Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 10

 

 

 

  2023          04           11                                    206/МА2023/00010

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00106 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 11 дүгээр гудамж, 861 тоотод оршин суух, ******* овогт ******* Цэрэнноровын  нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сум, Буянт баг, Бямбаагийн гудамж, 1-9 тоотод оршин суух, ******* овогт ******* Батчимэгт холбогдох

3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие *******т 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг бүгд 3,000,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн 2015 оны наадмын үеэр надаас 500,000 төгрөгийн ундаа зээлээр авсан. Зээлээр авсан ундааны мөнгө 500,000 төгрөгийг *******ийн эгч ******* 300,000 төгрөг, өөрөө дансаар 200,000 төгрөг төлж барагдуулсан. Зээлж авсан 3,000,000 төгрөгийг буцааж өгөхийг олон удаа шаардсан боловч ******* нь боломж болохгүй байна. Хүүхдүүдээ Солонгос улс руу гаргасан, би хүүхдүүдийнхээ хойноос явж ажил хийж байгаад төлнө гэсээр одоог хүрч байна. Иймд *******ээс 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн ******* нь *******т нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Түүнд мөнгө зээлдүүлэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь найз нөхдийн холбоотой, наймаа хийдэг хүмүүс байгаа юм. Хариуцагч ******* нь анх мөнгийг зээлэхдээ 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг. Нэхэмжлэгч зээлийн хүү, алдангийг тооцоогүй, учир нь талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, аман хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч нь тус мөнгийг өөрийн нэр дээрх хадгаламжийн данс дахь мөнгийг барьцаалан зээл авч өгсөн. 2022 оны 12 дугаар сар гартал хариуцагч нь зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсээр байгаад ...Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй хүүхдүүд рүүгээ явлаа, иймээс чи надаас ямар мөнгө олж авдаг юм... гэсэн байдлаар хандсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Хариуцагч нь 520,000 төгрөг, мөн Танита гэх аппарат өгсөн гэх тайлбар хэлдэг, энэ нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн тооцоо хийгдээгүй. Хариуцагч ******* нь өөрийн эгч н.Ариунаагийн хамт 2015 оны Улсын наадмын баярын үеэр *******оос 500,000 төгрөгийн ундаа зээлж аваад түүнийг *******ын дансанд н.Ариунаа гэх нэрээр хийсэн байна. Үүнийг хариуцагч зээлсэн 3,000,000 төгрөгийг төлсөн мөнгө гэж тайлбарладаг. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгад 5020368669 дугаарын дансанд хариуцагч 100,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл ийм данс нэхэмжлэгч *******т байдаггүй. Түүний эзэмшлийн 5845160373 тоот, мөн 501303040931 тоот хувийн харилцах ХААН банкны данстай байдаг гэж нэхэмжлэгч хэлсэн.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. ...5013040931 тоот данс руу н.Ариунаа гэх хүнээс 2 удаа мөнгө орсон. 5845610373 тоот данс руу 200.000 төгрөг орсон. Энэ нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гүйлгээ хийгдсэн боловч энэхүү 200,000 төгрөг нь 3,000,000 төгрөгийг зээлдүүлэхээс өмнө хариуцагч нь эгчтэйгээ нийлж ундаа авч зарсан түүний мөнгө орж ирсэн байгаа. Нэхэмжлэгчийн дансанд 100,000 төгрөг, 120,000 төгрөг тус тус орж ирсэн тооцоо нь н.Ариунаа гэх хүнтэй холбоотой тул хариуцагчийн зээлсэн 3,000,000 төгрөгтэй хамаагүй... Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Нэхэмжлэгчид хариуцагч нь 2021 онд 200,000 төгрөг өгснөөр шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд 3,000,000 төгрөгийг *******ээс гаргуулж *******т олгох хууль зүйн үндэслэлтэй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00106 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 2,580,000 /хоёр сая найман зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 56,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 ******* нь *******оос 2016 оны 01 сарын 13-нд 1,500,00 төгрөг тус оны 01 сарын 14-нд 1,500,00 төгрөг нийт 3,000,000 төгрөг зээлсэн байдаг. Энэхүү үүргийн гүйцэтгэлдээ 2016 оны 11 сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 11 сарын 24-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 02 сарын 11-ны өдөр 200,000 төгрөг нийт 420,000 төгрөгийг А.Батчимэг нь *******ын дансруу шилжүүлсэн. Мөн 2017 онд талууд тохиролцоод хүний биеийн бүтэц хэмждэг Танита аппаратыг 450.000 төгрөгөөр үнэлж Батчимэг нь  *******т өрөндөө тооцон өгсөн байдаг. Тухайн аппарат нь одоогийн зах зээлийн ганшаар 2,000,000 төгрөг бүхий үнэтэй байхад анхан шатны шүүх үүнийг үнэлээгүйд гомдолтой байна.Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор үүргээ биелүүлэх үүрэгтэй тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцохгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь *******, ******* нар Иргэний хуулийн 281.1-д заасан хүчин төгөлдөр Зээлийн гэрээг 2016 оны 01 сарын 14-нд /3,000,000 төгрөг/ амаар байгуулсан. Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан. Гэтэл зээлийн гэрээг 2016 оны 01 сарын 14-нд Байгуулсан байтал ******* нь 2022 оны 12 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл аргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар урт хугацаа өнгөрсний дараа тухайн нөхцөл байдлыг шаардлагатай хэмжээнд үнэн бодитой тогтооход хүндрэлтэй байдаг чир Иргэний эрх зүйд хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шалгах ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.

******* ******* нарын хооронд амаар зээлийн гэрээ хийгдэж, ******* зээлэхээр тохиролцсон 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тогтоосон хугацаанд *******ийн дансанд шилжүүлсэн. Зээлсэн мөнийг буцааж өгөх талаар хугацаа тохироогүй. *******ээс зээлсэн мөнгөө буцаан өгөхийг удаа дараа шаардахад боломж гарахгүй байна, боломжтой үедээ өгье гэдэг байсан ба дахин дахин шаардахад ******* НЬ: "Би чамаас мөнгө зээлээд 6 жилийн хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлөхгүй, Солонгос явна." гэж хэлсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00106 дугаартай шийдвэрийг хянан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “би 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн, тухайн үедээ 3 сарын дараа өгөхөөр тохирч авсан. Би өөрийн дансаар нэхэмжлэгч *******ын дансанд 520,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны эхээр бид хоёр тохиролцоод хүний биеийн бүтэц хэмждэг Танита нэртэй аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж үлдэгдэл 2,500,000 төгрөгийн өрнөөсөө суутган өгсөн тул 2,050,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн. Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, одоо үлдэгдэл мөнгийг буцаан төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь өөрийн татгалзаа нотлохоор нэхэмжлэгчийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 120,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг нийт 420,000 шилжүүлсэн  Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гарган өгсөн ба энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна” гэж дүгнэн хариуцагч *******ээс 2,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар нь “хүний биеийн бүтэц хэмждэг Танита нэртэй аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж ******* нь *******т өгсөн, тухайн аппарат нь одоогийн зах зээлийн ханшаар 2,000,000 төгрөгийн үнэтэй байхад шүүх  үүнийг үнэлээгүйд гомдолтой байна. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хариуцагч ******* нь 2016 оны 1 дүгээр сарын 13, 14-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан, үүний дараа 2016 оны 11 дүгээр сард 2 удаагийн гүйлгээгээр 220,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг нийт 420,000 төгрөгийг нэхэмжлэгч  *******т шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

6.2 Зохигчдын тайлбар, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

6.3 Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 3,000,000 төгрөгийг буцааж төлөх тодорхой хугацаа тогтоогоогүй тул зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх ёстой тул “шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог” журамтай бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 3,000,000 төгрөгийг буцааж төлөх тодорхой хугацаа тогтоогоогүй тул “шаардах эрх үүссэн үе”-ийг шүүх тогтоох боломжгүй тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

6.4 Хариуцагч ******* нь “2017 оны эхээр бид хоёр тохиролцоод хүний биеийн бүтэц хэмждэг Танита нэртэй аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч *******т өгсөн” гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч  нь энэхүү татгалзаа нотлохоор танита нэртэй аппаратын гэрэл зургийг шүүхэд гаргаж өгсөн байх ба хэргийн 46 дугаар талд авагдсан гэрэл зураг нь дангаараа “уг аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгч уг аппаратыг авсан” гэх үйл баримтыг нотолж чадахгүй юм.

7.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад нэхэмжлэгч *******ын нэрийг бичээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт 420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсгийг 1 дэх заалтад бичээгүй орхисон байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын шинжтэй зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2023/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,230 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР