Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                          Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Нд холбогдох 1832002160168 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Болдбаатарын Н.

 

Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “New Irish" бааранд 2018 оны 10 дугаар сарын 22-ны 00 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Эчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.Эч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 21-ний 23 цагийн орчим Бөхцог, Түвшинзаяа нарын хамт “Айриш” бааранд орсон. Бид 3 нэг нэг шил пиво захиалаад удаагүй байхад баарны ая зогссон. Хажуу ширээний эгч нар надтай хэрүүл хийхэд текэн дээр сууж байсан Н эгч битгий хэрүүл хийгээд бай гарцгаа гэж хэлсэн. Бид нар гарах гэж текэн дээр очиход Н чи яагаад хэрүүл уруул хийгээд байгаа янхан бэ гэж хэлэхээр нь юу гээд байгаа балай авгай вэ гэж хэлэхэд текний ардаас Н эгч ирээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд бид хоёр үсдэлцэж байхад хүмүүс ирээд салгасан. Тэгээд намайг гараад явах гэтэл хойноос тэр баарны үүдэнд үсдээд дарж унагаагаад миний дээр тэр Б.Н эгч гараад үсдээд маажихаар нь би зөрүүлээд Нгийн нүүрийг маажсан. Намайг Н баарнаас гар битгий хэрүүл хийгээд бай гэж надад шаардлага тавихад би шаардлагыг нь биелүүлээгүй. Өөдөөс нь Н эгчтэй хэрэлдсэнээс болж бид хоёр хоорондоо зодолдсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №198 дугаартай шинжээчийн дүгнэлт: …

1. Э.Эчийн биед хүзүү, цээж, баруун гарын тохойн үе, баруун гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэг, дээд зовхины гадна хэсэг, зүүн хацар, дээд уруулын баруун тал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18-рхуудас/

Б.Нгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай бааранд Эч гэх эмэгтэй үйлчлүүлсэн юм. Тэгээд хажуу талын ширээний хэдэн эмэгтэй хүмүүстэй хэрэлдээд маргаан үүсгээд байсан. Манай зөөгч очоод шаардлага тавьсан чинь үйлчилгээний газар байж хүний дуу хорьдог юу юм. Та нар миний дууг хорих ёстой юм уу гээд байхаар нь хөгжим унтарсан байсан болохоор холоос би харж байгаад битгий хэрэлдээд бай гар гээд хэлчихсэн юм. Тэгээд тэр эмэгтэй хамт явж байгаа хүмүүстэйгээ үүдэнд оччихоод намайг халтар авгай үйлчилгээний газар ажилладаг байж хүний дуу хорьлоо гээд байсан. Тэгээд намайг баарны тек тойроод гараад ирсэн чинь шууд үсдэж авахаар нь би өөдөөс нь бас үсдээд хамт газар унасан. Тэгээд намайг нэг нь араас тэврээд тэр хооронд тэр Эч гэх эмэгтэй үсдээд нүүрийг минь маажаад ураад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 22 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Нгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /25 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “New Irish"  бааранд 2018 оны 10 дугаар сарын 22-ны 00 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Эчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Эчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №198 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/, Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нг хохирогч Э.Эчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “New Irish"  бааранд 2018 оны 10 дугаар сарын 22-ны 00 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Эчийг зодож, Э.Эчийн биед хүзүү, цээж, баруун гарын тохойн үе, баруун гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэг, дээд зовхины гадна хэсэг, зүүн хацар, дээд уруулын баруун тал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Э.Эч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Нгийн торгох ялыг 06 /зургаан/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.