Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0006/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга               Г.Отгонзаяа,

Улсын яллагч                           Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Б.Б,  

Шүүгдэгч                                    Б.О, Х.Ц нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Х.Ц нарт холбогдох 1839005260275 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7,  эгч, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Т-172-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй  Б.О /РД: /

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Т-163-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Х.Ц /РД: /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Гранд баарны гадна иргэн Х.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Гранд баарны гадна иргэн Х.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... би 2018 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг өнгөрч байхад найз Л-н хамт “Гранд” бааранд орсон. Тэгээд Л-н утсаар ярих гээд баарнаас түрүүлээд гарсан. Тэрний дараа Л-н араас залгаад гарах үед баарны гарах хаалганы үүдэн талд гадаа 3-4 залуу хоорондоо юм яриад зогсож байснаа намайг дуудахаар нь би очсон. Тэгтэл тэдний эрээн цамцтай намхан залуу нь надад хандаж “Чи намайг Бэрхэд дарамталдаг залуу мөн биздээ” гэж хэлээд үгийн зөрөөгүй шууд цохисон. Тэгээд би тэндээс хальт салаад подвалктай гарсан байсан болохоор хамраас цус гарахаар нь подвалкаараа дараад ингэж маргалдаад яахав зүгээр цагдаа дуудъя гэтэл би цагдаа чинь байна гэж хэлээд саарал юүдэнтэй цамцтай залуу нь хажуунаас орж ирээд учир зүггүй намайг зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/

 

Гэрч Л.А-н мөрдөн байцаалтанд өгсөн:  “... намайг гарахад үүдэнд 1 хүн зодуулсан байдалтай түүний дэргэд 4-5 залуу зогсож байсан. Очоод харахад Сангийн аж ахуйгаар яваад байдаг зүс таних 2 залуу тэр нэг залууг зодчихсон байдалтай байсан. Намайг тэдэн дээр очиход миний зүс таних 2 залуу нөгөө зодуулсан залуутай маргалдаж байхаар нь би тэр 2-ын хар бараан судалтай цамцтай залууг нь эхэлж өшиглөөд “яагаад хүн зодоо байгаа юм, эндээс зайл” гэж хэлээд нөгөө нэг хамт явж байсан саарал юүдэнтэй цамцтай залууг бас хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /х-ийн 9-10 тал/

 

Гэрч Ө.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оын 10 сарын 26-ны орой найз Ууганбаярын хамт 23 цаг болж байхад “Гранд” баар руу пиво ууна гэж орсон юм. Тэгээд бид 2 нэг нэг шил пиво уугаад сууж байтал манай ажлын 2 залуу “Гранд” руу очиж байна ганц шил юм ууж байтал миний утас дуугархаар нь гараад 5-6 минут хүнтэй ярьсан. Би утсаар ярьж баар руу орохоор явж байтал манай У гарч ирээд 3 залуугийн хамт зогсож байсан. Тэгээд тэр 3-ын намхан залуу нь У шууд цохисон. Тэгэхээр нь би очоод залуучууд боль боль, ямар ч зодоон цохион байхгүй шүү гэж хэлээд тэр 2-ыг хоёр тийш нь болгосон. Тэгээд тэд У руу дайраад болохгүй болохоор нь цаг дуудъя гэсэн чинь би цагдаа байна гэж хэлээд саарал юүдэнтэй цамцтай залуу нь шууд Ууганааг зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

 

Шинжээчийн дүгнэлт 2018.11.07 Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №484

-Х.У биед зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.У эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа бүрэн авсан, хохирол болон гомдол саналгүй /хх-ийн 61 тал/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                      

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б.О, Х.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Х.Ц 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Х.Ц нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Х.Ц нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоиргдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О, Х.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ