| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0356/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 368
2018 12 14 2018/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1821000000388 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .....................регистрийн дугаартай, Ховогт *******.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг ******* 4-08 тоот хашааны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтуугаар *******ыг зодож баруун нүд, баруун хацар, чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би архиндаа согтсон байсан учраас *******д хандаж “чи өдөр миний мотоциклийн свечаг нь хэлээд солихгүй яагаад хулгайч шиг хэлэхгүй өөр свечагаар сольж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед ******* надад “чи ийм жоохон юман дээр үхлээ юу?” гэж надад хэлэхээр нь би уурлаад “чи ер нь миний зөвшөөрөлгүйгээр свечаг маань авах эрхтэй юм уу давраад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед ******* миний нүүр рүү маань зангидсан гараараа цохисон ба би цохиулаад газар унасан. Намайг газар унаад хэвтэж байх үед ******* гуталтай хөлөөрөө миний нүүр рүү маань 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартсан ба нэг мэдэхэд манай авгай болон хадам ээж хоёр Гантулгыг надаас салгаж байсан. Тухайн үед ******* миний дээр гараад суучихсан байсан бөгөөд намайг ална гээд хашгирч байсан. Тэгээд дараа нь би гэртээ ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/
Гэрч С.Нарантуул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчим би Сэргэлэн сумын 5 дугаар баг ******* ******* тоот өөрийн гэртээ хүүхдийнхээ хамтаар байж байх үед хашааны гадаа мотоцикл дуугараад удаад байсан. Тэгээд би гайхаад гараад хартал манай нөхөр *******, хөрш ******* нар согтуу нэгийгээ заамдалцсан байдалтай зогсож байсан бөгөөд тэр үед манай нөхөр ******* *******ын нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Тэр үед ******* газар унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 824 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед баруун зүүн нүд, баруун хацар, чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун мөр, нуруу, хэвлий, баруун зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 23/
-Шүүгдэгч *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг ******* 4-08 тоот хашааны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтуугаар хохирогч *******ыг зодож биед нь баруун нүд, баруун хацар, чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******антулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний уур хүрээд ******* ахын нүүр рүү нь зангидсан гараараа цохиж унагаасан. Тэр үед ******* ах газар унасан ба газар унасан үед нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн юм...“ гэж /хх-ийн 29-31/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... ******* миний нүүр рүү маань зангидсан гараараа цохисон ба би цохиулаад газар унасан. Намайг газар унаад хэвтэж байх үед ******* гуталтай хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гайхаад гараад хартал манай нөхөр *******, хөрш ******* нар согтуу нэгийгээ заамдалцсан байдалтай зогсож байсан бөгөөд тэр үед манай нөхөр ******* маань *******ын нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Тэр үед ******* газар унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 824 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “баруун зүүн нүд, баруун хацар, чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун мөр, нуруу, хэвлий, баруун зүүн тохойн зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь түүний нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсөн шүүгдэгч *******антулгын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Иймд шүүгдэгч *******ас эмчилгээний зардалд 620000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүнээс дээрх мөнгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын .................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с гэм хорын хохиролд 620000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын ................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР