| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00149/Э |
| Дугаар | 00160 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ад холбогдох 1832002210167 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бэсүд овогт Готовын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.А нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” баарны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрйин 22 цагийн орчим иргэн Д.Жсыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Батбаатар, Амарбаясгалан гэдэг хоёр найзтайгаа уулзсан. Аргийн найз Бя ирээд дөрвүүлээ нэг Ивок нэртэй архи хувааж уусан. Тэрний дараа “Старс” баарны ширээн дээр сууж байхад Жс ирж мэндэлчихээд Блтай маргаад байсан. “Чи согтуу байна ахын дүү” гээд салгах гэтэл миний хөлнөөс зуураад байхаар нь гар луу нь тавиулах гэж өшиглөсөн чинь нүүр лүү нь цохичихсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Д.Жс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Архи пивоо “Старс” бааранд уугаад байж байтал гаднаас миний таньдаг Ар ах, Бя ах хоёр, хоёр найзынхаа хамт дөрвүүлээ орж ирсэн. Би Ар ахтай сайн уу гээд гар барьсан. Тэр хэд бармен дээр очоод буцаад гараад явсан. Би араас нь гарч очоод Бя ахтай юм яриад зогсож байтал Бл гэдэг ах нь намайг “чи муу юу юм бэ бацаан минь зайлаач” гэсэн би тэгэхээр нь таньд хамаагүй би таньдаг ахтайгаа юм ярьж байна гэсэн. Ингээд Бл гэдэг ах бид хоёр жоохон маргасан. Тэгтэл Ар ах ирээд намайг болио гээд цээж рүү түлхээд холдуултал би хойшоо болохдоо юманд тээглээд газар уначихсан. Энэ үед А гэдэг ах нь ирээд миний нүүр лүү өшиглөчихсөн. … Г.А ах намайг нүүр лүү нэг удаа цээж рүү хоёр удаа өшиглөсөн. Өөр намайг цохиж миний биед хүрсэн хүн байхгүй. Миний зүүн нүднээс цус гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №214 дугаартай дүгнэлт: …
1. Д.Жсы биед зүүн нүдний доод зовхинд язралт, зүүн нүдний дотор салст, дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, эрүү, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/
Г.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой гурван найзын хамт “Старс" баар луу орсон. Бааранд ороод ширээн дээр суутал Жс бид нар дээр ирээд Амраатай мэндэлсэн тэгснээ Бл руу та нарын том биетэй байх хамаагүй шүү муухай хараад байх юм байхгүй гээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл бармен нь манайх хаах гэж байгаа болохоор үйлчлэхгүй гэсэн тэгээд бид нар гарцгаасан. Тэгтэл нэг харсан Жс араас гарч ирээд манай Блтай муудалцаад байсан. Жс газар уначихаад миний хөлөөс зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах санаатай гар луу нь өшиглөтөл нүүр нь давхар өшиглөгдсөн юм шиг байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 43 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Аийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /47 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.А нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” баарны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрйин 22 цагийн орчим иргэн Д.Жсыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Жсы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №214 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/, Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Аийг хохирогч Д.Жсы биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.А нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” баарны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрйин 22 цагийн орчим иргэн Д.Жсыг зодож, Д.Жсы биед зүүн нүдний доод зовхинд язралт, зүүн нүдний дотор салст, дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, эрүү, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Готовын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Аийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.