Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамцагдоржийн Бүрнээ |
Хэргийн индекс | 158/2016/0011/З |
Дугаар | 0014 |
Огноо | 2015-06-17 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0014
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум 6-р баг, 6а-4 тоотод амьдрах иргэн Сүхбаатарын Баярчимэг /РД:ГЮ89061061/
Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олгуулахыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баярчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баярчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Баярчимэг нь 1989 оны 6 дугаар сард төрсөн, ам бүл 4. 2015 оны 01 дүгээр сард Булган аймгийн Тохижилт үйлчилгээний ангид нярваар орж, түүнээс хойш тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 2015 оны 10 дугаар сард “Өсөх сагсай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2 дахь хүүхдээ төрүүлсөн. Сүүлийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын сүүл 02 дугаар сарын эхээр гэсэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрөхийн тэтгэмжээ бичүүлж амжаагүй төрсөн. Эмнэлгээс гараад төрөхийн өмнөх болон амаржсаны тэтгэмжээ бичүүлээд Нийгмийн даатгалын хэлтэс рүү нөхрөөрөө хүргүүлсэн боловч хяналтын байцаагч нь ажилласан жил хүрэхгүй, эрх нь үүсэхгүй гээд тэтгэмж олгохгүй гэсэн. Ингээд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандахад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын гарын үсэгтээ албан бичгээр надад хариу өгсөн. Уг албан бичигт “Таны Нийгмийн даатгалын хэлтэст жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах өргөдөл хүсэлт гаргасны дагуу амбулаторын картанд бичигдсэн жирэмсний хугацаанд хийсэн үзлэг, шинжилгээг шалгаж үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 32-33-н долоо хоногтой үедээ буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх 31-32 долоо хоногт нь хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно” гэсэн үндэслэлээр эмнэлгийн хуудсаа бичүүлж авах ёстой боловч 10 сар шимтгэл төлсөн учраас “нийт 12 сар улсад шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмжийн эрх үүснэ” гэсэн журмыг хангахгүй өөрийн хүсэлтээр 12 сарын цалинг оруулан тооцуулж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудас бичүүлсэн нь дотоод хяналтаар нотлогдож жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхгүй болно” гэсэн байна. Энэ нь хуулийн үндэслэлгүй тул С.Баярчимэг надад жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулахыг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Иргэн С.Баярчимэг нь Нийгмийн даатгалын хэлтэст жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах өргөдөл хүсэлт гаргасны дагуу амбулаторын картанд бичигдсэн жирэмсний хугацаанд хийсэн үзлэг, шинжилгээг шалгаж үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 32-33 долоо хоногтой үедээ буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх 31-32 долоо хоногт нь хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно” гэсэн үндэслэлээр эмнэлгийн хуудсаа бичүүлж авах ёстой боловч 10 сар шимтгэл төлсөн учраас “нийт 12 сар улсад шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмжийн эрх үүснэ” гэсэн журмыг хангахгүй өөрийн хүсэлтээр 12 сарын цалинг оруулан тооцуулж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудас бичүүлсэн нь дотоод хяналтаар нотлогдож жирэмсэний тэтгэмж авах эрх үүсгээгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 06, 07-ны өдөр жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаа авсан. Эмнэлгийн хуудсыг тэтгэмжийн байцаагч, хяналтын байцаагч нарт шалгуулах талаар хүсэлт тавьсан. Би тухайн үед нэхэмжлэгчийг өөрийг нь дуудаж уулзсан. Түүний жирэмсний хяналтын дэвтэрийг үзэхэд нэхэмжлэгчийн төрөх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орчим байсан. Тухайн жирэмсэн эх төрөх хугацаанаасаа 60 хоногийн өмнө эмнэлгийн хуудас авах ёстой байдаг. Нэхэмжлэгчийн жирэмсний 32 долоо хоногтой эхийн эмнэлгийн хуудас авах эрхтэй хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд байсан.
Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар 31-32 долоо хоногтойдоо эмнэлгийн хуудас бичүүлэх ёстой. Мөн нийт 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд тухайн эх жирэмсний тэтгэмж авах эрх үүсдэг. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнөх хугацааг тооцож үзэхээр нийт 10 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Ийм учраас нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баярчимэг нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олгуулахыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна, миний бие 2015 оны 01 дүгээр сард Булган аймгийн Тохижилт үйлчилгээний ангид нярваар ажилд орж түүнээс хойш тасралтгүй нийгмийн даатгал төлсөн болно. 2015 оны 10 дугаар сараас “Өсөх Сагсай” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байгаад 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Төрөх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр төрөх байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрж төрөхийн өмнөх тэтгэмжээ бичүүлж амжаагүй” гэж маргажээ.
С.Баярчимэг нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах”-аар өргөдөл[1] гаргасан байх ба Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/240 тоот албан бичгээр [2] “...2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 32-33-н долоо хоногтой үедээ буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх 31-32 долоо хоногт нь хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно” гэсэн үндэслэлээр эмнэлгийн хуудсаа бичүүлж авах ёстой боловч 10 сар шимтгэл төлсөн учраас “нийт 12 сар улсад шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмжийн эрх үүснэ” гэсэн журмыг хангахгүй өөрийн хүсэлтээр 12 сарын цалинг оруулан тооцуулж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудас бичүүлсэн тул жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхгүй” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.”, 19 2 дугаар зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно”, 19 2 дугаар зүйлийн 2-д “Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно” гэж заасан байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоох”-оор заажээ.
Нэхэмжлэгч С.Баярчимэг нь 2015 оны 01-07, 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсний зэрэгцээ 8, 9,10 дугаар сарыг дуустал тэтгэмжийн даатгалын шимтгэлийг сайн дурын үндсэн дээр төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 0968478 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[3], нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[4] болон “Өсөх Сагсай” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 01 тоот “Ажилд томилох тухай” тушаал[5] , “Өсөх Сагсай” ХХК-иас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт[6], цалингийн тооцоо[7] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэвч хуулийн заалтаас тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр амаржихаар эмчийн хяналтад байсан хугацаанаас тооцвол жирэмсний чөлөөний хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос эхэлсэн байх ба жирэмсний тэтгэмжийн эрх үүссэн бол 31-32 долоо хоногтойд буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны хооронд жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлэх ёстой байсан байна. Мөн С.Баярчимэг нь хувийн хэвшлийн байгуулагад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэмжийг олгоно гэж үзвэл С.Баярчимэгийн жирэмсний чөлөө авахаас өмнөх 12 сарын шимтгэл төлсөн байх шаардлагад хүрэхгүй байна.
Түүнчлэн Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 2 дугаар зүйлийн 2.5-д “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг дараах байдлаар олгоно. Үүнд: 2.5.1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно”, мөн журмын 2.8.2-т “ Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсан өдрөөс хойш 30 хоногийн... дотор олгоно” гэж тус тус зааснаар жирэмсний 32 долоо хоногтой эхэд эмнэлгийн хуудсыг олгох хугацаа гэж үзэх бөгөөд жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор эмнэлгийн хуудсыг олгох ба жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд эмнэлгийн хуудас олгох эсэхийг эрүүл мэндийн байгууллага хариуцах тул хариуцагчийн “...жирэмсний тэтгэмжээ зориудаар үүсгэхээр төлөвлөж байгаад төрж амаржсаны дараа жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлсэн ...” гэж нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй юм. Учир нь жирэмсэн эх жирэмсэний чөлөө авахаас өмнө нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмжийг авах бүрэн боломжтой.
Эндээс үзвэл нэхэмжлэгчийн жирэмсний чөлөөний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнөх сарын шимтгэлийг тооцвол нийтдээ 10 сарын шимтгэл төлөгдсөн байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэсэн хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй тул Нийгмийн даатгалын хэлтсийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1, 70.2.9, 70.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 1 дүгээр зүйлийн 1, 19 2 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баярчимэгийн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олгуулахыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Булган сумын төрийн сангийн Төрийн банкин дахь 041400995 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ
[1] Хэргийн материалын 12-13 дахь хуудас
[2] Хэргийн материалын 15 дахь хуудас
[3] Хэргийн материалын 7 дахь хуудас
[4] Хэргийн материалын 60 дахь хуудас
[5] Хэргийн материалын 72 дахь хуудас
[6] Хэргийн материалын 75-76 дахь хуудас
[7] Хэргийн материалын 77-81 дэх хуудас