Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 648

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, М.Цэрэнбат, Ш.Мягмарцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, У.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалтай, Б.Мд холбогдох 1809034870739 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн, М.Цэрэнбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жамсран овогт Б.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 13 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 644 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн /Г.Б/ сургалтын төлбөр, бусад зардал 352.377.472 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 65.587.440 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Энэтхэгийн Дарамсала хотод очиж Далай багшид даатгасан буяны зардал 4.997.000 төгрөг, охин Г.Бгийн замын зардал 7.538.844 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Т.Ггийн өмсөж явсан хувцас, нүдний шил, түлхүүр зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өт, шүүгдэгч Б.М болон Б.Л, Д.Дийн нараас хураагдсан хувцсыг тус тус буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий бичлэгүүдийг хэрэгт хавсарган үлдээж, бусад эд зүйлийг устгахыг даалгаж,

шүүгдэгч Б.Мын эзэмшлийн Ү2205035374 бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай А блок битүүмжлэгдсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Жамсран овгийн Б.Мыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн, М.Цэрэнбат нарын “Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин “хохирогчийн зүй бус үйлдлээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэсэн хэсгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өийн гэмт хэрэг гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон охин Г.Бгийн сургалтын төлбөр, автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 тоот магадлалаар шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ өмнө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 2276 тоот захирамжаар “Сэтгэцийн шинжилгээ дахин хийлгэх” заалтыг биелүүлэлгүйгээр “хууль зүйн ойлголт” гэж үзсэн бөгөөд энэ хэргийн зүйлчлэлд эргэлзээ бий болгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан эргэлзээтэй байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мын үйлдлийг зүйлчлэн шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Үндэслэл нь:

1.Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд яллагдагчийн сэтгэл зүй ямар байсан, хамт ажилладаг амь хохирогч нь Б.Мд илтэд хүндэтгэлгүй хандаж элдэв байдлаар доромжилж, эрүүл мэндэд нь халдаж гэмтэл учруулсан үйлдлийг ч бүрэн шалгаагүй, түүнийг өөрийг нь битгий хэл эхнэрийг нь доромжилж, хүүхэд гаргадаг гаргадаггүй гэж хүний хувийн орон зай руу дайрч, түүний Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний жам ёсны эрхэд халдаж хэл амаар хүндээр доромжилсны улмаас яллагдагч цочирдон давчдаж болж буй үйл явдлыг санахгүй байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн байх өндөр магадлал хэрэгт байгаа нотлох баримтуудыг харьцуулан үнэлж үзвэл шууд харагдаж байна. Энд хуульд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт үгүйлэгдэж байгааг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор анхааралгүйгээр “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах” гэсэн нь эмнэлгийн бус “хуульзүйн ойлголт” гэж үзээд яг ямар байдлыг санаатай үйлдэл эсвэл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэж шийдвэрлэж байгаагаа хуулийн үндэслэлтэй тайлбарлалгүй /дүгнэлгүйгээр/ шүүхэд ирүүлсэн алдааг шүүх залруулалгүй шууд шийдвэрлэсэн нь ЭХХШХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Ямар ч гэмт хэрэг гарахад шалтгаан нөхцөл нь юу байсныг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоох шаардлагатай /ЭХХШТХ-ийн 16.2-р заалт/. Гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн байхад мөрдөгч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хэтэрхий нэг талыг барьж хэргийг шалгаж, ял хүндрүүлэн сонсгож, өмнө тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 2276 тоот захирамжаар Нийслэлийн Прокурорын газарт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжид заагдсан Сэтгэцийн шинжилгээ дахин томилж, дүгнэлт гаргуулах заалтыг биелүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэлд эргэлзээ бий болгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан эргэлзээтэй байдлуудыг ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэх шууд нөхцөл бий болгосон гэж үзнэ.

3.Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот тогтоолын 1.7-д “Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно.” гэж тайлбарласан нь Б.Мын үйлдэлд шууд тохирч байна. Мөн 14 тоот тогтоолын 2.1-д “ Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдхүүний хувьд энэ нь субъектив талын заавал байх шинж биш болохыг анхаарвал зохино.” гэж заажээ. Сэтгэцийн шинжээчид зөвхөн Б.Маас хэрэг учрал гарсан өдрийн маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрөөс нь тайлбар авсан төдийхнөөр сэтгэл санаа нь хүчтэй давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Зам тээвэр хөгжлийн яамны гаднах камерын бичлэг, хохирогч Д.Дийн мэдүүлэг, яллагдагч Б.Мын мэдүүлэг зэргээс амь хохирогч талийгаач Т.Ггийн хууль бус үйлдлийн улмаас (өшиглөх, цохих, үг хэлээр доромжлох) гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдэж амь хохирогчийн зүгээс хийсэн, олон удаагийн хууль бус үйлдэл нь тогтоогдсон, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хянан үзэж ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эргэлзээтэй байдлыг шүүгдэгч Б.Мд ашигтайгаар шийдвэрлэж, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан, хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: ...Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Б.М хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчөөс албан ёсны уучлалт гуйсан, хувийн байдал сайтай хүн гэдгийг юуны өмнө онцлон хэлэхийг хүснэ. Харин өмгөөлөгчийнх нь хувьд хэргийн зүйлчлэл дээр зөвхөн мэргэжлийн хувьд өөр байр суурьтай байгаа болно. Энэ үндсэн дээр Эрүүгийн хуулийг анхан ба давж заалдах шатны шүүх буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэж буй юм.

Эрүүгийн эрх зүйн өрсөлдөгч хэм хэмжээний асуудал энэ хэргийн хувьд үүссэн учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх замаар шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр бус, харин Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлээр зүйлчлэгдэх хууль зүйн болон бодит байдлын үндэслэлтэй. Үүнд:

Нэгдүгээрт. Хохирогчид хүчээр дарлагдсан,

Хоёрдугаарт. Хохирогчид хүндээр доромжлогдсон,

Гуравдугаарт. Хэрэгт амь хохирогчийн гэм буруутай үйлдэл нь шууд байдлаар нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн диспозицид заасан хэм хэмжээтэй хэргийн нөхцөл байдал бүрнээ нийцэн тохирч байгаа юм. Энэ талаар миний үйлчлүүлэгч Б.М би өөрийн хийсэн хэрэгт сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр хүнийг алъя гэж бодоогүй, намайг зөв зүгээр байж байхад зодож нүдээд эхэлсэн. Би тухайн үед их цочролд орсон. Жолоочийг маань хүртэл зодоод байхаар нь би хоёул хоёулаа алуулах юм байна гэж бодсон ба эрүүл хүн хүчрэхгүй байгаа юм чинь би хүчрэхгүй гэж бодсон. Намайг эхлээд зодоход нь би юу болоод байгааг ч ойлгоогүй шоконд орсон. Тэгээд “үндэс угсаа нэг шүү” гэж орилоод байхаар нь ямартаа ч яамны лав хүн биш гадны хүн амьтан намайг зодож байгаа юм болов уу гэж бодсон. Улмаар яахаа мэдэхгүй, хэсэг сааталд орсон ба гэнэт алуулах юм байна гэж бодоод байдгаараа сарвайя л гэж бодсон” гэж мэдүүлсэн байдаг /хх-1, 187 дахь хуудас/.

Нэг. Хохирогчид хүчээр дарлагдсан шинжийн тухайд

Одоо дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд “өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг санаатай алсан бол” хүнийг санаатай алсан өөр нэгэн гэмт хэрэг болохоор заасан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаархи Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол /2008.03.26, №14/-д “хүчээр дарлагдсан гэдэгт бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэлд өртсөнийг ойлгоно. Энэ нь хүч хэрэглэн бие махбодид нь халдахаас гадна айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөл, үйлдлийн алинаар ч илэрч болно” гэжээ.

Миний үйлчлүүлэгч Б.М нь амь хохирогчид хүчээр дарлагдсан бөгөөд амь хохирогчийн энэхүү хууль бус, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүний эсрэг амь насыг нь хохирооход хүргэсэн гэмт хэрэг хийсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тод томруун харагддаг. Тухайлбал:

1/ Амь хохирогч амьд ахуйдаа миний үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, амь бие, эрүүл мэндэд халдсан. Жишээ нь /камерын бичлэгт хийсэн тэмдэглэлээс/:

-амь хохирогч Т.Г нь Б.Мыг яамны үүдэн хэсэг рүү алхах үед араас нь өшиглөв. Цаг: 21ц 08м 56 сек. /хх -194 дэх хуудас/.

-амь хохирогч Т.Г нь Б.М руу дайрч цохиход Б.Л салгав. Цаг: 21ц 09м 36 сек. /хх -1, 97 дахь хуудас/.

-амь хохирогч Т.Г нь Б.Мыг цохиж байна. Цаг: 21ц 09м 42 сек. хх-1, 98 дахь хуудас/.

2/ Амь хохирогч Б.Мын толгой, хамар, шанаа руу нь цохиж, түүний цус нөжийг нь гоожуулж, хоолойг нь боож, тамхи тат гэж тулган шаардана. Жишээ нь:

-мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн доод уруулын баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл Б.Мын биед тогтоогдсон /Шинжээчийн дүгнэлт., №9791, хх-4,102 дахь хуудас/,

-тухайн үед эмч бүрэн хэмжээний үзлэг хийгээгүй. Миний бие тархи руугаа олон удаа цохиулснаас болж 10 гаруй хоног гүйлгэх, огих, чих шуугитнах, дотор муухай оргих зэргээр тархи доргилт авч хөдөлсөн нь өөрт зовиур өгч байсан. Одоо ч гэсэн байнгын толгой руу хатгах, чих шуугих зовиур өгсөөр байгаа билээ. /Мд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хх-4, 146 дахь хуудас/,

-цэнхэр судалтай цагаан өнгийн сорочка дээр илэрсэн цус нь Б.Мын цусны ДНК-ийн тогтоцтой тохирч байна /Шинжээчийн дүгнэлт, 2018.08.27, №8384, хх-4, 117-118дахь хуудас/,

-талийгаач М даргаас хэрүүл өдөөд өөрийнхөө асаасан тамхиа ам руу нь хийх гээд дайраад байсан /Гэрчийн мэдүүлэг, хх-3, 100 дахь хуудас/,

3/ Б.Мыг зүгээр зогсч байхад нь араас нь өшиглөх, нүүр рүү нь удаа дараа шанаадаж, оч ба гал манартал, амьдрал нь “хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар” нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл толгой руу нь гараараа цохиж зодно. Энэ талаар Б.М “...Гомбосүрэн дахиад л миний нүүрэнд дэвслээд цохиж авсан “яасан үхдэггүй новш вэ” гэж хэлсэн ... би хойшоо тэнцвэр алдаад суусан ... /ухаан балартаад, нүд харанхуйлаад л явчихсан ... тэр үед миний нүдэн дотор од шиг баахан юм ойж харагдаад өөрийнхөө амьдралыг хүүхэд наснаасаа өдийг хүртэл өөрөө хажуунаас нь харж байгаа юм шиг зураглалууд миний нүдэнд туссан .. ингээд үхэж байгаа юм байхдаа л гэж бодсон ... нүд онгорхой хэрнээ харахгүй, хараагүй хүн шиг болчихсон ... ухаан балартаад сууж байхад талийгаач “муу пизда минь чамайг алчихсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү” гэх үг хэлэхээр нь дахиад намайг зодож ..., алах гэж байна гэж бодоод миний сэтгэл айдас түгшүүрт автсан, тэгээд талийгаач дахиад намайг цохиод авсан, түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн байдаг /хх-4, 190-193 дахь хуудас/.

Хоёр. Хохирогчид хүндээр доромжлогдсон шинжийн тухайд

Одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд “хүндээр доромжлогдсон” хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг санаатай алсан бол” хүнийг санаатай алсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаас өөр нэгэн гэмт хэрэг болохоор заасан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаархи Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 1.2-т “хүндээр доромжлох” гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, болон нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ" гэжээ.

Миний үйлчлүүлэгч Б.М нь амь хохирогчид хүндээр доромжлогдсон үйл баримт хэргийн нөхцөл байдлын дунд илт ажиглагддаг ба амь хохирогчийн энэхүү хууль бус буюу эр хүний хувьд тэсгэл алдам хүнд байдалд оруулж байгаа хэлэх, эс хэлэх үгс нь амь хохирогчийн эсрэг бүхий л үйлдлээ чиглүүлэх гол үндэслэл болж энэхүү гэмт үйлдлийг хийхэд хүргэсэн болно. Тухайлбал:

-талийгаач Б.Мыг “хэл амаар доромжилсон асуудал байна уу” гэсэн өмгөөлөгч Д.Батбаярын асуултанд Д.Д “чам шиг пизда олигтой ч хүүхэн шааж чадахгүй” гэж хэлж байсан хэмээн хариулжээ /Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл., хх-4, 220-222 дахь тал/.

-намайг хужаа гэж хэллээ, би хужаа шиг харагдаж байна уу гэж М дарга хэлсэн, М даргын өрөөсөн жавж шархалсан байсан /Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл., Гэрч Л.Түмэнжаргал., хх-3, 114дэх тал/.

 

Гурав. Хохирогчийн гэм буруутай үйлдэл шууд нөлөөлсөн нөхцөл байдлын талаар

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаархи Улсын Дээд шүүхийн тогтоолын 1.3-т “хохирогчийн хууль бус бусад үйлдэл” гэдэгт гэм буруутай этгээд буюу түүний ойр дотных нь хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүчээр дарлах, хүндээр доромжлохоос бусад хууль бус үйлдлүүдийг хамааруулан ойлгоно. Тухайлбал, эд хөрөнгийг нь авахаар далайлган сүрдүүлэх, устгах гэмтээх, хүний төрөлхийн болон жам ёсны эрхийг хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх гэх мэт” гэж тайлбарлажээ.

Амь хохирогчийн хууль бус, гэм буруутай үйлдэл энэ гэмт хэрэг гарах үндсэн гол шалтгаан, нөхцөл болсон гэж үзэх үндэслэл бий. Тийм ч учраас анхан шатны шүүх “энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн билээ. Талийгаач нас барах үедээ “дунд" зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр /№1775/ тогтоогдсон байдаг /хх-4, 89 дэх тал/. Амь хохирогчийн хувийн зан байдал ч энэ хэрэг дээр тодоос тод харагддаг ба хэрэг учралаас өмнөхөн нь өөрийн төрсөн хүүтэйгээ “чи наадахаа шууд барьж аваад зодчих, үсдэж байгаад цохь, боожгой руу нь өшиглөчих, унагаад шанаадчих” зэрэг байдлаар үг хэллэг ашиглаж утсаар ярьсан байдаг /Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018.10.12, хх-3, 59-65 дахь хуудас/ бөгөөд энэ зан авир нь түүний хууль бус, гэм буруутай үйлдлээр энэхүү хэрэгт илрэн гарсан болно. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд “амь хохирогчийг хэт буруутгах, харлуулах гэсэн зүйл огт байхгүй юм шүү. Зөвхөн хэргийн үнэн цагааныг ялгах гэсэн санаа гэдгийг онцолж байна. Яг үнэндээ бол амь хохирогч амьд ахуй цагтаа энэ хэргийг анх сэдсэн, миний үйлчлүүлэгчээс гадна хоёр ч хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийг хийсэн. Жишээ нь: Д.Дийн биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн Шинжээчийн дүгнэлт /2018.08.27, №9790, хх-4, 96 дахь хуудас/

гарсан бол Камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд дараахь зүйлс тусгагдсан, үүнд:

-Амь хохирогч Т.Г нь Д.Дийн нүүр рүү баруун гараараа (Цохиж цааш түлхэв. Цаг: 21ц 09м 28 сек. /хх - 1., 95 дахь хуудас/.

-Амь хохирогч Т.Г нь Д.Дийн цээжин хэсэг рүү 1 удаа өшиглөн араас нь хөөв. Цаг: 21ц 09м 32 сек. /хх - 1., 96 дахь хуудас/.

Амь хохирогч Т.Г нь Б.М руу дайрч цохиход Б.Л салгав. Цаг: 21ц 09м 36 сек. /хх - 1., 97 дахь хуудас/ гэхчлэн бичжээ.

Дээрх амь хохирогчийн хууль бус, гэм буруутай үйлдлүүдээс болж Б.Мын санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, амь хохирогчийн зүг бүхий л анхаарлаа хандуулсан ба үйл явдлыг ухаарах буюу, биеэ барих, хянах чадвар нь алдагдсан тул ийм үйлдэл хийсэн болно. Б.М нь хүнийг алахаар урьдчилан төлөвлөөгүй, хохирогчтой ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Харин амь хохирогчид хүчээр дарлагдаж буюу хүндээр доромжлогдож байхдаа л түүний хууль бус үйлдлийн эсрэг биеэ барих ба хянах чадвараа алдсан үедээ амь насыг нь бүрэлгэсэн. Хэрхэн яаж гэдгээ бол мэддэггүй, санадаггүй. Нэг мэдэхнээ л ийм л үйлдэл хийчихсэн байсан гэдэг. Түүнээс биш амь хохирогчийг зөв зүгээр байж байхад нь очоод, хэрүүл маргаан өдөж, зодож цохиогүй. Монголчууд ярьдаг “овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэж. Яг л ийм зүйл болсон юм. Харин ч маш их тэвчээр Б.М гаргасан байдаг. Өт хүртэл биедээ хүрэхээр атиралддаг байхад амьтай голтой хүн яагаад боксын мишок шиг байх ёстой гэж. Миний үйлчлүүлэгч Б.М заавал гэмтэх, эсхүл үхэх ёстой байсан гэж үү?. Хэдий болтол амь хохирогч этгээдийн гарын шүүс болоод л байсаар байх байсан юм бэ?, аль эсхүл зодож дуусахыг нь хүлээгээд байж байх ёстой юм уу?.

Б.Мыг ийм гэмт үйлдэл хийхэд амь хохирогч хүргэсэн байхад гэм бурууг яагаад дангаараа үүрэх ёстой гэж. Энэ хүн ч гэсэн хохирогч шүү дээ. Гэхдээ түүнд хохирогчийг алах санаа огт байгаагүй нь лавтайяа үнэн юм шүү. Түүнийг алах санаа хохирогчийн буруутай үйлдлээс болж, хоромхон зуур, гэнэт үүссэн. Хэрэв зэ үнэхээр Т.Гг алах санаатай байсан бол яамны аюулгүй байдал, харуул хамгаалалтын газрын ажилтанг яах гэж Б.М дуудах байсан юм бэ?. Энэ бол заавал бодож үзэх /хянах/ асуудал мөн. Миний үйлчлүүлэгч Б.М амь хохирогчийн ар гэрийнхнээс өмгөөлөгч нарын хамтаар уулзаж, албан ёсоор уучлалт гуйж байх үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө “таныг манай хүнийг санаатай алсан гэж би бодохгүй байна” гэж, анхан шатны шүүх хуралдаан дээр “ганц хоногийн өмнө ч гэсэн гэртээ очоосой гэж хүсэж байна” хэмээн хэлж байсан болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх талаарх албан ёсны шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт энэ хэрэгт байхгүй. Гарсан ганц дүгнэлтийг нь шүүх эргэлзээтэй, дахин гаргах хэрэгтэй гэж үзсэн юм. Харин прокурор энэ талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй, эмнэлгийн бус хууль зүйн ойлголт гээд байгаа. Гэвч мэргэжлийн сэтгэл зүйч нар ийм нөхцөлд, энэ хүний хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах магадлал нь 100 хувь гэж тодорхойлсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан болохыг хяналтын шатны шүүх уншин үзэж түүнийг үнэлж өгөхийг хүсч байна /Үз. Тодорхойлолт, хх-11, 159 дэх хуудас., Сэтгэл зүйч П.Норовханд, "Тодорхойлолт. хх-11, 160 дахь хуудас., Очирт эмнэлэг, эмч Б.Баттогтуур/

Миний үйлчлүүлэгч Б.Мыг эр хүний хувьд нь сэтгэл эмтлэм ингэж тэсгэл алдаж, бие сэтгэлээ барих, хянах чадваргүй байдалд хүргэсэн амь хохирогчийн хууль бус гол үйлдэл - гэм буруу нь сүүлчийн 3 дахь удаагийн цохилт бөгөөд энэ цохилтыг хийхийнхээ өмнө “олигтой ч хүүхэн шааж чадахгүй пизда, авгайг чинь шаана шүү” гэж хэлсэн үг нь байсан билээ. Учир нь дээрх үг Б.Мд маш хүндээр туссан. Сүүлд гэр бүл болж ханилан уусан эхнэртэйгээ арван дөрөв таван жил болохдоо үр хүүхэд олоогүй явдал нь тэдний гэр бүлийн хувьд хамгийн нарийн, эмзэг сэдэв нь байсан. Энэ тухайгаа М нь яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө маш тодорхой ярьж мэдүүлсэн байдаг /хх-11, 14-15 дахь тал/.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан талаарх шүүхийн дүгнэлт ба өмгөөлөгчийн байр суурь

Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх талаар зохих дүгнэлтийг хийсэн юм. Үүнд:

-Анхан шатны шүүх ... “санаа сэтгэлийн хүчтэй цочролд орсон субъект өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодож ямар нэгэн хүсэл зорилго бүхий үйлдэл гаргах боломжгүй агшин зуур болж өнгөрдөг мэдрэл - сэтгэл зүйн ачаалал юм. Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг үгүйсгэхгүй боловч шүүгдэгчийн хариу үйлдэл нь хохирогчийн гэм буруугийн хэр хэмжээтэй дүйцээгүй, амь хохирогчийг газарт унасан хойно нь өшиглөх, маргаан тэмцэлдээнийг салгах гэсэн хүмүүсийн сануулга шаардлагыг үл тоон, өөрийн балмад хэрцгий үйлдлийг үргэлжлүүлж амь хохирогчийн толгойд дэвслэх, олон дахин өшиглөсөн зэргээс үзэхэд Б.Мыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна”,

-Давж заалдах шатны шүүх ... эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс  суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Гг “тамхи тат” гэж татаж байсан тамхиа ам руу нь хийхийг оролдсон, “гарал үүсэл нэг шүү” гэж хэрүүл, маргаан өдөж, цохисон гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал үүсээгүй, шүүгдэгч Б.Мын үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хохирогчийг зүй бус үйлдэл гаргасан гэж дүгнэж байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочролд оруулан хүндээр доромжилсон байдал тогтоогдохгүй байна” гэж тус тус дүгнэжээ.

Хоёр шатны шүүх “хохирогчийн гэм буруутай, зүй бус үйлдэл энэ хэрэг гарахад нөлөөлсөн болохыг зөвөөр дүгнэсэн атлаа “гадаад илрэл байна, дотоод агуулга тогтоогдохгүй байна” гэх дутуу мөчид байдлаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Учир нь хэргийн дотоод агуулгыг сайтар тунгаан үзвэл, нэг талаар хохирогчийн зүй бус үйлдлийг маш их тэвчсэн, нөгөө талаар харуул хамгаалалтыг дуудсан, бусад хүмүүс амь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж туйлаас их оролдсон байдаг. Ийм нөхцөл байдал дунд л хэрэг явдал хоромхон зуур болж өнгөрсөн билээ. Энэ хормын зуурт амь хохирогч хүчээр дарлахаас гадна хүндээр доромжилсон “үг, үйлдлийг” зэрэгцүүлэн хийсэн тул шүүгдэгч өөрийн мэдэлгүй тэсгэл алдран цочирдож, энэ нь түүний уураг тархи төдийгүй бие сэтгэхүйд маш хүчтэй нөлөө үзүүлсэн учир эсрэг үйлдлүүдийг хийсэн байдаг. Энэ талаар Б.М энэ хэрэг явдал уртаашаа 10-аад минут үргэлжилсэн, миний үйлдэлтэй холбоотой нийт 54 секунд байдаг. Яагаад өмнөх 8-9 минутын асуудлыг ... тал бүрээс нь бүрэн бодит шалгаж тогтоох ёстой байх ... Халдлагыг хэн түрүүлж үйлдсэн ... Над руу болон бусад руу халдсан санаа зорилго ... Намайг үхдэггүй новш вэ гэж хэлээд 3 удаа цохиж байгаа, санаа бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлж байгаа нь хүний амь насанд халдаж байгаа үйлдэл биш юм уу ... Намайг зөв зүгээр байж байхад над руу халдсан шүү дээ, ... Миний амь насанд халдлаа, доромжиллоо, заналхийллээ, нийгмийн сүлжээгээр миний эсрэг хэтэрхий нэг талыг барьсан мэдээллийг түгээж
байсан учраас үүнд гэр бүлийнхээ хүний нэр хүндийг бодоод энэ хэсгийг бол өмнөх мэдүүлгүүд дээр огт хэлээгүй юм. Миний эхнэр Б.Ж бид хоёр гэр бүл болоод 14, 15 жил болж байна. Бид хоёр дундаасаа бол хүүхэдгүй, хүнд бас иймэрхүү эмзэг асуудал байдаг учраас би гэр бүлийнхээ хүнийг хэрэг явдалд хамааруулах хүсэл байгаагүй. Намайг чам шиг муу юм хүүхэн ч шааж чадахгүй гэж хэлээд өөрийгөө баахан магтаж байснаа “танай авгайг шаана шүү пизда минь” гэж хэлсэн. Хүний амь нас, эрүүл мэндэд халдсан, заналхийлээд, дээрээс нь ингэж доромжлоод байгаа хүний санаа зорилго, үйлдлийг нь яагаад хэрэгсэхгүй болгоод ганцхан надад бүх бурууг тохоод байгаад гомдолтой байна. Тухайн үед миний хамар далийсан, тархи толгой хөдөлсөн, энэ нь гэмт хэрэг биш юм уу, хэтэрхий нэг талыг барьж шалгаж байна гэж би үзэж байна” хэмээн мэдүүлж байсан байдаг. /хх-11, 15 дахь хуудас/.

Харин энэ талаар шүүдэгчийн эхнэр Б.Ж гэрчээр мэдүүлэхдээ “би хүүхэд төрүүлж байгаагүй, бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй. Би 2013 онд нэг удаа жирэмсэн болсон боловч ... өвчний улмаас төрж чадахгүй гэдэг шалтгаанаар үр хөндүүлж байсан. Хүүхэд төрүүлж чаддаггүй байдалдаа манай нөхөр Б.М бид хоёр эмзэглэж явдаг” гэж ярьсан нь бий /хх-11150 дахь хуудас/.

Эмэгтэйчүүдийн эмнэлгийн тодорхойлолтоор ... жирэмсэн эх, хожуу, анхны жирэмсэн, цаашид жирэмслэлтийг үргэлжлүүлэхэд эхийн амь насанд аюултай байдал тулгарсан тул “эхийн амь насны” заалтаар үр хөндүүлсэн болно /хх-11, 160 дахь хуудас/.

Сэтгэл зүйч эмчийн Тодорхойлолтод ... сэтгэлийн эмзэг сэдвээр хөндсөн үг яриа болон гэр бүл рүү чиглэсэн эмзэг сэдвээр хөндөж доромжлох үед сэтгэлийн шарх сэдэрч уурлаж бухимдаж санаа сэтгэл давчдах магадлал маш өндөр байдаг. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үед үл ухамсарт байсан эмзэг сэдэв сэдэрч босох магадлал 100 хувь өндөр байдаг /хх-11., 159 дэх хуудас/ гэжээ.

Дээрх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хийгээд хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч эр хүнийхээ хувьд байж боломгүй хүнд доромжлолыг бие хийгээд сэтгэлээрээ нэгэн зэрэг мэдэрсэн болох нь харагддаг юм. Ийм дотоод нарийн онцлог агуулга хэрэг учралд байхад хоёр шатны шүүх ердийн байдлаар асуудалд хандаж дутуу дулимаг дүгнэлт хийж байгаатай санал үл нийлнэ.

Өөрийн үйлчлүүлэгчид хяналтын шатны гомдлоо танилцуулах үед дараахь хэд хэдэн зүйлсийг гараар бичин тэмдэглэж өгснийг энд редакторлахгүй оруулав. Үүнд:

-Яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд “маргалдсаны улмаас” гэсэн зүйлийг байнга дурдаад байх юм. Тамхи татахгүй цэвэр агаар амьсгалмаар байна гэж хэлсэн минь маргалдсан явдал болоод байгаа хэрэг үү. Хэдий завандаа маргалдаж амжсан гэх гээд байгаа юм бэ?. 3 давхраас таарч үүдэнд гарч ирэхэд ердөө 7 секунд л болсон /21.04.35 - 21.04.42/. Тамхи татах эсэх, цэвэр агаар амьсгалах эсэх миний эрх мөн биз дээ. Үүнийг маргалдсан гэх юм бол хэлэх үг олдохгүй л юм байна. Үүнээс өөр ямар ч үгийг үлдсэн хугацаанд буюу хэрүүл өдөж байхад, цохиж байхад нь түүнд юу ч хэлээгүйдэг. Тийм ч завдал ч, боломж ч үнэнийг хэлэхэд олдоогүй. Яагаад гэвэл яахаа, юу хийхээ мэдэхгүй болтол шоконд орсон. Хүний сэтгэн бодохуй бол механик үйл явц байдаг. Хүн бодохын тулд юун түрүүнд төвлөрөх ёстой. Төвлөрөөгүй оюун санаа бол ухамсар биш!!!. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна гэдэг нь сэтгэлээ удирдаж чадахгүй, сэтгэлдээ удирдуулаад байгаагийн шинж. Сэтгэлийнхээ эзэн нь биш боол нь болчихсон байна гэсэн үг. Ухаан санаагаа төвлөрүүлэхээ боливол хүн адгуус амьтантай адил болж сэрэл, мэдрэмжээрээ л үйлдэл хийнэ шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд яах ёстой вэ?. Тайвшрах, тайван байх. Мэдрэмжээр жолоодуулсан организм өвдөлт -таашаалын сэрэлд автомат хариу барьдаг. Тэрхүү автомат үйлдлээ зогсоож чаддаггүй, үүндээ захирагддаг. Хүний амьсгал, сэтгэл хоёр холбоотой. Сэтгэл тавгүйрхэхээр амьсгал хурдасдаг. Өөрөөр хэлбэл амьсгал бачуурч хурдан сандарч эхэлдэг. Амьд үлдэхийн тулд хүн ухаанаа, ухамсараа алдвал юу ч хийнэ шүү дээ. Агшин зуур хүнд нөхцөл байдалд орсон хүнд сонголт байхгүй байдаг. Эргэн тойронд болж буй үйл явдлыг битгий хэл өөрийгөө хянах чадваргүй болдог. Нүдэндээ хий юм харж байна гэдэг чинь бодит байдлаас бодит бус ертөнц рүү хөл тавиад байна гэсэн үг.

-Нэг нь асгарч дайраад улмаар бие махбодид нь халдаад байгаа нь, нөгөө нь хэрүүл маргаанаас дайжиж зугтаад байгаа нь бичлэг дээр нь харагдаж байгаа биз дээ. Дайрч давшилж байгаа хүн хагарал зөрчлийг, буулт хийж байгаа хүн нь ойлголцол, зөвшилцлийг хүсч байгаа гэсэн үг.

-Гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй хууль сахиулагч байгууллагын ажилтныг би ир гэж дуудсан. Ингэж дуудсан нь юугаар нотлогдож байна вэ гэвэл камерын бичлэгийн цагаар 21.06.18-д хамгаалалтын ажилтан үүдний шилэн хаалтан дээр ирж 18 секунд зогсож байгаад буцаад явсан байдаг. Хэрэв тухайн ажилтан гарч ирээд асуудлыг зохицуулсан бол /чиг үүргийнхээ хүрээнд/ юу ч болох байсан юм билээ. Дийн мэдүүлэг үүнийг давхар нотолдог /зүгээр хараад зогсоод байсан гэж/. Ийм үед хэнд, юунд найдах вэ?,

-Миний идэвхтэй үйлдэл 23 секунд /54/. Талийгаачийнх хэдэн минут вэ?. Би энэ хугацаанд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй болно.

-Огцом дайралт нь нөгөө хүндээ бодох юм уу, төлөвлөх хугацаа өгөхгүйгээр хариу арга хэмжээ авахад шууд хүргэдэг учраас аюултай /аль аль талдаа/ зэвсэг болдог.

-Хүн, амьтны өөрийгөө хамгаалах нийтлэг зөн совин нь юуны түрүүнд айдас л байдаг, ухамсрыг айдас л дарангуйлдаг. Энэ үед хүн өөрийгөө хэт их сандралын төлөвт оруулдаг юм билээ ... гэж амь хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас санаа сэтгэлийн хүчтэй цочролд орсон хүн өөртөө тохиолдсон явдлыг хүүрнэжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаархи Улсын Дээд шүүхийн тогтоолд /2008.03.26, №14/:

-1.7. “Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно.

-2.1. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь субьектив талын заавал байх шинж биш болохыг анхаарвал зохино.

-2.2. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана.

-2.5. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдаж, өөртөө хяналт тавьж хийдэг бол санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, дээр дурдсан чадваргүй болдгоороо ялгагдана” гэж заасан байна.

Дээрх тогтоолын агуулгаас үзвэл хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас түүний амь насыг хохироох гэсэн санаа гэнэт үүссэн гэдгээрээ хүнийг алах гэмт хэргийн шинж миний үйлчлүүлэгчийн үйлдэлд байхгүй болох нь тодоос тод харагддаг юм. Харин хүнийг аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж санаатай алсан уу, аль эсхүл санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг санаатай алсан уу гэдэг л хуулийн хэрэглээний асуудал - маргааны бай болж байгаа тул аль болохыг нь шүүн тунгааж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж өгөхийг Монгол Улсын Дээд Шүүхээс хүсч байна.

Хэргийн зүйлчлэлийн зэрэгцээ ялын бодлогыг хянаж “хохирол төлсөн байдал, хохирогчийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал" зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх олон нөхцөл байдлууд байгааг харгалзан үзэж, хуульд заасан хамгийн бага ялаар, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухайн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахаар хуульчилсан байдаг. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа тал бүрээс нь бүрэн бодитой хөнгөрүүлэх, хүндрүүлэх талыг харгалзан хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгчийг хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх тус гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч Б.Мыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан байдаг. Тухайн гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас үйлдэгдсэн ба шүүгдэгч Б.М нь хохирогчтой маргалдах зодолдох ямар нэгэн шалтгаан байгаагүй бөгөөд ажлын байран дээр архи уусны дараа харих гээд гарч явах замдаа хохирогчтой байгууллагын шатан дээр тааралдан уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн амь хохирогч нь шүүгдэгч Б.М болон хохирогч Д.Дт хүндэвтэр гэмтэл учруулж, мөн бусад хүмүүс рүү дайрч зодсон ба шүүгдэгчийг араас нь өшиглөж, хамрын ясыг нь хугалан харилцан зодолдох явцад хохирогч нас барсан байдаг. Шүүгдэгч Б.М нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг нэгэн байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.М өөрийг нь болон өөрийнх нь ойр дотны хүнийг элдвээр хэлж хүндээр доромжилсон, мөн бие махбодид нь халдаж хамар ясны гэмтэл учруулсны улмаас тус гэмт хэргийг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

Тус өдөр шүүгдэгч ажлын байрнаасаа гэртээ харих замдаа хохирогчтой шатан дээр тааралдаагүй, хохирогч хууль бус, ёс зүйгүй аашлаагүй байсан бол тус гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан юм. Шүүгдэгч нь хохирогчийг алах талаар урьдаас төлөвлөсөн бэлтгэсэн зүйлгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал нь хууль зүйн хувьд зөвхөн оногдуулсан ял шийтгэлд хамаарах ойлголт биш бөгөөд шүүгдэгчийн ял эдлэх дэглэмд зайлшгүй нөлөөлөх хууль зүйн үр дагавар бүхий зохицуулалт юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж үзэх хуулийн заалтыг орхигдуулан шүүгдэгч Б.Мын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байсныг орхигдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Мын хорих ял эдлэх дэглэмд зайлшгүй нөлөөлөх, мэдрэгдэх ёстой тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 11 жил хорих ялыг хөнгөрүүлэн өгөхийг хүсэж байна” гэв.

Text Box: Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр голчлон дүгнэлт өгсөн. Магадлалын 24 нүүр, 1-6 мөрөнд: “Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч Т.Г нь бусадтай хэрүүл маргаан өдүүлж, харилцан зодолдох эхлэлийг тавьсан төдийгүй бусдын биед халдсан /шүүгдэгч Мыг цохих, Д.Дийг өшиглөх/ үйлдлүүд гаргасан байх бөгөөд амь хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Б.М түүнтэй харилцан маргалдаж, зодох явцдаа амь хохирогчийн толгойн тус газар 4-5 удаа цохих, унасан байхад нь 5-6 удаа өшиглөж амь насыг нь хохироожээ” гэж дүгнэсэн байна. Магадлалаас үзвэл

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ гэрч Д.Дийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримт дээр үндэслэхдээ дараах шинэ дүгнэлтүүдийг өгч шийдвэрт өөрчлөлт оруулсан.

-хохирогч Т.Г нь бусадтай хэрүүл маргаан өдүүлж,

-харилцан зодолдох эхлэлийг тавьсан,

-амь хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Б.М түүнтэй харилцан маргалдаж, зодолдсон,

-харилцан маргалдаж, зодолдох явцдаа амь хохирогчийн толгойн тус газар 4-5 удаа цохих, унасан байхад нь 5-6 удаа өшиглөх амь насыг нь хохироожээ” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дэх дүгнэлтүүдээс огт өөр үндэслэлүүдийг гаргаж ирсэн.

Онц харгис хэрцгий аргаар хохирогчийн амь насыг хохироогоогүй гэх дүгнэлтийг өгч зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ шүүхээс “шүүгдэгч Б.Мын үйлдэлд онц харгис аргаар хүн алсан шинж тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг өгөөгүй. Учир нь онц харгис, хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон” гэх зүйлчлэлд:

-Онц харгис хэрцгий арга,

-онц харгис, хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон үйлдэл үгүйсгэсний дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой.

Гэтэл шүүхээс энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогч буруутайгаас шүүгдэгч Б.М хохирогчийн толгойн тус газар нь 4-5 удаа цохиж, унасан байхад нь 5-6 удаа өшиглөснөөр амь насыг хохироожээ” гэх дүгнэлтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүндрүүлэх зүйлчлэлийн шинжийг үгүйсгэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг үгүйсгэх шинж нь тухайн үйлдэгдсэн гэх арга нь тогтоогдохгүй байдлыг ойлгох болохоос гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх шалтгаан нөхцөл нь аргыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Энэхүү гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчоос болсон, хохирогч харилцан зодооны эхлэлийг тавьсан гэх шинэ үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс гаргахдаа энэхүү эрүүгийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байсан Д.Дийн мэдүүлгийг /4 дүгээр хавтаст хэргийн 20-22, 218-219 хуудас гэх мэт/ голчлон үндэслэн хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаа, харилцан зодооны эхлэлийг хохирогч тавьсан” гэх мэт хэт хийсвэр, тодорхойгүй дүгнэлтүүдийг өгсөн.

Б.М болон тухайн хэрэг гарах үед байсан бусад 2-3 этгээд нь тухайн гэмт хэрэг гарах үед хохирогчийн эсрэг байр суурьтай, Б.Мын хохирогчийг 56 секунд зодож, өшиглөж байхад салгаагүй, гэмт хэрэг үйлдэгдэж байхад санаатайгаар үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй, Мын үйлдлийг дэмжиж байсан этгээдүүд болохыг шүүх анхаарч үзээгүй. Б.Мыг хүнийг амь насаа алдтал нь зодож, гэмт хэрэг үйлдэгдэж байхад таслан зогсоогоогүй, Б.Мын үйлдлийг дэмжсэн энэхүү хэрэгт холбогдогч байсан хүний мэдүүлгээр хохирогчийг шууд буруутгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгсөн. 2-3 хүн нийлж дайраад сүүлдээ дайрж, зодсоор байгаад амь насыг нь хохироосон үйлдэл болох явцад хохирогчийн өөрийгөө хамгаалах зүй ёсны хэрэгцээ шаардлагын дагуу шүүгдэгч Б.М болон өмнө нь тус хэргийн холбогдогч байсан Д.Д нар луу эсэргүүцэн хийсэн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр “зодож байсан ч, хүмүүс дайрч байсан ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр амь насаа алдсан байсан” бол “онц харгис аргаар үйлдэгдсэн” гэж дүгнэгдэх мэтээр хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэх нөхцөл байдлыг ашиглаж, гэмт хэргийг таслан зогсоогоогүй, тус хэрэгт холбогдогч байсан, Б.Мтай санаа зорилго нэг этгээдийн үгээр энэхүү гэмт хэрэгт эцсийн дүндээ хохирогч буруутай байсан мэтээр дүгнэлт өгсөн давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие маш гомдолтой байна.

Магадлалд: “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл, учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул” гэж дүгнэсэн. Үүнээс:

1.Аргаас гадна хүсэл зоригийн эпементийг зайлшгүй давхар шалгах ёстой гэсэн атлаа шүүгдэгч Б.Мын үйлдэл энэхүү шалгах ёстой гээд байгаа хүсэл зоригийн элемент гэдгээ шалгаж, дүгнэлт өгөөгүй атлаа шууд “дээрх хэргийн нөхцөл байдлаас үзвэл Б.Мын үйлдэлд ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж шууд хийсвэр дүгнэлтээр зүйлчлэлийг дүгнэсэн.

2.Шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон нөхцөл тогтоогдоогүй гэдэгт: Хүнийг үхтэл нь зодоод /толгойн тус газар луу байнга өшиглөсөн үйлдэл/, зодсоор байгаад үхсэний дараа буюу дахин босож ирэхгүй, хөдөлгөөнгүй болсны дараа л зодох үйлдлээ зогсоож, дуусгасан үйлдэлд дээрх шинж байхгүй гэжээ. Ингэхдээ камерын бичлэгээр Б.М хохирогчийг үхтэл нь зодсон идэвхтэй үйлдлийг нийт 56 секунд тасралтгүй үйлдсэн байдаг ба энэ явцад хохирогчийн толгойн тус газар нь 5-6 удаа цохиж, унасан байхад нь олон удаа толгой руу нь өшиглөж, хохирогч амь насаа алдатлаа өвдөн шаналж, тарчлан зовсон хугацаа урт үргэлжилж, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны шарх сорви үүсгэгдсэн байхад хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хүнд ямар ч гэмтэл учруулж болох бусдыг цохих хөдөлгөөны хурд хэдхэн секундэнд үргэлжилдэг. Гэтэл тасралтгүй, хүнийг цохиж зодсоор, зодуулсан ч хохирогч босч ирж өндийх үйлдэл хийх гээд байхад нь дахин түлхэж, газар унагаж нэмж өшиглөх үйлдлийг хийгээд байгаа буюу зодох үйлдлээ зогсоохгүй байгаа шүүгдэгчийн үйлдлийг хохирогчийг тарчлан зовоох, өвтгөн шаналгах шинж алга гэж дүгнэж буй шүүхийн магадлалд маш гомдолтой байна.

3.Учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон нөхцөл тогтоогдохгүй байна гэжээ. Зодуулсаар, олон тооны шарх, гэмтэл аваад энэхүү шарх гэмтлээ бие нь даахгүйгээс нас барсан хүнд зовж зүдэрсэн шинж тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг шүүх өгчээ.

4.Өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсч үйлдсэн нөхцөл тогтоогдоогүй байна гэжээ. Хүний толгой хэсэг рүү удаа дараа цохиж, унасны дараа өшиглөж, энэхүү үйлдлээ хохирогч хөдөлгөөнгүй болтол нь үргэлжлүүлж байгаа, хохирогч хөдөлгөөнгүй болтол уг үйлдлээ зогсоохгүй байгаа, санаатайгаар дахин давтан хүсч үйлдээд байгаа шүүгдэгчийн үйлдэлд өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн нөхцөл тогтоогдоогүй гэх дүгнэлтүүдээр зүйлчлэлийг хөнгөлсөн нь илт үндэслэлгүй болохыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхаарч өгнө үү.

Хоёр. Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт гэх материалыг гаргаж өгснийг шүүх үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний хохирол төлбөрийн нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдээгүйд гомдолтой байна.

1.Шүүхэд гаргаж өгсөн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчид хохирогч шүүгдэгчээс үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн, ИНЕГазар охин Г.Бгийн төлбөрийг төлсөөр байтал давхардуулж нэхсэн мэтээр тайлбарласан. Хавтаст хэргийн ... талд Embry-riidle Aeronautical University сургуулиас ирүүлсэн 1 жилийн сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг хавсаргасан байгаа. 4 жилийн нийт сургалтын төлбөр үзэж судлах хичээлийн кредитийн төлбөрөөс хамааран өөр байдаг бөгөөд нийт сургалтын төлбөр 196.000$ төлөхөөр урьдчилсан тооцоог тус байгууллага гаргасан. ИНЕГ-ын 2020 оны 3 сарын 17-ны өдрийн 04/617 тоот Нийслэлийн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэсэн гарчиг бүхий албан бичигт “Г.Бгийн АНУ-ын Embry-riidle Aeronautical University-д инженер мэргэжлээр бакалаврын сургалтын төлбөрийн 2 жилийн буюу 80.000 ам долларыг тус газар хариуцан суралцуулах, үлдэгдэл сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн тухай маш тодорхой баримт хавтаст хэрэгт авагдсан болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн ИНЕГ-аас хуулбарлан авсан ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцах суралцагчтай байгуулах сургалтын 12/2018 тоот гэрээ болон ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах №12/2018 дугаартай сургалтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт №25/2020 гэрээний 1,2-р зүйлийг тус тус анхааралтай уншиж зөв ойлговоос бодит төлбөрийн тооцоо гарч байгаа болно.

2.Мөн шүүгдэгчийн зүгээс “Си Жи Эм ББСБ” ХХК-аас 2013 онд авсан зээлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж худлаа ярьж байгаа мэтээр давж заалдах шатны шүүх дээр ярьсан. Энэхүү зээлтэй холбоотой хангалттай нотлох баримтыг би хавтаст хэрэгт хавсаргасан болно.

3.Хэрэг маргаан гарснаас хойш шүүгдэгч Б.М болон түүний гэр бүл, өмгөөлөгч нарын зүгээс хохирогч У.Ө намайг энэ хүн амины хэргийг зориуд улс төржүүлж, олон нийтийн анхааралд оруулсан, хэл ам их хийж байна гэх үндэслэлээр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхийг минь зөрчиж араас дагаж видео бичлэг хийх, ямар машин унадаг, хүүхдүүд хаана ямар сургуульд сурдаг, миний банкны дансны хуулга, эзэмшиж буй хөрөнгө, эрхэлж буй ажил, нэр төрд минь халдсан олон үйлдэл гаргаж түүнийгээ баримтжуулж гүйцэтгэх ажиллагаа хийж найз нөхөд бусад хүмүүсийг явуулж дарамталж, айлган сүрдүүлэх үйлдэл хүртэл гаргаж байлаа. Үүний нэг жишээ бол давж заалдах шатны шүүх хурал дээр У.Ө намайг "Сонгомол финанс ББСБ” ХХК-д хувьцаа эзэмшдэг дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, өөрөө хөрөнгө мөнгөтэй орлого их олдог гэх мэт баримт гаргаж өгсөн, мөн анхан шатны шүүх хуралдааны дараа хэрэг маргаан эцэслэн шүүхээр шийдвэрлээгүй байхад өмгөөлөгч Б.Ганболд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний шуудан сонин болон зарим мэдээллийн сайтуудад дээрх хэргийн талаар ярилцлага өгсөн байдаг. Энэ мэт явуургүй үйлдэлд нялх балчир насандаа хагацлын зовлон үзэж өнчирч үлдсэн бага насны 4 хүүхэд, эх, ах дүү, найз нөхөд, мөр зэрэгцэн ажиллаж явсан албан хаагчид нар нь маш их харамсаж, гомдож байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч болон ар гэрийн зүгээс үр хүүхдүүдийн минь эцгийн хайр халамж, миний бие сэтгэлийн хагацал, ажил албаны нэр төр, үхэн үхэтлээ амьдралдаа том хар толбо сорвитой үлдсэн зүрх сэтгэлийн минь зовлон шаналалыг уландаа гишгэж их хэмжээний мөнгө нэхсэн гэх мэт зориуд худал хуурмаг хов цуурхал яриаг өдөөж олон нийтийн дунд тараасанд харамсаж байна. Энэхүү хүн амины хэрэгт хохирогч хэн байхаас үл хамааран хохирогч тал баян ядуу эсхүл орлоготой орлогогүй, амьдралын боломжтой боломжгүй байх нь энэ хэргийн бодит хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэхэд шүүхэд нөлөөлөхгүй байх гэж итгэж байна. Хөрөнгө мөнгийг элэг бүтэн гэр бүл хамтдаа зүтгэхэд олох байх, харин гэр бүлийн аз жаргал, эцгийн, ханийн хайр халамжийг хэн ч хэзээ ч юугаар ч нөхөж орлуулж чадахгүй. Миний ханийг олонд тустай, үргэлж инээд алдаад хөгшин, залуу хэнийг ч үл ялган нэг л зангаараа байдаг, шударга хуульч өмгөөлөгч, төрийн албан хаагч байсан гэдгийг түмэн олон мэдэж байгаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн эрхийг хуулийн хүрээнд хамгаалах үүрэгтэй оролцохоос хохирогчийг доромжлох, басамжлах, нэр төрийг нь гутаан доромжлох, хохирогчийн хэлсэн үгийг гуйвуулж мушгин тайлбарлах, гүтгэх эрх байхгүй гэдгийг энд онцолмоор байна. Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох, хэрэв шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдвол зохих ял шийтгэлийг хүлээлгэхээр хуулийн зорилго, үзэл баримтлал, зарчим оршдог гэж би ойлгодог. Гэтэл Давж заалдах шатны шүүх энэ хэрэг маргааныг хараат бусаар шийдэж чадсангүй. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 152 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Text Box: Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан гомдол тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь “Б.М нь талийгаачийг зодох явцдаа түүний биед баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, зовхины салстын цус хуралттай олон тооны гэмтэл, шарх учруулж хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчоос болсон, хохирогч харилцан зодооны эхлэлийг тавьсан гэх шинэ үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс гаргахдаа энэхүү эрүүгийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байсан Д.Дийн мэдүүлгийг /4 дүгээр хавтаст хэргийн 20-22, 218-219 хуудас гэх мэт/ голчлон үндэслэн “хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаа, харилцан зодооны эхлэлийг хохирогч тавьсан” гэх мэт хэт хийсвэр, тодорхойгүй дүгнэлтүүдийг өгсөн. Б.Мын хохирогчийг 56 секунд зодож, өшиглөж байхад салгаагүй, гэмт хэрэг үйлдэгдэж байхад санаатайгаар үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй, Б.Мын үйлдлийг дэмжиж байсан этгээдүүд болохыг шүүх анхаарч үзээгүй. Б.Мыг хүнийг амь насаа алдтал нь зодож, гэмт хэрэг үйлдэгдэж байхад таслан зогсоогоогүй, Б.Мын үйлдлийг дэмжсэн энэхүү хэрэгт холбогдогч байсан хүний мэдүүлгээр хохирогчийг шууд буруутгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгсөн.

2-3 хүн нийлж дайраад сүүлдээ дайрж, зодсоор байгаад амь насыг нь хохироосон үйлдэл болох явцад хохирогчийн өөрийгөө хамгаалах зүй ёсны хэрэгцээ шаардлагын дагуу шүүгдэгч Б.М болон өмнө нь тус хэргийн холбогдогч байсан Д.Д нар руу эсэргүүцэл хийсэн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр “зодож байсан ч, хүмүүс дайрч байсан ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр амь насаа алдсан байсан” бол “онц харгис аргаар үйлдэгдсэн” гэж дүгнэгдэх мэтээр хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэх нөхцөл байдлыг ашиглаж, гэмт хэргийг таслан зогсоогоогүй, тус хэрэгт холбогдогч байсан, Мтай санаа зорилго нэг этгээдийн үгээр энэхүү гэмт хэрэгт эцсийн дүндээ хохирогч буруутай байсан мэтээр дүгнэлт өгсөн.

Давж заалдах шатны шүүх гэрч Д.Дийн мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд Д.Дийн мэдүүлэг камерын бичлэгээс зөрүүтэй байдгийг анзаарч харсангүй. Гэрч Д ганцаараа эрүүл байсан мөртлөө хэргийн учрыг олохгүй зөвхөн дарга буюу Мыг өмөөрч амь хохирогч руу дайрч байсан бөгөөд хавтаст хэрэгт гэрч Б.Л мэдүүлэхдээ “би Ма даргыг өмөөрнө шүү” гээд мэдүүлсэн байгаа. Тэгвэл даргыгаа аваад явахгүй амь хохирогчийг цохих гэж яагаад дайраад байгаа юм бэ? Амь хохирогч руу Л, Б.М, Д.Д гурвуулаа нийлээд дайраад байгаа байдал камерын бичлэгээс харагддаг. Нэгийн эсрэг гурвуулаа нийлж дайраад байхаар хэн ч өөрийгөө өмөөрч хамгаална. Камерын бичлэгээр амь хохирогчийн биед Д.Д өөрөө хүрэхэд амь хохирогч холдуулж хөлөөрөө тийрсэн байдал харагддаг. Хавтаст хэрэгт байгаа шүүх шинжилгээний хүрээлэнгийн хоёр дүгнэлтүүд эргэлзээтэй байдаг. Анх шүүх эмнэлэгт Д үзүүлэхэд хавирганы хугарлууд байдаггүй. Гэтэл давтан дүгнэлтээр хугарал гарч ирдэг. Гэтэл амь хохирогчийг нас барсны дараа гэрч Д.Д талийгаачийг өргөн сандал дээр авчрахад бие нь зовиурласан, өвдсөн шинжгүй байдаг. Хэрэв хоёр хавирга нь хугарсан хүн юм өргөх байтлаа гараа ч хөдөлгөж чадахгүй байтал талийгаачийг өргөөд сандал дээр хэвтүүлэхэд ямар ч зовиургүй өвдсөн шинжгүй байгаа нь камерын бичлэгээс харагддаг...

Давж заалдах шатны шүүх мөн Б.Мын биед доод уруулын баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан /шинжээчийн дүгнэлтээр/ нөхцөл байдал авагджээ гэсэн. Амь хохирогч ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй зодуулаад байсаар нас барах ёстой байсан юм уу? Амь хохирогч өөрийгөө хамгаалж байхдаа Б.Мын уруулын хэсэгт цус хуралт үүсгэсэн билээ. Гэтэл амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг /1хх-025/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-25/ фото зургууд, /1хх-45/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-48/ фото зураг буюу цогцост үзлэг хийгээд бэхжүүлж авсан байдал, /1хх-87/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Ийнхүү амь хохирогчийн биед Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1775 дугаартай дүгнэлтээр хүнд, хөнгөн гэмтэл, мөн гэмтлийн зэрэг тогтоогдохгүй зулгаралт, шалбаралт үүссэн байдаг. /1хх-87/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тус шарх, гэмтэл үүссэн цаг хугацааг маш тодорхой бичсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “Энэ үйл явдал болсон цаг хугацааг авч үзвэл хохирогчид хүч хэрэглэсэн эхний үйлдэл болон үйлдэл дууссан цаг хугацаа маш хурдан, богино хугацаанд болж өнгөрчээ. Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой” гэжээ. Гэвч 56 секундыг маш бага хугацаа гэж үзсэнийг үнэхээр гайхаж байна. 56 секунд хүнийг цохиж өшиглөөд тасралтгүй хүч хэрэглэж байгаа нь хохирогчид буюу зодуулж байгаа хүнд маш их цаг хугацаа юм.

Мөн Б.Мын амь хохирогчид хандсан сэтгэхүйн харьцаа нь камерын бичлэгээс тодхон харагддаг. Амь хохирогч нь тэмцээд босох гэхэд дахин дахин өшиглөж, довтлоод хүч хэрэглээд түүнийхээ үр дүнд хүртэл буюу босохгүй болтол нь өшиглөөд байгаа нь өөрийнхөө харгис хэрцгий шинжийг ухарсарлаж хохирогч хөдлөхгүй болохоор, босохгүй болохоор үйлдлээ зогсоогоод байгаа. Мөн амь хохирогч газар унаж, биеэ хамгаалж чадахгүй байхад босох боломж өгөхгүй тасралтгүй цохиод байсан. Талийгаач газар хэвтсэн довтлоогүй бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад харин ч М амь хохирогчийг алчихъя гэсэн зорилготойгоор үйлдлүүдээ үргэлжлүүлээд байсан бөгөөд хэрвээ талийгаач хамгийн сүүлчийн цохилтоор нас бараагүй байсан бол үргэлжлүүлээд дахин дахин өшиглөх байсан байх.

Ийнхүү Б.Мын амь хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр онц харгис хэрцгий аргаар хүнийг зодож, олон тооны шарх, гэмтэл учруулан хүний амь насыг хохироосон Б.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1052 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Text Box: Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 9-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Зам тээврийн хөгжлийн яамны гадаа талбайд хамт ажилладаг Т.Гтэй маргалдаж, олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдсон. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж зөв дүгнэсэн.

Гэхдээ “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх шинжээр ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлийн хувьд үндэслэл бүхий болоогүй байна гэж буруу дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг хассанд гомдолтой.

Давж заалдах шатны шүүхийн дээрхи дүгнэлт нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “гэрч Д.Дийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч гэх Д.Дийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан тухай, мөн шүүгдэгчийн уруулд цус хуралт гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлт”-д үндэслэсэн тухайгаа магадлалдаа заажээ. (магадлалын 23-р талд) Д.Д нь “хүнийг алах” гэмт хэргийн гэрч, гэхдээ шүүгдэгч Б.Мын жолооч. Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонссон яллагдагч. /хэргийн 7-р хавтас, 242-243-р тал/ Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчид зодуулж гэмтэж бэртсэн хохирогч болон хувирсан хүн гэдгийг дахин дахин сануулъя.

Давж заалдах шатны шүүх нэг хүний хувьд гэрч, яллагдагч, хохирогч гэсэн эрх зүйн байдлын хувьд эрс ялгаатай оролцогчийн ганц удаагийн мэдүүлгээр хэрэг гарсан байдалд дүгнэлт хийсэн нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцааж, үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагч Д.Д, Б.Л нарын үйлдэлд ял сонсгосон хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих асуудлууд тогтоогдсон байсан бөгөөд хяналтын камерын бичлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхад прокурор нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосныг энд зориуд хэлье. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Мын "ганцхан миний гэм бурууг хэлэлцэж, бусад хүмүүс орхигдсонд прокурорт гомдолтой” гэх агуулгатай өгсөн мэдүүлэг ч бий. Давж заалдах шатны шүүхээс камерын бичлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хамгийн чухал баримтад тооцохдоо зөвхөн цаг хугацааны буюу “маш хурдан, богино” гэх шинж, байдлаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тайлбарлаж, үүндээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлах ёстой гэж тодруулсан байна.

Хэрэв давж заалдах шатны шүүх хуралдаанаар камерын бичлэгийг шинжлэн судалж, анхан шатны шүүхийн 2 удаагийн шүүх хуралдаанаар судалсан бүх нотлох баримтыг бүх талаас нь, бүрэн гүйцэд, хооронд нь харьцуулах замаар үнэлж чадсан бол хэргийн бодит байдлыг зөв тогтоож, дүгнэх боломжтой байлаа. Хэрэг гарсан үед амь хохирогчийг ганцаардуулан дээрэлхэж, шүүгдэгч Б.Маас гадна Д.Д, Б.Л гэгч хүмүүсээс амь хохирогч Т.Гг цохих, зодох заналхийлэх зэргээр гаргасан “жинхэнэ хууль бус, зүй бус үйлдлүүд” давж заалдах шатны шүүхийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгт хамааралтай гэж үзэж байна.

Хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэх эдгээр нөхцөл байдал, нотлох баримтууд нь анхан шатны шүүхээр 2 ч удаа хэлэлцэгдсэн, тогтоогдсон, шинжлэн судлагдсан учир шийтгэх тогтоолын үндэслэл болж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч зөв дүгнэсэнгүй. Гэхдээ анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа дандаа дардан яваагүй, хохирогчийн зүгээс гаргаж байгаа санал хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдаан товлох, эсхүл хэргийн бүрдэл хангагдсан байхад элдэв үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байсан шүүхийн ажиллагааг бүрэн хянуулахыг хүснэ.

Иймд хэргийн бодит байдлыг буруу тогтоож, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүнд иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар хэлсэн саналдаа: “Миний хувьд М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх онц харгис хэрцгий аргаар гэдэг хүндрүүлэх шинжийг үгүйсгэсэн ба үүнийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч н.Болор амь хохирогчид учирсан хөнгөн гэмтэл, гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд зөөлөн эдийн няцрал зэрэг нь зовлон шаналгаа үүсгэнэ гэсэн мэдүүлгийг өгсөн. Улсын Дээд шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний 564 дүгээр тогтоол дээр онц харгис хэрцгий гэсэн ойлголтыг тайлбарлахдаа “зовлон шаналгаа үүсгэсэн” шинжийг хамааруулна гэж тайлбарласан. Камерийн бичлэгт амь хохирогчийн хэрхэн зодож, цохиж, өшиглөж байгаа нь тодорхой харагддаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хэргийн бодит байдал, үйл баримтыг зөв тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь хүний сэтгэцэд өөрчлөлт орж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсон байхыг ойлгоно. Энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрдэг байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, камерийн бичлэгээр Б.Мын үйлдэл энэ ойлголтод хамаарахгүй байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн, М.Цэрэнбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 9-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд хамт ажилладаг Т.Гтэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт, суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал болон тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Мыг хохирогчийн амь насанд аюултай, гавал тархины гэмтэл учруулах цохилтуудыг олон удаагийн үйлдлээр хийсэн тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бэхжүүлсэн камерын бичлэг, хэргийн үйл явдлыг шууд харсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлд тулгуурлан үнэлэх замаар “амь хохирогч Т.Г нь бусадтай хэрүүл маргаан өдүүлж, харилцан зодолдох эхлэлийг тавьсан төдийгүй шүүгдэгч Б.Мыг цохих, Д.Дийг өшиглөх зэргээр бусдын биед халдсан үйлдлүүд гаргасан байх бөгөөд амь хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Б.М түүнтэй харилцан маргалдаж, зодолдох явцдаа амь хохирогчийн толгойн тус газар 4-5 удаа цохиж, унасан байхад нь 5-6 удаа өшиглөж амь насыг нь хохироосон” болох нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг богино хугацаанд болж өрнөсөн, шүүгдэгчийн үйлдэлд амь хохирогчийг зориуд тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх гэсэн хүсэл зоригийн элемент тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 11 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх ял эдлэх дэглэмийг зөв тогтоосон байна гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мын амь хохирогч Т.Гг зодож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар давхардуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар өөрчлөх, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт холбогдон шалгагдсан бусад хүний гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн нарын “шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбатын “шүүгдэгч Б.Мын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, У.Хүрэлсүх нарын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн, М.Цэрэнбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН