Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0278/З |
Дугаар | 221/МА2018/0278 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0278
|
Р.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0120 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “К б” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Р.Л-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0120 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.14, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Р.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны байрны 44 А, Б, В, Г байрны зоорийн давхрын 98 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Р.Л-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхий улсын бүртгэлд автомашины зогсоолын өмчлөгчөөр Р.Л-ийг бүртгэлж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.4-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэж улсын бүртгэгчийн эрх үүргийг тодорхойлсны дагуу барьцааны гэрээг бүртгэхдээ бүртгэлийн байгууллага нь уг эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг хэн хэрэгжүүлж байгаа, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар хянан үзэх, магадлах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж бүртгэлийн байгууллагыг буруутгасан нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Учир нь уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ нь тодорхой /газар ашиглах эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, фото зураг, план зураг зэргээр нотлогдож байсан/, байршил, хэмжээн дээр маргасан зүйл байхгүй байсан тул газар дээр нь очиж танилцах шаардлагагүй байсан байна. Түүнчлэн улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах эрхтэй болохоос өмчлөл, эзэмшлийг хэн хэрэгжүүлж байгаа, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар хянан үзэх, магадлах эрх үүргийг хуулиар олгоогүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1-д заасан бүртгэлийн байгууллага чиг үүрэгт хамааралгүй болно.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,12 дугаар зүйлийн 12.2, 12.3-т заасны дагуу маргаан бүхий 98 дугаар автомашины зогсоолын барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль бус болно гэж буруу дүгнэсэн байна.
Р.Л-ийн нэхэмжлэлтэй “К б” ХХК, “М к” ХХК-д холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Гэтэл захиргааны хэргийн шүүх барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоон, хүчин төгөлдөр барьцааны гэрээг бүртгэсэн гэж бүртгэлийн байгууллагыг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад захиргааны анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэх, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу гэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасан хэдий ч “М к" ХХК өмчлөгчөөс шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрсөн, өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд энэ заалт хамаарахгүй тул бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 24.8-д төрийн захиргааны байгууллага... эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасан. Гэтэл уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь "К б" ХХК-ийн барьцаанд хадгалагдаж байгаа тул өмнөх гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй тул дахин гэрчилгээ олгохыг хориглосон болно.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ уг маргаан бүхий 98 дугаар автомашины зогсоолыг битүүмжлээгүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “М к” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг, тухайн маргаан бүхий үл автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, үүнийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн тухай нотлох баримтыг зөв үнэлээгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.5, 20.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10- д заасны дагуу Р.Л-ийн мэдүүлгийг буцаасан нь хуулийн дагуу үйлдэл байна.
Иймд 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0120 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын иргэн Р.Л-ийн нэхэмжлэлтэй “ОӨУБЕГ”-т холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 128/ШШ2018/0120 тоот шийдвэрийг гуравдагч этгээд "К б" ХХК эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.2-т “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.12-т “Шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэж улсын бүртгэгч ийн үүргийг тодорхойлсны дагуу барьцааг бүртгэхдээ бүртгэлийн байгууллага нь уг эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг хэн хэрэгжүүлж байгаа, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаар хянан үзэх, магадлах үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэсэн.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх улсын бүртгэгчийн үйл ажиллагааг буруутгахдаа улсын бүртгэлийн тухай хуулийн 11.5.12-т “Шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэсэн заалтыг үндэслэжээ. Ингэхдээ тус зохицуулалтад байгаа шаардлагатай гэж үзвэл ...газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах гэсэн урьдчилсан нөхцөлийг анхаарч үзээгүй хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгчийн зүгээс газар дээр биечлэн очиж, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, байршилтай танилцах зүй ёсны шаардлага байгаагүй. Учир нь барьцааны гэрээг бүртгүүлэх үед 44АБВГ байрны 50%, 90%-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, кадастрын зураг, барилгын зураг төсөл зэргийг хавсаргасан байсан байдаг. Энэ үүднээс улсын бүртгэгч хуульд нийцсэн гэж үзэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан нь хуулийг зөрчсөн бус хуульд нийцсэн байна.
Мөн Хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн Р.Л-ийг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үндэслэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-т заасны дагуу гуравдагч этгээд “К б” ХХК-ийн барьцааны эрх байгаа тул барьцаалагчаас зөвшөөрөл авч ирэхийг шаардсан байдаг. Энэ нь гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах хамгаалалт бүхий зохицуулалтыг хэрэглэсэн үндэслэл бүхий татгалзал юм. Гэтэл шүүхийн зүгээс улсын бүртгэгчийг газар дээр нь очиж шапган үзээгүй гэж буруутган хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу бөгөөд үндэслэлгүй байна.
Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгтээ “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, 1.9-т “Барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно”, 12.3-д “улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу маргаан бүхий 98 дугаар автомашины зогсоолын барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль бус болно” гэж буруу дүгнэсэн байна.
Р.Л-ийн нэхэмжлэлтэй "К б" ХХК, “М к” ХХК-д холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянагдан хэлэлцэгдэж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно. Гэтэл нийслэл дэх захиргааны хэргийн шүүх гэрээ хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоон, улсын бүртгэгчийг хүчин төгөлдөр барьцааны эрхийг бүртгэсэн хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Харин захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг гэрээний маргаантай холбон тайлбарлаж, үйл баримтыг үнэлсэн нь буруу байна.
Мөн шүүхийн зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.9 дэх заалтыг хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх нь “К б” ХХК болон “М к” ХХК-ний хооронд Т07/141 тоот барьцааны гэрээ байгуулагдах үед огт үүсээгүй байсан. Түүнчлэн шүүхийн зүгээс “К б” ХХК-ийн барьцааны эрх болон иргэн Р.Л-ийн өмчлөх эрхийн аль нь түрүүлж үүссэн эсэх, талаар дүгнэлт өгөөгүй. Тухайлбал: Р.Л болон “М к” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар үүсэх тусгай зохицуулалттай.
Р.Л нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ю1/ШШ2016/01754 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бльюскай хотхон, 44В байрны 98 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон байдаг. Дээрх үйл баримтаас харахад "М к" ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 205 авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “К б” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М к” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Р.Л нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “К б” ХХК нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.
Ийнхүү нэхэмжлэгч нь 2016 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул “К б” ХХК-ийн зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү харилцаанд шүүгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0120 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Р.Л-оос “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B S” хотхоны 44В байрны зоорийн давхрын 98 тоот авто зогсоолын Ү-2206013889 дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098080 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “М к” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 44 А,Б,В,Г байрны зоорийн давхрын 98 тоот автомашины зогсоолыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг холбогдох баримтуудыг бүртгэлийн байгууллагад гаргасны дагуу маргаан бүхий автомашины зогсоолыг эрхийн бүртгэлийн Ү-2206013889 дугаарт бүртгэж, 000098080 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “К б” ХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй, одоо хүчин төгөлдөр байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох...-ыг хориглох”оор, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “...мэдүүлэгт дурдсан ...эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол ... мэдүүлэг хүлээн авахаас татгалзах”-аар, 19 дүгээр зүйлийн 19.2-т “...эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх”-аар тус тус хуульчилсан тул өмнө бүртгэгдсэн өмчлөх эрх, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдсөнөөр эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагчийн зөвшөөрлийг аваагүй тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгч Р.Л-ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.
хэдийгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан ч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгчөөр “М к” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл хүчинтэй уг үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэсэн бүртгэл мөн хүчинтэй байхад нэхэмжлэгчид бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К б” ХХК-ийн “маргаан бүхий авто машины зогсоол “К б” ХХК-ийн барьцаанд байгаа бөгөөд барьцаа нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн Р.Л-ийг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үндэслэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу гуравдагч этгээд “К б” ХХК-ийн барьцааны эрх байгаа тул барьцаалагчаас зөвшөөрөл авч ирэхийг шаардсан байдаг. Энэ нь гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах хамгаалалт бүхий зохицуулалтыг хэрэглэсэн үндэслэл бүхий татгалзал байна.
Гэтэл анхан шатны шүүх улсын бүртгэгчийг газар дээр нь очиж шалган үзээгүй, автомашины зогсоолын барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль бус хэмээн дүгнэж, улсын бүртгэгчийг хүчин төгөлдөр бус барьцааны эрхийг бүртгэсэн хэмээн буруутгаж, нэхэмжлэгчийн нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Л-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B S” хотхоны 44В байрны зоорийн давхрын 98 тоот авто зогсоолын Ү-2206013889 дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098080 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Л-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Р.Л-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагч болон гуравдагч этгээд “К б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд “К” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ