Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

    2023          03           24                                    206/МА2023/00004

 

*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154/ШЗ2022/000856 дугаар шийдвэртэй,

  Ховд аймаг, Мөст сум, ******* ******* *******оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие 1972 оны 05 дугаар сарын 02-нд төрсөн.Одоо 50 настай нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний бие нь 1980 онд 01 дүгээр ангид орж 1988 оны 06 дугаар сард 08 дугаар анги төгсөж, Улаанбаатар хотын Хөнгөн хүнсний техниккумд хуваарилагдсан билээ. Тухайн үед аав ээж хоёр маань бид хоёртой мал маллах хүн алга чамайг явуулахгүй гээд хажуудаа байлгасаар байгаад 2000 он хүргэсэн. Би 2000 онд мөн багийн малчин Х.Бямбацогттой гэр бүл болж тусдаа гарсан. Уг нь надад нэг хөдөлмөрийн дэвтэр байсан алга болсон. Иймд 1988-1990 он хүртэл аав ээжтэйгээ мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154/ШШ2022/00856 дугаар шийдвэрээр:

 2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1988 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шүүгч нь хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дахь хэсэгт заасныг анхаарч үзээгүй буюу шүүх өөрийн санаачлагаар шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл *******ын хүсэлтэд дурдсан хугацаанд эцэг эхийн хамт мал маллаж байсан ба өрх тусгаарлаагүй гэр бүлийн гишүүдэд тус бүрт нь 70-р данс хөтөлдөггүй байснаас буюу 70-р дансанд өөрийн нэр бичигдээгүйгээс ажилласан жил дутаж хохирч байгаагаа тодорхойлон бичсэн байх ба гэрч, Ж.Эрдэнэчимэг, Ш.Далайсүрэн нарын мэдүүлэгд дурдагдсан тухайн үед ажиллаж байсан багийн даргыг гэрчээр асуух, хүсэлтэд дурдсан хугацаа, тухайн орон нутагт хамаарах хүн ам, өрхийн анхан шатны бүртгэл, баримт бичиг байгаа эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулах, түүнд үзлэг хийх зэрэг ажиллагааг шүүх өөрийн санаачлагаар хийлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154/Ш32022/00856 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ нь:

 

4.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг  бүхэлд нь хянав.

5.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдсан гомдлыг хангаж  шийдвэрлэв.

6. Хүсэлт гаргагч  ******* нь 1988 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн  Мөст  сумын “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд  гаргажээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу хүсэлт гаргагч нь  шаардлагаа нотлохоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 402 тоот лавлагаагаар  ирүүлсэн Мөст сумын 1 дүгээр бригадын 1988, 1989 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 8б ангийн сургагчдад олгосон боловсролын үнэмлэхийн тооцоо, 0772621 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байх ба  шүүх түүний  хүсэлтээр   Ж.Эрдэнэчимэг, Ш.Далайсүрэн нарыг   гэрчээр асууж мэдүүлэг авсан байна.

8. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь  өөрийн шаардлагын болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө  цуглуулах, шүүхэд гаргаж өгөх  үүрэгтэй, *******ыг 1988 оноос 1990 оны хооронд  Ховд аймгийн  Мөст  сумын “Туяа”  нэгдэлд   малчнаар ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн Мөст сумын 1 дүгээр бригадын 1988-1989 оны 70 дугаар дансны хуулбарт Б.Бааст, Пунсуу гэж тэмдэглэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх үндэслэлээр хүсэлт гаргагчийн  хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзвэл хүсэлт гаргагч ******* нь 1988 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн  Мөст  сумын “Туяа”  нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна. Шүүх хүсэлт гаргагчийн энэхүү шаардлагын үндэслэлийг тодруулж асуухгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал шүүх хүсэлт гаргагчийг Ховд аймгийн  Мөст сумын “Туяа” нэгдлийн хэддүгээр бригадад ямар төрлийн малыг хэдий хугацаанд хэрхэн маллаж байсан үйл баримтын талаар тодруулаагүй байна. Шүүх хүсэлт гаргагчийг хаана хэзээ ямар мал маллаж байсан гэх  үйл баримтыг тодруулах байжээ.

10. Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр нь хүсэлт гаргагч *******ыг 1988 оноос 1990 оны хооронд  Ховд аймгийн  Мөст  сумын “Туяа”  нэгдэлд   малчнаар ажиллаж байсан гэх шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба дан ганц гэрч Ж.Эрдэнэчимэг, Ш.Далайсүрэн нарын мэдүүлгээр түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй“ гэх заалттай нийцээгүй байна.Энэ зүйлд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэрэгт хүсэлт гаргагчийн хүсэлт заавал байх шаардлагагүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг цуглуулж бүрдүүлдэг онцлогтойг анхаараагүй байна.

Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт дурдсан үндэслэлүүдийг нягтлан шалгаагүй байхаас гадна Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 402 тоот лавлагаагаар  ирүүлсэн Мөст сумын 1 дүгээр бригадын 1988,1989 оны 70 дугаар дансны хуулбарт үзлэг хийх, шаардлагатай бусад нотлох баримтуудыг хүсэлт гаргагчаас гаргуулан авах зэрэг байдлаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл илгээлтийн эзний үнэмлэх, нэгдлийн гишүүний үнэмлэх, малчин залуучуудын чуулга уулзалтад оролцож байсан бол мандат, мал тооллогын бүртгэл, хувийн хэргийн материал, иргэний ямар нэгэн баримт бичигт тусгагдсан байдал, тодорхойлолт, тухайлбал хүн амын тооллого, регистрийн дугаар олгосон ХААТР-1 (А) маягт, эмнэлгийн карт, эрүүл мэндийн дэвтэр,үйлдвэрчний эвлэлийн болон Мон*******ын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, баярын бичиг сайшаалын үнэмлэх, тухайн үед авахуулсан гэрэл зураг гэх мэт бүрдүүлж болох баримтуудыг хүсэлт гаргагчаас шүүх өөрийн санаачлаагаараа шаардаж авах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гэрч нарын мэдүүлэгт дурдсан багийн даргыг гэрчээр асуух, тухайн орон нутагт хамаарах хүн амын өрхийн анхан шатны бүртгэл,баримт бичиг байгаа эсэхийг холбогдох байгууллага,албан тушаалтнаас тодруулах, түүнд үзлэг хийх зэрэг ажиллагааг шүүх санаачлаагаараа хийгээгүй гэх гомдол үндэслэлтэй байна.

11.Түүнчлэн хэрэгт авагдсан Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 8б ангийн сургагчдад олгосон боловсролын үнэмлэхийн тооцоо,0772621 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг   баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг эхээр нь эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

             12.Дээр дурдсан хийгдвэл зохих ажиллагааг анхан шатны шүүх өөрийн санаачлаагаараа хийгээгүйгээс  шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13.Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154/ШШ2022/00856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА