Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00206

 

    Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогчийн өмгөөлөгч С.Чулуунцэцэг,

        шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Б.Энхболд,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шовогт М.Д д холбогдох 163/2018/0171/Э индекстэй, эрүүгийн 1815001410185 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн “Авъяас” ерөнхий боловсролын сургуульд нийгмийн багш ажилтай, ам бүл 3, ял шийтгэгдэж байгаагүй, Шовогт М.Д  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д гийн өсгөн:  Би 2018 оны 05 дугар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд ах *******, хохирогч М.Д , түүний хоёр хүүхдийн хамт тавуулаа явсан. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд явж байгаад замын хажуу руу онхолдож, осол гаргасан. Осол гаргасан даруйдаа манай ах болон би түргэн тусламж, цагдаа дуудсан. Осол болсноос хойш 5-6 минутын дараа эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирээд хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очиж үзлэг, шинжилгээ хийж байтал хохирогч М.Д гийн дүү нь ирж Орхон аймаг руу аваад явсан. Орхон аймагт очоод “Медифаст” эмнэлэгт үзүүлж холбогдох шинжилгээг өгсөн. “Медифаст” эмнэлгийн зөвлөх эмч хэвтэн эмчлүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Зөвлөгөөний дагуу “Медифаст” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байх хугацаанд би сахиж байсан. Ингэж эмчлүүлж байгаад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжиж хэвтэн эчмлүүлсэн. Учир нь “Медифаст” эмнэлгийн гэмтлийн эмч нь байхгүй байсан. Ингэж байгаад Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гээд хот руу явсан. Улаанбаатар хотод очиж уламжлалт эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Мөн хохирогч М.Д гийн эгч нь Хөвсгөл аймгаас эргэж ирсэн. Үүний замын зардлыг төлсөн байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, нарийн шинжилгээ, оношлогоо хийлгэсэн, хотод очоод уламжлалт эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэсэн зэрэг бүх зардлыг төлсөн. Үүнд нийт 2.300.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан цаашид гарах гэм хорын хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

        1815001410185 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

        Хохирогч М.Д гийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг руу сургуулийнхаа элсэлтийн ажлаар явах болоод хүүхэд харах хүн байхгүй тул 2 хүүхдээ авч явсан. Зар дээрээс Хөвсгөл аймаг явах унаа олж аваад 06 цагийн үед Улаанбаатар хотоос **-**УБИ улсын дугаартай “NISSGN TIIDAA” маркийн авто машинтай замд гарсан. Анх намайг авто машинд суухад Н.******* жолоодож яваад өдөр 16 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг өнгөрч байгаад жолоогоо шилжүүлж М.Д жолоодсон. Тэгээд 20 орчим минутын дараа урсгал сөрөөд явахаар нь “хүүе юу болж байна” гэж хэлтэл буцаж жолоогоо эргүүлж дартал замын баруун тал руу онхолдсон. Тухайн үед би авто машины хойд суудалд 2 хүүхдийнхээ хамт сууж явсан юм. Машиныхаа суудлын бүсийг бүслэх гэсэн боловч бүс байгаагүй. Том охин Д.*******ын толгой нь зулай хэсгээрээ хагарч, олон зулгаралтууд байсан, бага охин Д.Дүүрэнбаярын толгой язарч их хэмжээгээр цус гарсан хацар болон нуруунаас, хөл нэлээд удаан хугацаанд доглож явсан. Миний хувьд баруун мөр болон хүзүү, гар өвдөж даагдахгүй болсон биеийн олон газар хөхөрч зулгаралт үүссэн байсан. Одоо миний бие сайнгүй байгаа. Үргэлж хүзүү болон толгой өвддөг, одоо болтол эмчилгээ хийлгэсээр байгаа. Би маш их гомдолтой байгаа. Миний болон миний хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар ямар байгааг жолоо барьж явсан М.Д гэгч Орхон аймагт над дээр ирсэнээс хойш эрүүл мэндийн талаар асууж сураглаагүй. Энэ ослоос болж Эрүүл мэнд болон эдийн засгаараа хохироод байж байна. Би Солонгос улс руу явж яаралтай хагалгаанд орох болсон. Иймд тусламж үзүүлээч гэж гар утсаар ярьхад М.Д  “надад мөнгө байхгүй тусламж үзүүлэх боломжгүй байна” гэж хариулсан. Эмчилгээний зардал гэж их хэмжээний мөнгө гарч байна. Энэ талаарх зардлаа нөхөн төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ тал,

       Насанд хүрээгүй гэрч Д.*******ын өгсөн: Би ээж дүүтэйгээ хамт цагаан машинтай хойд суудал дээр сууж хөдөө явж байгаад машин онхолдож машины шил хагарч машин муухай болсон. Дүүгийн нүүр зөндөө цус болсон. Ээжийн нүүр бас цус болсон байсан. Миний оймс цус болсон. Дүү бид хоёрыг нэг ах машинаас татаж гаргасан, бид хоёр ээжийг минь гаргаад өгөөч гэж уйлахад агаа, аниа хоёр ээжийг гаргаж авсан. Машиныг эхлээд нэг ах барьж явсан. Дараа эгч барьж явж байгаад онхолдсон. Миний толгой заримдаа өвддөг гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

        Гэрч Н.*******ын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд **-**УБИ улсын дугаартай “NISSGN TIIDAA” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож хоёр том хүн,  хоёр хүүхэд нийт өөрөөсөө гадна дөрвөн зорчигчийн хамтаар явж байгаад миний нойр хүрээд байхаар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас 10 орчим км зайд дүү М.Д д жолоогоо шилжүүлж өгөөд өөрөө урьд сандал дээр суугаад хэсэг унтах үед Хутаг-Өндөр сумын  нутаг “Дондогийн булаг” гэх газар замын хажуу руу машин онхолдож осолдсон. Би М.Д г жолооч гэдгийг нь мэддэг болохоор “үнэмлэхтэй явна уу” гэж асуухад “тийм” гэхлээр нь нойр хүрээд байхаар жолоогоо шилжүүлж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,  

        Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101 тоот:

1.М.Д биед хүзүүний 6 дугаар нугаламын баруун талын сэртэнгийн хугарал, хүзүүний 5 дугаар гулсалт, зүүн зулайн хуйх дор цус хуралт, зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-42 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн

1. Жолооч М.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 727242 дугаарын эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2. Жолооч М.Д нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3. Жолооч М.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Уг осол гарах болсон шалтгаан нь тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдан зорчих хэсгээс гарч онхолдон зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-78-79 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-9 тал/, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-16 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-55-63 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-85-89 тал/, иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-91-96 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд болон хохирогчийн иргэний нэхэмжлэлийн баримтуудыг эх хувиар нь шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Д  нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд **-**УБИ улсын дугаартай “NISSAN TIIDAA” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зорчих хэсгээс гарч онхолдон, зам тээврийн осол гаргаж зорчигч М.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай байна.

 Түүний гэм буруутай үйлдэл нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцлийн талаар хохирогч М.Д , насанд хүрээгүй гэрч Д.*******, гэрч Н.******* нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Д гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргээр түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч М.Д гийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байгаа нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байддлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

       Шүүгдэгч М.Д болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн өөрийн оронд эмчлүүлсэн эмчилгээний болон сувилалын зардлыг бүрэн төлсөн, харин 50 хоногийн дараа гадаад явж эмчлүүлэх болсон шалтгаан, шаардлага нь тодорхойгүй байгаа тул энэ хугацааны эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөө илэрхийлжээ.

       Шүүгдэгч М.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Д гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч эмчилгээ, оношлогоо, сувилгаатай холбоотой гарсан гэм хорын хохирлын зарим хэсгийг төлсөн талаар хохирогч маргаагүй, давхардуулан нэхэмжлээгүй, харин Солонгос Улс руу явж дахин оношлогоо хийлгэж, хагалгаанд орсон болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 37961586 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад эмчилгээ оношлогооны зардал 36223086 төгрөг /4319820₮, 31772876₮, 130390₮/, онгоцны тийзний үнэ 1506100 төгрөг, орчуулгын товчооны төлбөр 85000₮, шүүх хуралдаанд ирсэн зардал 127400 төгрөг /19000₮, 19000₮, 28800₮, 30300₮, 30300₮/ буюу нийт 37941586 төгрөгийг шүүгдэгч М.Д гаас гаргуулан хохирогч М.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Эрдэнэт-Булганы хооронд явсан гэх нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 20000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Учир нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийн хувьд хүндэвтэр хохирол нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах”, “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги алдагдсан” шинжийг агуулах бөгөөд хохирогч эмчилгээний явцад яс нь бороолоогүйгээс мэдрэл дарагдах аюултай нөхцөл байдлын улмаас Солонгос улсад явж “С6 түвшний С6-д хүзүүний хөнгөн мултрал, С7, Т1, Т2, Т3 ба Т4 хэсгүүдэд хүзүүний шаантаг дарснаас хөнгөн хугарал үүссэн, С5-н баруун тал ба нимгэн давхаргад хугарал хүнд явцтай” гэсэн дүгнэлт, оношлогоо хийлгэж хагалгаанд орсоныг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь МУ-ын Үндсэн хуульд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийнхээ хүрээнд эмнэлгийн байгууллагыг сонгож үйлчлүүлэх эрхтэй юм.

       Шүүх хохирлыг тооцохдоо 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх Монгол банкны сайтад тавигдсан ханшийн мэдээг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судалж, хохирогчийн  Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ханшаар 1 воныг 2,21 төгрөгөөр тооцож, хохирлыг бодсон нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

       Шүүгдэгч М.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлж, учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.Д д холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

     Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

      1. Шүүгдэгч Ш овогт М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Д гаас гэм хорын хохиролд 37941586 /гучин долоон сая есэн зуун дөчин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД