бид хоёрыг очиход Б нэлээн согтуу байсан. Зарим хүмүүс нь удалгүй явсан, Б ах баруун орон дээр нь унтаад өгсөн. Б ахын эхнэр Ц Б ахыг “явъя” гэхэд ерөөсөө босч ирэхгүй унтаад байсан. ...Г.С бид хоёр “явъя” гэж гараад машинаа асаагаад явах гэтэл машины цонх нэлээн цантсан байсан болохоор машиныг нь нармаалдаад паарыг нь асаагаад орхисон. Бид хоёрыг эргээд гэрт ороход тэр айлын хүмүүс унтах гэж байсан болохоор бид хоёр буцаад гараад ирсэн. Би машины рүль дээр сууж байтал Г.С эргэж ороод талийгаачийг сэргээгээд дагуулаад гараад ирсэн. Тэр хоёр арын суудал дээр суугаад бид 3 хөдөлсөн. Б ахыг хүргээд өгчихье гэж бодоод тэдний гэрийг чиглээд явж байтал Г.С Б г “чи хулгайч, миний малнаас дандаа үгүй хийдэг, ариун цагаан хөдөлмөрөөрөө явж чадахгүй дандаа минийхээс идэж уудаг” гэж хэлсэн. Б гийн гэрийн наахан талд явж байтал Г.С Б г цохиод авах шиг болсон. Г.С Б д үг хаяад, үгээр өдөөд байсан. Б өөдөөс нь юу ч дугараагүй, эсэргүүцээгүй, “чи дандаа намайг тэгдэг” гэж Б хэлсэн. Тэгээд хоорондоо түчигнээд зодолдож эхэлсэн. Би машинаа зогсоогоод Г.С ийг машинаас буулгасан. Г.С гадна “хулгайч, худалч, ариун цагаанаараа явдаггүй, дандаа миний эгчийг зовоож, тамалж байдаг” гээд агсраад машин тойроод гүйгээд байсан. Б арын суудал дээр чимээгүй суугаад байсан. Би хэсэг харзнаад, хүлээж чимээгүй суусан. Тэгэхэд Г.С хэсэг байж байгаад тайвшраад чимээгүй болсон. Би машины кабины гэрлийг асаагаад Б г хартал зүүн нүд нь хөхрөөд хавдсан, хамарнаас нь цус гарсан байсан. Машинаас буугаад Г.С ийг “энэ хар, Б ийм болсон байна. Иймд байдалтай хүнийг яаж гэрт нь хүргэж өгөх вэ” гэхэд Г.С сэргээд ухаан орох шиг болоод юу ч яриагүй машинд суусан. Г.С “манайд очье” гээд Г.С ийн гэрт очсон. Би машинаас буугаад гэрт нь ортол Г.С ийн гэрт эхнэр, охин хоёр нь байсан. Эхнэрт нь машины түлхүүрийг нь өгөөд “Б ахыг Г.С зодчихлоо, нүүр амыг угаахгүй бол болохгүй байх” гэж хэлээд гэрээс нь гарахад Г.С машинаас буучихсан гэртээ орохгүй гэрийнхээ гадаа байсан. Б машинаас буугаагүй сууж байсан. Би өөрийнхөө машиныг асаагаад гэр лүүгээ явсан. Г.С ийн эхнэр, охин хоёр Б г гэртээ оруулсан байх. ...Гэртээ байж байтал Г.С ийн том охин над руу утасдаад “Б ах унтаад босохгүй байна” гэж ярьсан. Тэгээд 15 цагийн үед Г.С ийн гэрт очтол том охин нь хүүхэдтэйгээ байсан. Б г эмч ирээд Улаанбаатар хот руу аваад явчихсан гэж хэлсэн. Би Г.С ийн гэрт байж байтал нэлээн орой харанхуй болсон байхад Г.С ийг нэг залуу сундалж ирсэн. “...Юу болж байна” гээд Г.С ийн охин ээж рүүгээ яриад байх шиг байсан. Нэлээн орой Б г нас барсан талаар Г.С ийн охин надад хэлсэн. Г.С ер нь бол Б г нас барьсан талаар ойлгосон, би Г.С ийг тайвшруулаад хамт тамхи татаад хараад хянаад байж байсан. ...Шөнө дунд цагдаагаас хүн ирээд Г.С ийг аваад явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-н 30-32тал/,
Гэрч М.*******гийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 29 минутанд Дашинчилэн сумын Хараат багийн иргэн Г.С ийнд “Б гэдэг хүн өглөө ирсэн, унтаад сэрэхгүй байна” гэдэг дуудлага ирсэн. 13 цаг 40 минутанд Г.С ийн гэрт очсон. Б г Г.С ийн байшингийн арын өрөөнд орон дээр хэвтүүлж хөнжлөөр хучсан байдалтай, талийгаачийн гадуур хувцасыг тайлсан, өмд пудволктой байсан. Талийгаачийн биеийн байдал маш хүнд ухаангүй, хурхирсан байдалтай, хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн, зовхинд цус хуралттай хавдсан, хамраас нь цус гараад ам руугаа орсон байдалтай байсан. Биед ил харагдах гэмтэл мэдэгдэхгүй байсан. Дагзны ар хэсэгт хатуу зүйл тэмтрэгдэж байсан. Гэмтэл мөн эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тархинд хагарсан зүйл байхгүй байсан. Тэгээд яаралтай тусламж үзүүлж тархины хавангаас сэргийлж, тархи сэргээх үрэвслийн эсрэг тарианууд хийсэн. Цус тогтоох, зүрх судас дэмжих эмчилгээнүүд хийж давсагт катетр тавьж шээсийг гадагшлуулсан. Тэгээд ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөж биеийн байдал тогтворжсоны дараа 17 цаг 09 минутанд Улаанбаатар хот руу Г.С ийн “Ланд” маркийн машинаар явсан. Машиныг талийгаачийн хүү Б.А жолоодож, эхнэр Ц, сувилагч Эрдэнэбулган нарын хамт Улаанбаатар хот руу хөдөлсөн. Машин дотор хэвтээгээр нь байрлуулж судсанд уян зүү тавьж эмчилгээг үргэжлүүлэн хамрын гуурсаар хүчилтөрөгч өгч тээвэрлэж явсан. Улаанбаатар хотын наахан талд 22-ын товчоо ороод явж байтал биеийн байдал муудаж амьсгал зүрх судас зогссон. Зохиомол амьсгал хийж, зүрхэнд шууд бус иллэг хийсэн боловч сэргээгүй, 22 цагийн үед нас барсан. Тэгээд ар гэрийнхэнтэй нь ярилцаж байгаад нэгэнт нас барсан болохоор буцаад сумын төв авч явъя гээд буцаад сумын төвийн эмнэлэг дээр 04 цаг 30 минутын үед ирсэн гэх мэдүүлэг /хх-33-35 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-нд 05 цаг 55 минутанд ирсэн. Би тэр үед том охин *******, бага хүү Будрагчаа нарын хамт унтаж байсан. М ах орж ирээд машины түлхүүр өгөөд “энэ түлхүүрээ ав, Б ахыг оруулаарай” гэж хэлээд гарсан. Тэгээд би босоод байж байтал Г.С орж ирсэн. Охинтойгоо хамт Б ахыг оруулах гээд гартал машины арын суудлын голд маягтай хойшоо налаад суугаад ухаангүй унтаж байсан. Охин бид 2 өргөж оруулах гээд дийлэхгүй байхаар нь охиныгоо ороод “аавыгаа дууд, гаргаад ир” гэсэн чинь манай охин “аав үүдний өрөөний сандал дээр сууж байна” гээд Г.С ийг дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид 3 хамт Б ахыг өргөөд гэртээ оруулаад дийлэхгүй гал тогооны шалан дээр эхэлж хэвтүүлсэн. Үүр цайгаад гэгээ орж байхад манай хонь бэлчсэн байхаар нь би хонио эргүүлэх гэж яваад 10 орчим минут болоод эргээд ирэхэд охин, нөхөр хоёр Б ахыг өргөөд арын жижиг өрөөнд орон дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд бид нар унталгүй Б ахыг хараад байж байтал Г.С мотоциклоо унаад яваад өгсөн. Хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тэгээд 09 цаг өнгөрч байхад Б ахын амьсгаа нэг л сонин хурхираад байгаа ч юм шиг байхаар нь сэрээх гээд сэрэхгүй болохоор нь би өөрөө машинаараа очиж Б ахын эхнэрт нь хэлсэн. Тэгээд Ц эгчтэй ирээд Б ахыг сэрээх гэхэд сэрэхгүй болохоор сумын төв рүү эмч дуудсан. Удалгүй ******* гэдэг эмч ирсэн. Эмч ирээд тариа хийгээд сэрэхгүй байсан болохоор ярилцаж байгаад Улаанбаатар хот руу авч явахаар болоод хот руу манай машинаар Б ахыг аваад явсан. Улаанбаатар хот руу ороод 22-ын товчоо өнгөрөөд явж байтал Б ах амьсгал хураасан. Хиймэл амьсгаа хийгээд сэргээгүй. Тэгээд буцаад сумын төв рүү авч явахаар болсон гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Гэрч А.*******ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай зээ хүүгийн үсний найранд 16 цагийн үед Б эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Г.С , Б 2 харанхуй болсон байхад эрүүл манайд ирсэн. Б гийн эхнэр хүүхэд түрүүлээд явсан. Тэгээд манайд архи, айраг ууцгааж нэлээн халцгаасан. Г.С халсан, над руу үг хаяад “та их зантай” гээд юм яриад байсан. Тэгээд М , Г.С ийг “чи согтож байна, гурвуулаа явъя, Б г би хүргээд өгчихье” гээд тэр гурав явсан. М тухайн үед нэг их уугаагүй гайгүй байсан. Б унтаад архи нь гараад эрүүлжиж байсан. М машин барьж байсан. Г.С , Б 2 ард суух шиг болсон. Тухайн үед үүрийн 4-5 цаг болж байх шиг байсан. ...Б г нас барсан талаар өнөөдөр талийгаачийн охиноос мэдсэн. Юу болсон талаар бэрээс нь асуухад “хоорондоо зодолдсон юм шиг байна, танайд байхдаа зодолдсон уу” гэж асуусан би “тэр 3 манайд байхад зодолдсон, маргалдсан зүйл байхгүй” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Гэрч С.*******ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед талийгаач бид хоёр *******ийнд очсон. Тэднийд ах дүү хамаатан садан, худ гээд зөндөө хүн байсан. Тэгээд намайг байж байтал манай хажуу талд байдаг дунд хүү Б.А сумын төв явах гэж байна гээд 2 хүүхдээ *******ийн гэрт авчирч надад үлдээгээд эхнэр Мөнхтуяагийн хамт сумын төв яваад өгсөн. Би хоёр хүүхдийг нь харж байхад бага охин нь унтаад 22 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Тэгэхээр нь би хоёр хүүгээ аваад өөрийнхөө машинаар гэр лүүгээ явсан. ...Намайг явах гэж байхад Г.С , М хоёр тэднийд эрүүл ирсэн. Тэр хоёрыг ирээд удаагүй байхад би явсан. Би нөхөртэйгээ “хамт явъя” гэж байгаад “за ойрхон юм чинь араас хүрээд ирнэ биз” гэж бодоод яваад өгсөн. Манай нөхөр нилээн халамцуу үлдсэн. Тэгээд би гэртээ хариад унтсан. Б г би тэднийд “хонож байгаа юм байна” гээд тоогоогүй. Өглөө босоод яаралгүй 10 цаг өнгөрөөгөөд *******ийнд очсон чинь манай нөхөр байхгүй, шөнө Г.С , М тэр гурвыг хамт явсан гэж хэлсэн. Тэгээд “Г.С ийнд байгаа юм байна” гэж бодоод гэртээ иртэл Г.С ийн эхнэр ******* манайд ирсэн байсан. Би “Б ах чинь ирээ юу” гэж асуутал “ирээгүй, Б ах нэг л сонин хурхираад унтаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******г дагаад өөрийнхөө машинтай тэднийд очсон чинь Г.С үүдний жижиг өрөөний орон дээр эвгүй хурхираад унтаад байсан. Тэгээд би “эмч дуудъя” гээд хүүхдүүддээ хэлсэн. Удалгүй эмч ирсэн, манай хүүхдүүд ч ирцгээсэн. Намайг очиход Б гийн зүүн нүд нь нилээн хөхөрч хавдсан байдалтай байсан. Намайг очиход Г.С ийн том *******, бага хүү Будрагчаа 2 байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд юу болсон талаар асуухад “үүрийн 06 цагийн үед М , Г.С , Б гурав машинтай ирсэн, манай нөхөр надад хэлэхдээ би Б ахыг зодчих шиг боллоо гэж хэлсэн” гэж ******* надад хэлсэн. Тухайн үед Г.С байхгүй байсан, хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд удалгүй эмч ирж үзлэг хийгээд манай нөхөр сайжрахгүй, ухаангүй хэвээрээ байсан. Тэгээд эмч Соёолмаа бид нар хоорондоо зөвлөлдөөд Улаанбаатар хот руу авч явахаар болоод Г.С ийн “ланд”-тай манай хүү Б.А машиныг жолоодоод эмч Соёолмаа, сувилагч Эрдэнэбулган бид нар Улаанбаатар хот руу талийгаачийг аваад явсан. Замдаа эмчилгээ хийгээд яваад байсан, сэргэхгүй явсаар байгаад Улаанбаатар орохын наад талд 22-н товчооны ойролцоо амьсгал хурааж нас барсан. Тэгээд нэгэнт нас барсан учир эргүүлээд сумын төв рүү авчирсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-47-50 тал/,
Гэрч С.*******ын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед манай ойролцоо байдаг Мягаа ах аавтай утсаар яриад “*******ийнх хүүхдийн үс авч байгаа гэнэ, хоёулаа очих уу гэж надад хэлсэн” гээд аав ээжид хэлсэн. Тэгэхэд нь ээж “хоол хийж байхад хоолоо идчихээд явахгүй юм уу” гэхэд аав хоолоо идчихээд Мягаа ахыг орж ирэхэд нь цуг явсан. Ээжийг цуг явуулах гэснээ манай нялх хүүхэд уйлаад байхаар нь явуулаагүй. Тэгээд нэг сэрэхэд үүрээр Мягаа ах орж ирээд ээжид машины түлхүүрийг өгөөд “нөгөө Содоо чинь Б г зодчихлоо” гэсэн. Тэгээд ээж бид хоёр гараад машины хаалга онгойлгосон чинь Б ах хойд суудал дээр суугаад нүдээ анисан байдалтай байсан. “Б ахаа” гээд дуудахад ерөөсөө дуугарахгүй суугаад байсан. Тэгэхээр нь би цээжнээс нь, ээж хөлнөөс нь өргөөд гэрт оруулаад хэвтүүлсэн. Ээж бид 2 алчуураа норгоод цусыг нь жаахан арчаад гал түлээд байж байхад аав гарч ороод тамхи татаад байсан. Тэгээд Ц эгч ирээд “наад Б ах чинь нэг биш, хурхираад байна” гээд эмч рүү дуудлага өгсөн. Тэгээд хүүхдүүд нь ирсэн. Машиныг Мягаа ах барьж ирсэн байх, ээжид түлхүүрийг нь өгч байсан. Өглөө үүрээр 06 цагийн үед ирсэн. Аав их согтуу байсан, согтохоороо ээжийг загнаад байдаг юм. “Аав нь Б ахыг нь ганц нэг цохисон” гэж хэлж байсан. Би энэ хоёрын муудалцаж зодолдохыг нь мэдэхгүй, хараагүй. Архийг хааяа нэг уудаг. Уухаараа ээж болон бид нарыг их загнадаг, үглэдэг юм. Тэрнээс цохиж зодоод байдаггүй гэх мэдүүлэг /хх-53-55 тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би гэртээ байж байтал миний гар утас руу манай ээж Ц өөрийн гар утаснаас залгаад “аав чинь унтаад сэрэхгүй байна, түргэн дуудаарай” гэж хэлэхээр нь би сумынхаа түргэнд мэдэгдээд аавын гэр лүү очсон чинь аав, ээж хоёр гэртээ байхгүй байхаар нь аавын гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд ойролцоогоор 1 км зайд байдаг хамаатаны ах Г.С гэдэг айлд очиход аав Г.С ахын байшингийх нь үүдний тампарын арын модон орон дээр дээл нөмөрчихсөн ухаангүй хэвтэж байсан. Тэгээд аавыг хартал аавын зүүн талын нүд нь хавдаад юм харахааргүй болчихсон, зүүн талын шанаа хэсэг нь цаашаагаа хонхойсон байдалтай байсан. Удалгүй миний араас түргэн ирсэн, түргэний эмчээр ирсэн эмч манай аавд эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу авч явах шаардлагатай гэсэн. Тэгээд орой 17 цагийн үед Улаанбаатар хот руу сумынхаа түргэний эмчийн хамт явсан, явж байгаад Улаанбаатар хотын наана байдаг шинэ 22-ын товчооны ойролцоо явж байтал аав маш өндөр халуураад удалгүй аав нас барсан гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,
Гэрч Б*******гийн өгсөн: Намайг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумын төв дээр байж байхад 11 цагийн орчимд хадам ээж Ц утсаар яриад аав чинь Г.С ийн гэрт эвгүй унтаад байгаа талаар ******* яриад байна “би очиж үзээд хэлье” гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад дахин утсаар залгаад “эмч дуудаарай” гэж хадам ээж хэлсэн. Тэгээд сумын төвөөс утсаар эмнэлэгт дуудлага өгөөд Г.С ийн гэрт очиход зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, ухаангүй хурхираад унтсан байдалтай байсан. Миний харснаар хамар, амнаас нь цус гоожоод арчсан байдалтай байсан. Тэгээд сүүлд нь талийгаачийн дээлийг нь үзсэн чинь урд энгэр, энгэрийн урд хэсгийн оёдлыг дагаад цус урссан байдалтай байсан. Өмсөж байсан цамц нь цэвэрхэн толбо гэх зүйл байхгүй байсан. ******* эгч өглөө нь угааж цэвэрлэсэн гэсэн. Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах замд нас барсан, ингээд талийгаачийг замаас нь буцаагаад Дашинчилэн сумын эмнэлэг дээр авчираад моргод хийсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,
Гэрч Б.А ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд талийгаач аав Ү.Б г Булган аймгийн Дашинчилэн сумын нэгдүгээр багийн “Хараатын ар” гэх нэртэй газарт байдаг Г.С гэх айлд унтаад байгаа талаар ******* нь манай гэрт ирж манай ээж Цд хэлсэн байсан. Тэгээд ээж надруу утсаар “аав чинь Г.С ийн гэрт нэг л эвгүй унтаад байна, чи эмнэлэг дуудчих” гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед эмнэлэг рүү мэдэгдээд Г.С ийн гэрт ирэхэд талийгаач аав унтаад байсан. Тэгээд удалгүй сумын төвөөс эмч ирээд эмч тариа хийж байгаад шууд Улаанбаатар хотруу авч явахаар болсон. Тэгээд Г.С ийн хувийн машинаар Улаанбаатар хот руу ээж, би, эмч сувилагч нарын хамтаар авч явах замд нас барсан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
Гэрч Ц.*******ын өгсөн: Г.С гэдэг хүнийг танина. Манай гэр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутагт нутагладаг. Манай аав хөдөө мал малладаг. Би Дашинчилэн суманд төрж өссөн, 2013 оноос ******* гэдэг айлын хүргэн болсон. Г.С ахыг сайн танина нэг голын хүмүүс байгаа юм. Би эхнэр *******гийн хамт Улаанбаатар хотод амьдардаг бөгөед бид хоёр нэг хүүтэй. 2018 оны 10 caрын 12-ны өдөр манай хүүгийн үсний найр болсон. Тэгээд эхнэр бид хоёр Улаанбаатараас ирээд хүүгийнхээ үсний найрыг хадам аав буюу Төмөрчөдрийн гэрт нь хийсэн. Tyxaйн өдөр тэр хавийн хүмүүс болон манай хадам талын хүмүүс, манай аав, ээж бүгд ирсэн. Өдөрхөн тийш 15 цагийн үед л байх, манай хадмын урдхан талд байдаг Б гэдэг ах эхнэртэйгээ ирсэн. Тэр үед хүмүүс зөндөө байсан. Б ах ирээд орой болтол байсан. Орой харанхуй болсон байсан хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна, 21 цагийн үед Г.С , М гэдэг ахын хамт Г.С ахын машинтай ирсэн. Тэр хоёрыг ирэх үед ер нь хүмүүс явцгаасан байсан бөгөөд манай аав, ээж, Жанчивмаа эгч, аавын эгч' Цэрэннадмид, манай эмээ Найдансүрэн байсан, хадмын талаас хадам аавын ардхан талд байдаг Лхагвадорж ах, хадам аав, ээж хоёр байсан. Г.С aхыг ирээд удаагүй байхад манай эмээ, аав, аавын эгч нар яваад өгсөн. Манай ээж машинд унтаад үлдсэн. Гэрт манай хадам аав, ээж хоёр Лхавадорж ах, талийгаач Б ах эхнэртэйгээ, М ах, Г.С ах, манай эхнэр бид нар үлдсэн. Манай хадам аав, ээж, Г.С ах, М ах, Лхагвадорж ах нар суугаад ууж идээд дуулалдаад сууцгаасан. Манай эхнэр гэрт байсан. Тэгээд Ц эгч хоёр ач хүүтэйгээ явна гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн, бусад нь үлдсэн. Тэгээд нэлээн орой 00 цагийн үед манай ээж гэрлүүгээ машинаа бариад явлаа гээд байхаар нь “та машинаа барьж явж чадах юм уу, ганцаараа яаж явах гээд байгаа юм бэ, хоёулаа хамт явъя” гэж хэлээд би гэрлүү орж хадам аав, ээж, эхнэртээ хэлчихээд ээжтэй хамт хөдөө гэрлүүгээ явсан. Тэд нар дуулалдаад суугаад үлдсэн. Бүгд нэлээн халцгаасан байсан. Манай хөдөөний гэр 10 гаран км зайтай байдаг гэрлүүгээ яваад нөгөөдөр нь ирсэн. Маргааш нь би Б ахыг нас барсан талаар сонссон, юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Г.С ах Б ахыг зодсон юм шиг байна гэж сонссон гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,
Гэрч Т.*******гийн өгсөн: ...2018 оны 10 сарын 12-ны өдөр манай хүүгийн үсний найр болсон. Тэгээд нөхөр бид хоёр Улаанбаатараас ирээд хүүгийнхээ үсний найрыг манай хөдөө байдаг гэрт хийсэн. Тухайн өдөр тэр хавийн хүмүүс болон манай хадам талын хүмүүс бүгд ирсэн. Манай урдхан талд байдаг Б гэдэг ах эхнэртэйгээ ирсэн. Б ах ирээд орой болтол ...21 цагийн үед Г.С , М гэдэг ахын хамт Г.С ахын ногоон өнгийн жийп машинтай эрүүл ирсэн. ...Г.С ахыг ирээд удаагүй байхад Б ахын эхнэр Ц эгч хоёр хүүхэдтэйгээ явсан. ...Манайд аав, ээж, Лхагвадорж ах, хадам ээж, Г.С ах, Б ах, М ах нар үлдсэн. ...Тэд нар суугаад ууж идээд дуулалдаад сууцгаасан. Бүгд л архи, айраг ууж нэлээн согтоцгоосон байсан. ...Тэгээд Г.С ах, М ах хоёр явахаар гарч машинаа асаагаад халаагаад байх шиг байсан. М ах эргэж орж ирээд Б ахыг сугадаад гарсан шиг санаж байна. Манай аав, Лхагвадорж ах хоёр гаргаж өгөөд явуулсан санагдаж байна. М ахыг машинаа бариад явлаа гэж байх шиг байсан. Б ах манайд байхдаа хэсэг унтаад сэргэсэн. Г.С ах, М ах хоёр ч бас согтсон байсан гэх мэдүүлэг /хх-63-64 тал/,
Шүүгдэгч Г.С ийн яллагдагчаар өгсөн: ...М ах над руу 20 цагийн үед утсаар яриад “*******ийн хүүхдийн үсний найранд очих уу” гэхээр нь би “тэгье” гэсэн, тэгээд М ах манайд удалгүй өөрийнхөө “Портер” машинтай ирсэн. Манайд ирж хоол идээд *******ийн гэр лүү миний “Ланд 105” маркийн машинтай би өөрөө машинаа жолоодоод явсан, М ах манайд машинаа орхиод явсан. *******ийн гэр манайхаас 4-5 орчим км зайтай байдаг, бид хоёрыг очих үед *******ийн охины хүүгийн үсний найр болж байсан бөгөөд ...өмнө ирсэн хүмүүс нь явцгаасан цөөхөн хэдэн хүн байсан. ...М ах бид хоёр эрүүл очсон бөгөөд бид хоёрыг очих үед тэнд байсан хүмүүс бүгд халцгаасан байсан. Тэгээд бид нар айраг архи ууж, хоол унд идээд дуулж наргиад сууцгаасан. Тэр үед талийгаач нэлээн согтсон байсан болохоор хэсэг унтаадахъя гээд баруун орон дээр унтсан. ...*******, Лхагвадорж, М ах, бид нар 4-5 шил архи, хажуугаар нь айраг ууж 04 цаг хүртэл сууцгаасан. Тэгээд цаг ч нэлээн орой болсон, бид нар ч нэлээн согтсон байсан. Тэгээд М ах бид хоёр явахаар болоод гарч бие засчихаад явах гэтэл машины цонх нэлээн цантсан байсан болохоор машинаа асааж халаасан. Тухайн үед талийгаач унтаж байсан бөгөөд М ах бид хоёр “талийгаачийг хүргэж өгье” гээд би эргэж ороод баруун орон дээр дээл хувцастайгаа унтаж байхад нь босгоод, сугадаж тэврээд гэрээс гаргаж ирсэн. Тэгээд талийгаачийг машиныхаа зүүн арын хаалгаар, би өөрөө баруун арын хаалгаар орж суугаад М ах миний машиныг бариад хөдөлсөн. ...Тэгээд *******ийн гэрээс хөдлөөд талийгаачийг хүргэж өгөх гээд тэдний гэрлүү чиглээд явсан. Замдаа би талийгаач руу “та дүүгээрээ оролдоод байгаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач миний өөдөөс “би тэгж буяндаа бузар хийхгүй шүү” гээд бид хоёр хоорондоо маргалдаад хоорондоо барилцаж аваад ноцолдож би эхлээд талийгаачийн нүүр лүү баруун гараараа цохисон. Тэгэхэд машин зогсоод М ах намайг машинаас татаад буулгасан, би тухайн үед балмагдаад машины гадна орилж машинаа тойроод алхсан. Тэгтэл М ах машины кабины гэрэл асаагаад “энэ хүнийг хар” гээд намайг тайвшруулаад талийгаачийг харуулахад талийгаачийн зүүн нүд нь хөхөрч хавдаад хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд “энэ хүнийг яаж ийм байдалтай гэрт нь хүргэх вэ” гээд манайд очиж хонохоор болоод би арын суудал руу орж суугаад бид 3 манайх руу очсон. Би машинд суугаад явж байтал талийгаач “ахыгаа уучлаарай” гээд надаас уучлал гуйсан, би ч талийгаачаас “уучлал” гуйгаад бид хоёр гар барьж байсан санагдаж байна. Би гайгүй тайвшраад хүн цохчихлоо яанаа гээд шаналаад санаа зовсон. Надад хэцүү байсан. Тэгээд манайд очиход манай эхнэр том охин хоёр унтаж байсан, М ах буугаад машины түлхүүр эхнэрт өгчихөөд Б ахыг намайг зодсон тухай хэлээд манай эхнэрт Б ахыг оруулаарай гэж хэлчихээд өөрийнхөө машиныг унаад яваад өгсөн. …Тухайн үед 06 цаг орчим болж байсан байх гэгээ орох гээд туяарч байсан үе. Тэгээд эхнэр, охин, бид гурав талийгаачийг өргөөд гэрт оруулж нүүр ам нь цус болсон байсан болохоор цусыг нь цэвэрлэж орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаачийн биеийн байдал хүнд дуудаад сэргэхгүй унтаад байгаа юм шиг сонин байсан. ...Би Баяннуур сум руу мотоцикльтой яваад ...намайг гэрт ирэхэд манай охин, бага хүү хоёр байсан. Эмч ирээд талийгаачийг Улаанбаатар луу авч явсан, манай эхнэр бас хамт миний машинаар явсан гэж байсан. Тэгээд байж байтал оройхон 22 цагийн үед манай охин руу манай эхнэр залгаад талийгаачийг нас барсан талаар хэлсэн юм шиг байсан. Манай охин уйлаад байхаар нь би тэгж ойлгосон юм. Тэгэхэд талийгаач нас барсан юм шиг байсан. Надад маш хэцүү байсан болохоор өөрийгөө тайвшруулж гэрт байсан нэг шил архи уугаад унтаж байтал цагдаа нар ирж намайг аваад явсан…би өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байна. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-115-117 тал/,
Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн
1.Магадлуулагч Г.С нь 43 настай, эрэгтэй, биеэ авч явах чадвартай, ухаан саруул. Асуултанд тодорхой хариулна. 8 дугаар анги төгссөн гэх Сэтгэцийн хувьд ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй. Өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй.
2.Магадлуулагч Г.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухайн үйл явдлыг өөрөө тодорхой ярина. Хүргэн ах Ү.Б тай маргалдаж толгой руу нь цохисон. Б г машинаас буулгах гэтэл бууж чадахгүй хачин байгаад байсан гэж ярина. Өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай.
3.Магадлуулагч Г.С нь сэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чадвартай болно гэх дүгнэлт /хх-ийн 67 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10
дугаар сарын 19-ний өдрийн 149 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Г.С ...” гэж хаяглан ирүүлсэн цусанд 1,9% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 73 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 148 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Б 50 настай...” гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй гэх дүгнэлт гэх дүгнэлт /хх-ийн 76 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6035 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн дээлэнд ханзралт шинээр, түлэгдэлт хуучин эдэлгээний явцад гарсан, бор шаргал цамцанд гогдолт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 79 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6034 тоот:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ноосон малгайнд 40 мм, 35 мм, хөх өнгийн даавуун өмдөнд 60мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалтууд гарсан байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн дээлэнд 220мм, хөх өнгийн даавуун өмдөнд 200мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.
3.Түүнчлэн хөх өнгийн даавуун өмдөнд 230х60мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт гарсан байна.
4.Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай хүрэн цамцанд 300мм, 302мм, 404мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.
5. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй.
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11
дүгээр сарын 05-ний өдрийн 70 тоот:
1.Талийгаач Ү.Б гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн ухархайн дээд ханын олон сэлтэрхийт хугарал, их тархины суурин хэсгийн зүүн урд артерийн судасны тасрал, зүүн зовхи, зүүн, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, их тархины дух, чамархай, суурин хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн суурийн хэсэг, зүүн сильвиевийн ховил дагуух аалзан бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, зүүн духны хөндийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархи шилжилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрхи гэмтэл нь үхэлд нөлөөлсөн болно.
4.5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6.Талийгаач Ү.Б нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 101 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10970 тоот:
1.Шинжилгээнд “Г.С ” гэж хаяглан ирүүлсэн ба саарал өнгийн дээл, улбар шар дурдан бүс, цайвар саарал ноосон цамц, ногоон эрээн өмд, хар өнгийн тэлээ, хар өнгийн 1 хос савхин гутал, мөр ханцуй шар оруулгатай, цэнхэр шар шоотой срочкин цамц ба бор шаргал өнгийн болон ногоон шар өнгийн суудлын бүрээс, 30смх12см хэмжээтэй саарал өнгийн суудлын бүрээс, бор хүрэн өнгийн дээл, үзмэн ягаан өнгийн фудволк, хар хөх өнгийн даавуун өмд, хөх саарал судалтай ноосон дотуур өмд, хар өнгийн куртик, цайвар өнгийн 2 ширхэг хөлийн ороолт, 1 хос эсгий түрийтэй савхин гутал дээр шүлс, үрийн шингэн үс илрээгүй.
2.Бор шаргал өнгийн болон ногоон шар өнгийн суудлын бүрээс, 30смх12см хэмжээтэй саарал өнгийн бүрээс, үзмэн яагаан өнгийн футволк, хар хөх өнгийн даавуун өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.
3.Бор шаргал өнгийн болон ногоон шар өнгийн суудлын бүрээс, 30смх12см
хэмжээтэй саарал өнгийн суудлын бүрээс, үзмэн яагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн даавуун өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус. Дээрхи илэрсэн цус нь Ү.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 107 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11, 13-22 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-25 таал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт, иргэний үнэмлэхний лавлагаа болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-118-146 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-151-152 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчийн иргэний нэхэмжлэлийн баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг таниулж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.С нь Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хараат” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 05-06 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “малын хулгайч, ариун цагаан хөдөлмөрөөрөө явж чадахгүй хүний мал идэж уудаг” гэх шалтгаан гарган тус сумын иргэн Ү.Б г зодож, амь насыг хохироосон гэм буруутай болох нь “эрүүл саруул байсан аавынхаа алтан амийг алдаж их гарз хохирол амссан” талаарх хохирогч С.Б.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “талийгаач Ү.Б , Г.С , Ц.М нар нь хүүхдийн үсний найранд ирээд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өглөө үүрээр машинтай хамт явсан” талаарх гэрч А.*******, Ц.*******, Т.******* нарын, “Г.С , Ү.Б г чи хулгайч, ариун цагаан хөдөлмөрөөрөө явж чадахгүй байна гэж машинд сууж байхад нь зодсон” талаарх гэрч Ц.М ын, “Ү.Б нь зодуулсаны дараа ухаангүй, хурхирч унтаа байдалд орсон, түүний зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай Г.С ийн гэрт хэвтэж байсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч сэргээгүй, замдаа нас барсан” талаарх гэрч М.*******, Б.*******, С.Ц, С.*******, Б.*******, Б******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, талийгаач Ү.Б гийн нас барсан шалтгааныг тогтоосон “цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн ухархайн дээд ханын олон сэлтэрхийт хугарал, их тархины суурин хэсгийн зүүн урд артерийн судасны тасрал, зүүн зовхи, зүүн, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, их тархины дух, чамархай, суурин хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн суурийн хэсэг, зүүн сильвиевийн ховил дагуух аалзан бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, зүүн духны хөндийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархи шилжилт бүхий гэмтэл тогтоогдож, талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт болон түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Бор шаргал өнгийн болон ногоон шар өнгийн суудлын бүрээс, 30смх12см хэмжээтэй саарал өнгийн суудлын бүрээс, үзмэн яагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн даавуун өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач Ү.Б гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10970 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.А , гэрч А.*******, Ц.*******, Т.*******, Ц.М , М.*******, Б.*******, С.Ц, С.*******, Б.*******, Б******* нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, талийгаачийн цогцост үзлэг хийж нас барсан шалтгаан болон хэргийн ул мөр түүний хамаарлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Өөрөөр хэлбэл амь хохирогч Ү.Б нь зодуулсан даруйдаа ухаангүй, хурхирч унтаа байдалд орсон, эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээг үргэлжлүүлсэн боловч сэргээгүй талаарх гэрч нарын мэдүүлэг, цогцост хийсэн шинжилгээгээр илэрсэн их тархины дух, чамархай, суурин хэсгийн хатуу хальсан доор үүссэн цусан хураа, тархи дарагдал зэргийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд талийгаачийн биед учирсан их тархины зүүн урд артерийн судасны тасрал, их тархины дух, чамархай, суурин хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их тархи бөмбөлөгийн суурийн хэсэг, зүүн сильвиевийн ховил дагуух аалзан бүрхүүл доорхи голомтлог цус харвалт зэрэг гэмтэл нь амь аврагдах боломжгүй гэмтэл байсан гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.С ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн тул хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч нь талийгаачийн оршуулга, буяны үйл ажиллагаатай холбоотой гарсан зардалд 10046610 төгрөг, Төрийн банкнаас авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 5277729 төгрөг, өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 1000000 төгрөг, гэр бүлийн гишүүдэд учирсан сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, нийт 26324339 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад
оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардалд 3221410 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд авсан барааны үнэ 1535000₮, 260000₮, 855000₮, 89760₮, 25200₮, 38000₮, 4500₮, 15000₮, 99200₮, 10850₮, 215500₮, 65000₮, 8400₮/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд /2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн бинзений үнэ/ 77490 төгрөг, нийт 3298900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авсан барааны үнэ 3316100 төгрөг /2242500₮, 95600₮, 613000₮, 67500₮, 70000₮, 227500₮/, бинзений үнэ 78100 төгрөг /2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20000₮, 22000₮, 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 9500₮, 26600₮/, 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хүнсний зүйлийн үнэ 10310 төгрөг буюу нийт 3404510 төгрөгийн нэхэмжлэл нь цаг хугацаа, агуулгын хувьд оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардалд хамааралгүй, мөн 3343200 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд нь /2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд авсан барааны 20000₮, 1080000₮, 1859000₮, 113000₮, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авсан барааны үнэ 235200₮, 36000₮/ нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн баримтын зарим нь /хэн хаанаас авсан болох нь тодорхойгүй, хүлээлгэн өгсөн хүний нэр байхгүй, тамга тэмдэггүй, цаг хугацааны хувьд хамааралгүй гэх мэт/ нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч ийм хэмжээний оршуулгын зардал гарна гэдгийг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул шүүх оршуулгын зардалд 14500000 төгрөг төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 1000000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 5277729 төгрөгийг дараахь үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Хохирогч Б.А ийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна.
Түүнчлэн хохирогчийн Төрийн банкны өр зээлийн тодорхойлолтод үндэслэн нэхэмжилж буй 5277729,76 төгрөг нь Иргэний хуульд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй үүрэг бөгөөд гэм хор учруулсанаас үүсэх үүрэгт мөн хамаарахгүй юм.
Хохирогч нь шүүхээр шийдвэрлүүлээгүй оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардлынхаа үлдэх хэсгийг болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.С ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Харин түүний хувийн байдлын талаархи гэрч Ц.Мөнх-Одын өгсөн “ах маань дөлгөөн, үг дуу цөөтэй, хүнд тусархуу зантай, дүү нарыгаа бүгдийг нь тусад нь гаргасан гэж хэлж болно... Архи тамхи хэрэглэдэг, архи уухаараа ямар нэг ааш авир гаргаад байдаггүй...сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчин болж байсан, багаасаа мал маллаж байгаа хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-56-57 тал/, Булган аймгийн Дашинчилэн сумын нэгдүгээр багийн Засаг даргын “Гантөмөр овогтой Г.С нь ам бүл 6, эхнэр, 8-21 насны 4 хүүхдийн хамт амьдардаг...төлөв даруу зантай, баг хамт олны дунд нэр хүндтэй, 2010 онд “Улсын сайн малчин” цол тэмдгээр шагнагдсан, тус багийн тэргүүний малчны нэг юм” гэх тодорхойлолт /хх-122 тал/, Улсын сайн малчны өргөмжлөл, шагналууд /хх-144-146 тал/ болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.С ийн цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см х12 см хэмжээтэй саарал өнгийн суудлын бүрээсний хэсэг, бор шаргал өнгийн суудлын бүрээс, талийгаач Ү.Б гийн өмсөж байсан гэх бор өнгийн хөвөнтэй дээл, бор өнгийн пудволк, хөх өнгийн даавуун өмд, хөх өнгийн судал бүхий хөвөнтэй дотуур өмд, саарал өнгийн түрийтэй бакалан хос гутал, шаргал өнгийн хөлийн хос ороолт, хар өнгийн дотоож, хар өнгийн хөвөнтэй малгай, шүүгдэгч Г.С ийн өмсөж явсан гэх саарал өнгийн хөвөнтэй дээл, шаргал өнгийн ноосон цамц, бор шаргал өнгийн урдаа товчтой даавуун цамц, ногоон эрээн өнгийн даавуун өмд, хар өнгийн түрүүтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Г.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ийг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.С ид оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14500000 /арван дөрвөн сая таван зуу мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6277729 /зургаан сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхээр шийдвэрлүүлээгүй оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардлынхаа үлдэх хэсгийг болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 28 см х12 см хэмжээтэй саарал өнгийн суудлын бүрээсний хэсэг, бор шаргал өнгийн суудлын бүрээс, талийгаачийн өмсөж байсан гэх бор өнгийн хөвөнтэй дээл, бор өнгийн пудволк, хөх өнгийн даавуун өмд, хөх өнгийн судал бүхий хөвөнтэй дотуур өмд, саарал өнгийн түрийтэй бакалан хос гутал, хөлийн шаргал өнгийн хос ороолт, хар өнгийн дотоож, хар өнгийн хөвөнтэй малгай, шүүгдэгч Г.С ийн өмсөж явсан гэх саарал өнгийн хөвөнтэй дээл, шаргал өнгийн ноосон цамц, бор шаргал өнгийн урдаа зургаан товчтой даавуун цамц, ногоон эрээн өнгийн даавуун өмд, хар өнгийн түрүүтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эд мөрийн баримт устгасан актыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.С ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
М.ЭРДЭНЭ-ОЧИР