Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 07

 

 

    2023          04           04                                    206/МА2023/00007

 

*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00034 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, ******* овогт *******Гэрэлмаагийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 дугаар анги төгсөөд Шинэ зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аав ээжийн хамт хонь, ямаа маллаж ажилласан.

Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр хүчингүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагааг шүүлгэхэд ажиллаж байсан 1988-1989 он дуустал тухайн үеийн 2-дугаар бригадын 70 дугаар данс тус архивт байсан.

Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хонь, ямаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэжээ.

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2022/00034 дугаар шийдвэрээр:

2.1  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******Гэрэлмаагийн 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан, гэрч Б.Мандахын шүүхэд гэрчээр өгсөн ******* нь миний 5 дахь төрсөн дүү юм. Дүү ******* нь Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1988 оны 06 дугаар сард төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчин болсон. ******* нь ээж, аавын хамт малчнаар ажиллаж байсан. 1988 он *******гийн дээд талын ах Б.Сүхээ нь цэргийн алба хааж байсан. Б.Ганболд ах нь 10 дугаар ангид суралцаж байсан юм. ******* нь 1988 оноос нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан юм ..." гэх мэдүүлэг нь түүний нэр дээрх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23844001000225 дугаартай төрөл садангийн лавлагаа, Б.Мандах, н.Өнөрмаа нарын нэр дээрх Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1988, 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны баталгаат хуулбар болох эх сурвалжаар нотлогдож байх тул үнэн зөв гэж үзлээ. /хх- ийн 27-31 дүгээр тал/" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд гэрч Б.Мандахын Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1988 оны 06 дугаар сард төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчин болсон гэх мэдүүлэг нь хуульд заасан нотлох баримт баримтын шаардлага хангаж байна. Мөн гэрч Б.Мандахын ажиллаж байсан үеийн лавлагаа баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Эрх зүйн ач холбогдох бүхий үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргахад заавал хоёр буюу түүнээс дээш гэрч асуулгадаг. Заавал хоёр гэрч асуучхаад тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хүсэлт гаргагч *******гийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч *******г 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын "Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Очирбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.    

            2. Хүсэлт гаргагч ******* нь иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1100 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Ю.Бямбаа, н.Нямжав, ******* нарын нэр дээрх 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баталгаат хуулбарууд, иргэн Д.Алтангадас, Ч.Бадраа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн хуулбарууд, *******Гэрэлмаагийн нэр дээрх 1615000706, 16122336 дугаартай Баталгаажилтын хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Чандмань сумын АДХГЗ-наас *******д олгож байсан Талархал-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай тодорхойлолт, *******Гэрэлмаагийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Түүнчлэн шүүх санаачилгаараа Ховд аймгийн Улсын бүртгэлийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******Гэрэлмаагийн нэр дээрх ХААТР-1, ХААТР-21 маягтуудын баталгаат хуулбар, гэрч Б.Мандахыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23844001000225 дугаартай төрөл садангийн лавлагаа, Б.Мандах, н.Өнөрмаа нарын нэр дээрх Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1988, 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны баталгаат хуулбар зэрэг баримтуудыг онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу цуглуулж бүрдүүлж авчээ.

3. Ажиллаж байсан байдлыг тогтоох нь тухайн хүсэлт гаргагчийн тэтгэвэр тэтгэмж авах эрх бий болох гол нөхцөлийг бүрдүүлдэг.

4. Анхан шатны шүүх *******гийн 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хонь, ямаа маллаж байсан байдлыг тогтоох боломжтой байх нөхцөл байдлуудыг хуулийн дагуу шалгаж тодруулсан байна.

5. Иргэн Д.Алтангадас, Ч.Бадраа нар нь шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо ...*******Гэрэлмаа нь 1988 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийг төгсөж илгээлтээр Чандмань сумын 2 дугаар бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан байсан нь үнэн... болохыг тодорхойлж бичсэн боловч уг тодорхойлолтыг юуг үндэслэж бичсэн нь тодорхойгүй, мөн иргэн Д.Алтангадас, Ч.Бадраа нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгийн нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй,

Мөн хэрэгт авагдсан *******Гэрэлмаагийн нэр дээрх 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал, 1987 оны 01 дүгээр сараас 1990 оны дуустал цалин хөлс бичигдсэн байх ба 1986, 1987 онд хүсэлт гаргагч нь хөдөлмөр эрхлээгүй, сургуульд суралцаж байсан тул дээрх хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүдийг урдаас хөдөлбөргүй үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж үзсэн.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж хүсэлт гаргагчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”хүсэлтийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР