Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1190

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03411 дүгээр шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

            Хариуцагч “ХХХ” ХК-д холбогдох,

 

            Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3 371 220 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийлгүүлэн тухай иргэний хэргийг

 

            Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ха,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “ХХХ” ХК-д анх 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улс, хот хоорондын телефон ярианы залгагчийн албан тушаалд хөдөлмөрийн  гэрээг хугацаагүйгээр  байгуулан ажилд орсон. 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр лавлах тасагт залгагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 107 тоот тушаалаар лавлах тасагт мэргэжилтнээр, 2011 онд лавлах тасагт ахлах мэргэжилтнээр ажилласан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын А/92 тоот тушаалыг уншиж танилцуулаад таны лавлах үйлчилгээний менежерийн орон тоо байхгүй болсон гээд тухайн өдөртөө орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэлд гарын үсэг зурсан. Манай компанийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х/359 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өмнө нь байхгүй байсан Лавлах үйлчилгээний төвийн даргын орон тоог шинээр бий болгосон. Уг албан тушаалд манай маркетингийн хэлтсийн даргаар 2015 оны 4 дүгээр сараас эхлэх ажилласан ХХХХыг ажиллуулахын тулд уг орон тоог шинээр баталж, түүнийг томилон ажиллуулсан. Ийнхүү Лавлах үйлчилгээний төвийн дарга, менежерийн ажлын байрны тодорхойлолт ижил байхад тус орон тоог давхардуулан ажиллуулж байгаад намайг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар ажлаас халж, 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилгүй байна. Надад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний ажилтны 11 дүгээр сарын 02-ны өдөр баруун бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт тооцооны ажилтан, мөн сарын 05-ны өдөр төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт тооцооны ажилтнаар тус тус ажиллахыг санал болгосон.

            Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын өрийг төлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулж өгнө үү гэжээ.          

 

            Хариуцагч “ХХХ” ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ха нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/47 тоот тушаалаар /шинэ орон тоо болох/ Маркетинг үйлчилгээний газрын лавлах үйлчилгээний төвийн менежерээр томилогдон 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан.

“ХХХ” нь 2015 онд лавлах үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 947 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажиллаж ирсэн. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төвөөс хол байрладаг тул Лавлах үйлчилгээний төвийн даргын орон тоог шинээр бий болгосон. Ингээд маркетинг үйлчилгээний хэсэгт зөвхөн бүтцийн өөрчлөлт хийсэн. Лавлах үйлчилгээний төвийн даргатай болсон тул давхардсан ажлын байрыг хуулийн дагуу нягтруулж, лавлах үйлчилгээний төвийн менежерийн орон тоог байх шаардлагагүй гэж үзэж, хасаж лавлах үйлчилгээний төвийн менежерээр ажиллаж байсан Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Х/359 тоот тушаалаар 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, “ХХХ” ХК болон Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6.2-т заасны дагуу 3 сарын дундаж цалинтай тэмцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Хад хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулах гэсэн боловч тэрээр байгаагүй, энэ нь 5 дахь өдөр Баасан гараг байсан тул 10 дугаар сарын 19-ний өдөр Хад мэдэгдэх хуудас танилцуулсан боловч хүлээж авахгүй гэсэн тайлбартайгаар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ингээд 10 дугаар сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн болно.

Манай компаниас түүнд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний ажилтны албан тушаалыг санал болгоход өмгөөлөгчтэй ярьж хариу өгнө гээд өгөөгүй, дараа нь мөн 11 дүгээр сарын 02-ны өдөр баруун бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт тооцооны ажилтны болон сарын 05-ны өдөр төвийн бүсийн холбооны газар борлуулалт үйлчилгээний тасагт тооцооны ажилтны албан тушаалыг тус тус /нийт 3 удаа/ санал болгохол цалин бага,ижил түвшингийн ажлын байранд ажиллана гэсэн шалтгаан хэлж хүлээн аваагүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Манай компани нь компанийн гүйцэтгэх захирлын баталсан бүтцээр менежерийн орон тоог хассан тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах боломжгүй. Түүнд 3 сарын цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хад энэ 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоогүй байгаа нь үнэн. Түүнийг шүүхэд гомдол гаргасан тул олгоогүй юм. Манайд лавлах үйлчилгээний төвийн дарга, менежер гээд нэг орон тоо одоо байгаа. Тус төвийн дарга ХХХХ нь маркетингийн мэргэжилтэй, харин Ха нь биеийн тамирын багш мэргэжилтэй юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирал нь ТУЗ-тай байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ явуулж, бүтэц, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийн дагуу шийдвэрлэсэн. Манай компанид квотоор, ТУЗ-өөс орон тоог цөөрүүлэх эрхийг гүйцэтгэх захиралд олгосон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х-ыг “ХХХ” ХК-ийн Маркетинг, үйлчилгээний газрын Лавлах үйлчилгээний төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 323 193 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Хад олгож, нэхэмжлэлээс 2 048 027 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ХХХ” ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “ХХХ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 36 121 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхээс нэг өдрийн цалин хөлсийг бодсон бодолтыг Нийгэм хамгааллын Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-А-д зааснаар ажилтанд нэг сарын цалин хөлсийг сүүлийн 3 сарын хөлснөөс тооцоод 710 000 төгрөгөөр тооцоод нэг өдрийн цалинд 32 273 төгрөгөөр тооцон бодсон нь хэдийгээр зөв бөгөөд үүнд нэхэмжлэгч маргаагүй харин ажлаагүй байсан хугацааг ажлаас халагдсан өдөр болох 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тооцох ёстой атал 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцоод нийт ажлын 41 өдрийн хугацаагаар олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагадаа ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө гэж гаргасан болохоос 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн хүрээнд гаргах ёстой болохоос өөрийнхөө санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлон шийдвэрээ гаргах ёсгүй гэж үзэж байна.

Шүүхээс яагаад 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс тооцож байгааг асуухаар ажлаас халсан тушаал шийдвэр дээр 3 сарын тэтгэмж олго гэсэн байна, тэгэхээр түүнийг хасаад тооцлоо гэсэн болно. Гэтэл уг тэтгэмжийг нэхэмжлэгч аваагүй бөгөөд авсан гэсэн баримт хэргийн материалд байхгүй, хариуцагчаас үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх шүүхийн шийдвэрээ ингэж гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас халагдах хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан нь ИХШХШТХ-ийн 14 дүгээр бүлэгт зааснаар гомдлоор авч хэлэлцдэг бөгөөд уг маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой бөгөөд энэ үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/92 тоот тушаал хүчингүй болсон байхад хэрхэн 3 сарын тэтгэмжийг хариуцагч байгууллагаас авах боломж байна вэ.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна:

1. Нэхэмжлэгч Хад 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг танилцуулах гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан тул 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан. Ийнхүү 30 хоногийн дараа буюу 2016  оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн байдаг. Гэтэл засвартай нотлох баримтыг шүүх үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл “ХХХ” ХК-ийн Маркетинг үйлчилгээний газрын Лавлах үйлчилгээний төвд одоо менежер гэсэн албан тушаал байхгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ тухайгаа тайлбарлахдаа нэгдүгээрт лавлах үйлчилгээний төвийн даргын ажлын байрны тодорхойлолт зарим талаар давхцаж байгаа мэт харагдах боловч гол нөхцөлүүд нь өөр байгааг шүүх үнэлсэнгүй. Тус компанийн лавлах үйлчилгээний төвд 2015 онд 950 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажилласаар байсан. Иймд гүйцэтгэх захирал нь өөрт олгогдсон хүний нөөцийн бодлогыг тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан ажилтныг Лавлах үйлчилгээний төвийн даргаар томилсон. Лавлах үйлчилгээний төвийн менежер болон даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагад бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай гэтэл нэхэмжлэгч Ха нь биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй гэдэг нь түүний өөрийн тайлбараар нотлогдсон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т зааснаар орон тоо хасах эрхийг ажил олгогчид олгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж зааснаас бусад тохиолдолд хассан орон тоонд ажилтныг ажилтныг эгүүлэн тогтоох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

2. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ нарын хооронд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн харилцаа үүссэн гэх нотлох баримт буюу аливаа нэг гэрээ хавтаст хэрэгт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэдгээр хүсэлт гаргаж, хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч ХХыг итгэмжлэлээс өөр баримт байхгүй байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ заасан процессын ноцтой алдаа гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр х/359 дугаартай захирлын тушаалаар намайг ажлаас халсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хыг ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчсөн байна гэсэн зөрүүтэй тайлбарууд болон хэрэгт авагдсан тушаал засвартай байгаа зэргийг шүүх мөн л үнэлсэнгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан боловч дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд үндэслэл бүхий гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бодитой үнэн зөв үнэлж, дүгнэж чадсангүй.

            Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03411 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХ” ХК-д холбогдуулан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3 371 220 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийлгүүлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч “ХХХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний /9-ийн тоо засвартай/ өдрийн Х/359 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хийсэн хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 6.2 дахь заалтуудыг үндэслэн Маркетинг, үйлчилгээний газрын Лавлах үйлчилгээний төвийн менежер Хыг мөн сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч “ХХХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Ажиллагсдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох, орон тоо батлах” тухай А/47 тоот тушаалаар Маркетинг, үйлчилгээний газрын Маркетингийн албаны даргаар ХХХХыг, нэхэмжлэгч Хыг Лавлах үйлчилгээний төвийн менежерээр тус тус томилж, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/52 тоот тушаалаар ХХХХыг Маркетинг үйлчилгээний газрын Маркетингийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Маркетинг, үйлчилгээний газрын Лавлах үйлчилгээний төвийн даргаар томилсон нь, дээрх тушаалууд, ХХХХын нийгмийн даатгалын дэвтрийн  хуулбараар тогтоогдож байна.

/хэргийн 39-42 93, 112 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/92 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог хассан гэх боловч уг тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түүнд танилцуулсан нь мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалын 9-ийн тоо нь засвартай, тушаалын 1, 3 дахь заалтуудад 18-ны өдрөөр тасалбар болгон, ажил хүлээлцэхийг даалгасан зэргээс үзвэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн, гүйцэтгэх удирдлага нь тус компанийн дүрмийн 7.29, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.7 дахь хэсгүүдэд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр түүнээс олгосон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулна гэснийг тус тус зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь Лавлах үйлчилгээний төвийн дарга, тус төвийн менежерийн ажлын байрны чиг үүрэг нь давхцсан тул гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/92 дугаар тушаал гаргаж менежерийн орон тоог хассан гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг ХХд олгосон байх боловч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга ХХХХХХХХтай ХХы байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Даалгаврын гэрээ”-гээр түүнд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох эрх олгосон байх бөгөөд тэрээр хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцахдаа өмгөөлөгчөөр оролцсон байх тул шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Харин шүүх өмгөөлөгч ХХыг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж бичсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Х/359 тоот тушаалд заасан 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг аваагүй нь талуудын тайлбараар тогтоогдож байхад түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагчаас гаргуулахдаа дээрх 3 сарын тэтгэмжийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас 2 048 027 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1 323 193 /нэг сая гурван зуун хорин мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг хариуцагч “ХХХ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Хад олгож, нэхэмжлэлээс 2 048 027 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...“ХХХ” ХК-иас 3 371 220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хад олгосугай.” гэж,

2 дахь заалтын “...36 121...” гэснийг “...139 089...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “ХХХ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

           

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                                                                               С.ЭНХТӨР