Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00207

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Э.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Э.А  холбогдох эрүүгийн 1815000000183 дугаартай, 163/2018/0181/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр   Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жил тэнссэн, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.1-д зааснаар 3 жил, 6 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил, 11 сар, 20 хоногийн хорих ялаас өршөөн суллагдаж байсан, Өовогт Э.А  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.******* хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой Булган аймагт ирээд Г.Г  хохирогчийн гэрт хамт хонож архи уусан. Би согтуугаараа Булган аймагт ирсэн байсан, буцах ямар ч зардал байгаагүй. Тэгээд шөнө Г.Г  ахыг босож ирээд үлдэгдэл архиа уучихаад унтаад өгөхөөр нь ширээн дээр байсан гар утас, түрийвчнээс нь 30000 төгрөг, шүүгээн дээр байсан алтан гадас одон зэргийг авч халаасандаа хийсэн. Өөр зүйл аваагүй. Энэ үед би Булган аймагт яах гэж яваа юм бол гэж бодонгуутаа буцах замын зардал олох санаатай эд зүйлийг нь авчихсан юм. Би гар утас, алтангадас одонг буцааж өгсөн. Харин 30000 төгрөгийг буцааж өгөөгүй. Энэ мөнгийг төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг,

1815000000183 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Г.Г өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдөр Өмнөговь аймгаас Булган аймаг явах гэж Улаанбаатар хотын Драгон дээр ирсэн. Тухайн үед өглөөний 08 цаг болж байсан байх. Тэгтэл нэг танихгүй 30-40 орчим насны эрэгтэй хүн надаас “1000 төгрөг өгөөч” гэж гуйхаар нь би 1000 төгрөг өгсөн. Намайг “хаашаа явах гэж байгаа юм” гэхэд би “Булган аймаг явах гэж байгаа” гэхэд “ахаа намайг аваад яваач, би архинаас холдмоор байна, би ямар ч ажил хийж чадна” гэсэн. Тэгэхээр нь би “хонь хариулж чадах уу” гэхэд “чадна” гэсэн. Тухайн үедээ би хөдөө байдаг хадам аав, ээждээ тус болгох зорилгоор уг залууг Улаанбаатар хотоос Булган аймагт авч ирсэн. Уг залуу өөрийгөө А  гэж танилцуулсан. Тэгээд Булганд манай гэрт ирээд хоол унд хийж идсэн. Тэгээд би нэг шил архи аваад хамт хувааж уусан. Тухайн үедээ дуусгаагүй талыг нь үлдээсэн.  Би унтах гээд “ор засаж өгье” гэтэл хэрэггүй, би хувцастайгаа унтъя” гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн буйдан дээр хувцастайгаа унтсан. Би шөнө 01 цагийн үед санагдаж байна сэрээд харахад А  босоод суучихсан зурагт үзээд сууж байсан. Тэгээд би унтаад өглөө 07-08 цагийн үед сэрээд хартал А  гэх залуу байхгүй байсан. Тэгээд би 10 цаг өнгөртөл хүлээсэн, тухайн үед манай ах Лхагвадорж хадам аавын гэрт хүргэж өгнө гэж байсан. Тэгээд би хайдаг юм бил үү гэж бодоод хэтэвчээ үзтэл миний хэтэвчинд байсан 50.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би утсаар ярих гэтэл миний утас байхгүй байсан. Би тэр өдөртөө хөдөө яваад 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ ирээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзтэл манай эхнэрийн алтан гадас одон, манай эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж зэрэг зүйлс алдагдсан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагт эхнэрээ Орхон аймаг руу хүргэж өгөх гээд явж байтал манай хадам ах Баянмөнх “энд танихгүй хүн байна” гэхээр нь очоод үзтэл “А  мөн” байсан. Тэгээд би А ыг бариад явж байтал надаас зугтаасан. Тэгээд би хүмүүстэй хөөж яваад цагдаад дуудлага өгөөд барьж авсан. Гар утсыг 500.000 төгрөгөөр саяхан авсан. Алтангадасыг үнэлэж мэдэхгүй байна, эхнэрийнхээ ээмэг бөгжийг гэрээсээ олсон, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч Ч.*******ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой 16-17 цагийн орчим нүдний шилтэй, шар өнгийн куртиктэй залуу орж ирээд NOTE-4  маркийн хар өнгийн гар утас зарах гээд цаг гаран манай үүдэнд байсан. Тухайн үедээ надад би Дарханых гэж хэлсэн. Харин мөнгөгүй болчихлоо гээд надад “40.000 төгрөгөөр авчихаач” гээд гуйгаад байхаар нь би авсан. Би “хулгайн юм биш үү” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би унтраагаад асаахад сим картны пин кодыг мэдээд байсан. Тэгэхээр нь би авсан. Тэр залуу ганцаараа явж байсан. Надаас мөнгө аваад таксины буудал асуугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 518/025 дугаартай

  1. SAMSUNG NOTE-4 маркийн 1 ширхэг утасны үнэлгээ 280.000төгрөг гэх дүгнэлт

/хх-ийн 19 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-2-3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-5-8 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41, 33 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-43-49,51-56 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-60-61 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

       Шүүгдэгч Э.******* 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутагт оршин суух  Г.Г гэрт хамт архи ууж, хонох үедээ түрийвчнээс нь 30000 төгрөг, ширээн дээр байсан гар утас, “Алтан гадас” одон зэргийг унтсаны дараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаад авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд үзлэг хийж хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримуудаар нотлогдож тогоогдсон байна. 

      Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршигийн талаарх хохирогч Г.Г , гэрч Ч.******* нарын мэдүүлэг нь шүүгдэгч Э.А ын мэдүүлгийн эх сурвалжийг нотлож байх бөгөөд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

      Шүүгдэгч Э.А ын дээрхи үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.А оос хар өнгийн SAMSUNG NOTE-4 маркийн гар утас болон “Алтан гадас” одонг тус тус хураан авч хохирогчид биет байдлаар буцаан олгосон, хохирогч 30000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.А ыг төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн үр дагавар, хэр хэмжээг харгалзан ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.   

 Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

      1. Шүүгдэгч Ө Э.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ыг 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.А цагдан хоригдсон гучин зургаа хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

       4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

       5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.А од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД