Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00761

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00330 дугаар шийдвэртэй,

 

Г.О-ын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 дугаар захирамжаар Г.О-аас 103,000,000 төгрөг гаргуулж, Б.Т-т олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, миний өмчлөлийн А- дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, Сайнноён хан Намнансүрэнгийн гудамж, 38-р байр, 11 тоот хаягт байрлах 45,8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, орон сууцыг шинжээч 136,820,738 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00687 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байдаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол хууль зөрчсөн. Учир нь 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан. Мөн өдрөөс хугацааг тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах хуультай. Дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сард зохион байгуулах ёстой байтал 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дах хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй. Тус тогтоолыг 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал уг хугацааг хэтрүүлсэн. Шинжээч үнэлснээс хойш 6 cap өнгөрсөн одоо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ маш өндөр болсон байна. Дахин үнэлүүлээд өгөөч төлбөр авагчтайгаа тохиролцьё гэж хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/2 дугаар тогтоол болон 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 8/2 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзалын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 682 дугаар захирамжаар Г.О-аас 103,000,000 төгрөгийг гаргуулж Б.Т-т олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн, шинжээчээр үнэлүүлэхэд 136,820,738 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч Г.О- нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 тоот магадлалаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Магадлалыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 тоот албадан дуудлага худалдааны тогтоол болон 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийн хамт Г.О-ад 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц 146,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Г.О-ад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4-187/14455 тоот хөрөнгө худалдан борлогдсон тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан Н-т холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Г.О-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 дугаар тогтоол хууль зөрчсөн. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Уг магадлалыг шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авч орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч үнэлсэн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш /шүүхээс түдгэлзүүлсэн 2021 оны 10 сараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны хоорондох хугацааг хасаж тооцоход/ 2-3 сарын дотор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаа дууссан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Н- нь 2022 оны 05 дугаар сард зохион байгуулах ёстой байсан. /хх-74,75,97,102,106-р хуудас/. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан байна гэж шүүх дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан нотлох баримтаар гардан авсан тухай баримт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор явуулах боломжгүй байсан ба шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд заасан хугацаанд хариуцагч гардан авч үнэлгээ хүчинтэй тул уг үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд доод үнийг тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүлйийн 68.2 дах хэсэгт Дуудлага худалдааг ахлах шийдвэргүйтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна" гэж заасантай нийцэж байна гэж шүүх үзсэн байна. Магадлал гарч хүчин төгөлдөр болсон буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, албадан дуудлага худалдаа зохион байгуулах хугацааг буруу тооцоолж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоо хүчингүй болгосон байдаг. /хх-ийн 50-р хуудас/. Анхан шатны шүүх гомдол гаргасан тогтоол буюу анхны албадан дуудлага худалдааны тогтоол нь шинжээч томилсон тогтоол хоорондын хугацааг буруу тооцсон гэж маргасаар байтал шүүх хариуцагчийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүлийн 68.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна гэж хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

4.а.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 8/2 дугаар тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны дотор мэдэгдэх байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/2 дугаар тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байх тул дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 8/2 дугаар тогтоол хүчингүй байна. Тус тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.14 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Мөн нэхэмжлэгч нь 2021 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхээс үнэлгээг хүчин төгөлдөр байна гэж шийдвэрлэсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, магадлалыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан нь баримтаар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэлсэн зөв дүгнэсэн байна.

3.а.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Г.О- нь 103,000,000 төгрөгийг Б.Т-т 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026849 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, А- дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, Сайнноён хан Намнансүрэнгийн гудамж, 38-р байр, 11 тоот хаягт байрлах, 45,8 м.кв талбайтай, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 26-27-р тал/

3.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

3.в.Төлбөр төлөгч Г.О- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Б.Т-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 564 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 25-р тал/

3.г.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Г.О-ад хүргүүлжээ. /хх-ийн 34, 38-р тал/. Улмаар барьцаа хөрөнгө болох 11 тоот орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 40, 44-р тал/

3.д.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О- нь орон сууцыг 150,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 48-49-р тал/

3.е.Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь орон сууцыг 136,820,738 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 50-70-р тал/

3.ё.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/15 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч төлбөр төлөгч Г.О- нь дээрх үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дугаар магадлалаар үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхны албадан дуудлага худалдааны тус орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 74, 87-95-р тал/

3.ж.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 749 дугаар магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэхүү нөхцөл байдал хэргийн 96-р талд авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/2 тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-97-р тал/

3.з.Төлбөр төлөгч Г.О- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотойгоор шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан дуудлага худалдаа явуулах 30 хоногийн хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсон нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд ажиллагаа хийх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3.и.Үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй байх тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хоёр дахь дуудлага худалдааг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, орон сууц 146,000,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч Г.О-ад 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна. /хх-106-116-р тал/

4.Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8/2 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор албадан дуудлага худалдааны ялагчид 11 тоот орон сууцыг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11 дэх хэсэгт нийцсэн байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байгааг залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 ... гэсний дараа 122 дугаар зүйлийн 122.5 гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ