Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 12

 

 

  

  2023          04           11                                     206/МА2023/00012

 

 Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00128 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ******* ******* ******* ******* ******* д холбогдох

Гэм хорын хохирол 4.725.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Я., хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1  2021 оны хавар 6 сард Булган сумын Ягшийн хөдөө гэх газар амтат гуа, тарвас тарьсан манай ногоо маш сайн ургасан. Гэтэл Я.гийн маллаж байгаа гахай манай ногооны талбай руу орж тарьсан ногоог идэж сүйтгэсэн. Нийтдээ 2 тагт буюу 20 мөр амтат гуа 8 мөр тарвас зэргийг идэж хохирол учруулсан. Манай суманд тарвас 1500 төгрөг, амтат гуа 1500 төгрөгөөр зарагдаж байгаа нийтдээ надад 4.725.000 төгрөгийн хохирол учирсан. Би тарьсан ногооныхоо орлогоор л амьдрал ахуй гэр бүлээ тэжээдэг. Захиргааны үнэ тогтоох комисс манай торонд очиж хөх тариа, ногоо ямар ургасан байсныг нүдээр харж үнийг 50 хувиар тогтоосон гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Би Б.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг ор үндэслэлгүй, худал гүтгэлэг гэж үзэж байна.Учир нь Б.******* нь манай гахай тэдний ногооны талбай дахь ногоог бүгдийг нь сүйтгэсэн гээд их хэмжээний хохирол нэхэмжилжээ. Б.*******ын ногооны талбай нь гадуураа тогны хөнгөн цагаан утсаар хүрээлэгдсэн хамгаалалт маш муу, тор бөгөөд газар нь тоосго, блок цохидог ногоо ургадаггүй хатмал хөх газар юм. Б.******* нь манай ногоо тарьж байгаа газар өмнө нь блок цохиж байсан газар учир ногоо үржил шим муутай, гарахгүй байна гэж хэлж байсан удаатай.

Энэ жилийн ногоо нь ердөө 2 тооны ногоо ургасан байсныг манай хүүхэд гэрчилнэ. Б.*******ын тор луу зунжингаа Баянсудал багийн үхэр орж зуссан тор юм. Мөн манай гахай өдөр шөнөгүй хариуллагатай явдаг. Иймд энэ ор үндэсгүй худал гүтгэлэг, хохирлыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00128 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2-т зааснаар хариуцагч Я.гээс 2.275.500 /Хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож,

3.2.Нэхэмжлэлийн шаардлагаас 2.477.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Я.гээс 51358 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би Ховд аймгийн Булган суманд эхнэр хүүхдүүдийн хамт гахай маллаж амьдардаг. Хот суурин газраас заагдсан бүсэд очиж гахай маллах шийдвэр гарсны дагуу миний бие тус заагдсан газарт очиж гахайныхаа хашаа, хороог барьж бүрэн тохижоогүй байсан. Нэхэмжлэгчийн тор нь маш муу хамгаалалттай учраас манай гахай орсон байх. Манай хүүхэд гахайгаа маллаж явахдаа 3 гахай алдсан юм. Б.*******ын эзэмшлийн ногооны талбайд ургасан ногоог сүйтгэсэн гэх нь ор үндэслэлгүй гүтгэж байгаа. Гахай нэг дор тийм олон юм иддэггүй өдөрт 3 кг өвс, 2 л ус уудаг Иймээс Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Я.д холбогдуулан гэм хорын хохирол 4.725.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 5 хуудас 11 ширхэг гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”Б.*******ын ногооны талбай нь хамгаалалт маш муу тортой бөгөөд газар нь тоосго, блок цохиж байсан ногоо ургадаггүй, үржил шим муутай, хатмал хөх газар юм. Энэ жилийн ногоо нь ердөө хоёрхон ногоо ургасан байсныг манай хүүхэд гэрчилнэ, түүний ногооны торон дотор зунжингаа баянсудалын үхэр орж зуссан юм. Манай гахай өдөр шөнөгүй хариулгатай явдаг, ор үндэсгүй худал гүтгэлэг хохирлыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

5. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.*******ын ногооны талбайд хариуцагч Я.гийн гахай орж хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгчийн нийт ногооны талбайд тариалсан амтат гуа, тарвас нь зах зээлийн ханшаар нийт 4,551,000 төгрөг болох бөгөөд үнэ тогтоох комиссын үзлэгээр “гэмтэж сүйдсэн хохирлын хэмжээ 50 хувьтай байсан” гэх баримтыг үндэслэн хариуцагчаас 2,275,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,477,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

6. Хариуцагч Я. нь ”Тариалангийн тухай хуулийн 20.2.1-д зааснаар өөрийн эзэмшлийн талбай ургацаа бусдын болон малаас хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хуулийн заалтаа ч биелүүлээгүй, нутгийн үхэр малаас хамгаалаагүй байж манай гахайг идсэн гэдэг нь худал гүтгэлэг байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хэрэгт авагдсан гэрэл зургууд, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

6.2 Харин хариуцагч нь “Б.*******ын ногооны торон дотор зунжингаа баянсудалын үхэр орж зуссан юм. Манай гахай өдөр шөнөгүй хариулгатай явдаг” гэх татгалзаа баримтаар нотолж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

6.3 Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...нийт талбайн хэмжээ комиссын үнэлгээ зэрэг байдлаас дүгнэлт хийхэд нэхэмжилж байгаа хохирлын 50-60 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ” гэх дүгнэлт нь “хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Хариуцагч Б. нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “501 дүгээр зүйлийн 501.2-т зааснаар“ гэснийг “510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Я.гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР