Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0074

 

“И ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Засаг даргын Тамгын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                 Даргалагч, шүүгч:             Г.Банзрагч

            Танхимын тэргүүн, шүүгч  Ч.Тунгалаг        

             Шүүгчид:                            Х.Батсүрэн

                                                        Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                    Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”,

Гуравдагч этгээд “А б” СӨХ-ны бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И ө” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0667 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч болон гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,  гуравдагч этгээд “А б” СӨХ-ны төлөөлөгч Ш.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд “А б” СӨХ-ны өмгөөлөгч Ө.Э-О-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0667 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “А б” СӨХ-ны бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И ө” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 667 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, 55 дугаар зүйлийн 55.1.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И ө” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “А б” Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И ө” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дүгээр Хамтран ажиллах гэрээг” тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд “А б” СӨХ-ны өмгөөлөгч Ө.Э-О хяналтын  журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Магадлалын хянавал хэсгийн 5-р хуудаст Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19.1, 18.1.3.”в” “орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах” гэж заасныг үндэслэж тус нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрийн өмчийн зүйлсээ бусдад эзэмшүүлж ашиглуулах талаар 2015 оны 175-р тогтоол баталж хэрэгжүүлсэн тул нийслэлийн Засаг дарга нь “нийтийн эдэлбэр” газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт “автозогсоол” барих зориулалтаар олгох эрхтэй гэх дүгнэлт хийжээ.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Төрийн өмч орон нутгийн өмч тусдаа ойлголтууд тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

5. Иймд давж заалдах шатны шүүхээс газрыг орон нутгийн өмчийн зүйл гэж үзэж орон нутаг захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэсэн нь үндсээрээ буруу байна.

6. Иргэнд өмчлүүлсэнээс бусад газар төрийн өмч бөгөөд төр тус өмчөө Газрын тухай хуульд заасан хэлбэр, агуулгаар бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно. Газрын харилцаанд Засаг дарга төрийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа болохоос орон нутгийн өмчийг захиран зарцуулж буй хэлбэр биш юм. Ийнхүү Засаг дарга төрийг төлөөлж шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 6.4-д зааснаар зөвхөн Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болохоор заасан газрыг төрийн байгууллагад олгосон.

7. Мөн төрийн байгууллагад газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаар “төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” зориулан газар эзэмшүүлж болохоор заасан. Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15-р тогтоолын 1.7. хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “ ... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар ...” гэж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил, зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ” гэж тайлбарласан.

8. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.1-д зааснаар “автозогсоол” барих эрх хэмжээ байхгүй.

9. Иймд Газрын тухай хуулийн 6.4, 33.1.1-д заасныг илтэд зөрчсөн захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9.1.9-д заасныг үндэслэж илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан.

10. Шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсгийн 5 дах хуудаст “Захиргааны ерөнхий хуулийн 73.1.2-т заасныг хэрэглэж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175-р тогтоолоор батлагдсан журмыг төлөвлөлт гэж үзжээ.

11. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд автозогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 73.1.2-т заасан төлөвлөлт биш.

12. Харин Захиргааны ерөнхий хуулийн 67.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт юм. Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67.1-д зааснаар хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Захиргааны ерөнхий хуулийн 67.3-д зааснаар дээрх байдлаар бүртгэгдээгүй бол эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. Хавтаст хэрэгт авагдсанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны тодорхойлолтоор тус журмыг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн хуульд үндэслэх зарчим хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг хэрэглэхтэй хамааралтай.

14. Харин хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэж шүүх шийдвэр гаргах нь хуульд үндэслэх зарчимтай харш юм.

15. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь төлөвлөлтийн шат дахь үйл ажиллагаатай маргаагүй. Хожим хэм хэмжээний актаар батлагдсан ч мөн түүнийг эрх зүйн үйлчлэлгүй гэж үзсэн тул маргаагүй. Харин Газрын тухай хуулийг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 тоот захирамжтай маргаж байхад энэ талаар бус маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчиж байна.

16. Шүүх хэм хэмжээний акт хууль зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй. “И ө” ХХК, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс Захиргааны акт хүчин төгөлдөр бус тул Захиргааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт өгсөн.

17. Магадлалд “хууль бус актад үндэслээгүй тул захиргааны гэрээ хүчин төгөлдөр” гэсэн дүгнэлт хийжээ. Захиргааны акт, захиргааны гэрээ нь тус тусдаа захиргааны үйл ажиллагааны бие даасан хэлбэр тул шүүхээс тус бүрт нь хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Нэн ялангуяа маргаж буй шаардлагад хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага өөрийн газар эзэмших эрхийн нэг хэсэг болох газар ашиглах эрхийг бусад этгээдэд олгож Газрын тухай хуулийн 35.2-т заасан хязгаарлалтыг зөрчих боломжтой эсэхэд дүгнэлт хариулт өгөх ёстой. Энэ талаар дүгнэлт өгөөгүй нь өргөн утгаараа иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасан “шүүхэд маргах” эрхийг хязгаарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.1-д заасан “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд... давж заалдах шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг тусгана” гэж заасныг зөрчжээ.

18. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлалын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “И ө” ХХК-иас гаргасаннийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

20. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газар эзэмших эрхийг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон, мөн Засаг даргын  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн маргаан бүхий А/862 дугаар захирамжаар ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэл дурдаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, газар эзэмшигч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар уг захирамжтай холбогдуулан маргаагүй байна.

21. Нэхэмжлэгч “И ө” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, ... гэрээний дагуу барилга доогуурх авто зогсоолын ажил хэрэгжүүлэхээр зургаа батлуулаад, төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байсан, ... нийслэлийн Засаг дарга манай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, ... Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байсан атлаа  эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон нь ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт утга агуулгын илэрхий алдаатай, мөн зүйлийн 47.1.8-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах нөхцөл буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй байхад гарснаараа илт хууль бус гэж, хариуцагчаас ... “И ө” ХХК нь... нэхэмжлэл гаргах эрхгүй, ... ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, барилгын ажил хийх гэж байгаа бол оршин суугч иргэдийн санал дэмжлэгийг авсан байх журамтай. Гэтэл “И ө” ХХК нь оршин суугч иргэдийн зөвшөөрөл дэмжлэгийг аваагүй, ... Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай “И ө” ХХК-ийн байгуулсан гэрээний хугацаа 2017 онд дууссан, 2018 онд сунгасан нь хууль бус, маргаан бүхий захирамж илт хууль бус шинжийг агуулаагүй гэж тус тус маргажээ.

22. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгох-оор заасан, тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч “И ө” ХХК-нд чиглээгүй, түүнд ямар нэг үүрэг бий болгоогүй, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан  шийдвэр биш байх тул  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэх боломжгүй, иймд “И ө” ХХК өөрт хамааралгүй захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ.

23. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, түүнчлэн, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1“/нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд/ ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхойлохоор тус тус заасан, нэхэмжлэгчийн  ... Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан, ... нийслэлийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, ... гэрчилгээ олгох үүргээ биелүүлээгүй гэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах” зорилгоор нэхэмжлэл гаргах хуулийн шаардлагыг хангахгүй, нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамж буюу маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч “И ө” ХХК-нд чиглээгүй, түүнд шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад уг компанийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй, анхан шатны шүүх  тухайн тохиолдолд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглээгүй нь буруу байна.

24. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу “И ө” ХХК-иас гаргасаннийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

25. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн” этгээдийг “гуравдагч этгээд” гэж тодорхойлсон, тухайн тохиолдолд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж байх тул уг шаардлагад холбогдуулж, маргааны үйл баримтын талаар гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй, гуравдагч этгээд “А б” СӨХ-оос гаргасан “нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И ө” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг шүүх мөн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

26. Иймд, гуравдагч этгээд “А б” СӨХ-ны өмгөөлөгч Ө.Э-О-ын хяналтын  журмаар гаргасан гомдолд шүүх дүгнэлт хийхгүй, анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул хяналтын шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хэргийг хянасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “/анхан шатны шүүх/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй /хянах/” зарчимд нийцэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0667 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч  “И ө” ХХК-иас гаргасан нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн үндсэн шаардлага, гуравдагч этгээд “А б” СӨХ-оос гаргасан нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И ө” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох  бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ө” ХХК, гуравдагч этгээд “А б” СӨХ-оос тус тус тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.БАНЗРАГЧ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                   Ч.ТУНГАЛАГ

                                                             ШҮҮГЧИД                                                            Х.БАТСҮРЭН

                                                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                                           Д.МӨНХТУЯА