Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00011

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Л.Н , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н т холбогдох  163/2019/0008/э индекстэй, эрүүгийн 1815003160186 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жил, 9 сарын хорих ялаар, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Л.Н   

Холбогдсон хэргийн талаар:

Л.Н  нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сард хадлангийн талбайгаас болж хохирогч М.Б муудалцаж зодолдсон. Манай аавын дүү гэж ядарсан хөгшин байдаг юм. Хохирогч М.Б  нь манай аавын дүүгийн хадлангийн талбайг хадаж аваад зарчихсан байсан. Тэгэхээр нь гүйж очоод чи одоо яахаараа ядарсан хөгшний хэдэн мал идэх өвсийг дээрэмддэг юм бэ? гэж уурлаад цохисон юм. Хэрвээ М.Б  манай аавын дүүгийн хадлангийн талбайг хадаж зараагүй бол би очиж муудалцаж зодолдохгүй байх байсан. Гэм буруугаа хүлээж байна гэв.

1815003160186 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч М.Б ийн өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 09-ны 15 цагийн үед хадлангаа хадаж дуусаад өвсөө машинд ачиж байхад Л.Н  ирсэн бөгөөд тракторын сэлбэг асуусан. Би түүнд тракторын сэлбэг байхгүй гэж хариулсан. Л.Н  гартаа нэг зүйл барьчихсан “ална даа чамайг” гээд миний толгой руу олон удаа цохисон. Миний толгой хагарч, цус гарч, дотор муухай оргиж газарт унасан. Тухайн үед би цэнхэр өнгийн Портер машины урд хэсэгт сууж байсан ба хадам дүү Батцэнгэл, Чандмань нар түүнийг салгасан. Л.Н  “Хутгалж ална” гээд хашгираад байсан..., миний толгой эргэнэ, баруун гарын чигчий хуруу өвдөнө, дух болон толгой хэсэгт сорвитой болсон. Л.Н т маш их гомдолтой байна. Намайг байнга хутгалж ална гэж заналхийлж байдаг. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуудас/,

Гэрч Б.Ганбаатарын өгсөн: “... Л.Н  тракторын заазуур төмөр сэлбэгийг М.Б оос гуйхад тэрээр Орхон аймаг руу одоо машинаар ачуулж явах гэж байгаа учир өгөх боломжгүй талаараа хэлэхэд Л.Н  уурласан бөгөөд түүнийг харамлалаа гээд цэнхэр өнгийн Портер машины урд талд сууж байсан М.Б ийг тэр Портер машины никэл хөмсөгийг хуулж аваад толгой хэсэгт нь нэлээн хэдэн удаа цохиход цус их гарч, толгой нь хагарсан байсан..., М.Б , Л.Н  нар хоорондоо барьцалдаад ноцолдоод байсан бөгөөд Батцэнгэл Портер машины ачаа дээрээс бууж ирээд тэднийг салгасан..., Л.Н  архи уучихсан байсан, харин М.Б , Батцэнгэл нар эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Ш.Энэбишийн өгсөн: “... Л.Н  нь манай нөхөр М.Б оос тракторын сэлбэг асуухад байхгүй гэж хэлэхэд Л.Н  нь үгийн зөрүүгүй М.Б ийн толгой руу 4-5 удаа цохьсон бөгөөд толгойноос нь цус гарч байсан. Л.Н  нь гартаа нэг зүйл барьсан байсан бөгөөд түүгээрээ цохьсон. Би яг гартаа юу барьсан байсныг нь мэдээгүй... Манай нөхөр М.Б ийг ална, хутгална гэж заналхийлж байсан... Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Б.Чандманийн өгсөн: “... М.Б оос тракторын сэлбэг асуухад байхгүй гэж хэлэхэд Л.Н  нь М.Б ийн толгой руу гартаа барьсан зүйлээрээ нэлээн хэдэн удаа цохиход толгойноос нь цус гарч, бид нар цусыг нь арчсан... Л.Н  нь М.Б ийг цохиж, зодох үедээ архи уусан, их халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч М.Батцэнгэлийн өгсөн: “...Л.Н  ирээд трактор эвдэрсэн учир тракторынхоо заазуур төмөрийг тайлаад өг гэхэд М.Б  трактороо Орхон аймаг руу машинаар ачуулаад явуулсан байсан учраас үгүй гэж хэлэхэд Л.Н  портер машины никэл хөмсөгийг хуулаад М.Б ийн толгой руу 2-3 удаа цохьсон. Л.Н , М.Б  нар барьцалдаад байхаар нь би тэднийг салгасан. Энэ үед Л.Н  намайг хэл амаар доромжлоод цохьсон... Тухайн асуудлаас хойш 2 удаа тааралдсан бөгөөд хутгалж ална гээд заналхийлж байсан... Л.Н  нь М.Б ийг зодох үедээ архи уусан, нилээд халамцуу байсан... Л.Н  нь бид нарыг байнга л хутгалж ална гэж заналхийлээд байдаг. Бид нарын хооронд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Ямар учраас заналхийлээд байдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 253 дугаартай: 1.Магадлуулагч М.Б ийн биед баруун чигчий хурууны 1 дүгээр шивнүүр, ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэтмэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 41-58 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н  нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Б , гэрч Б.Ганбаатар, Ш.Энэбиш, Б.Чандмань, Ш.Батцэнгэл нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 253 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Н т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Л.Н ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Л.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ыг 500 /таван зуу/ /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч энэ хэрэгт холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН