Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 05

 

 

 

    2023          03           24                                    206/МА2023/00005

 

*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 154/ШШ2023/00014 дугаар шийдвэртэй,

            Ховд аймаг, Булган сум, ******* ******* ******* суух, ******* ******* ******* ******* Амарбаярын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Ховд аймгийн Булган сумын ******* багийн иргэн Баньд *******ой Амарбаяр миний бие нь 1972 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 50 настай. Би 1987 оны 06 сараас 1994 оныг дуустал Жаргалын зам нэгдлийн Алагтолгой бригадад тасралтгүй саальчнаар ажилласан. Тухайн үед өрхийн тэргүүн аав А.******* нэр дээр цалин хөлс бичигдэж олгогддог байсан. Би тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн юм.

Иймд миний 1987 оны 06 сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 154/ШШ2023/00014 дугаар шийдвэрээр:

2.1  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* ******* Амарбаярын 1987 оны 06 сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Хүсэлт гаргагч ******* нь 1792 онд төрсөн бөгөөд 1987 онд 7 дугаар анги төгсөж улмаар түүнээс хойших хугацаанд буюу 1987-1994 онд эцэг, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын "Жаргалын зам” нэгдэлд мал маллаж, саальчнаар ажиллаж байсан.

Тухайн үед нэгдлээс олгогдох хөдөлмөрийн хөлс зөвхөн өрхийн тэргүүн буюу түүний аав А.******* нэр дээр бичигдэж олгогддог байсан ба тухайн үед өөрийн нэр дээр бичигдсэн байсан хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж, түүний эцэг ******* малчин өрх байсан талаарх мэдээллийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас хуулбарлан хэрэгт хавсаргуулжээ. Тухайн үед эцэг эхийн хамт хөдөө мал маллаж саальчин хийж байсныг гэрчлэх Ховд аймгийн Булган сумын ******* багийн иргэн малчин Б.Оюунчимэг, Ш.Цогзол, нараар тодорхойлолт бичүүлэн хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх нь тэрхүү тодорхойлолтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна.

3.2 Шүүхийн шийдвэрт өөр хүсэлт гаргагчийг ажиллаж байсныг нотлох ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ гэж хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан хуулийн зүйл заалттай уялдуулан дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дахь хэсэгт заасныг анхаарч үзээгүй буюу шүүх өөрийн санаачлаагаар шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх журмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.

3.3 Өөрөөр хэлбэл ******* нь хүсэлтэд дурдсан хугацаанд эцэг эхийн хамт мал маллаж, нэгдэлд саальчнаар ажиллаж байсан ба өрх тусгаарлаагүй гэр бүлийн гишүүдэд тус нэг бүрчлэн 70-р данс хөтөлдөггүй байснаас буюу дээрх лавлагаанд өөрийн нэр бичигдээгүйгээс хохирч байгаа нь нэгэнт тодорхой байхад тухайн үед ажиллаж байсан багийн даргыг гэрчээр асуух, хүсэлтэд дурдсан хугацаанд тухайн орон нутагт хамаарах хүн ам, өрхийн анхан шатны бүртгэл, баримт бичиг байгаа эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулах, түүнд үзлэг хийх, анхан шатны бүртгэл, судалгааг хариуцан ажиллаж байсан албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авах, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах талаар ямар нэгэн ажиллагааг шүүх өөрийн санаачлагаар хийлгэлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй буюу, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 154/ШШ2023/00014 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ нь:

 

4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг  бүхэлд нь хянаж,   анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч  *******  нь 1987 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам”  нэгдэлд  саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

6.Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу шүүхэд гаргасан шаардлагаа нотлохоор 1989-1995 оны Ховд аймгийн Булган сумын малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын жилийн эцэст тоологдсон бэлэн малын бүртгэл, Б.Сүрэнхорлоо, Б.Оюунчимэг, Ш.Цогзол нарыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргаж гэрчээр асуулгаж  нотлох баримт бүрдүүлсэн байна.

7. Анхан шатны шүүх “Хүсэлт гаргагч Б.Амарбярын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Сүрэнхорлоо,Б.Оюунчимэг,Ш.Цогзол нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч гэрч Б.Сүрэнхорлоо,Б.Оюунчимэг,Ш.Цогзол нар нь хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлын  талаар өөр өөрөөр мэдүүлэгдэг, хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс өөр хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотлох ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Ховд аймгийн Булган сумын малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны /1989-1995 он/  хавсралтад заасан малчин өрхийн тэргүүлэгчийн нэрсийн жагсаалтад *******ын нэр тэмдэглэгдээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.” Гэж дүгнэн хүсэлт гаргагчийн  хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Би 1987 оны 5 сараас 1994 оныг дуустал Алаг толгой бригадад тасралтгүй саальчнаар ажилласан. Иймд миний 1987 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам”  нэгдэлд  саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, шүүх хуралдаанд 1987 оны 6 сараас 1993 оныг дуустал ажиллаж байсан байдлыг гэж, шаардлагаа өөрчилсөн, мөн 1992 онд нэгдэл тарж “Жаргалын зам компани” болсон “Жаргалын зам компани”-д ажиллаж байсан гэж тайлбарласан байхад шүүх түүний шаардлагын  үндэслэлийг тодруулахгүйгээр түүнийг “1987 оны 06 сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг” бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн  байна.

Өөрөөр хэлбэл шүүх хүсэлт гаргагчийг аль аймгийн ямар сумын Алагтолгой бригадад тасралтгүй саальчнаар ажиллаж байсныг эсхүл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам”  нэгдлийн аль бригад саальчин эсхүл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан, “Жаргалын зам”  нэгдэл болон “Жаргалын зам компани”-д  тус бүр хэдэн жил ажиллаж байсан, малчин эсхүл саальчнаар ажиллаж байсан байдлын талаар тодруулаагүй, түүний шаардлагаа өөрчилсөн хүрээнд шийдвэрлээгүй байна.

Тодруулбал хүсэлт гаргагч нь 1987 оны 06 дугаар сараас 1993 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн байхад шүүх 1987 оны 06 дугаар сараас 1994 оныг дуустал Булган сумын Жаргалын зам нэгдэлд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлт  гаргасан  хүнийг аль байгууллагад ямар ажил албан тушаалыг хэдий хугацаагаар хийж гүйцэтгэж  байсныг нэг бүрчлэн тодруулах байжээ. Шүүх хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлын талаар нэг бүрчлэн тодруулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Мөн хэргийн 15 дугаар талд *******ын 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийг баталгаажуулсан баримт байхад  үүнийг тодруулж асуугаагүй байхаас гадна хэрэгт авагдсан зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг эхээр нь эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

9. Шүүх  Б.Сүрэнхорлоо, Б.Оюунчимэг, Ш.Цогзол нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч уг мэдүүлэг нь *******ын ажиллаж байсан байдлын талаар өөр өөрөөр мэдүүлдэг гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй байна. Гэтэл гэрч Б.Сүрэнхорлоо “******* нь 1987 онд “Алагтолгой бригадад саальчин хийж байсан, би өөрөө малын эмч байсан” гэж, гэрч Б.Оюунчимэг “ Хар үзүүрт мал маллаж,15 үхэр саадаг байсан.” гэж, гэрч Ш.Цогзол “******* нь 1987 онд хөдөө гарч саальчин хийж байсан, Ярантын дотор талын  бургасанд малаа өвөлжүүлдэг байсан” гэж мэдүүлж  мал маллаж саальчнаар ажиллаж байсан  байдлыг тодорхойлжээ.

10.”Хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс өөр хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотлох ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна” гэж дүгнэсэн анхан шатны  шүүхийн дүгнэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй“ гэх заалттай нийцээгүй байна.Энэ зүйлд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэрэгт хүсэлт гаргагчийн хүсэлт заавал байх шаардлагагүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг цуглуулж бүрдүүлдэг онцлогтой.

11. Анхан шатны шүүх дээрх хүмүүсийг гэрчээр асуухдаа  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтыг бүрдүүлж үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг санаачилгаараа хэрэгжүүлэх боломжтой байсан. Тодруулбал гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэгт дурдагдсан  “ Хар үзүүр” гэх газар, гэрч Ш.Цогзолын мэдүүлэгт дурдагдсан “Ярант” гэх газрууд нь аль аймгийн аль сумын аль багийн нутаг, гэрч нар  *******ыг хэрхэн таньдаг,тухайн цаг хугацаанд хүсэлт гаргагч болон  гэрч нар өөрсдөө хаана ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, гэх мэт бусад  нотлох баримтуудыг цуглуулах үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Түүнчлэн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн  “Ховд аймгийн Булган сумын малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны /1991-1995 он/  хавсралтад заасан малчин өрхийн тэргүүлэгчийн нэрсийн жагсаалт” гэх баримтад шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан санаачилгаараа үзлэг хийх, шаардлагатай бол өөр бусад баримтууд гаргуулж авах, бусад гэрчийг асуух гэх мэт ажиллагааг хийх боломжтой байжээ.

             Энэ талаар давж заалдах журмаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Хосбаярын гаргасан ”шүүх өөрийн санаачилгаар шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх журмыг хэрэгжүүлээгүй.” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.

12.Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг өөрийн санаачилгаар хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 154/ШШ2023/00014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын гомдлыг хангасугай.

 

2.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА