Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00010

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Д.Ц ,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0009/Э индекстэй, 1815003380224 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт түргэн тусламжийн жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б.Г  

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Г нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Соната 7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Ц биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу явах шороон зам буюу сайжруулсан шороон зам дээр явж байсан нь үнэн. Шүүгдэгч Б.Г нь 120 км цагийн хурдтай явж байсан. Хүний машин гуйж сууж явсан болохоор хурдаа хасаач гэж хэлж чадахгүй яваад байсан. Ингэж явж байхдаа замын хажуу талаас хоёр зурам гүйгээд машины урд тал руу ороод ирсэн. Тэгэхээр нь би хөөе зурам гэж хэлсэн. Хажуу талаас зурам дайрчихлаа ш дээ гэж нэг нь хэлэхэд гэнэт тооромз гишгээд тэнцвэр алдаад замынхаа эсрэг урсгал руу ороод нэлээн давхиж байгаад гуйвиж дайваад замын хажуу тал руу өнхөрсөн. Өнхөрөөд ойж буугаад явж байгаад тогтсон. Шүүгдэгч хурд хэтрүүлээгүй, цочихдоо замын хажуу тал руу орсон гэж яриад байна. Үнэн хэрэгтээ тийм зүйл болоогүй. Шүүгдэгч Б.Г нь надад миний хоёр сарын цалинг маань өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй байна. Надад бэлнээр 400000 төгрөг өгсөн. Тэгээд ясны кальц, нурууны түшлэгтэй бүс, бас бус зүйлүүдийг авч өгсөн. Шүүгдэгч нь манай эхнэрийг айлган сүрдүүлсэн байсан. Би осолд орохоос өмнө гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байсан. Одоо хар бор ажил төрөл хийж чадахаа больсон. Би шүүгдэгч Б.Г аас гэнэт халагдсаны 3 сарын цалин буюу 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал гомдол, саналгүй гэв.

1815003380224 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.Алтантуяагийн өгсөн: “...Зам хөндлөн хоёр зурам хөөцөлдөөд гараад ирсэн чинь нөгөө ах “Зурам дайрлаа” гэж чанга хэлсэн. Энэ үед жолооч машиныхаа жолоог баруун гар тал руу эргүүлсэн. Үүнээс болж машин замын хажуу тал руу орсон. Жолооч бид хоёр машинаас буугаад замаас суусан ахын биеийн байдлыг асуухад “нуруугаар өвдөж байна, бөөрөө авахуулсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Булгана аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Магадлуулагч Д.Ц биед бүсэлхийн L1 дүгээр нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 22-23 хуудас/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №70 дугаартай дүгнэлт: 1. Жолооч Балжинням овогтой Б.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BC ангилалын 1054458 дугаарын эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2. Жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дах заалт жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 12.4 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/ц, суурин газрын гадна цагт 80 км/ц, тууш замд цагт 100 км/ц-аас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Г нь хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс үүдэн гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 33 хуудас/,  

Яллагдагчаар Б.Г ын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Орхон аймгийн 3 замын хажууд Булган аймгийн Хангал сум руу салдаг хэсэг дээр зогсоод араас ирэх 2 машиныг хүлээгээд зогсож байтал нэг настай хүн ирээд намайг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан би тэгэхээр нь амралт руу явах гэж байна яг ямар амралт орох гэж байгаа юм гэж хэлэхээр нь сайн мэдэхгүй байна гэсэн чинь би тэгвэл Галтын амралт орох гэж байгаа юм гэж хэлэхээр нь та тэгвэл машин дотор сууж бай гэж хэлсэн. Удалгүй араас бид нартай хамт явж байсан 2 машин ирсэн. Тэгсэн тэр ах манай амралт гол устайгаа ойрхон гоё амралт гэж хэлэхээр нь зөвшөөрөөд тэр ахын ажилдаг амралт руу явахаар болоод явсан. Тэгээд би Хангал сумын сайжруулсан бетон замын хажуугийн хөдөөгийн замаар явсан. Харин миний араас явсан бетон зам дээгүүр явж байгаа харагдаж байсан..., бид нар сайжруулсан шороон зам дээр гараад машинд сууж явсан ахаар замаа заалгаад явсан. Тэр ах арын суудлын гол хэсэгт 2 гараараа миний болон хажуу талын суудлаас тулчихаад юм яриад явж байсан. Тэгээд тэр эмнэлэгт хэвтсэн бөөрөө авахуулсан талаар өөрийн амьдралын талаар яриад байсан. Тэгээд бид нар Хангал сумын төвийн урд замаар нэвт цааш яваад гүүр гараад цааш шулуун зам дээр явж байтал урдуур 2 зурам явж байсан тэгтэл тэр ах гэнэт зурам гээд чанга хэлэхээр нь би цочоод хажуу баруун гар тийш жолооныхоо хүрдийг дараад тоормосоо гишгээд замаас гараад зогсоод би машинаасаа гараад хойд хаалгаа онгойлгоод тэр ахыг та зүгээр үү гэсэн чинь ахынх нь нуруу бөөр эвгүй болчихлоо гэж хэлсэн..., Д.Ц  гуай 2-лаа цагдаа шүүх гээд яах бэ чи надад 2 сарын цалинг минь өгчих гэсэн тэгээд би нурууны бүс болон зүрхний эм, бөөрний эм, яс бэхжүүлдэг эм нийт 300.000 төгрөгний эм авч өгсөн. Дараа нь 600.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,  

Эмчилгээний талаарх баримтууд /хх-ийн 25-29 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Ц биед хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.  

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч эмчилгээний зардалд 600000 төгрөг авсан болох нь хэн аль нь маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 1.200.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хэдий ч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Ж овогт Б.Г  нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 500000 төгрөгний торгуулийн ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН