Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 13

 

 

   2023          04           11                                     206/МА2023/00013

 

******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2022/00828 дугаар шийдвэртэй, Ховд аймаг Жаргалант сум Магсаржав баг ******* ******* ******* *******ын /84151/нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сум Баатар хайрхан багт оршин суух, РД: ******* овогт Намжилын Оюунчимэг,

Хариуцагч Ховд аймаг Жаргалант сум Баатар хайрхан багт оршин суух РД: ПЕ 75032206 ******* овогт Хашбатын Саранчимэг нарт холбогдох,

зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7.689.829.95 төгрөг, зээлийн хүү 7.674.061.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386.720.55 төгрөг нийт 15.750.612.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Заманбек, хариуцагч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Зээлдэгч *******, ******* нар нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр ******* *******ны *******тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 13.500.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс зээл зээлийн хүүгийн төлбөр 5.810.170.05 төгрөг төлсөн боловч үлдэгдэл зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй үүргээ биелүүлэхгүй 935 хоног хугацаа хэтэрч өнөөдрийг хүрлээ.

Иймд *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д зааснаар 2022 оны 03 сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.689.829.95 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7.674.061.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386.720.55 нийт зээл, хүүгийн төлбөр 15.750.612.18 төгрөг нотариатын үйлчилгээний хураамж 3600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 236.703.06 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Би төрийн *******наас цалин барьцаалсан зээл авсан нь үнэн. Тухайн зээлийн төлбөрийг төлөөд явж байгаа. Уг зээлийн төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэр гарч зээлийн төлбөрөөс тодорхой хувийг төлсөн. Миний ажлын байр болон авч байгаа цалин орлого хэвээр хадгалагдаж байхад зээлийн төлбөрийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2022/00828 дугаар шийдвэрээр:

3.1 ******* ******* *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн төлбөр 15.750.612.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.703.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хариуцагч *******ийн зүгээс *******ны зээлийн ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, миний ажлын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах зэргээр шүүхийн шийдвэр гаргах явц удааширч, шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдөр 153/ШШ2019/00208 дугаартай шийдвэрээ гаргасан байдаг. *******, ******* нарын ******* *******тай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 110000405175 тоот зээлийн гэрээ үргэлжилж байгааг нотолж байна. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00208 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэхээр заасан, уг заалтын дагуу гэрээ цаашид үргэлжлэх хууль эрх зүйн үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчлийг хангаж, гэрээг цааш үргэлжлүүлэхээр заасан нь хууль тогтоомжид нийцсэн бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох болоогүй буюу Иргэний хуулийн 76.1, 76.2-т тус тус заасны дагуу Гэрээний хугацаа дуусах үеэс шаардах эрх үүсэх бөгөөд шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 79.1-т заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлөлт хийсэн, эсхүл төлөлт хийхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд Иргэний хуулийн 79.7-д заасны дагуу Хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолдог тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч *******, ******* нар нь ******* *******наас 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 110000405175 дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 7,781,612.31 төгрөг, хүүгийн үлдэгдэл 6,102,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 397095 төгрөг нийт 14,281,645.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар 1500 хоногоор зээлийн хоног хугацаа хэтрээд байна.  Зээлдэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон агуулга бүхий тайлбар хэлдэг гэтэл *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн “21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль мөн зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан тул төлбөр хариуцагчаас 14,281,645.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

5.Хариуцагч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 153/ШШ2022/00208 дугаар шийдвэрт үндсэн зээл 12,108,205 төгрөг, хүүгийн төлбөр 721,913 төгрөг, хүүгийн төлбөр 3022 төгрөг, нотариатын хөлс-3600 төгрөг, 12,839,741 төгрөг тус тус нэхэмжлээд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2022/00208 дугаар шийдвэр гарсан. “...Тус шийдвэрийн агуулга нь зээлийн төлөлтөд эрсдэл үүсээгүй байна” гэж үзсэн цаашид гэрээг сунгах эсэх нь талуудын хүсэл зоригоос хамаарна гэж тусгасан. Энэ талаар би нэхэмжлэгч байгууллагад санал тавьсан гэтэл зээлийн эдийн засаг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 3 жил цуцлагдсан гэрээгээр хүү, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлаас Н.Саранчимэг хамгийн их хохирч байна. Хамтран хариуцагч нь үндсэн зээлдэгч зээлийг төлөх боломжгүй тохиолдолд үүрэг хүлээдэг. Зээлийн эдийн засагчтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэснээс болж бүхэл бүтэн 6 жил шүүхээр явж, ямар ч зээл авах боломжгүй болсон явдалд харамсалтай байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хувилдаж өнөөдрийн нэхэмжилж буй 15,750,612.18 төгрөгийг цалингийн 50%-аар суутгал хийж татаж байгаад гомдолтой байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* нь үндсэн зээл 7.689.829.95 төгрөг, зээлийн хүү 7.674.061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386.720 төгрөг, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 15.750612 төгрөг, нотариатын зардал 3600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 236.703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор “******* ******* ХХК-*******ны улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******  ******* ******* тооцооны төвийн  хариуцагч  *******, ******* нартай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан  дугаар №110000405175 тоот  баталгаат зээлийн гэрээ,  зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны харьцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Нэхэмжлэгч нь “хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00208 дугаар шүүхийн шийдвэрээр  5.810.170 төгрөг төлсөн боловч үлдэгдэл зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй 1228 хоногийн хугацаа хэтрүүлсэн, зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан мэдэгдсэн  боловч төлөхгүй байна” гэж тайлбарлажээ.

5. Хариуцагч ******* нь “би төрийн *******наас цалингаа барьцаалж зээл авсан нь үнэн. Уг зээлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрөөс тодорхой хувийг төлсөн. Шүүхийн шийдвэр гарсны дараа дахин гэрээ хийх талаар *******ан дээр очиход гэрээ хийх шаардлагагүй гэсэн. Миний ажлын байр болон авч байгаа цалин орлого хэвээр хадгалагдаж байхад  зээлийн төлбөрийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээлд 13.500.000 төгрөгийг төлсөн байхад  намайг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэдэн төгрөг төлсөн талаар тооцоог хийж ирүүлээгүй, одоо миний цалингаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа”  гэж тайлбарласан байна.

6.Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  барьцаат зээлийн гэрээ  байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч *******, ******* нар нь  зээлдүүлэгч ******* *******ны  *******аас жилийн 20.4 хувийн хүүтэй,50 сарын хугацаатай 13.500.000 төгрөгийг зээлж авсан, өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 5.683.000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал “2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00208 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэхээр заасан нь хуульд нийцсэн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр уг маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна.Тухайлбал нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл,  зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүү   гаргуулахаар шаарджээ.

11.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн эсэх, эсхүл өмнөх шүүхийн шийдвэрээс хойших үлдсэн зээлийн үлдэгдлийн үндсэн зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн  хүүг  хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхаас гадна үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл хэдий хугацаагаар тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар шүүхээс тодруулаагүй буюу нэхэмжлэлийн дээрх шаардлага тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрийн үндэслэлийг нэг бүрчлэн тодруулах байжээ.

12.Мөн хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт хэдэн төгрөг төлсөн талаар тооцоог хэрхэн хийсэн, зээлийн үлдэгдэл төлбөрөөс одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс  тодруулаагүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний зардал 3600 төгрөг нэхэмжилснийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.

13.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх үндэслэлээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож  

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь  сум дундын  шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2022/00828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын  давж заалдах журмаар төгрөгийг гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237194 төгрөгийг зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР   

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА