Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00204

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          Шүүгдэгч Д.Ж , түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ж д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815003700202 дугаартай, 163/2018/0195/э хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 сарын 15-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6,  урьд 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Б овгийн Д.Ж  

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Ж  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандалын гарам гэх газраас хохирогч Г.Ц 5 тооны үхрийг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж ярих зүйлгүй гэв.

           1815003700202 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

           Хохирогч Г.Ц өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед үхрээ бүртгэж үзтэл 5 тооны үхэр байхгүй болчихсон байсан. Тэгээд би дутуу байсан 5 тооны үхрээ ойр орчмоор хайгаад олоогүй...алдсан үхрээ нийт 6800000 төгрөгөөр үнэлж байна...хулгайд алдагдсан үхрийн мах, ширнүүдийг Б.Сүхбат гэдэг хүнд би 3130000 төгрөгөөр зарсан...Ц.Алтангэрэл бол мана нөхөр байгаа юм...5 үхрийг 4000000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээгээр гарсан мөнгөө барагдуулж авсан...Баянннуур сумын хэсгийн төлөөлөгч надад 3 үхрийн толгой харулусан,манай үхэр яг мөн байсан...Одоо миний зүгээс гомдол гээд байх зүйл байхгүй...хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-31 хуудас/,

 Гэрч П.Мөнхзулын өгсөн: “...Д.Ж  надруу утсаар яриад чи Бүрдний энгэрт хүрээд ир ах нь Улаанбаатар хот явах гээд мал хийх гэсэн юм мал хийлцээд өгөөч гэхээр нь би мотоциклтойгоо Бүрдний энгэрт яваад очтол Д.Ж  ах 5 тооны үхэр айлын малын саравчинд хашчихсан өөрөө малын саравчны хажуу талд суучихсан байж байсан. Тэгээд бид хоёр тэр малын саравчинд байсан 5 тооны үхрийг сахлаж хийчээд би мотоциклтой сумын төв орж машинаа авчраад нөгөө 5 тооны үхрийн мах, шир, гэдэс, толгойг нь ачаад буцаад сумын төврүү явж байтал Д.Ж  ах машин байхгүй байна чи машинтайгаа шууд Улаанбаатар хот яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би Улаанбаатар хот руу явж байгаад замдаа Баяннуур сумын хяналтын постонд саатуулагдсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...Баянннуур сумын хяналтын постонд саатуулагдаад байж байхдаа Д.Ж  нь надад энэ 5 тооны үхэр хулгайн мал байгаа юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Б.Рэгзэнгийн өгсөн: ...2018 оны 11 сарны 02-ны өглөө багцаагаар 09 цагийн үед намайг гэртээ байж байтал Д.Ж  морьтой 5 тооны үхэр туучихсан манай гэрийн гадаа ирсэн юм...Д.Ж аас чи хэний үхрийг тууж яваа юм бэ гэж асуутал Д.Ж  надад би хүнээс авсан юмаа танай хашаанд хаших гэсэн юм гэж хэлээд тэр тууж явсан 5 тооны үхрээ манай малын саравчинд хашиж байх үед нь зөрөөд малдаа явсан ба орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай малын саравчны ард малын сэвс, цус болчихсон байхаар нь Д.Ж ыг нөгөө 5 үхрээ гаргаад аваад явсан байна гэж бодсон юм...  гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Яллагдагчаар Д.Ж ы өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 31-ний цаг болж байхад би өөрийн халтар морьтой гэрээсээ Хишиг-Өндөр сум луу гарсан. Тухайн үед би түлээний модны ажлаар Манал нэдэг нэртэй хүнтэй уулзах санаатай гэрээсээ гарсан юм. Тэгээд би морьтойгоо Хишиг-Өндөр сумын нутаг Мандалын гарам /18-19 цагийн үед/ гараад явж байтал гарамны баруун урд талаар хориод тооны үхэр хээр хэвтэж байсан. Тэгээд би тэр үхэрнүүдийг хараад эзэнгүй байна гэж бодоод авчихий гэж дотроо бодсон. Үхэрнүүд дээр очоод би тарган 5 үхрийг сүргээс нь таслаад Гурванбулаг руу гэр лүүгээ туусан. Би үхэрнүүдийг Мандлын гарамнаас Өлий даваа чиглэлд тууж Гурванбулаг суманд очсон..., би Рэгзэн ахаас үхэрнүүдийг танай хашаанд хашчихъя гэж хэлсэн чинь тэг тэг гэсэн..., би гар утасаараа Мөнхзул руу залгаад “би үхэр авсан юм, надад үхэр гаргахад туслах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Мөнхзул туслахаар ирсэн. Бид хоёр оройн 17 цаг болж байхад 5 үхрээ янзлаж дуусгаад Мөнхзулын машиныг гуйгаад машинд нь бид хоёр янзласан үхрийн махаа ачаад сумын төв орж сумын эмч Баярчимэгээс гарал үүслийн бичиг аваад 20 цагийн үед Гурванбулаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тэгээд Гурванбулаг сумаас гараад Баяннуур орж ирээд цагдаагийн эргүүлтэй таарч баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,    

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10 хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-14 хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-17 хуудас/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгч буй гэрэл зураг /хх-ийн 19 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 32, 33 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63, 67-68 хуудас/, алдагдсан малд үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 51 хуудас/ зэрэг бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ж  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандалын гарам гэх газраас хохирогч Г.Ц 5 тооны үхрийг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Ц , гэрч П.Мөнхзул, Д.Рэгзэн нарын мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10 хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-14 хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-17 хуудас/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгч буй гэрэл зураг /хх-ийн 19 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 32, 33 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63, 67-68 хуудас/, алдагдсан малд үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 51 хуудас/ зэрэг болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Ж  нь бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 4000000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн бөгөөд  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  

Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Kia Fronter  маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч П.Наранзулд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д.Ж ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ж д зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүгдэгч Д.Ж д шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Kia Frontier  маркийн хөх ягаан өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух П. Н буцаан олгохоор тус тус дурдаж шийдвэрлэв.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН