| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0002/Э |
| Дугаар | 00002 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 00002
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Г д холбогдох эрүүгийн 1815003660192 дугаартай, 163/2019/0002/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн С суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С.Г
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн С сумын 2 дугаар багийн нутагт Д.О эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1815003660192 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.О өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ эхнэр С , найз С.Г түүний эхнэр Нямаа, найз Бямбаа түүний эхнэр нарын хамт зургуулаа айраг болон 0,5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. ...Тэгээд С.Г нь сумын төв явна гээд байхаар нь би явуулахгүй гээд түүнийг өөдөөс нь тэвэрч авсан. Тэгээд ноцолдож байгаад дээрээс нь унасан, тэгээд босоход миний гэдэс халуун оргиод нээс цус гарч байсан. Тэр үед харанхуй байсан учраас түүний гарт хайч эсхүл хутга байсныг би хараагүй. ...Намайг санаатай хатгаагүй, би явуулахгүй гээд ноцолдож байгаад унахдаа тийм зүйл болсон юм. Миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Одоо миний бие зүгээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Д.Оюундуламын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 05 цаг өнгөрч байхад манай танил эгч Оюунчимэг над руу утсаар залгаад О , С 2 манайд ирээд эмнэлэгт үзүүлээд 3 оёо тавиулаад явлаа. Одоо очих байх гэж ярьсан. Тэгэхээр нь би Оюунчимэг эгч рүү залгаад юу болсон талаар асуутал ямар ч байсан хатгуулчихсан байна гэж хэлсэн. Ингээд би эмнэлэг дээр ирээд хүлээж байтал манай дүү О 07 цаг 30 минутын орчимд эхнэрийнхээ хамт хүнээр хүргүүлж ирсэн. Тэгээд эход үзүүлтэл дотор талд нь цус юм уу, ус юм уу нэг юм байна. Яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд орсон. Надад хэнд хутгалуулснаа хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Д.Сэлэнгийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой манайд Бямбаа, Бямбаагийн эхнэр, хажуу айлын С.Г эхнэртэйгээ орж ирээд бид хэд 4 шил архи хувааж уусан. Тэгээд С.Г нь шүүгээнээс нэг юм аваад гарсан, юу байсныг хараагүй. Би бодохдоо машиныхаа түлхүүгийг авлаа гэж гэж бодсон. Тэр машинтайгаа сумын төв явлаа гээд байсан. ...С.Г эхнэртээ уурлаад сумын төв явлаа гэхэд Д.О “чи хаагаа явах гэж байгаа юм, явуулахгүй” гээд байсан. Тэгээд О нь Гантулгын гарт байгаа хайчийг мэдэхгүй ноцолдож байгаад унах үед тийм зүйл болсон байсан. Тэгээд бид нар сумын төвийн эмнэлэг дээр ирээд үзүүлтэл 3 оёо тавиулсан. Эмч яаралтай Орхон аймаг яв гэж хэлсэн. Орхон аймаг ороод үзүүлээд шууд хагалгаад орсон. Манай нөхөр О ийн хэвлий нэвтэрсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч П.Нямсүрэнгийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой манай хажуу айлийн О ийнд би, манай нөхөр, С.Г , О , С , О ийн 2 найз бид хэд 2 шил архи, айраг уусан. Ингээд юм ярьж сууж байгаад би гэрлүүгээ 2 хүүхдээ унтуулчихаад буцаад О ийнд орсон. Тэгээд байж байгаад С.Г С 2 түрүүлж гэрээс гарахаар нь араас нь гарч өөрийн гэртээ орсон. ...Би яг хараагүй, С хэлэхдээ Гантулгыг гэрээс юм аваад гарчихлаа гэсэн. Тэгээд араас нь гарахад С.Г , О хоёр тэврэлдээд газар унасан. Тэгтэл О ээс цус гарч байсан гэж хэлсэн. Би тэгэхлээр нь О Гантулгыг тэвэрч унахдаа түүний гарт байсан хайч руу орсон юм байна гэж бодсон... манай хар иштэй төмрийн хайч байсан. ...Маргалдсан юм байхгүй, Гантулгыг “явлаа” гэхэд “чи хаачих гэж байгаа юм, явуулахгүй” гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Шүүгдэгч С.Гантулгын яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлэгт: 2018 оны 10 дугаар сарын хэднээр гэдгийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр Орхон аймаг руу явах гэтэл Д.О өнөөдөртэй явахгүй байж бай манай найзтай танилц гэж хэлээд намайг явахыг болиулсан. Тэгээд О ийнд эхнэр Нямсүрэнгийн хамт 22 цагийн үед орсон. Тухайн үед тэднийд О түүний эхнэр С , тэгээд Улаантолгойгоос ирсэн гэх хүүхэн, залуу 2 байсан. Ингээд зургуулаа нийлж 20 гаруй литр айраг, 0,5 литрийн 2 шил архийг хувааж уусан. Энэ үед эхнэрүүд 2,5 литрийн 1 пиво, 1 шилтэй дарсыг хувааж ууцгаасан. ...Тэгээд би О д хандан “сумын төв явлаа” гэж хэлэхэд тэрээр “яах гэсэн юм, битгий яв” гээд намайг хорьж зууралдаад байсан. Намайг явах гэхэд урдаас тэврээд давхартаа унасан. Ингээд би нуруугаараа газар унахад О миний дээрээс унасан. Тухайн үед миний баруун гарт байсан хайч руу О унасан байсан. Юу болчихвоо эндээс цус гараад байна гэсэн, ...О эмнэлэг яваад би гэртээ үлдсэн. О д эмчилгээний зардал мөнгө өгч хохирлоо барагдуулсан гэх мэдүүлэг /хх-3-40 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №763 тоот
1. Д.О биед хэвлийн хөндийд нэвтэрч, сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийд сул цус үүсч хэвлийн хөндийг нээх, сэмжинд цус тогтоох, чацархайг оёх, хэвлий хөндийг шалгах, угаах, гуурс тавих хагалгаа хийжээ.
2. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, зөөлөн эдийн цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.
6. Гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт /хх-31-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-37 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-42-44 тал/, хэргийн материалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-45-46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн С сумын 2 дугаар багийн нутагт Д.О эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч С.Гантулгын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.О , гэрч Д.Оюундулам, Д.С , П.Нямсүрэн нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч С.Г нь Д.О эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч С.Г хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч С.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Г д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД