Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 06

 

 

     2023          03           24                                    206/МА2023/00006

 

*******ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00663 дугаар шийдвэртэй,

  Ховд аймаг, Буянт сум, Норжинхайрхан багт оршин суух, ******* овогт ******* Сержааны хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие 1967 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Буянт сумын Норжинхайрхан багт Касины 4 дэх хүү болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1975 онд 1 дүгээр ангид орж, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хааж ирээд мөн эцэг эхийн хамт Соёл нэгдэлд мал маллаж байсан. 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Соёл нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа ч одоог хүртэл малчнаар ажилладаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00663 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Сержааны 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан хэлэлцэх бөгөөд мэтгэлцээний зарчим хэрэгждэггүйгээрээ онцлогтой байдаг.

Тухайн хүний ажиллаж байсан байдлыг нотлох баримт болох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн баримт бичиг устаж үгүй болж, сэргээгдэх боломжгүй болсон тохиолдолд тушаал, хөдөлмөрийн дэвтэр бусад гэрчийн мэдүүлэг, шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлж, шийдвэрлэдэг. Х.Сержаан нь 1983 онд Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн сургуулийн 8-р ангийг төгсөж ХААН-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан ба 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдах хүртэлх хугацаанд аав ээжийн хамт ховд аймгийн Буянт сумын "Соёл" нэгдлийн 3 дугаар бригадад мал маллан амьдарч байсан. *******ы мал маллан амьдарч байсан байдлыг гэрч М.Дүйсенбай гэрчилсэн ба гэрчийн мэдүүлгийг цаасан суурьтай нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, хүсэлт гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед буюу социализмын үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүн байгаагүй бөгөөд нэгдлийн гишүүний хөдөлмөрийн хөлсийг тухайн мал аж ахуйн суурийн ахлагчийн нэр дээр тооцож олгодог байсан бөгөөд нэгдлийн 70-р данс тухайн суурийн ахлагчийн нэрээр хөтлөгддөг байсан.

Тухайн үед хөдөлмөр өдөр гэж тооцдог байсан бөгөөд 15 насанд хүрэх үеэс эхлэн хөдөлмөр эрхлэхийг шаарддаг, өрхийн гишүүд хөдөлмөр хоршин ажилладаг байсан ба нийгмийн тустай хөдөлмөрт 15 нас хүрсэн хүн бүхэн оролцох ёстой гэж үзэж нийтийн субботникоор хашаа хороо барих, засварлах, ногоо тариалах, хадлан, бордоо ногоо хураах ажилд сургуулийн ахлах ангийн сурагчид, нийгмийн тустай хөдөлмөрт өрх бүрээс нэг гишүүн заавал оролцдог, оролцсон гишүүнд хөдөлмөрийн хөлс олгодог байсан. 1983, 1985, 1986 оны цалин хөлсний баримтанд Касин овогтой Сержааны нэр дээр бичигдсэн "хадлангийн хөлс", "төмс", "тарвас" гэж бичигдсэн нь *******ыг тухайн онуудад Ховд аймгийн Буянт сумын "Соёл" нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотолж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед нэгдлийн гишүүдийг мал аж ахуйн бригад, газар тариалангийн бригад, үйлдвэрлэлийн бригадад хуваарилж, бригад тус бүрээр 70 дугаар данс хөтөлдөг байсан тул шүүхэд гарган өгсөн баримтууд нь мал аж ахуйн үйлдвэрлэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримт гэж үзэж байна. Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/1226 дугаартай "Баян-Өлгий болон Ховд аймгийн 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд ******* Сержаанд холбогдох баримт байхгүй байна  гэх албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягтуудад Касины Сержааны ажилд орсон хугацааг 1989 он гэж үнэлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, хүсэлт гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт Хадгалагдаж буй Ховд аймгийн Буянт сумын "Соёл" нэгдлийн 3-р бригадын 70 дугаар дансыг шүүж үзэхэд 1985 онд *******ы нэртэй баримт байгаа бөгөөд энэ баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.   ******* нь 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын "Соёл" нэгдлийн 3-р бригадад мал маллан амьдарч байсан ба 1989 онд тракторын курсст сурч тракторын жолооч болсон боловч 1989 оны сүүлчээр нийгэм задарч, өмч хувьчлал явагдаж, нэгдэл татан буугдсан тул нэгдэлд тракторын жолоочоор ажиллаагүй болно. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00663 дугаартай шийдвэрийг хянан үзэж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

 

            4.Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлээж,  хүсэлт гаргагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.    

            5. Хүсэлт гаргагч ******* нь 1983 оны 6 сарын 10-наас 1986 оны 6 сарын 15 хүртэл Буянт сумын “Соёл” нэгдлийн “Хар цохио” бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1986 оны 6сарын 15-наас 1988 оны 8 дугаар сарын 25 хүртэл хугацаат цэргийн алба хааж ирээд мөн эцэг эхийн хамт Буянт сумын “Соёл” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 30 хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоолгох  тухай хүсэлтийг шүүхэд  гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу шаардлагаа нотлохоор 2022 оны 10 дугаар сарын 19-8-ны өдрийн 1160 дугаар архивын лавлагаа,1983-1989 онуудын Буянт сумын “Соёл” нэгдлийн 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбар /эцэг Касин/ гэрлэсний бүртгэлийн лавлагаа,төрсний бүртгэлийн лавлагаа,2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8626 тоот хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэрэг баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна.

Түүнчлэн шүүх санаачилгаараа *******ы ажиллаж байсан байдлын талаар тодорхойлолт ирүүлсэн А.Дүйсэнбайгаас гэрчийн мэдүүлэг авсан, Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс “Монгол улсын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 (А) маягтууд,иргэний үнэмлэх авах өргөдөл,Архивын Ерөнхий газар,Үндэсний төв архивын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 02/1226 дугаартай Баян-Өлгий болон Ховд аймгийн 1989 оны хүн амын тооллогын бүртгэл зэргээс лавлагаа авсан байх ба Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хадгалагдаж буй Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдлийн 3 дугаар бригадын 1983-1990 онуудын 70 дугаар дансны баримтуудад үзлэг хийж нотлох баримтуудыг онцгой ажиллагааны журмаар хэрэг  хянан шийдвэрлэх журмын дагуу цуглуулж бүрдүүлж авчээ.

6. Ажиллаж байсан байдлыг тогтоох нь тухайн хүсэлт гаргагчийн тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болох гол нөхцөлийг бүрдүүлдэг.

7. Анхан шатны шүүх *******1983-1986 оны 6 сар хүртэл, 1988 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдлийн 3 дугаар бригад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой байх бүх нөхцөл байдлуудыг хуулийн дагуу шалгаж тодруулсан байна.

8. шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас  үзвэл гэрч А.Дүйсэнбай  нь “*******ыг 1985 оноос өмнө малчин байсныг мэднэ.” Гэж мэдүүлсэн байх ба уг мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан судлахад *******ыг 1983-1986 оны 6 сар хүртэл, 1988 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал  тогтоогдоогүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”хүсэлтийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

 

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             С.ӨМИРБЕК

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА