| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2022/05689/И |
| Дугаар | 210/МА2023/00762 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2023/00762
Н.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00574 дугаар шийдвэртэй,
Д.Б-, Б.Л- нарт холбогдох,
Хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгорсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 57г байр, 35 тоотод байрлах 44,57 м.кв хоёр өрөө орон сууцыг хариуцагч Д.Б-, Б.Л- нараас 74,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг орон сууц ашиглалтад ороод удаагүй байсан тул орон сууцны захиалагч Д.Б-ын хүсэлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Үүнээс хойш хариуцагч нар нь орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Би хариуцагч нартай төрөл садангийн холбоотой тул өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүлээсэн. Одоо хариуцагч нар нь тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа тул хариуцагч Д.Б-, Б.Л- нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 57Г байр, 35 тоотод байрлах 47 мк.в орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын тайлбар, татгалзалын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний хооронд орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх хэлцэл байгаа бөгөөд уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч тал надад 67,425,000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй. Анх хэлцэл хийхдээ 140,000,000 төгрөгөөр тохиролцож, төлбөрт арван тугалтай үхэр, 10,000,000 төгрөгийг нэмж өгөх, 2024 оныг дуустал энэхүү байранд амьдрах аман гэрээ хийгдсэн. Гэрч Туул, Н.Ц-ийн эхнэр бид 3 хамт сууж байгаад үүнийг тохиролцсон. Орон сууцны гэрчилгээг Н.Ц-ийн нэр дээр шилжүүлэхгүй, хэлцлийнхээ үүргийг биелүүлсний дараа шилжүүлж ав гэх шаардлагыг тавьж байсан. Гэвч надаас гуйж, орон сууцны гэрчилгээг өөрсдийн нэр дээр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 57Г байр, 35 тоотод байрлах 47 мк.в талбай бүхий орон сууцыг хариуцагч Д.Б- /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б-, Б.Л- нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-эд олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль дээдлэх зарчмыг удирдлага болгох ёстой. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Д.Б-, Б.Л- нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн. Шүүх энэхүү шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ тодорхой, ойлгомжтой дурдах ёстой. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ... орон сууцыг хариуцагч Д.Б- /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй. гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлыг хэрхэн шийдвэрлэсэн ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй зүйлийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан хариуцагч Д.Б- /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар мэдүүлсэн зохигчдын тайлбар болон гэрч Д.Туулын мэдүүлгийг хэрхэн үнэлж, няцаасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай 02755 тоот захирамжаар хариуцагчийн гэрч Д.Төгсөөтэй харилцсан гэх зурваст үзлэг хийлгэх нь хэрэгт ямар ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа нь хүсэлтэд тодорхойгүй, мөн орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох нь орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх ажиллагааг шүүхийн журмаар гүйцэтгүүлэх маргааны үйл баримтад ач холбогдолтой төдийгүй хариуцагч өөрийн татгалзлыг нотлох зорилготой байсан болно. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан хатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч Д.Б-, Б.Л- нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 57г байр, 35 тоот хаягт байрлах, 44,57 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Д.Б-аас 74,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх үндэслэлээр орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдсан, Н.Ц- нь нийт төлбөрөөс 67,425,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Д.Б- нь Ч- ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 48,581,300 төгрөгөөр худалдан авсан байна. /хх-ийн 40-42-р тал/.
3.а.Дээрх орон сууцны худалдан авагч буюу хариуцагч Д.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц-эд шилжүүлэх хүсэлтийг худалдагч тал буюу Ч- ХХК-д гаргаж, нэхэмжлэгч Н.Ц- нь тус орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 4-р тал/.
3.б.Мөн нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч Д.Б-д орон сууцны үнэ 74,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон ба орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дээрх хүсэлтэд үлдэгдэл төлбөрийн талаар тусгаагүй байна. /хх-ийн 20-25-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдсан, Н.Ц- нь нийт төлбөрөөс 67,425,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.в.Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Д.Б-, Б.Л- нар бодитоор эзэмшиж буй үйл баримт тогтоогдсон боловч тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Н.Ц-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
3.г.Иймд нэхэмжлэгч Н.Ц- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
4.Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй, энэ нь хариуцагч нарын татгалзлыг нотлох зорилготой байсан гэжээ. Талууд орон сууцны өмчлөл, эзэмшлийн талаар маргаж байх бөгөөд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх юм. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус гэх үндэслэлээр хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй.
5.Харин шүүх орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхдээ ... хариуцагч Д.Б- /түүний гэр бүлийн гишүүдийн/ гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Дээрх нөхцөл байдал нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00574 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... Д.Б- /түүний гэр бүлийн гишүүд/-ын ... гэснийг Д.Б-, Б.Л- нарын гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Б-аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нарын өмгөөлөгчөөс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ