| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2021/00170/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 11
2023 04 11 206/МА2023/00011
Ж.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00127 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ******* ******* ******* ******* *******д холбогдох
Гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Я.Сугарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Би 10 гаруй жил газар тариалан эрхэлж байна. Би төрөл бүрийн хүнсний ногоо тариалан амьдардаг. Миний ногоо тариалдаг газарт гахайтай хүн ирж буусан. Миний тарьсан ногоонд 07 дугаар сарын 11-нээс хойш гахай орж хүнсний ногоог гэмтээж, идэж талхлаад байна. Бид ногоогоо зарж хүүхдийн сургалтын төлбөр хийдэг юм. Иймд Я.Сугарсүрэнгээс ногооны үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Я.Сугарсүрэн би Ж.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй, хохирлын хэмжээг хэтрүүлсэн гэж үзэн тайлбар гаргаж байна. Тухайн өдөр Ж.*******гийн ногооны талбайд 3 тооны гахай орсон нь үнэн. Гэвч амтат гуа, хүрэн манжин зэрэг ногоо идээгүй, зөвхөн шийгуаны хэсэг рүү орж 9 тооны шийгуа идсэн. Хэрэг учрал болсон өдөр Ж.******* цагдаа дуудаж 2 цагдаа ирж шалгасан. Тэр хүмүүс 9 тооны шийгуа идсэнийг харсан. Ж.*******г хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна гэжээ.
3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00127 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Сугарсүрэнгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Я.Сугарсүрэнгээс 38950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би Ховд аймгийн Булган суманд эхнэр хүүхдүүдийн хамт гахай маллаж амьдардаг. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд намайг гүтгэж нэхэмжлэл гаргасан. Түүний тор маш муу хамгаалалттай тул гахай орсон байх. Гахай чинь торонд орсон байна гэж Ж.******* намайг дуудахад би эхнэрийн хамт очтол сумын цагдаа ирсэн байсан. Манай алга болсон 3 гахай Ж.*******гийн торонд нь орж 9 ширхэг тарвас идсэн байсан. Бид түүний тор луу гахайгаа зориудаар оруулаагүй. Манай хүүхэд гахайгаа маллаж явахдаа 3 гахай алдчихсан байсан. Гахай нэг дор тийм олон юм иддэггүй өдөрт 3кг өвс, 2л ус уудаг. Иймээс Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Я.Сугарсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 3 хуудас 13 ширхэг гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд иргэн *******, Б.Зоригт нарыг гэрчээр асуулгасан байна.
4.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”тухайн өдөр миний 3 тооны гахай Ж.*******гийн талбайд орсон нь үнэн. Гэвч амтат гуа хүрэн манжин зэрэг ногоо идээгүй, зөвхөн тарвасны хэсэг рүү орж 9 тооны тарвас идсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
5. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Ж.*******гийн ногооны талбайд хариуцагч Я.Сугарсүрэнгийн 3 тооны гахай орж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, уг гэм хорын хохирлыг гахайны өмчлөгч Я.Сугарсүрэн хариуцан арилгах үүрэгтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч Я.Сугарсүрэн нь ”гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Хариуцагч Я.Сугарсүрэнгийн гахай нэхэмжлэгч Ж.*******гийн ногооны талбайд ордог өдөр дуудлагаар очсон цагдаа Б.Зоригт, ******* нар нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Б.Зоригт...гахай торон доогуур шургаж орж ирсэн байсан, ихэвчлэн шийгуа /тарвас/ амтат гуаг хазаад таслаад орхисон, байцаануудыг таллаад идсэн байсан. *******... шийгуа амтат гуаны талыг хазсан хаягдсан байсан, тухайн талбайг гахай сүйдэлсэн, ногоог нь идсэн байсан. Цаад айлын торонд мөн гахай орсон байсан. Ер нь бол ногоо тарьсан талбайн дийлэнх хэсэг нь гахайд идүүлсэн байсан” гэж мэдүүлсэн байна.
6.2 Дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрэл зургууд , үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.
6.3 Харин хариуцагч нь “тухайн өдөр миний 3 тооны гахай Ж.*******гийн талбайд орсон нь үнэн. Гэвч амтат гуа хүрэн манжин зэрэг ногоо идээгүй, зөвхөн тарвасны хэсэг рүү орж 9 тооны тарвас идсэн” гэх татгалзаа баримтаар нотолж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
6.4 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Сугарсүрэнгээс гаргуулах үндэслэлтэй байна” гэх дүгнэлт нь “хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8. Хариуцагч Б.Сугарсүрэн нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.Сугарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР