Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0055

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:       М.Батсуурь

П.Соёл-Эрдэнэ

Ц.Цогт

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу үндсэн ажилд эгүүлэн томилохыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дүгээр шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А-ийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-ийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. “Нэхэмжлэгч Э.А би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            4. Магадлалд: Нэгэнт нөөцөд байгаад тооцогдсоноор нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд тусгай шалгалт өгч сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно гэж дүгнэсэн.

5. Миний хувьд сул орон тоо гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-д зааснаар төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор сонгон шалгаруулалт явуулдаг. Сул орон тоог хэрхэн ойлгох талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа “...сул орон тоонд төрийн албанаас түр чөлөөлөгдсөнийг хамааруулахгүй” гэж тайлбарласан. Иймээс би тус сонгон шалгаруулалт нь хууль бус бөгөөд анхан шатны шүүх дээр сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байсан. Мөн хууль бус сонгон шалгаруулалтад ороогүй.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа Төрийн албаны зөвлөлөөс 02/559 тоот албан бичгийн хариуд “Э.А-ийн эрхэлж байсан Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй” гэснийг дурдаж хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан байгааг зөвтгөсөн нь ойлгомжгүй байна.

7. Төрийн албаны зөвлөлөөс эрх хэмжээгээ хэтрүүлэн албан бичгээр хууль тайлбарлаж, хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан. Харин хариуцагч түүгээр шалтаглаж өмнө гаргасан шийдвэр буюу 33 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй нь хууль бус байхад шүүх үүнийг хариуцагчийн эрх хэмжээний асуудал гэж үзсэнд гомдолтой байна.

8. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийснээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчээс “...6 сарын хугацаатай чөлөө авсан, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл ажилд авахгүй байна” гэж, хариуцагчаас “...Э.А нь төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдоно, албан тушаалын орон тоог “сул орон тоо” гэж үзэх үндэслэлтэй тул төрийн албаны тусгай шалгалт өгч томилогдох ёстой” гэж тус тус маргажээ.

11. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” 33 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн гарчээ.

12. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлнө гэж заасан байна.

13. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргасан өргөдөлдөө “...Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явж байгаа тул 6 сарын чөлөө олгоно уу...”, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасан өргөдөлдөө “Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн 33 тоот тогтоолоор үүрэгт ажлаас түр чөлөөлөгдсөн билээ. Чөлөөний хугацаа дууссан тул эрхэлж байсан үндсэн ажилд эргүүлэн томилж өгнө үү” гэжээ.

14. Анх нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн агуулгаас үзэхэд тэрээр 6 сарын чөлөө хүссэн байхад хариуцагч 6 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөх эрх зүйн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйлийг хэрэглэж маргаан бүхий актыг гаргасан, нөгөөтэйгүүр  нэхэмжлэгч чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

15. Дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д заасан зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон гэх зохицуулалт үйлчлэхгүй, нэгэнт төрийн албанаас түр чөлөөлөгдөөгүй нөхцөлд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж тооцохгүйгээс гадна “Сул орон тоо” гарсан  гэж үзэх боломжгүй юм.

16. Шүүхүүд нэхэмжлэгчийн чөлөө авсан хугацааг зөв тодорхойлоогүйгээс Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэж, “...Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т зүйлд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийг тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох ба нэхэмжлэгч нь сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч томилогдох боломжтой байх ба үүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээгээгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

17. Хариуцагч маргаан бүхий актын 1 дэх заалтаараа нэхэмжлэгчийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацаатай үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, 2 дахь заалтаараа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үүрэгт ажилдаа ирж ажиллахыг зөвшөөрч, мөн хугацаанаас дахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсөн байна.

18. Нэгэнт нэхэмжлэгч 6 сарын хугацаатай чөлөө авсан, чөлөөний хугацаандаа багтаан ажилдаа орох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тохиолдолд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд, нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

19. Харин нэхэмжлэгчийн “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус шаардлага байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй байна.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлж гаргах үүрэгтэй, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хэнээс, ямар үндэслэлээр хэдэн төгрөгийн цалин, ямар нэмэгдлийг хэдэн хувиар тооцон гаргуулж авах талаар буюу хохирлын хэмжээг маргаангүй байдлаар зөв тодорхойлж гаргаагүй.

21. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын асуудлыг мөн хуулийн 102.2-д “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” зааснаар шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай байна.

22. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.А-г Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А-ийн “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН