Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 214/МА2023/000014

 

П.Ж*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2023/00118 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: П.Ж*******гийн нэхэмжлэлтэй,

“Мал маллаж байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч П.Ж*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Ж*******, өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч П.Ж*******гийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Миний бие 2000-2008 онд ээж Д.П*******, дүү П.Ж*******төгөлдөр, хүү Ж.А******* нарын хамт О******* сумын А******* багт мал маллаж амьдарч байсан ба тухайн үед гэр бүлгүй байсан. Эдгээр онуудад ээж Д.П******* болон дүү П.Ж*******төгөлдөр нарын нэр дээр малын А данс хөтлөгдөж, хүн амын хаяавч дээр хүү бид хоёрын нэр бичигдсэн байна.

Иймд малын А данс болон хүн амын хаяавчийг үндэслэн 2000-2008 онд мал маллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар П.Ж.г Булган аймгийн О******* сумын А******* багт 2002 он, 2003 он, 2004 он, 2005 он, 2006 он, 2007 он, 2008 онуудад мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оноос 2001 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. П.Ж******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие 1996-2008 онд ээж, дүү, хүүгийн хамтаар 2008 оноос хойш эхнэрийн хамт мал маллан амьдарч байгаа. 2000-2001 оны үед мал маллахдаа ээж дүүгийн хамт амьдарч /өмнө нь би гэр бүлтэй байсан тул өрхийн тэргүүнээр дүү маань бүртгэгдэж/ мал тооллого тэдний нэр дээр бүртгэгдсэн. Гэхдээ тооллогын бүртгэлд малчны тоо 2 гэж бүртгэгдэж байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Нөгөө талаас миний сонсголын байдал хэвийн биш 2 чих дүлийгээс шүүгчийн асуусан асуултыг шүүх хуралдаан дээр ойлголгүй нийгмийн даатгал төлөөгүй гэж хариулсан байна. Гэтэл миний бие 2000-2002 онд малчнаар ажиллаж байсан тул нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлсөн нь дэвтэрт бичигдсэн байгаа. Өөрийн сонсгол муу байдлаа шүүхэд мэдэгдэж шаардлагатай туслалцаа авч чадалгүй бодит байдлаа бүрэн дүүрэн илэрхийлэлгүй өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргуулчихлаа. Миний бие өнөө жил 55 нас хүрч байгаа тул малчнаар ажилласан хугацаагаа бүрэн тооцуулчихвал малчны тэтгэвэр тогтоолгох болзол хангах юм.

Би сонсголын хэвийн биш байдлаасаа болж шүүгчийн асуултыг буруу ойлгон өөрийн нөхцөлөө дордуулснаар дахин энэ хугацааг шүүхээр тогтоолгох боломжгүйд хүрч байгааг минь анхааран үзэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ж******* нь Булган аймгийн О******* сумын 1 дүгээр баг, А******* гэх газарт 1996-2008 онуудад ээж, дүү, хүүгийн хамт мал маллан амьдарч байсан. Тэгээд 2000-2001 онуудад цөөн тооны малтай байсан тул тухайн багийн малчдаас хуц, ухныг нь авч малладаг байсан. Энэ үед төрсөн дүү нь өрхийн тэргүүн тул дүүгийнхээ нэр дээр малаа тоолуулсан. Гэтэл Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн үед малчнаар П.Ж*******гийн нэр ороогүй гэж үзэж 2000-2001 онд малчнаар ажилласан хугацааг хасаж тооцсон. Хуралдааны үед нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үү гэсэн шүүгчийн асуултад нэхэмжлэгч төлөөгүй гэж хариулсан. Давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн баримтад нийгмийн даатгалын шимтгэлийг 2000 оноос хойш нөхөн төлсөн баримт байгаа. Мөн энэ хүн сонсголын бэрхшээлтэй учраас Улаанбаатар хотод эмчид үзүүлэхээр 13А маягт авч байсан баримтыг хавсаргаж өгсөн. Өөрийнхөө ажиллаж байсан байдлыг танилцуулж чадаагүй, шүүхэд гаргаж өгөх нотлох баримтыг бүрэн дүүрэн гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг тухайн жилүүдэд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоход хаалт болж байна. 2000 онд П.Ж*******гийн хүү А******* сургуульд орсон. Эцэг эхийн утас хаяг гэдэгт Ж.А******* малчин гэж бичигдсэн нотлох баримт байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ хүн сум орон нутагтаа очиж малчнаар ажиллаж байсантай холбоотой нотлох баримтуудыг цуглуулсан нөхцөл байдал байна. Нэхэмжлэгч нь 2023 онд 55 нас хүрч, малчнаар 13 жил ажилласан хугацаагаа тооцуулж тэтгэвэрт гарах гэтэл 2000-2001 онд малчнаар ажиллаж байсан хугацаа нь дутаж байна. Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндийн байдлаас болж шүүхэд бүрэн дүүрэн асуудлаа ярьж чадаагүй гэдэг тайлбарыг нь хүлээн авна уу. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч П.Ж******* нь Булган аймгийн О******* суманд 2000-2008 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч П.Ж*******г Булган аймгийн О******* сумын А******* багт 2002 оноос 2008 онуудад мал маллаж байсан болохыг тогтоож, 2000 оноос 2001 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардалагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэжээ. 

4. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох бөгөөд шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг нь нэг талын хүсэлтэд үндэслэсэн, эрх зүйн маргаантай асуудлаар нэхэмжлэл гомдол гаргахаас өөр онцлогтой ажиллагаа байдаг учраас шүүх зөвхөн хүсэлт гаргагчийн баримтад тулгуурлалгүйгээр санаачилгаараа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхэд анхаарах ёстой байдаг.

6. Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан.

6а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзах бөгөөд нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн хэргийн хувьд дээрх үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байна.

6б. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно. гэжээ.

6в. Тодруулбал: Хүсэлт гаргагч П.Ж******* нь 2000 оноос 2008 онд малчнаар ажиллаж байсан буюу мал маллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтээ эхлээд О******* сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд хандаж гаргах боломжтой байсан ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж болох уг ажиллагааг хийгээгүй байх тул уг ажиллагааг хийлгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин орон тооны бус байнгын зөвлөлийн гаргасан эрх зүйн актыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд энэ тохиолдолд магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

6г. Дээрхи журмын ач холбогдол нь малчныг илүү сайн мэдэх сум орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд болон тухайн орон нутагт олон жил ажиллаж, амьдарсан нутгийн уугуул иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл шийдвэр гаргадаг тул малчинд ойр, чирэгдэлгүй үйлчлэх зорилгыг агуулдагт оршино.

7. Иймд хүсэлт гаргагч П.Ж*******гийн ...сонсголын  хэвийн  биш байдлаасаа  болж шүүгчийн асуултыг буруу ойлгон нийгмийн даатгал төлөөгүй гэж хариулан өөрийн нөхцөл байдлаа дордуулсан шийдвэр гаргуулсан тул дахин хэлэлцүүлэхээр анхан  шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Булган  аймаг дахь Сум дундын  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2023  оны 3  дугаар  сарын  09-ний  өдрийн

 

132/ШШ2023/00118 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хүсэлт гаргагч П.Ж*******гийн мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2023/00118 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Ж*******гийн мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч П.Ж*******гийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

 

                                             ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                     

                                             ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ