Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00007

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Л.Нарантунгалагийн  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

            “Орхон аймгийн Улсын бүртгэлийн 000236377 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг,  нэхэмжлэгч Л.Нарантунгалаг, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамбалсүрэн, гуравдагч этгээд Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа, “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх нар оролцов.       

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол, 7 дугаар байр 11 тоот 19.4 м2 талбайтай орон сууцыг ээж С.Жаалхүүгээс өвлөн ах Л.Жаргалсайханы хамт эзэмшиж байсан. Анх улсын бүртгэлийн 2101001785 дугаартай гэрчилгээг эзэмшиж байсан. Гэтэл 2014 оны 8 дугаар сард намайг Улаанбаатар хотод ажиллаж байхад ах Л.Жаргалсайхан нь Б.Бямбарагчаа, Б.Сувд нартай тохиролцож миний бичиг баримт, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нотариатч Т.Долгорсүрэнгээр батлуулж, намайг хамтран эзэмшигчээс хасуулсан байсан.  Ингээд 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн хэлтсээс 000236377 дугаартай үл хөдлөх гэрчилгээг Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын 2 хүний өмчөөр бүртгүүлэн авсан байсан. Уг хэрэг цагдаагаас прокурорын шатанд очоод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өршөөлийн хуулиар цагаатгагдаж, Б.Бямбарагчаа нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Харин миний бие нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байраа өвлөн авах өмчлөх эрхтэйг тогтоолгох нэхэмжлэл гарган 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1363 дугаартай шүүхийн шийдвэрээр хууль ёсны өвлөгч болохыг тогтоосон. Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нар нь миний өвлөх өмчлөх эрхийг хууль бусаар хасуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авсанд гомдолтой байна.

            Иймд  улсын бүртгэлийн 000236377 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг  хүчингүйд тооцож өгнө үү.” гэв. 

           

            Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-7-11 тоот орон сууцыг хамтран өмчлөгч Л.Жаргалсайхан /ФБ76112305/-ны 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр №44 дугаартай нотариатч Т.Долгорсүрэнгийн гэрчилсэн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг үндэслэн хамтран өмчлөгч Л.Нарантунгалаг /ФБ79110161/-ийг хасч №000236373 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэл”-ээр хамтран өмчлөгчөөр бүртгэн №000236366 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

            Өнөөдрийн байдлаар уг орон сууц нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Капитрон” банкны №3052-2015/008 тоот барьцаат зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн байна.

            Дээрхи орон сууцны бүртгэлийг Монгол Улсын Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журмын дагуу хийгдсэн бүртгэл байна. Иймд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 44 дугаартай нотариатч Т.Долгорсүрэнгийн гэрчилсэн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөх хасуулах хэлцэл” нь хамтран өмчлөгч Л.Нарантунгалагийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн эсэх, гарын үсэг хуурамчаар зурсан эсэхийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох шаардлагатай бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн уг бүртгэлийг хүчингүй болгох нь хууль, журамд харшлахгүй байна. Хамтран өмчлөгч Л.Нарантунгалагийг хасч бүртгэсэн нотариатчийн үйлдэл нь хууль ёсны эсэхийг тогтоон хариуцагчийг сольж хэргийг шийдвэрлэнэ үү.“ гэжээ.

 

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамбалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-7-11 тоот орон сууцыг Л.Жаргалсайхан, Л.Нарантунгалаг нарын нэр дээрх гэрчилгээг 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан мэдүүлэг, нотлох баримтыг манай байгууллага хүлээн авч 2014 оны 08 сарын 08-ны өдөр №44 дугаартай нотариатч Т.Долгорсүрэнгийн гэрчилсэн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг үндэслэн хамтран өмчлөгч Л.Нарантунгалагийг хасч “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ээр Б.Бямбарагчааг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэсэн. Эдгээр бүртгэлүүд нь Иргэний хуулийн  дагуу хийгдсэн. Өмчлөгч нарын хүсэлтийг үндэслэн манай бүртгэлийн хууль журмын дагуу бүртгэл хийгдсэн. Эрх шилжүүлэн авч байгаа тал шилжүүлэгч тал нь гэрээ хэлэлцээр эсэргүүцээгүйгээс гадна гэрээ хэлэлцээр үнэн зөв байна гэсний дагуу гэрээг үндэслэн бүртгэсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу  “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэсэн үүрэгтэй. 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Л.Нарантунгалагийг хасаад Б.Бямбарагчааг хамтран өмчлөгчөөр оруулж бүртгэсэн. Үүнийг хэлцлийн үндсэн дээр бүртгэсэн. Тухайн асуудлын үнэн зөвийг нь шүүхээр тогтоолгох боломжтой. Энэ байдал нь хүний өмчлөх эрхтэй холбоотой учраас хэлцэл нь хууль бус явагдсан эсэх талаар тогтоох юм бол манайхаас татгалзах зүйл байхгүй байна. Дараагийн асуудал нь тухайн орон сууцыг барьцаалан авсан Капитрон банкны эрх ашиг байгаа. Бид нар хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд цаг тухайд нь бүртгэлээ хийсэн.“ гэв.

 

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-7-11 тоот 19.4 м.кв талбайтай нэг өрөө 000236377 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалан 35 000 000 төгрөгийн зээл авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. Мөн энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар Л.Нарантунгалагийн нэхэмжлэлтэй хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна. 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ээр Б.Бямбарагчааг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэн №000236377 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр, тухайн эд хөрөнгөтэй холбоотой төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байгаа. Захиргааны хэргийн асуудал нь төрийн захиргаа албан тушаалтны хууль бус шийдвэрийн талаар ярина. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хэлцэл, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэлцэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Талуудын хооронд байгуулсан нотариатаар батлуулсан хэлцэл хууль бус хэлцэл гэж үзэхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр хэлцэл байгаа учраас Улсын бүртгэлийн газрыг буруутгах асуудал байхгүй. Тиймээс 000236377 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлээс хасч хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Прокурорын байгууллага хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцдог чиг үүрэгтэй байгууллага биш. Улсын бүртгэл ямар тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн  тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх, 19.1.З-т үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдсөн бол хүчингүй болгодог. Тиймээс ийм зүйл болоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хараад үзэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд хамаарах зүйл огт байхгүй байна.” гэв.

 

            Гуравдагч этгээд Л.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд тухайн үед байраа банкинд тавина гэсэн бодол байгаагүй. Уг байр манай ээжийн нэр дээр байсан. Л.Нарантунгалаг хотод байсан. Байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авах талаар бид хоёр мэдэхгүй байсан. Б.Бямбарагчаа байраа банкинд тавъя гэж хэлж байсан. Тэгэхэд Л.Нарантунгалагийн бичиг баримт байхгүй байсан. Тэгээд би Л.Нарантунгалагийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Баян-Өндөр сумаас 5000 төгрөг тушаагаад авсан.  Б.Бямбарагчааг банкны зээл хөөцөлдөөд үзье гэхээр нь тэг гэж хэлсэн. Банкны зээлийг Б.Сувдаа, Б.Бямбарагчаа нар хөөцөлдсөн. Нотариат дээр Б.Бямбарагчаа, Б.Сувдаа, бид 3 очсон. Би Л.Нарантунгалагийг өмчлөх эрхээс хасуулах тухай хүсэлтийг бичээгүй, би бичиг үсэг мэдэхгүй. Тэр хүсэлтийг Б.Бямбарагчаа, Б.Сувдаа нар бичсэн байх. Капитрон банкны зээлийн гэрээн дээр Б.Бямбарагчаа бид хоёр гарын үсэг зурсан. Гарын үсгээ зурах гэтэл 35 000 000 төгрөгийн зээл авч байсан. Би ийм их мөнгө авч байгаа бол болъё гэж хэлэхэд Б.Бямбарагчаа их мөнгөөр л хөдөлнө шүү дээ гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Би тэр 35 000 000 төгрөгнөөс нэг төгрөг ч аваагүй.” гэв.

            Гуравдагч этгээд Б.Бямбарагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Л.Нарантунгалаг байхгүй байсан. Тэгэхээр нь Л.Нарантунгалагийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Баян-Өндөр сумаас авсан. Тэгээд Л.Нарантунгалагтай ойролцоо хүнийг нотариат дээр авч очсон. Би Капитрон банкнаас  35 000 000 төгрөгийн зээл авсан. Зээл аваад эхний 2 сар л эргэн төлөлт хийсэн. Түүнээс цааш мөнгө төлөөгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг нь эх С.Жааханхүү, ах Л.Жаргалсайхан нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот 19.4 м2 1 өрөө орон сууцыг хамтран өмчилж байсан  нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэгдсэн 000236337 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

            Л.Жаргалсайхан, Л.Нарантунгалаг нарын эх С.Жааханхүү 2012 онд нас барж, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Л.Жаргалсайхан нь Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаснаар дээрхи орон сууц Л.Жаргалсайхан, Л.Нарантунгалаг нарын хамтран өмчлөлд шилжиж Ү-2101001765 улсын бүртгэлийн дугаар бүхий 000236366 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

            Гуравдагч этгээд Л.Жаргалсайхан 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг  наториатаар батлуулан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасны дагуу нэхэмжлэгч Л.Нарантунгалагийг хамтран өмчлөгчөөс хасч, Л.Жаргалсайханд /нэг иргэний өмч/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000236373 дугаартай гэрчилгээ олгогдож, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл” хийж, наториатаар батлуулж, Улсын бүртгэлийн хэлтэст хандсанаар Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот 1 өрөө орон сууц Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын өмчлөлд шилжиж, 000236377 дугаартай гэрчилгээ олгогджээ. Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Капитрон банктай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд маргааны зүйл болох орон сууцыг барьцаалсан байна.

 

            Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг нь орон сууц өмчлөх эрх нь зөрчигдөж, өөрөө хүсэлт гаргаагүй байхад 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 11 тоот 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан нь хууль бус учраас Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын нэр дээрхи үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000236377 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд /2002 он/ “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байдаг. Иймээс нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн эрх ашиг зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах этгээд биш, захиргааны байгууллага хуулийн дагуу бүртгэлийг хийсэн гэж тайлбарласан.

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй учраас Захиргааны хэрэг үүсгэсэн, хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гарган шийдвэрлэдэг. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу дээрхи бүртгэлтэй холбоотой асуудлыг шууд шүүх шийдвэрлэнэ гэж үзсэн учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй юм. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий асуудлаар Улсын бүртгэлийн хэлтэс урьдчилан шийдвэрлэхгүй, шууд шүүхэд хандах журамтай гэж тайлбарласан болно.

            Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот 1 өрөө орон сууцыг Л.Жаргалсайхантай хамтран өмчилж байсан ба түүний эзгүйд, зөвшөөрөлгүйгээр орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулж, бүртгэл хийлгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээд Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын тайлбар, Орхон аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/313 дугаартай Прокурорын тогтоолоор тус тус нотлогдож байна. Орхон аймгийн Прокурорын газрын  5/313 дугаартай тогтоолд “ Шинжээчийн 2015.09.21-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт: 2 хэлцэл дээрхи бичилт болон гарын үсэгнүүд нь хэргийн хохирогч Л.Нарантунгалагийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. Хэлцлийн өөрийн хүсэлтээр хасагдах гэсний доод талд байх Нарантунгалаг гэсэн бичвэр нь гэрч болох Б.Сувдаагийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.” гэсэн нь үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхээсээ нэхэмжлэгч Л.Нарантунгалаг татгалзаагүй болохыг нотолж байна.

            Л.Нарантунгалагийн гарын үсгийг Б.Сувд зурсан болохоо шүүхэд мэдүүлсэн болно. 

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5 хороолол, 7 дугаар байр 11 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрх нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 000236366 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байна.  

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж ... өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан байдаг. Гэтэл нотариатч Т.Долгорсүрэн нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан “Хууль дээдлэх”, 21 дүгээр зүйлийн 21.2.5 дахь хэсэгт “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах” гэж заасныг зөрчиж, өмчлөгчөөс хасагдаж буй Л.Нарантунгалагийн гарын үсгийг Б.Сувд гэдэг хүн зурж хэлцэл хийж байхад бичиг баримтыг нягтлан шалгалгүйгээр хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг баталсан. Мөн энэ талаар яллагдагчаар татагдсан байх үедээ нотариатч Т.Долгорсүрэн нь “...миний буруу. Би хэрвээ эргэлзээ төрвөл өөр бусад бичиг баримтыг шалгаж хувийн байдлыг тогтоосны дараагаар хэлцлийг батлах ёстой байсан .” гэж мэдүүлснээс үзэхэд нотариатч Т.Долгорсүрэн хууль зөрчиж хэлцэл баталснаа хүлээн зөвшөөрсөн байна. 

            Иргэн Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа, Б.Сувдаа, Т.Долгорсүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай болохыг тогтоосон боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг прокурорын тогтоолд дурьджээ.

            Дээрхи байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Л.Нарантунгалагийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын нэрээр олгосон 000236377 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй.

            Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцны хууль ёсны өвлөгч болохоо Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/1363 дугаартай шийдвэрээр  тогтоолгосон болохыг, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалтад шүүх хуралдааны товийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 5 дугаар зүйлийн 5.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын нэрээр олгосон 000236377 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

            2. Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.         

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА