Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах 

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                         Ш.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Чт холбогдох 1832000000126 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 433 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр ажилтай, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шинийннэгэний Ч, РД:*

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ш.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.Цмг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуугаар хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн энэ үедээ цагдаагийн ахлагч Б.Цмг нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ч мэдүүлэхдээ: “...2018 оны 09 сард өдрийг нь сайн санахгүй байна. Би Дарьтад амьдардаг. Зүүнхараад хөлсний байр хөлслөх гэж ирсэн. Хамт ажилладаг хүнийхээ хуриманд байж байгаад гарсан. Цаашаа юу болсоныг санахгүй байна. Нэг мэдхэд эрүүлжүүлэхэд байсан. Цагдаа нар дотоожоо тайл гэхэд би тайлаагүй. Дотоожоо тайл гэснийг л санаж байна. Бусдыг нь санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв. 

Хохирогч Б.Цм мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цагдаагийн дэд ахлагч У.Мц нэг өндөр биетэй залууг гавлачихсан нөгөө залуу нь явж өгөхгүй эсэргүүцээд байхыг нь хараад У.Мцтой хамт эрүүлжүүлэх рүү оруулсан. Эрүүлжүүлэх саатуулах байранд ороод нөгөө өндөр биетэй залууг эрүүлжүүлэхээр У.Мц тодорхойлолт бичиж байхад тэр залуу У.Мц руу агсарч “узэх үү, зодолдох уу, та нар яах юм бэ” гэж хэл амаар доромжлоод байхад нь ахлагч Ч.Мөнхбаяр, У.Мц нар хувцсаа тайлахыг шаардаж тайлуулсан. Тэр залуу дотоожтой үлдчихээд тайлахгүй байхаар нь би та хувцсаа тайл гэж хэлсэн тэр үед миний гар утас дуугараад би утсаа авах гээд анхаарал сарничихсан байх үед тэр согтуу залуу миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Миний дээд уруулын зүүн хэсэгт язарсан шарх үүсч цус маш ихээр алдсан. Би Мандал сумын нэгдсэн эмнэлэгт очиж урууландаа 4 оёдол тавиулсан...Ш.Ч өөрөө надтай уулзсан албан ёсоор уучлалт гуйсан. Эмчилгээний зардал мөнгө төлж барагдуулсан. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

            Гэрч Д.Аб мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дэд ахлагч У.Мц, ахлагч Б.Цм нар нэг согтуу эрэгтэй хүнийг гавлачихсан авч орж ирээд эрүүлжүүлэхээр болоод дэд ахлагч У.Мц тодорхойлолт бичиж байсан юм. Тэр авч ирсэн эрэгтэй нь хувцсаа тайлж эрүүлжүүлэх рүү орохгүй агсарч, У.Мцийг “үзэх үү, зодолдох уу” гэж яриад байсан. Б.Цм ахлагч тэр согтуу залууд “хувцсаа тайлаач, яагаад шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь хувцсаа тайлахгүй байсан, Б.Цм ахлагч, Н.Мөнхбаяр ахлагч нар хувцсыг нь тайлсан. Тэгсэн чинь Б.Цм ахлагч “чи битгий маяглаад бай, хувцсаа тайл” гэж хэлсэн чинь тэр залуу Б.Цм ахлагчийн уруул руу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

            Гэрч Ц.Нц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дэд ахлагч У.Мц тодорхойлолт бичиж ахлагч Б.Цм нөгөө залуугийн хувцсыг тайлж эрүүлжүүлэх байр руу хийх гэсэн боловч нөгөө залуу хувцсаа тайлахгүй байсан, эрүүлжүүлэхийн цагдаа Н.Мөнхбаяр, ахлагч Б.Цм нар нөгөө согтуу хүний хувцсыг нийлж байж тайлсан. Тэр согтуу залуу дотоожоо тайлахгүй байсан, тэгтэл Б.Цм ахлагч “та дотоожоо тайл” гээд урд нь зогсож байсан чинь нөгөө согтуу залуу Цм ахлагчийн нүүр рүү нь гараараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

            Гэрч У.Мцийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүлжүүлэх рүү ороод би тодорхойлолт бичээд цагдаагийн ахлагч Б.Цм Ш.Чийг хувцсаа тайлахыг шаардаад зогсож байхад Ш.Ч нь цагдаагийн ахлагч Б.Цмгийн нүүр рүү гараараа цохиж түүний уруулыг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №173 дугаартай дүгнэлт:

  1. Б.Цмгийн биед урууланд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

            Шүүгдэгч Ш.Чийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33, 42-45-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ш.Чийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46-р хуудас/, хохирогч Б.Цмгийн гомдол саналгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.Цмг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуугаар хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн энэ үедээ цагдаагийн ахлагч Б.Цмг нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Цмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Д.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Ц.Нцгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэрч У.Мцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/, шүүгдэгч Ш.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ш.Чийг хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.Цмг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуугаар хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн энэ үедээ цагдаагийн ахлагч Б.Цмг нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
           

Иймд шүүгдэгч Ш.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим хууль сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.Цмг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуугаар хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн энэ үедээ цагдаагийн ахлагч Б.Цмг нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “...урууланд шарх, тархи доргилт...“ бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ш.Ч нь хэдэн хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалт тус бүрт нь заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Шинийннэгэний Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чийг 2700 нэгж буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжээр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгж буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ш.Чийн торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.